Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00656

 

Ч.О нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00388 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 790 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: Ч.О нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2012 оноос Оюу Толгой ХХК-ийн Барилга, инженерийн хэлтэст өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтнаар тухайн компаниас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж ажиллаж эхэлсэн. Оюу Толгой ХХК-д ажилласан 7 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгийн зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмаар гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2019.04.26-ны өдөр Хүний нөөцийн хэлтсээс дуудаад Та төрөл садныхаа хүнтэй хамт ажиллаж байгаа тухайгаа компанид мэдэгдээгүй зөрчил гаргасан тул өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чинь халлаа гээд халсан тушаалыг өгч танилцуулсан. Ажлаас халах болсон шалтгааныг гүйцэтгэх захирлын 2019.04.26-ны өдрийн HR3013 тоот тушаалд ******* нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн холбоотой хүн болох талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул гэж дурдсан байсан. Энэ тушаалд заасан ажлаас халах зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа. Энд дурдагдсан садан төрлийн холбоотой ажилтан нь нөхөр Баастын Хатанбаатарын төрсөн эгч Баастын Чулуун гэдэг хүний нөхөр Б.Ганбаатар бөгөөд Б.Ганбаатар нь манай багт Стандарт, бичиг баримтын хяналтын ахлах ажилтны албыг хашдаг. Өөрөөр хэлбэл, Б.Ганбаатар бид хоёр нэг айлын хүргэн, бэр хоёр юм. Ажилд орсон буюу ажиллах хугацаанд нэг айлын хүргэн, бэрүүд төрөл садны холбоотой хүмүүс нэг байгууллагад ажиллавал ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар ямар нэгэн сургалт болон дүрэм, журам танилцуулж байгаагүй бөгөөд нэг айлын хүргэн бэрүүд садан төрлийн холбоотой хүмүүс биш гэж үзэж байсан учир Оюу Толгой компанийн Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт Оюу Толгой компанид ажилладаг ах дүү хамаатан садан байхгүй гэж мэдүүлсээр ирсэн. Б.Ганбаатар нь нэг багт хамт ажилласнаар хууль журам зөрчиж ямар нэгэн илүү таатай нөхцөл боломж, давуу байдал зориудаар олгож байсан зүйл огт байхгүй. Бидний хооронд компанийн дүрэм, журамд заасны дагуу ажил төрлийн харьцаа байсан. Ажилгүй нөхрөө тэжээдэг, 8-11 насны 2 хүүхэдтэй, байрны лизингийн зээлтэй, одоо 6 сартай жирэмсэн байсан боловч хүүхэд маань зулбасан. Иймд Оюу Толгой ХХК-ийн Барилга, Инженерийн хэлтсийн Өгөгдөл, Мэдээллийн чанарын хяналтын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 94,824,837 төгрөг Оюу Толгой ХХК-иас нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ Оюу Толгой ХХК-иар нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ******* нь түүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн холбоотой хүн болох ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Тиймээс хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр цуцалсан. *******ийн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 8б,10.2.1ж заалтыг баримталсан. ******* нь Б.Ганбаатарт биш өөр этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Ашиг сонирхлын зөрчил үүссэн үүсээгүй гэдгийг ажил олгогч өөрөө өөрийн дүрэм журмаар тогтоосон. Хувийн хэвшлийн компани ажиллаж байгаа ажилтнуудын дотоод дүрэм журам ажил олгогч өөрөө зохицуулах ёстой. Ямар хүмүүсийн хооронд үүсэх гэдгийг ажил олгогч өөрөө тодорхойлох эрхтэй. Ашиг сонирхлын зөрчлийн талаар бидний ажлын арга барилд тодорхой тусгасан.