Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1532

 

МАГАДЛАЛ

2019.08.19                                                Дугаар 1532                                     Улаанбаатар хот

Г.Л-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо            даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01503 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Л-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Л,

Өмгөөлөгч: Б.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 7 сараас Б ХХК-д барилгын инженерээр ажилд орсон. Ажилд орсон цагаасаа хойш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг чанартай биелүүлж, хичээн ажиллаж ирсэн. Гэвч тус компанийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Б/15 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна. Учир нь тушаалд заасан үндэслэл нь миний үйлдэл, үйл ажиллагаатай огт холбогдолгүй зүйлүүдийг надад хамаатуулсан байна. Өөрөөр хэлбэл, тушаалын гол үндэслэл болсон чанар муутай барилга бариулж, компанид үлэмж хэмжээний хохирол учруулсан, зуурмаг нийлүүлэх компаниар зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй, сорьц чанарын шаардлага хангахгүй компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ёс зүйн болон мэргэжлийн ноцтой зөрчил гаргасан гэсэн нь огт үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн тушаалд Е Г Э ХХК-ийг сонгон шалгаруулсан, гэрээний хэрэгжилтийг хянаагүй гэж бичсэн нь үндэслэлгүй юм. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оноос хойш Б ХХК-д барилгын инженерээр 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан билээ. Б ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан. Ийнхүү ажлаас халахдаа Г.Л-н ажилд орсон цагаас эхлэн түүний ажлын алдаа дутагдал удаа дараа гаргаж, мэргэжлийн ур чадваргүй байдал, сахилгын шийтгэл ногдуулж байсан тушаалуудын үндэслэл, хамгийн сүүлд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг барилгын талбайд хариуцан ажиллаж байхдаа төмөр бетон каркас угсралтын ажилд ноцтой алдаа зөрчил гаргасныг үндэслэн ажлаас халсан болно. Г.Л-г ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг доорх байдлаар тайлбарт дурдав. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан түүнтэй байгуулсан 2016 оны 1 сарын 1-ний өдрийн хг/32 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.4-т тухайн ажлын байранд шаардлагатай мэргэшлийн болон онцгой ур чадвараа ашиглан шинийг эрэлхийлж, санаачилга гаргах, мэргэжил, мэдлэг, боловсролоо дээшлүүлж ажиллана, 3.7-т үнэнч шударгаар хөдөлмөрлөх, хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээний нөхцлүүд, дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахин биелүүлнэ гэсэн ажилтны үүргээ зөрчсөн, Мөн гэрээний 10.3.1-р зүйлийн 5-т ажилтан мэдлэг, ур чадваргүй гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон 6-т Ажилтан.. байгууллагын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан. Үүнд, b. Компанийн эд хөрөнгөнд хохирол учруулсан, шамшигдуулсан, с. гэмт хэрэг үйлдсэн болох хууль хяналтын байгууллагаар нотлогдсон, е. компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, h. компанийн нэр хүндийг унагах үйлдэл гаргасан, компанийн нэр хүндэд нөлөө үзүүлэхүйц хэмжээний гомдол ирсэн, к. компанийг хохиролд учруулахуйц шударга бус, буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, n. Барилга угсралтад технологийн алдаа гаргаж, тухайн хэсгийн ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тогтоогдсон эсвэл маш их хэмжээний нэмэлт зардал, хөрөнгө гарахаар болсон, р. ажлын талбай дээр осол болон осолд дөхсөн тохиолдол гарсан нь нотлогдсон, r. Зургаас ажлын тоо хэмжээг бурууг гаргасан эдгээр Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ болон мөн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн Г.Л нь удаа сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авагдаж байсан ба үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажил тасалж байсан, мэргэжлийн ноцтой алдаа гарган барилгын суурийн газар шорооны ажил гүйцэтгэх явцад өндөржилт алдаж компанид их хэмжээний хохирол учруулж байсан тул түүнийг гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын шийтгэлээр удаа дараа шийтгүүлж байсан билээ. Хөдөлмөрийн тухай хуулийy 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэдэг нь Хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол хохирлыг төлж барагдуулан байгууллагыг хохиролгүй болгоно гэж заасны дагуу эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх талаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Энэ нь түүнтэй байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан, түүнд заасан зохицуулалттай холбоотой эд хөрөнгийн