Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/00388

 

 

 

 

 

 

 

                2020          02          05  

                                 181/ШШ2020/00388

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 5б байр, 40 тоотод оршин суух Боржигон овогт Чулуунбаатарын Оюундэлгэр /РД:ПЭ84082100/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Моннис цамхаг, 12 давхарт байрлах “Оюу толгой” ХХК /РД:2657457/-д холбогдох, 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цэвэлмаа нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чулуунбаатар овогтой Оюундэлгэр миний бие 2004 онд Шинжлэх Ухаан Техник, Технологийн Их сургуулийг инженер-физикч мэргэжлээр, 2006 онд "Мандах" дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 2006-2011 онуудад "Протон" ХХК-д менежер, 2012 оноос "Оюу Толгой" ХХК-ийн Барилга, инженерийн хэлтэст өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтнаар тухайн компаниас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж ажиллаж эхэлсэн.

"Оюу Толгой" ХХК-д ажилласан 7 жилийн хугацаанд Ч.Оюундэлгэр миний бие хөдөлмөрийн сахилгийн зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмаар гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 26-ны өдөр би ажлаа хийгээд сууж байтал Хүний нөөцийн хэлтсээс дуудсан. Намайг яваад ороход "Та төрөл садныхаа хүнтэй хамт ажиллаж байгаа тухайгаа компанид мэдэгдээгүй зөрчил гаргасан тул өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чинь халлаа" гэж хэлээд халсан тушаалыг надад өгч танилцуулсан. Миний бие надад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас гэнэт халсан ийм тушаал аваад маш их цочирдож, сэтгэл санааны хүнд байдалд орсон.

Ажлаас халах болсон шалтгааныг гүйцэтгэх захирлын 2019 оны 04 сарын 26-ны өдрийн HR 3013 тоот тушаалд "Ч.Оюундэлгэр нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн холбоотой хүн болох талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул" гэж дурдсан байсан. Энэ тушаалд заасан ажлаас халах зөрчлийг миний бие гаргаагүй гэж үзэж байгаа.

Энд дурьдагдсан садан төрлийн холбоотой ажилтан нь миний нөхөр Баастын Хатанбаатарын төрсөн эгч Баастын Чулуун гэдэг хүний нөхөр Б.Ганбаатар бөгөөд Б.Ганбаатар нь манай багт Стандарт, бичиг баримтын хяналтын ахлах ажилтны албыг хашдаг юм.

Өөрөөр хэлбэл Б.Ганбаатар бид хоёр нэг айлын хүргэн, бэр хоёр юм. Намайг  ажилд орсон буюу ажиллах хугацаанд нэг айлын хүргэн, бэрүүд төрөл садны холбоотой хүмүүс нэг байгууллагад ажиллавал ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар надад ямар нэгэн сургалт болон дүрэм, журам танилцуулж байгаагүй бөгөөд нэг айлын хүргэн бэрүүд садан төрлийн холбоотой хүмүүс биш гэж үзэж байсан учир "Оюу Толгой" компанийн Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт "Надад Оюу Толгой компанид ажилладаг ах дүү хамаатан садан байхгүй" гэж мэдүүлсээр ирсэн.

Б.Ганбаатар нь нэг багт хамт ажилласнаар надад хууль журам зөрчиж ямар нэгэн илүү таатай нөхцөл боломж, давуу байдал зориудаар олгож байсан зүйл огт байхгүй. Бидний хооронд компанийн дүрэм, журамд заасан дагуу ажил төрлийн харьцаа байсан. “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнууд өндөр мэдлэггэй, туршлагатай улс байдаг хирнээ Б.Ганбаатар бид хоёрыг садан, төрөлд хамаарахгүй гэдгийг сайн судалж үзэлгүйгээр намайг үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсанд гомдолтой байна.

Би ардаа 8-11 насны 2 хүүхэдтэй, ажилгүй нөхрөө тэжээдэг, байрны лизингийн зээлтэй, одоо 6 сартай жирэмсэн байсан боловч хүүхэд маань зулбасан.

 Иймд би тус шүүхэд хандаж дараах асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна. “Оюу Толгой" ХХК-ий Барилга, Инженерийн хэлтсийн Өгөгдөл, Мэдээллийн чанарын хяналтын ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 94,824,837  төгрөг "Оюу Толгой" ХХК-аас нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ "Оюу Толгой" ХХК-аар нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Ч. Оюундэлгэрийн нэхэмжлэлийг дэмжиж байна. Б.Ганбаатар гэдэг хүнтэй садан төрлийн холбоотой хэмээн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Гэтэл Б.Ганбаатар гэх хүн нь ямар ч садан төрлийн хүн биш. Хүчинтөгөлдөр мөрдөгдөж буй хуульд садан төрлийн холбоог Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар нэг айлын хүргэн бэрүүд гэсэн заалт байхгүй. Уг хуулийн заалтыг зөрчсөн.