******* ХХК-д дарааллын дагуу мэдэгдсэн зүйл байхгүй. Ёс зүйн стандартын талаар сургалтад суусан нь баримтаар тодорхой харагдана. Бүх ажилтнууддаа явуулсан имэйл тодорхой байгаа. Гэтэл уншиж өгөөгүй гэдгээр өөрийгөө хамгаалж байна. Садан төрлийн холбоотой хүн гэдгийг Гэр бүлийн тухай хууль зөрчиж байна гэж тодорхойлж байна. Хадмын тал хамаарна гэж бичсэн ба нэхэмжлэгчийн хувьд дүрэм журмуудтай 01.26-ны өдрийн ёс зүйтэй ажиллах нь гэдэг имэйл дээр бизнесийн холбоосууд бүгд байсан. 2019.04.19-ний өдөр үүрэг амлалт биелүүлэх холбоосууд бүгд байсан. Хүний нөөц 03.27-ны өдөр гомдол хүлээж авсан. ******* өөрөө Б.Ганбаатартай нэг айлын хүргэн бэр гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинэ цахим маягтыг ашиглаж байж мэдүүлэх ёстой. Б.Ганбаатартай харилцсан. Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэхгүйгээр давуу байдлаа олж авсан гэдэг нь харагдаж байна. Ажил олгогч илрүүлээд арга хэмжээ авсан. Зөрчил нотлогдсон гэж үзэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00388 дугаар шийдвэрээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 94,824,837 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 790 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Тушаалд дурдсан садан төрлийн холбоотой хүн гэдэг нь *******ийн нөхөр Б.Хатанбаатарын эгч Ч.Чулууны нөхөр Б.Ганбаатар нь тус хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан болно. Энэ хоёр хүн нэг айлын хүргэн бэрүүд юм. Садан төрлийн холбоотой этгээдүүдийн талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заалтуудад төрлийн болон садангийн хүнийг нэрлэн заасан байхад анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглэж *******, Б.Ганбаатар нар нь садан төрлийн холбоотой этгээдүүд мөн эсэхэд дүгнэлт хийх байтал гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө компаний хууль зөрчиж боловсруулсан дүрэм журмын заалтыг барьж нэг айлын хүргэн бэрүүд болох *******, Б.Ганбаатар нарыг төрөл садангийн холбоотой этгээдүүд мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.******* ХХК нь нэхэмжлэгч *******ийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, *******, Б.Ганбаатар нар нь садан төрлийн холбоотой этгээдүүд мөн эсэхийг баримтаар нотлолгүй үндэслэлгүйгээр ажлаас халсан, нэхэмжлэгч ******* нь******* ХХК-иас баталж мөрдүүлсэн Бизнесийн ёс зүйн стандарт нэртэй дүрмийн нэр томьёоны хэсэгт дурдсан садан төрлийн холбоотой этгээдүүдийн талаарх заалттай танилцаагүй буюу энэ талаар мэдэхгүй байсан, харин хамт нэг хэлтэст ажилладаг Н.Эрдэнэхүү гэдэг эмэгтэйгээс имэйл ирэхэд мэдээд өөрийн удирдлага болох Б.Ганбаатарт имэйл бичиж мэдэгдсэн бөгөөд Б.Ганбаатар нь өөрийн дээд удирдлага болох этгээдэд имэйл бичиж мэдэгдсэн болох нь шүүхээс******* ХХК-ийн компьютерт хийсэн үзлэгээр тогтоогдсон. Стандартын нэр томьёоны тайлбар хэсэгт энэ талаарх садан төрлийн холбоотой хүн гэдэг ойлголтод Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д зааснаас гадна хадмын талын хүнийг мөн хамаатуулахаар тайлбарласан байна. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн дотоод харилцаандаа хуулиар тодорхойлсон нэр томьёог дээрх байдлаар илүү өргөжүүлж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөөгүй тул уг стандартын холбогдох заалтыг хуульд нийцээгүй гэж үзлээ.

2016 оны Бизнесийн ёс зүйн стандарт болон уг стандартын дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх тухай 2017.01.26-ны өдрийн Ёс зүйтэй ажиллах тухай имэйл, 2017.04.24-ний өдрийн Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай имэйлд үзлэг хийхэд ажилтан ******* нь өөрийн 09146212 хувийн дугаараар нэвтрэн орж дээрх сургалтуудад хамрагдсан болох нь талуудыг байлцуулан хийсэн үзлэг болон үзлэгээр бэхжүүлэн авсан баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь******* ХХК нь Бизнесийн ёс зүйн стандарт нэртэй баримт бичгийнхээ нэр томьёоны тайлбар хэсэгт хадмын талыг оролцуулна гэсэн хуулиас давсан тайлбар оруулаагүй бол энэ хоёр хүн ажлаас халагдаж эрх ашиг нь зөрчигдөхгүй байсан. Шүүх садан төрлийн хүний талаарх хуулийн нарийвчилсан заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх естой байсан.******* ХХК-ийн хууль зөрчсөн дүрэм журам нь харин ч Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 130.2 дахь заалтыг ноцтой зөрчиж ажилтны эрх ашгийг хохироосон гэж үзэж байна.

Шүүхээс үзлэгээр *******ийг уг баримттай танилцсан нь нотлогдсон гэсэн өрөөсгөл дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ******* нь Бизнесийн ёс зүйн стандарт нэртэй баримт бичгийн нэр томьёоны хэсэгт дурдсан садан төрлийн холбоотой хүний талаарх баримттай танилцсаныг нотлох баримт байдаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс Б.Ганбаатарын удирдлаган дор ажилладаг 8 хүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн нэмэгдлийн талаарх баримтыг******* ХХК-иас нотлох баримтаар гаргуулж уг үнэлгээг харьцуулан үзэж Б.Ганбаатар нь *******ийн ажлыг бусдаас давуу байдлаар үнэлсэн эсэхийг тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс Ажлын үнэлгээ, давуу байдал олгосон талаар ажлаас халсан тушаалд дурдаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй атлаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Б.Ганбаатар нь ажилтан *******ийн 2016, 2017, 2018 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, гүйцэтгэлийг маш сайн буюу 100 хувиар үнэлсний улмаас *******ийн цалин хөлс урамшуулал нэмэгдсэн талаар дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан хууль зөрчсөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд төрөл садны тухай харилцааг зохицуулсан 27.1 дэх заалт байгаа бөгөөд уг заалтыг Улсын дээд шүүхийн 33 тоот тогтоолоор тайлбарлахдаа, Төрөл садангийн хүмүүс гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д заасан хүмүүс хамаарна гэж тайлбарласнаас үзэхэд хөдөлмөрийн харилцаанд Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.******* ХХК-ийн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн а-д: Захирагдах хууль тогтоомж хэсэгт Энэхүү гэрээнд Монгол улсын хууль тогтоомжийг баримтална гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн харилцаанд зөвхөн хуулийг баримтлахаар заасан байна. Гэтэл шүүх хуулийн заалтыг нэмж, өргөжүүлж тайлбарласан компанийн дүрэм журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

************** ХХК-ийн Барилга, инженерийн хэлтсийн Өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтнаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019.04.26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай НR-3013 тоот тушаалаар ажлаас халагдсан, тушаалд ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заасан байна.

Уг ноцтой зөрчлийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн хүн болох талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй үйлдэл гаргасан нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б, 10 дугаар зүйлийн 10.2.1ж, Бидний ажлын арга барил-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дахь заалт болон Бизнесийн ёс зүйн стандарт-ын 5 дугаар зүйлийн 5.1-ийн Бусад харилцаа холбоо хэсэг, 5.4 дэх заалтад хамаарна гэж үзжээ.

 Хөдөлмөрийн гэрээний 8б-д ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй, 10.2.1ж-д ...ажилтны хувийн ашиг сонирхол нь ажил олгогчийн ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар харшлах, тэрчлэн шууд буюу шууд бусаар ажил олгогчийн ашиг сонирхолд үл нийцсэн, ...үйлдэл, эс үйлдэхүйг хатуу хориглоно, ажилтан ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэх магадлалтай тохиолдолд энэ тухай ашиг сонирхлын зөрчил байхгүй ажил олгогчийн төлөөлөгч, удирдлагад мэдэгдэх үүрэгтэй гэж зааж, эдгээр үүргээ биелүүлээгүйг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэжээ.

******* нь******* ХХК-ийн Барилга, инженерийн хэлтсийн Стандарт бичиг баримтын хяналтын ахлах мэргэжилтэн Б.Ганбаатартай нэг айлын хүргэн, бэр бөгөөд тэд нэг хэлтэст, нэхэмжлэгч нь түүний шууд удирдлагад ажилладгийг зохигч маргаагүй байна.

Байгууллагад мөрдөгдөж буй Бизнесийн ёс зүйн стандартад садан төрлийн холбоотой хүн гэдэгт гэрлэлтийн үр дүнд ах, эгч, дүүсийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын тал хамаарна гэж зааснаас гадна уг стандартад ашиг сонирхлын зөрчил гэж юуг ойлгох, энэ талаар хэрхэн мэдүүлэхийг журамласан, нэхэмжлэгчийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтайг ажил олгогчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч******* ХХК нь байгууллагын дотоодод дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоохдоо ашиг сонирхлын зөрчил үүсч болох хамаарал бүхий этгээдэд гэрлэлтийн үр дүнд ах, эгч, дүүсийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын тал хамаарна гэж заасан нь хууль зөрчихгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00388 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 790 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай:

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЦАГААНЦООЖ

                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                            ШҮҮГЧИД                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                                Х.СОНИНБАЯР