хариуцлагыг хүлээнэ. О Угруппын хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7-т компанийн өмч хөрөнгийн чанарыг дордуулсан, 10.7.9-т байгууллагын ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь нотлогдсон, 10.7.13-т хууль бус үйлдэл хийсэн болон аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, журам, зааврыг зөрчсөний улмаас хөдөлмөрийн ноцтой осол, техникийн аваар саатал гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, 10.7.18-т үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, хувийн зорилгодоо группын эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашигласан зэрэг зөрчил нь тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т барилгын үе шатны ажилд хяналтыг хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 33.1.20-д /барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах/ заасан гэрээг байгуулж ажиллах, 37.1.5-т барилгын ажлын үе шат бүрд зохиогчийн хяналт хийлгэж, хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр материал, хийц, бүтээц, эдлэхүүний чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг тодорхойлуулж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.6-т байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, 37.1.8-т барилгын үе шатны ажилд эрх бүхий байгууллагаас өгсөн шаардлага, зааварчилгааг биелүүлэх, 37.1.13-т барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах, 37.1.19-т барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, фото зургаар баримтжуулан, ил, далд ажлын актыг баталгаажуулах, 37.4-т Захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчин барилга угсралтын ажлыг 2018 онд 2-р давхраас 16 давхар, техникийн давхар хүртэл барилга угсралтын ажлыг явуулж, түүнд хяналт тавьж 140 айлын орон сууцны барилгын талбайд ажилласан барилгын инженер нь Г.Л юм. О ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн аудитын дүгнэлтээр 140 айлын орон сууцны ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа барилгын инженер, ерөнхий инженер нараас Барилгын тухай хуулийн 18.2, Барилгын тухай хуулийн 43-р зүйлийг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Барилгын угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлгүй иргэн хүнтэй байгуулсан зэрэг ноцтой ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг байгуулж ажиллаж байсныг тогтоосон. О У группын хүний нөөцийн журмын 2.1.47-т заасан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг хүний үйл ажиллагаанд дагаж мөрдөх нарийвчилсан зохицуулалтыг зөрчсөн. О У группын хөдөлмөрийн дотоод журмын 10.7.7, 10.7.9, 10.7.13, 10.7.18 тус тус зөрчин хөдөлмөрийн дотоод журмын сахилгын болон эд хөрөнгийн хариуцлагыг зохицуулалтыг зөрчсөн. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 09 дугаартай гэрээгээр өөрийн хариуцсан төслийн барилгын бүрэн бүтэн байдлыг барилга угсралтын явцад хариуцахаар байгуулсан. Г.Л-той байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хг/32 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.4, 3.7, 10.3.1.5, 10.3.1.6-г зөрчиж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Г.Л нь 315 орон сууцны барилгын суурин газар шорооны ажил гүйцэтгэх явцад өндөржилт алдаж компанид их хэмжээний хохирол учруулсан тул 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан тушаал бууруулж мастер болгон гарсан зардлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах саналтай ерөнхий инженер Н.Э саналыг Б ХХК-ийн захиргаанд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байсан ба Г.Л дахин мэргэжлийн зөрчил гаргасан талаар барилгын инженер Г.Г-н барилгын инженер Г.Л нь барилгын гадна довжооны цутгалтын ажлыг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэн өөрийн биеэр хяналт тавьж ажиллах явцад чанар болон гүйцэтгэлийн алдаа дутагдал гаргаж, мэргэжлийн алдаа дутагдал гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б ХХК-ийн захиргаанд гаргаж байсан. Дээрх зөрчлүүдийг удаа дараа гаргасан ба дахин давтан гаргасан тул 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17/30 дугаартай тушаалаар түүнд сахилгын арга хэмжээ авсан байна. Мөн Г.Л өөрийн гараар согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажил тасалсан ахин ийм төрлийн зөрчил гаргахгүй гэсэн тайлбарыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Б ХХК-ийн захиргаанд гаргаж байсан боловч уг зөрчлөө давтан гаргасан тул түүнийг Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/52 дугаартай тушаалаар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг зөрчилдөө 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр тайлбар бичиж өгсөн зэргээр урьд мэргэжлийн болон ёс зүйн алдаа зөрчил удаа дараа гаргаж байсан нотлогдож тогтоогдсон байна. О У группын толгой компани болох О ХХК-ийн Комплаенсийн газрын 2018 онд Б ХХК-д аудит хийсэн ажлын тайланд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд гарсан алдаа зөрчлийг төрөлжүүлэн дурдсан. Дээрх аудитын мөрөөр Б ХХК-д 140 айлын орон сууцны барилга угсралтын ажилд цаашид анхаарах, засч сайжруулан хэрэгжүүлэх ажлын талаар 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүрэг болгосон албан даалгаварт зөрчлийг тодорхой дурдсан. Дээрх аудитыг хийхдээ хөндлөнгийн барилгын мэргэшсэн инженер Э.