Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1713

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02045 дугаар шийдвэртэй, Г.М-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар  оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1557 дугаартай захирамжаар Г.М-аас 48 000 000 төгрөгийг гаргуулж Н.С-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/12999 тоот албан мэдэгдлээр миний өмчлөлийн Ү-2205026352 дугаарт эрхийн бүртгэлтэй Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон 50 348 128 төгрөгийн 70 хувь болох 35 243 689 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах болсныг мэдэгдсэн. Зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1557 дугаартай захирамжаар Г.М-аас 48 000 000 төгрөгийг гаргуулж, Н.С-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.М-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Төмөр замын 76 дугаар байр 14 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж, үнэлгээ тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг талуудад танилцуулж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулахыг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2/12999 тоот албан бичгээр мэдэгдсэн. Г.М-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлсэн үнэ 50 348 128 төгрөгийн 70 хувь буюу 35 243 689 төгрөгөөр тус албанаас зохион байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байрны 14 тоот хаягт байрлах 17,1 м.кв талбайтай орон сууцыг 50 348 128 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно гэж тодорхой заасан байдаг.

Дээрх заалтаас харахад, нэгдүгээрт үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч болон төлбөр авагч нарыг хооронд нь тохиролцох боломжоор хангах ёстой. Төлбөр авагч нь гадаад улс руу явсан байсан. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол эрх бүхий этгээд үнэлгээчин буюу шинжээч томилох ёстой. Гэтэл хариуцагчийн зүгээс үнийн саналаа шууд ирүүлэхийг биднээс шаардсан бөгөөд үнийн санал ирүүлэхгүй бол шинжээч томилно гэж тулгасан.

Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 102/Ш32019/08266 шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарсан байхад хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тусгагдсан.

Дээрхээс үзэхэд, төлбөр авагчтай уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнэ тохирох боломжоор хангаагүй, шүүхийн захирамж гарсан байтал ажиллагаа явуулсан зэрэг процессын алдаа гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчаас томилсон “СЭ” ХХК-ийн гаргасан үнэлгээ нь зах зээлийн үнэлгээтэй тохирохгүй байгаа бөгөөд харьцуулсан судалгааны хувьд дутмаг дүгнэлт байсан учир үнэлгээ буруу гарсан гэж үзэж нотлох баримт гаргаж өгсөн ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн дагуу үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.М нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 76 дугаар байр 14 тоот, улсын бүртгэлийн Y-2205026352 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зах зээлийн үнийг тодорхойлсон “СЭ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01557 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай Шүүгчийн захирамжаар Г.М-аас 48 198 975 төгрөгийг гаргуулж, Н.С-д олгох, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2205026352 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулсан байна. /хх 6,7,25/

 

Дээрх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хураах ажиллагааг гүйцэтгэжээ. /хх 35,36, 39-42/

 

Төлбөр төлөгч, өмчлөгч нар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тухайн орон сууцны зах зээлийн ханшийг мэдэхгүй байгаа тул шинжээчээр бодит үнэлгээг гаргуулна гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд хариуцагч байгууллага 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 121 дугаар тогтоолоор “СЭ” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх43, 80,81/

 

Тухайн орон сууцны өмчлөгч болон төлбөр төлөгч нар зах зээлийн үнийг шинжээчээр тодорхойлуулах хүсэлт гаргасан тохиолдолд төлбөр авагчтай тохиролцох боломжоор хангаагүй гэж хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

“СЭ” ХХК-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг  2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 50 348 128 төгрөг гэж тодорхойлж, тайланг хариуцагч байгууллагад ирүүлсэн /хх44-79/, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгчид дээрх үнэлгээний 70 хувиар буюу 35 243 698 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдаанд оруулах, уг хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах, гаргаагүй тохиолдолд өөрийн хөрөнгөө нэг сарын дотор бие даан худалдан борлуулах саналыг 3 хоногийн дотор гаргах эрхтэй талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх8/

 

Төлбөр төлөгч Г.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр дээрх үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлсөн /хх1-3/ байгаагаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байхад албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хийсэн гэж хариуцагчийг буруутгажээ. Анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай Шүүгчийн захирамж гаргаж, мөн оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид 1/02213 тоотоор хүргүүлсэн байна. /хх21,22/

 

Хариуцагчийн хувьд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байх бөгөөд Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хэзээ хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор “Б” ХХК-ийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн этгээд нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрхтэй эсэх нь тодорхой бус, мөн unegui.mn сайтаас авсан баримтуудын хувьд “СЭ” ХХК-ийн үнэлгээ гаргасан хугацаанаас зөрүүтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.М давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                    Т.ТУЯА