Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 1736

 

 

 

 

 

 

 

 

 

“ГИ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01700 дугаар шийдвэртэй, “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИНЕГ-т холбогдох, мастик нийлүүлэх гэрээний үүрэгт 126 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.М, түүний өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: ИНЕГ-тай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 дугаартай төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аеродромуудын засвар арчлалтад шаардлагатай 35 тонн мастик нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр нийлүүлэгч нь барааг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нийлүүлэх, захиалагч 148 000 000 төгрөг төлөх ба хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

Гэтэл захиалагч гэрээний ерөнхий нөхцлийн 14-т заасан бараа нийлүүлснээс хойш 30 хоногт үлдэгдэл төлбөрийг шуурхай шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж “Констракшн Коммершл инвестмент ББСБ” ХХК-иас 15 000 000 төгрөг зээлж, компанийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Гэрээний үлдэгдэл 74 000 000 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37 000 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 15 000 000 төгрөг, нийт 126 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: “ГИ” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-05/18 дугаартай төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аеродромуудын засвар арчлалтад шаардлагатай 35 тонн мастик нийлүүлэх гэрээ байгуулсан боловч нийлүүлсэн гэх мастик нь техникийн тодорхойлолтод нийцээгүй. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7.3, 7.4-т шалгалт туршилтаар мастик нь техникийн тодорхойлолтыг хангаагүй тохиолдолд захиалагч уг бараанаас татгалзах эрхтэй бөгөөд барааг тээвэрлэхээс өмнө захиалагч, эсхүл түүний төлөөлөгч шалгасан, туршсан байх нь Монгол Улсад орж ирсний дараа түүнийг дахин шалгах, турших болон шаардлагатай тохиолдолд татгалзах захиалагчийн эрхийг хөндөхгүй гэж зааснаар бараанаас татгалзсан.

Мөн үлдэгдэл төлбөрийг гэрээний тусгай нөхцөлийн 14.2.2-т зааснаар бараа ирснээс хойш захиалагч хүлээн авсан тухай акт, гэрээ дүгнэсэн актыг үндэслэн төлж барагдуулахаар тохиролцсон. Захиалагч нь өнөөдрийг хүртэл бараа хүлээн авсан тухай  акт, гэрээ дүгнэсэн актыг үйлдээгүй бөгөөд гэрээний заалтын дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй нь үндэслэлтэй юм. Иймд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 99 900 000 төгрөгийг гаргуулж, “ГИ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837 959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 657 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГИ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг үл ялгаварлах, тэгш мэтгэлцэх эрхтэй гэж заасан, хариуцагч ИНЕГ өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзаагүй байтал шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч С.Мөнхнасанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, 72 дугаар зүйлийн 72.1, 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэлийг гардуулаагүй, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, хэрэгт авагдсан баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхнасан нь маргааны зүйл болох мастикийг хүлээн авах комиссын дарга гэдэг нь нотлогдсоор байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлэхгүйгээр хэргийг  шийдвэрлэсэн.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг нэхэмжлэгч буюу худалдагчаас гаргуулан авах хүсэлт гаргасан ч хангаагүй. Хэрэгт маргааны зүйл болох мастикийг хэрхэн хадгалах, яаж хэрэглэх, тээвэрлэх талаар нөхцөл, журам байхгүй. Гэтэл хуулийн дээрх заалтаар энэхүү нөхцөл, журмыг худалдагч тал гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “уг баримтыг гаргаж өгөх боломжтой” гэж тайлбарлаад байхад шүүх уг тайлбарыг үнэлээгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...254 дүгээр зүйлд худалдан авагчийн гомдлын шаардлага гаргах эрхийн талаар, 255 дугаар зүйлд гомдлын шаардлага гаргах эрхээ алдах талаар тус тус зохицуулсан байна.” гэсэн боловч шүүх хуралдаанд мастикийг гэрээний тусгай нөхцлийн 7.0-д захиалагчийн тушаалаар томилогдсон ажил хүлээн авах комисс барааг /Аэродромын албанд/ шалгаж туршин хүлээн авч, акт үйлдэнэ гэсний дагуу ашиглагч аэродромын албанаас туршилт хийж комисс хүлээн авах боломжгүй талаар дүгнэлт гарсан гэж тайлбарласныг үнэлээгүй. Шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээр хангасан бол мастик хүлээн авах комиссын даргын хувьд яагаад хүлээн аваагүй талаар хариу тайлбар, нотлох баримт, комиссын дүгнэлтийг гаргах байсан.