Энэ хүн Оюутолгой ХХК батласан бичиг баримттай танилцаагүй. Хэзээ мэдсэн гэхэд Эрдэнхүүгээс ирсэн имэйлээс ойлгоод удирдлага болох Ганбаатарт имэйл явуулсан. Тэр хүн нь дээд удирдлага болох тэр гадаад иргэнд имэйл бичээд мэдүүлээд байхад яагаад арга хэмжээ аваагүй вэ гэсэн шууд шалгалгүйгээр зөрчил гаргасныг тогтоолгүйгээр ажлаас халсан.

Мөн хуулийн дагуу садан төрөл гэдгийг тайлбарласан байдаг үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Үг хэллэгийн хувьд садан төрөл гэсэн нь үндэслэлгүй, мэдэгдсээр байтал ажлаас халсан. Үзлэг хийсэн баримтаар мэдүүлсэн гэдэг нь нотлогдсон. Тийм учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа болон түүний өмгөөлөгч  шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ч.Оюундэлгэр нь “Оюу толгой” ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 94,824,837  төгрөг нөхөн гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх гэсэн шаардлагуудыг тус тус дурджээ.

Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр нь түүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн холбоотой хүн болох ашиг сонирхлыг зөрчлөө мэдэгдээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Тиймээс “Оюу толгой” ХХК нь нэхэмжлэгч Ч.Оюундэлгэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтайн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан. Иймд Ч.Оюундэлгэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй гэв.

Ч.Оюундэлгэрийн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 8б,10.2.1ж  заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн. Ажиллахын тулд ямар дүрэм журам байгаа талаар танилцах ёстой, цахимаар болон танхимын сургалтанд суудаг.

Б.Ганбаатар өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ тусгай хэлтэст мэдэгдэх ёстой. Ч.Оюундэлгэр нь Б.Ганбаатарт биш өөр этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Ашиг сонирхлын зөрчил үүссэн үүсээгүй гэдгийг ажил олгогч өөрөө өөрийн дүрэм журмаар тогтоосон. Хувийн хэвшлийн компани ажиллаж байгаа ажилтнуудын дотоод дүрэм журам ажил олгогч өөрөө зохицуулах ёстой. Ямар хүмүүсийн хооронд үүсэх гэдгийг ажил олгогч өөрөө тодорхойлох эрхтэй. Ашиг сонирхлын зөрчлийн талаар бидний ажлын арга барилд тодорхой тусгасан.

 

 Оюу толгой ХХК-д дарааллын дагуу мэдэгдсэн зүйл байхгүй. Ёс зүйн стандартын талаар сургалтад суусан нь баримтаар тодорхой харагдана. Бүх ажилчнуудаа явуулсан имэйл тодорхой байгаа. Гэтэл уншиж өгөөгүй гэдгээр өөрийгөө хамгаалж байна.

 Садан төрлийн холбоотой хүн гэдгийг Гэр бүлийн тухай хууль зөрчиж байна гэж тодорхойлж байх шиг байна. Бид нэр томъёоны тайлбараараа тайлбарласан. Хадмын тал хамаарна гэж бичсэн. Ч.Оюундэлгэр Б.Ганбаатартай нэг айлын хүргэн бэр гэдгээ мэдэж байсан. Хамгийн түрүүнд уншиж танилцах ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд дүрэм журмуудтай 01 сарын 26-ны өдрийн Ёс зүйтэй ажиллах нь гэдэг имайл дээр бизнесийн холбоосууд бүгд байсан. 2019 оны 04 сарын 19 өдөр үүрэг амлалт биелүүлэх холбоосууд бүгд байсан. Хүний нөөц 03 сарын 27 өдөр гомдол хүлээж авсан. Ч.Оюундэлгэр өөрөө Ганбаатар бид 2 нэг айлын хүргэн бэр гэдгээ хүлээн зөвшөөрсөн.  Шинэ цахим маягтыг ашиглаж байж мэдүүлэх ёстой. Б.Ганбаатартай харилцсан. Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэхгүйгээр давуу байдлаа олж авсан гэдэг нь харагдаж байна. Ажил олгогч илрүүлээд арга хэмжээ авсан. Зөрчил нотлогдсон гэж үзэж байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр нь хариуцагч “Оюу толгой” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 94,824,837  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Оюу толгой” ХХК нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр нь 2012 оны 02 сарын 28-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн захирлын 0171/12 тоот тушаалаар Хөрөнгийн менежментийн хэлтэст хяналтын ажилтан /Техникийн мэдээлэлийн хяналтын ажилтан/-аар  ажилд орж ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR3013 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б, 10 дугаар зүйлийн 10.2.1.ж, “Бидний ажлын арга барил”-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дахь заалт болон “Бизнесийн ёс зүйн стандарт”-ын 5 дугаар зүйлийн 5.1-ийн “Бусад харилцаа холбоо” хэсэг, 5.4 дэх хэсэг Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 06 сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1-р хавсралт “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15б заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Ажил олгогч болох “Оюу толгой” ХХК нь Барилга Инженерийн хэлтсийн Өгөгдөл мэдээлэлийн чанарын хяналтын ажилтан Ч.Оюундэлгэрийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээ хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн хүн болох талаархи ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