Ганбаатараар 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын явцад хөндлөнгийн хяналт хийлгэсэн бөгөөд уг дүгнэлтэд 6 зөрчил дутагдал гарсныг дурдсан. Дүгнэлт зөвлөмжид 4 зүйлийг заавал хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн байна. Б ХХК нь 2018 Г банкнаас орон сууц барих санхүүжилтийг зээлийн гэрээ байгуулан авч барилга угсралтын ажлыг явуулж байсан бөгөөд цаашид барилга ашиглалтад оруулахад борлуулалтын үйл ажиллагаанд Г банктай хамтран Ипотекийн зээлийн гэрээг байгуулан ажиллах саналыг тавьж, тус банкнаас 2019 оны 3 дугаар сард 360 үнэлгээний тайлан 140 айлын барилгын талбай дээр явуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар барилга угсралтын ажил алдаатай, эрсдэлтэй тул зэрэглэлээр ипотекийн зээл олгох боломжгүй гэж барилга угсралтын ажил муу үнэлгээтэй гарсан байна. О ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18/23 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын 1-р давхрын дам нурууны хүчитгэлийг ажлыг 67 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан, 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 24/18 дугаартай албан тоотоор О ХХК-иас хүчитгэлийн ажлыг хүлээлцэх албан тоот ирүүлэн, ажил гүйцэтгэсэн актыг мөн өдөр ерөнхий инженер Д.О гарын үсэг гэрээний гүйцэтгэлийг хүлээн авсан. Үүгээр 1-р давхрыг алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож, түүнийг дам нурууг хүчитгэл хийж зассан нь тогтоогдож байна. О ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 26/18 албан тоотоор гэрээгээр 140 айлын орон сууцны барилгын В1-р давхрын 23 дам нуруунуудад 63 700 000 төгрөг, 1-р давхрын нийт багануудад 47 900 000 төгрөг, 2-р давхрын нийт багануудад 47 900 000 төгрөгөөр тус тус хүчитгэл хийх үнийн саналыг ирүүлсэн. Үүгээр В1, 1, 2-р давхруудад барилгын алдаа зөрчилтэй барьсан нь тогтоогдож байна. О ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 23/18 дугаартай албан тоотоор 2-р давхрын баганын хүчитгэл, бэхэлгээг 47 900 000 төгрөгөөр хийх үнийн санал ирүүлсэн бөгөөд энэ нь мөн 2-р давхарт алдаа зөрчилтэй барилга угсралтын ажил явуулсныг нотолж байна. Г.Л нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай тушаалыг гардан авснаас хойш 2019 оны 5 дугаар сарын 6-нд 140 айлын орон сууцны барилга дээр гарсан алдаа зөрчлийг гүйцэтгэх захирал Б.Н-н дарамт шахалтад хүчээр хийж гүйцэтгэсэн, мөн ерөнхий инженер Д.О-н зааварчилгаар барилга угсралтын ажлыг явуулсан мэтээр тайлбар бичиж өгсөн билээ. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан хяналтын чиг үүргийг мөн хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар барилгын ажилтан буюу барилгын инженер хариуцан явуулахаар хуульчилсан байх тул барилгын талбайд захиалагчийн компанийн нэрийн өмнөөс захиалагчийн чиг үүргийг барилгын инженер хариуцан ажиллах байтал Г.Л алдаа зөрчилтэй барилга угсралтын ажлыг явуулж компанид хохирол учруулсан. ШУТИС-н барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Барилгын экспертизийн тайлангийн зөвлөмжид барилгын 1-р давхрын төмөр бетон дам нурууны бетоны бат бэх бага, ан цавтай байгаа учир төмөр бетон дам нурууг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 51/18 дугаартай дүгнэлтээр 2-р давхар баганын бетоны бат бэх зураг төслийн шаардлага хангахгүй тул хүчитгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Г өргөө ХХК нь уг барилгын зураг төслийн зохиогч бөгөөд дээрх В1, В2, 1, 2-р давхарт гарсан алдаа зөрчлийг мэдээгүй байсан гэдэг ба мэдсэн даруй 2019 оны 4 дугаар сард зохиогчийн хяналт хийж 2019 оны 4 дугаар сарын 29-ний өдрийн 39 дугаартай албан тоотоор хөндлөнгийн дүгнэлтийг ирүүлсэн байдаг. Үүнд, 2-р давхрын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 12, 13-р давхрын багана, дам нуруу, хучилт, хөшүүн хананд, 16-р давхар болон техникийн давхрын цутгамал төмөр бетон бүтээц хүйтэн сэрүүний улиралд цутгагдсан тул хөндлөнгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж ирүүлсэн байна. Г.