Шийдвэрт “...2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1383.12.18 дугаар, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 0016.01.19 дугаар шинжилгээний дүнгээр техникийн шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна...” гэж нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, тал бүрээс нь судлаагүй. Хэргийн 19 дүгээр талд, нэхэмжлэгчийн санал болгосон “Техникийн санал”-ын 5 дугаарт “Престиж БП-Г25” 35, 50 маркийн мастикийн Наалданги чанар С° /багагүй/ ГОСТ, ТН шаардлага +50, ИНЕГ-ийн техникийн шаардлага +50, мөн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зам, Тээврийн хөгжлийн төвийн зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторийн 0016.01.19 дугаартай “Мастикийн шинжилгээний дүн”-д “...+50° С-ийн температуртай камержуулсан ЗТ5027 халаах зууханд 2 цагийн (14:50-16:50! хугацаатай хийж наалданг чанарыг тодорхойлох туршилтын дагуу 1,2 МПа хүчээр 5 секундийн турш дарав. Ингэхэд резин нь мастиктай наалдсан тул наалдац чанарыг МNS 30740:2017 стандартыг хангаж байна гэж тодорхойллоо” гэснийг үнэлээгүй. Наалданги чанар >+50° С наалдахгүй байх ёстой. Техникийн шаардлага болоод ирүүлсэн “Техникийн санал”-д энэ талаар тодорхой заасан.

Шүүх, маргалдагч талуудын хооронд байгуулсан мастик /35 тонн/ нийлүүлэх хүчин төгөлдөр гэрээг бүрэн гүйцэд үнэлээгүй, буруу тайлбарлаж шийдвэрлэсэн. Мастикийг хадгалагдаж байгаа гэдгийг тогтоосон атлаа үүнийг хүлээн авсанд тооцож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт заасан зохицуулалт нь аливаа талуудын хооронд үүсэх худалдах, худалдан авах гэрээний харилцаанд эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох тухай нарийвчлан заагаагүй заалт гэж үзнэ. Учир нь гэрээний дагуу талууд ямар үйлдэл хийснийг хүлээн авсанд тооцох тухай, уг үйлдэл хийгдсэн нь гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэл болно хэмээн гэрээний тусгай нөхцлийн 7.0, 14.4-т харилцан тохиролцсон.

Шүүх алданги тооцохдоо гэрээний заалтыг үнэлсэн атлаа дээр дурдсан хүлээн авч, акт үйлдэх тухай, энэхүү акт нь үлдэгдэл төлбөрийг олгох үндэслэл болох тухай гэрээгээр тохирсон тохиролцоог огт үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 787 950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “ГИ” ХХК нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан мастик нийлүүлэх гэрээний үүрэгт 126 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

 Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төвийн болон орон нутгийн нисэх буудлуудын аэродромуудын засвар арчлалтад шаардлагатай мастик нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч “ГИ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор 35 тонн мастик нийлүүлэх, хариуцагч ИНЕГ нь нийт 148 000 000 төгрөгийг тус байгууллагын 2018 оны урсгал зардлын хөрөнгөөр төлөх, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцох нөхцлийг тохиролцож, харилцан үүрэг хүлээсэн байна. /хх/

 

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. Түүнчлэн хариуцагч байгууллагын аэродромын талбайд гэрээний зүйл хадгалагдаж байгаа үйл баримт тогтоогдсон тул захиалагч эд хөрөнгийг хүлээн авсанд тооцно гэж үзсэн нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэг заасан худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасантай нийцнэ.

 

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх гэрээнд зааснаар Аэродромын алба туршилт хийж, мастикийг хүлээн авах боломжгүй талаар дүгнэлт гарсан тухай хариуцагчийн тайлбарыг үнэлээгүй, шинжилгээний үр дүн нь техникийн саналд заасан шаардлага хангаагүй, гэрээг бүрэн гүйцэд үнэлээгүй, гэрээний тусгай нөхцлийн 7.0-д зааснаар бүтээгдэхүүнийг актаар хүлээн аваагүй, акт нь үлдэгдэл төлбөр олгох үндэслэл болохыг анхаараагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхнасанд нэхэмжлэл гардуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх болон бусад эрхээр хангаагүй, хүсэлт хүлээн аваагүй,  гэжээ.