 

Дээрхи тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байх тул шүүх гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах,

Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б-д “ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй”,

10 дугаар зүйлийн 10.2.1.ж-д “...ажилтны хувийн ашиг сонирхол нь ажил олгогчийн ашиг сонирхолд ямар нэг байдлаар харшлах, тэрчлэн шууд буюу шууд бусаар ажил олгогчийн ашиг сонирхолд үл нийцсэн, өөрийн болон гуравдагч этгээдийн тусын тулд үйлчлэх үйлдэл, эс үйлдэл хийхийг хатуу хориглоно. Ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэх магадлалтай тохиолдолд энэ тухай ашиг сонирхлын зөрчил байхгүй ажил олгогчийн төлөөлөгч, удирдлагад мэдэгдэх, тодорхой шийдвэр гаргах, үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахдаа ажил олгогчийн зөвшөөрлийг авах үүрэгтэй...”,

 

“Бидний ажлын арга барил”-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дахь заалт “Бид ашиг сонирхлын бодит болон болзошгүй зөрчлийг урьдчилан мэдүүлдэг. Зөрчлөөс зайлсхийх боломжгүй үед бусадтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр ил тод, зохистой хэлбэрээр зохицуулна”

 “Бизнесийн ёс зүйн стандарт”-ын 5 дугаар зүйлийн 5.1-ийн “Бусад харилцаа холбоо” хэсэгт “Та садан төрлийн холбоотой хүн эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдийнхээ ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой бол”

 

“Бизнесийн ёс зүйн стандарт”-ын 5 дугаар зүйлийн 5.4-ийн “Ашиг сонирхлын зөрчлийн талаар хэзээ хэрхэн мэдэгдэх, мэдүүлэх вэ” хэсэгт “Бодит эсвэл болзошгүй ашиг сонирхолын зөрчил байгаа талаар мэдсэн даруйдаа холбогдох бүх дэлгэрэнгүй мэдээллийг Оюу толгой портал /Хууль дүрмийн хэрэгжилтийн хэлтсийн хуудас/-д байгаа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг урьдчилан батлах маягтыг ашиглан доорх хүснэгтэд харуулсан дарааллын дагуу мэдүүлэх нь чухал ач холбогдолтой”, “Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүссэн байж болзошгүй тухай мэдсэн даруй цахимаар эсвэл цаасаар бүртгэл хийлгэх” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Ч.Оюундэлгэр нь “Б.Ганбаатар бид 2 нэг айлын хүргэн, бэр бөгөөд төрөл садны холбоотой хүмүүс нэг байгууллагад ажиллавал ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар ямар нэгэн сургалт болон дүрэм, журам танилцуулж байгаагүй” гэж тайлбарлан маргадаг боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудаар түүний тайлбар үгүйсгэдсэн.

 

            Ажил олгогч “Оюу толгой” ХХК-ийн “Бизнесийн ёс зүйн стандарт”-ын  нэр томьёоны тайлбарт садан төрлийн холбоотой хүн гэдэгт “...гэрлэлтийн үр дүнд ах, эгч дүүсийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын тал хамаарна...” гэж томьёолсон бөгөөд уг стандартын 5.1-д ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, “садан төрлийн холбоотой хүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой” бол бусад хувийн харилцаа холбоонд ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр заасан, 5.4-т “Бодит эсхүл болзошгүй ашиг сонирхлын зөрчил байгаа талаар мэдсэн даруйдаа холбогдох бүх дэлгэрэнгүй мэдээллийг “Оюу Толгой” ХХК-д байгаа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг урьдчилан батлах маягтыг ашиглан мэдүүлэх нь чухал ач холбогдолтой” байхаар тус тус тусгажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон талуудын тайлбар, гэрч  Б.Ганбаатарын мэдүүлэг зэргээр өөрийн шууд удирдлагад ажилладаг Өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтан Ч.Оюундэлгэрийн 2016, 2017, 2018 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, гүйцэтгэлийг маш сайн буюу 100%-аар үнэлсний улмаас Ч.Оюундэлгэрийн цалин хөлс 2017 онд 3,4%-аар нэмэгдэж 2,610 ам.долларын урамшуулал, 2018 онд 0,99%-аар нэмэгдэж 732 ам.долларын урамшуулал, 2019 онд 1,9%-аар нэмэгдэж 2,514 ам.долларын урамшуулал авсан,  Ч.Оюундэлгэр нь Б.Ганбаатарын эхнэр Б.Чулууны төрсөн дүү Б.Хатанбаатарын эхнэр буюу тэд төрсөн эгч, дүү хоёртой гэр бүл болсон, нэг айлын хүргэн, бэр болох нь нотлогдсон бөгөөд Ч.Оюундэлгэр нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийдэг Б.Ганбаатартай /хадмын талын/ хамаатан гэх ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлээгүй байна.

 

Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд “...нэг айлын хүргэн бэрүүд нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүд, төрлийн хүн, садангийн хүн гэх ойлголтод хамаарахгүй тул ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлэх үүрэггүй байсан, стандартын заалт хууль зөрчсөн” гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар “...Ч.Оюундэлгэрийн хувьд Б.Ганбаатар нь хадмын талын хүн учир Бизнесийн ёс зүйн стандартын ашиг сонирхлын зөрчил үүсэх бусад хувийн харилцаа холбоонд хамаарах тул ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлэх үүрэгтэй байсан” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

 Зохигчдын хооронд үүссэн энэ маргааныг шийдвэрлэхэд Б.Ганбаатар, Ч.Оюундэлгэр нарыг садан төрлийн холбоотой гэж үзэх эсэх асуудал чухал ач холбогдолтой байна.

 

“Оюу Толгой” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйтэй ажиллах үүргийн хүрээнд бүх хэлбэрийн хээл хахууль, авилгыг хориглох, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, түүнийг мэдүүлэх, зохицуулах, бүх хэлбэрийн залиланг хориглох тухай бизнесийн ёс зүйн үүрэг амлалтыг биелүүлэх зорилгоор “Оюу толгой” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 40/16 тоот тушаалаар “Бизнесийн ёс зүйн стандарт”-ыг баталж  2016 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрджээ.

 

Уг Стандартын нэр томьёоны тайлбар хэсэгт садан төрлийн холбоотой хүн гэдэг ойлголтод Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д зааснаас гадна хадмын талын хүнийг мөн хамаатуулахаар тайлбарласан байна.

 

Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн дотоод харилцаандаа хуулиар тодорхойлсон нэр томъёог дээрх байдлаар илүү өргөжүүлж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 130 дугаар зүйлийн 130.2 дахь зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөөгүй тул уг стандартын холбогдох заалтыг хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Харин ажил олгогч нь нэр томъёоны тайлбар бүхий дээрх стандартын талаар нийт ажилчиддаа танилцуулсан эсэхэд шүүх хариуцагчийн хүсэлтээр  “Оюу толгой” ХХК-ний 2016 оны Бизнесийн ёс зүйн стандарт болон уг стандартын дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх тухай 2017 оны 01 сарын 26-ний өдрийн “Ёс зүйтэй ажиллах тухай” и-мэйл, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай” и-мэйлд үзлэг хийхэд ажилтан Ч.Оюундэлгэр нь өөрийн 09146212 хувийн дугаараар нэвтрэн орж дээрхи сургалтуудад 2018 оны 02 сарын 15-ний өдөр, 2019 оны 03 сарын 13-ний өдөр цахим сургалтаар хамрагдсан болох нь талуудыг байлцуулан хийсэн үзлэг болон үзлэгээр бэхжүүлэн авсан баримтаар тогтоогдсон.

 

Ч.Оюундэлгэр, Б.Ганбаатар нар нь нэг айлын хүргэн бэр бөгөөд эгч дүү хоёртой гэр бүл болж, түүнээс хойш нэг дор хамт амьдарч байгаа Б.Ганбаатар нь нь хөндлөнгийн “Оюу Толгой” ХХК-ийн хувьд Ч.Оюундэлгэрийн хадмын талын хүн гэх ойлголтод хамаарах тул Ч.Оюундэлгэр нь Бизнесийн ёс зүйн дүрмийн 5.1-ийн ”Бусад хувийн харилцаанд холбоо” хэсэгт заасан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тухайгаа ажил олгогчид мэдүүлэх үүрэгтэй атал үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Ч.Оюундэлгэр нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.ж-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Ч.Оюундэлгэр нь ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүй хүргэн болох Б.Ганбаатар нь 3 жилийн хугацаанд Ч.Оюундэлгэрийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийсэн, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлээгүйг илрүүлсэн  ажил олгогч нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй.

 

Иймд шүүх хариуцагч “Оюу толгой” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR3013 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн гэж үзэж, нэхэмжлэгч Ч.Оюундэлгэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Оюу толгой” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 94,824,837 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай Ч.Оюундэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