Л-г 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай тушаалаар анх ажилд авч түүний цалинг 792 000 төгрөг, 2013 оны 10 сарын 11-ний өдрийн 69 дугаартай тушаалаар барилгын инженерээр жинхлүүлэн томилж цалинг 990 000 төгрөг үүн дээр 70 хувийн нэмэгдэлтэй нийт 1 683 000 төгрөгөөр тогтоож, Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/3 дугаартай тушаалаар барилгын инженерийн үндсэн цалинг 1 100 000 төгрөг үүн дээр ГГҮ хувийг 100 хувиар тооцож 2 200 000 төгрөгийн цалинг Г.Л-т сар болгон олгож, түүний ажлын хөлсийг тогтмол нэмэгдүүлэн компаниас түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаагүй, харин ажиллах аятай таатай нөхцлөөр ханган ажиллаж ирсэн. Г.Л компанийн энэхүү өндөр итгэл найдварыг хөсөрдүүлэн барилга угсралтын ажилд удаа дараа мэргэжлийн алдаа зөрчил гарган, зарим үед ёс зүйн зөрчил гарган ажил тасалж байсан ба 2018 онд 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлын төмөр бетон каркас угсралтын ажлын хяналтын инженерийн ажлыг хайнга хандаж гүйцэтгэж компанид үлэмж хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хохирлыг учруулаад байна. Иймд барилгын инженерээр ажиллаж байсан Г.Л нь 140 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа ноцтой барилгын угсралтын алдаа гаргаж, барилга угсралтын ажлыг зөрчилтэйг нь мэдсээр байж үргэлжлүүлэн ажилласан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Г.Л-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Л-г Б ХХК-ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Б ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 650 409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч    Г.Л-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Л-н ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид 73 356.5 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ажлаас халагдсан өдрөөс хойш Г.Л нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам болон Хүний үйл ажиллагаа, сонгон шалгаруулалтын журамд зааснаар 3-5 хоногийн дотор ажил хүлээлцэх үүрэгтэй байдаг билээ. Харин Г.Л нь энэхүү хугацаанд ажил хүлээлцээгүй, дутуу ажил гүйцэтгэх болон компанид өр төлбөр барагдуулах ажил удааширсан. Энэ ч утгаараа компанид нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахад ажлаас халагдсан 14 хоног хэтэрсэн тул тушаалын огноог өөрчилж өгөх талаар хүсэлт бичгээр гаргасан байсныг хуулийн зөвлөх миний хувьд тушаалын огноог өөрчлөхийг зөвшөөрөөгүй. Харин албан тоот бичиж өгч болох талаар хүний нөөцийн мэргэжилтэнд хэлсэн билээ. Тэгтэл анхан шатны шүүхэд Г.Л-н нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад ажлаас халагдсан 2019 оны 05 дугаар сарын   06-ны өдрийн 6/15 дугаартай тушаалын хуулбар хувь хавсаргагдсан байсан. Уг тушаалыг би анх удаа харсан бөгөөд энэхүү тушаалын эх хувийг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй байсан. Хариуцагч талаас 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/15 дугаартай тушаалыг нотлох баримтаар нотариатаар батлуулж өгсөн бөгөөд уг тушаал нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гарч манай компанийн тушаалын бүртгэлд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6/15 гэсэн дугаар авагдсан билээ. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгчийн асуултад хариулахдаа энэхүү тушаалын хуулбарыг анх удаа харж байна, эх хувийг нь хаана байгааг тодруулах болон хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлж манай компанид эх хувь болон тушаалын бүртгэлд 6/15 гэсэн дугаартай тушаал 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэсэн байгааг тайлбарлахад үүнийг авч хэлэлцээгүй ба ажлаас халагдсан тушаалыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр тушаал гаргасан гэж шүүх дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Л-г гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.Л-г хариуцагч компанийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажаас халсан, ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй талаар нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч компанийн хуулийн зөвлөх, дотоод хяналтын мэргэжилтэнд тайлбар гаргасан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн Б/15 тоот тушаал гарсныг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр мэдсэнээс хойш 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Хуульд заасан дээрх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна хугацааг сэргээх хүсэлт, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01503 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Б” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай Г.Л-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 73 356,54 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                                    А.МӨНХЗУЛ

                                                                                                               М.НАРАНЦЭЦЭГ