 

Талууд гэрээний ерөнхий болон тусгай нөхцлөөр, нийлүүлэгч нь гэрээ батлагдсан өдрөөс хойш 40 хоногийн дотор бүтээгдэхүүн нийлүүлэх, захиалагч нь ажил хүлээн авах комиссыг тушаалаар томилж, уг комисс нь барааг шалгаж туршин хүлээн авч, акт үйлдэнэ, төлбөрийг бараа нийлүүлсэн өдрөөс хойш буюу нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай хийнэ гэж харилцан тохиролцсон байна. /хх15-17/

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн нийлүүлсэн мастик нь техникийн тодорхойлолтод нийцээгүй тул хүлээн авахаас татгалзсан гэж тайлбарлах боловч анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

 Зам, Тээврийн хөгжлийн төвийн зам барилгын эрдэм шинжилгээ, судалгааны итгэмжлэгдсэн төв лабораторийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0016.01.19 дугаар /хх120/ “Мастикийн шинжилгээний дүн” хэрэг авагдсан. /хх120/ Үүгээр тус лаборатори ИНЕГ-с 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн мастикийн дээжид туршилт хийхэд ... наалданги чанар MNS 30740: 2017 стандартыг хангасан, наалданги чанарыг тодорхойлсны дараа уг мастик нь хайлж урсах, битум ялгарах, гарт наалдах зэрэг зүйл ажиглагдаагүй болохыг тодорхойлсон ба туршилтад гэрээний талуудын төлөөлөл оролцсон байна.

 

Хариуцагч дээрх шинжилгээний үр дүн нь техникийн саналтай нийцээгүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан буюу тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар урьд өмнө маргаагүй байхад шүүхээс уг шинжилгээний үр дүнг үнэлж дүгнэснийг буруутгахгүй, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

Түүнчлэн, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн нийлүүлсэн мастикт хариуцагчийн томилсон Аэродромын алба туршилт хийсэн, улмаар шаардлага хангаагүй тул бүтээгдэхүүнийг хүлээн авах боломжгүй талаар дүгнэлт гарсан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул “үүнтэй холбоотой хариуцагчийн тайлбарыг шүүх үнэлээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардлага гаргах эрхээ алдана гэж зохицуулсан нь ИНЕГ шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад хариуцагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт заасан үүргээ худалдагч тал биелүүлсэн талаарх нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгч нь тухайн үүрэгтэй холбоотой баримтуудыг өгсөн, өөр гаргаж өгөх баримтгүй гэснээр шүүх дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч тал тухайн баримтуудыг гаргаж өгнө гэж тайлбарласаар байхад шүүх хүсэлтийг хангаагүй гэх давж заалдах гомдол нь хүсэлт шийдвэрлэсэн нөхцөл байдалд нийцээгүйг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч тал гэрээний тусгай нөхцлийн 7-д зааснаар үйлдсэн акт нь үлдэгдэл төлбөр олгох үндэслэл болно, акт үйлдээгүй учир төлбөр төлөхгүй гэж давж заалдах гомдолд дурдах боловч гэрээний тусгай нөхцлийн 14.3-т захиалагч төлбөрийг бараа нийлүүлэгдсэнээс хойш буюу нэхэмжлэх хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шуурхай хийнэ гэж заажээ. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан бүтээгдэхүүнийг хариуцагч талд нийлүүлсэн байхад, худалдан авагч нь комисс томилж барааг шалгаж, туршин хүлээн авч, акт үйлдээгүй нь тогтоогдсон бөгөөд ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нь үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.    

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалуулахаар С.М, Б.Х нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон /хх112/ байна. Б.Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноор шүүх түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг мэдэгдсэн талаарх тэмдэглэлүүд авагдсан. /хх132,136/ Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь бие даасан хэргийн оролцогч биш тул шүүх хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болон гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ИНЕГ давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 787 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА