Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0556

 

 

 

 

 

   2023          06           23                                     128/ШШ2023/0556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ч******* даргалж, шүүгч Т.М*******, шүүгч Д.Э******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б, Ц.Б

Нэхэмжлэгч Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж, Э.Б

Гуравдагч этгээд: А.С, Л.Х*******, Х.Э нарын хоорондын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, ******* зөрлөг , ******* нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Э.Б, гуравдагч этгээд А.С, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Майдри, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.С*д холбогдох, Баянзүрх дүүрэг 11-р хороо, * зөрлөг *, * нэгж талбарын дугаар бүхий тус бүр 700 м.кв гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон хэсэг болон газар эзэмших эрхийн *, * дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

2. Хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “...хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж зааснаар шүүх хуралдаан үргэлжлэв.

3. Нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4198 дугаартай албан бичгийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1 Манай газарт хашаа татаж, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж авахаар дүүргийн Засаг даргад хандсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсаар бидний эзэмшсэн газарт 2021 оны 6 сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн РД:ОЭ82010818 дугаар регистртэй гийн Сд давхардуулан олгож газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон,

4.2 Бид газраа хашаалж, хамгаалж байсныг А.С гэгч нь бидний барьсан хашааг буулгаж оороо хашаа татаж авсан байх бөгөөд энэ талаар түүнд хэлэхэд Баянзүрх дүүргийн Засаг дарга захирамж гаргаж надад уг газрыг олгосон гээд огт тоолгүй өөрийн хашаагаа татсан,

4.3 Бидний газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болоогүй, хүчингүй болоогүй байтал бусдад дахин эзэмшүүлсэн нь бидний хууль ёсны эрх ашгийг зөрсөн гэж үзэхээр байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ Засаг даргын захирамжийн дагуу газарт өөрсдөө хашаагаа бариад өөрсдөө хашаагаа ашиглаж байсан байдал тогтоогдсон. Ц.Бын хувьд өрх толгойлсон эмэгтэй, дөрвөн хүүхэдтэй, хүүхдээ алдаад, одоо Төв аймгийн Сэргэлэн суманд бусдын мал маллаж амьдардаг хүн юм. Энэ хүмүүс тухайн цаг хугацаанд эгч, дүү хоёрт Засаг даргын захирамжаар дараалсан газар олгосон байдаг. Энэ газар дээр эгч, дүү хоёр модон хашаа бариад, өөр, өөрсдийнхөө хашааг хатгаад бэлдсэн байдаг. Энэ хооронд материалаа бүрдүүлээд Засаг даргын Тамгын газар, Газрын албанд өгсөн. Одоо Газрын албан дээр тийм бичиг баримт байхгүй байна гээд байгаа. Гэтэл захирамж гарсан үндэслэл нь нотлох баримтаар гаргаж авч байсан. Үүн дээр нийт 30-аад айлын захирамжтай холбоотой асуудал дээр Газрын албаны байцаагч н.Ч архиваас лавлагаа аваад, захирамжийн дагуу гүйцэтгэсэн байдаг. Ковид гэж хэлээд нэг, хоёр жилийн хугацаа байж байгаад 2020 оноос гэнэт нэг өглөө газар дээр нь хүн ирээд манай хашааг буулгаад, төмөр хашаа барьж байна гэж хэлээд, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд орж ирээд ийм газрын гэрчилгээ гаргасан гэсэн. Би тухайн үед А.С гэдэг хүнтэй очиж уулзсан. Яагаад эгч, дүү хоёрын газарт хашаа барьж байгаа юм гэхэд гэрчилгээгээ гаргуулаад авсан, би мөнгөө төлсөн гэдэг байдалд хүрсэн. Энэ хүмүүс хөдөө, орон нутагт амьдардаг. Тиймээс энэ нэхэмжлэлийн дагуу шүүхэд хандаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагад хандсан. Гэрчилгээ байгаа гэсэн, тухайн үед надад гэрчилгээ гаргаж үзүүлээгүй. Бичгээр гарсан, энэ газрыг хүнээс худалдаж авсан гэсэн. Ийм нөхцөл байдлаас болж шүүхэд хандах болсон.

2016 он гээд өмгөөлөгч тоогоо буруу л ярьж байна. 2017 онд бид нар модон хашаагаа хатсан. Э, Х******* хоёр төрсөн аав хүү хоёр шүү дээ. Гэр оронтойгоо байсан гэж яриад байна. Тэр туул зөрлөгт хэдхэн айл л байдаг. Бид бие биенээ мэддэг байхгүй юу. Би 2018 оноос хойш амьдарсан. Өөрсдөө амьдарч байсан.  Хэн хэний айлд очсон, хэн хэний гэрт хонож байгаа бид мэднэ. Яг ингээд алган дээр дэлгэсэн юм шиг мэддэг. Тэнд хэдхэн айл байдаг. Тэгэхэд л бид нар өөрснөө хашаагаа барьсан, бүр амьдарч байсан. Бүр хорооны тодорхойлолтоор авсан гэж ярьж байна.  Энэ бол хууль зүйн үндэслэл болохгүй байна. Хууль бус юм хийж байна. 2021 онд авангуутаа жил ч болоогүй байж 2022 онд А.Сд зарсан байдаг. Ядаж байхад тэр захирамж нь ямар ч удаан гардаг юм. 4,5 жил болж байхад тэр захирамж нь гараагүй шүү дээ” гэв.

6. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/498 дугаар захирамжаар иргэн Х*******, Э нарын хүсэлтэд үндэслээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ******* зөрлөгт тус бүр 700 м.кв газрыг олгосон. Үүний дагуу иргэн А.С, Х******* нараас ирсэн хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2021 оны А/287 дугаар захирамж гаргаад иргэн А.Сд шилжсэн. Нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Баянзүрх дүүргийн 2016 оны 149 дугаар захирамж гарсан. Гэхдээ манай байгууллагын архивын сан хөмрөгт байнга хадгалагдаж буй дүүргийн Засаг даргын захирамжтай холбогдох Ц.Б, Ц.Б нарт газар эзэмших эрх олгосон захирамж байгаа мөртлөө хувийн хэрэг байхгүй. Газар эзэмших эрх хүссэн хүсэлт байхгүй. Ийм учраас хүчин төгөлдөр газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй. Хувийн хэрэг байхгүй гэдэг нь яг ямар байршилд газар эзэмших хүсэлтэй нь тодорхойгүй гэсэн үг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учраас 2020 оны А/498 болон 2021 оны А/287 дугаартай захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн Э.Б  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч нар хуульд заасан журмаар газар эзэмшээгүй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гэтэл энэ асуудал зөрчигдсөн. Нэхэмжлэгч нарын тухайд тухайн маргаж байгаа газарт кадастрын зураг байхгүй учраас  маргаан бүхий газартай давхацсан асуудал үүсжээ гэдгийг тодорхойлох боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгоно гэсэн. Тэгэхээр энэ хоёр нөхцөл тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

8. Гуравдагч этгээд А.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Бодит байдал дээр яг юу болсон юм бэ гээд харахаар сая ярьсан сонгуулийн компанид ажлаар тэнд байсан хүмүүст ерөнхийдөө паспортын нэрээр жагсаалт гаргаад газар олгосон нэртэй явсан гэж сонссон. Яг газар олгох процесс яаж явагддаг вэ гэхээр яг одоогийн процессоор бол яваагүй. Урьдчилсан байдлаар шууд газар олгох засаг даргын захирамж гаргачихсан. Ямар нэгэн материалд үндэслээгүй шууд ингээд гаргачихсан. Тэгэхээр одоо энэ маргаад байгаа процессын эхлэл болоод хувирчихсан. Тэгэхээр энэ ийг анзаарч үзэхгүй бол энэ хүмүүс материал бүрдүүлээд яг одоогийн процессоор яваагүй шууд нэр гараад, энэ хүмүүсийн эзэмшсэн газар гэж нэрээ харчхаад яваад байсан гэж ойлгож байна. Энэ процесс яг яаж явсныг мэдэхгүй. 2021 онд намайг газар худалдаж авсны дараа л энэ бүгд гарч ирсэн. Би тэгж ойлгож байна” гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Майдри шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын яриад байгаа газар нь ******* зөрлөг гэдэг хаягтай. ******* зөрлөг гэдэг газар нь зөвхөн А.Сгийн газрын нэр биш. Тэгэхээр нэхэмжлэгч яг хаана газар эзэмшсэн бэ. Магадгүй ******* зөрлөг гэдэг хаягт байршилтай газарт өөр газар байж болно. А.Сгаас өөр хүний газартай давхцаж байгаа байж болно. Яагаад гэвэл нэхэмжлэгч талд газрын кадастрын зураг байхгүй, газар эзэмшихийн тулд ямар материал бүрдүүлж өгдөг вэ, хүсэлтээ практикт ихэвчлэн гараар бичиж өгөх шаардлага тавигддаг. Кадастрын зургаа хийлгэнэ, эргэлтийн цэгээ тогтоолгоно, мөнгө, төлбөрүүдээ төлнө. Ингээд бүх баримтуудаа бүрдүүлээд Газрын албан дээр очоод ингэсний дараа гэрчилгээ гарна. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг ганцхан гэрчилгээний үндсэн дээр эзэмших зохицуулалттай. Захирамж гарчихлаа, болчихлоо гээд дуусчихдаг юм биш. Тэгэхээр нэхэмжлэгч тал 2016 оны асуудлыг одоо ярьж байна. Өчигдөр нэхэмжлэгч нар газар эзэмшээд, өнөөдөр А.С тэрэн дээр очоод буусан асуудал огт байхгүй.

Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Хэргийн материалаас үзэхээр 2022 оны 12 дугаар сард анх удаа нэхэмжлэгч нар хүсэлт, гомдол гаргаж эхэлсэн байдаг, зургаан жилийн дараа. Газрын тухай хуульд нийтлэг зохицуулалт нь газраа хоёр жил зориулалтын дагуу ашиглана. Гэтэл нэхэмжлэгч нар эзэмших нь битгий хэл ямар ч амьдрах, миний газар гэж эзэмшлээ тогтоох үйл ажиллагаанууд хийгдээгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр газар эзэмшсэн байтал маргааш ирээд суусан байна гэдэг шиг зургаан жилийн дараа ийм асуудал ярьж болохгүй. Х*******, Э нар газрыг анх эзэмшсэн анхны газар эзэмшигч нар. Энэ хүмүүс газар эзэмших эрхээ худалдаад А.С гэдэг хүн рүү шилжүүлсэн. Анх Х*******, Э нар хамтраад 1400 м.кв талбайд 2017 онд модон хашаа татсан. Уг модон хашаатай газрыг А.С худалдаж аваад, модон хашааг нь буулгая, төмөр хашаа татъя гээд төмөр хашаа татсан. Энэ бүх хугацаанд тэнд гэр бариад, бие засах газар ухаад, байрлуулаад хүн амьдраад эзэмшиж байна. Энэ бүх хугацаанд энэ хоёр нэхэмжлэгч хаана байсан бэ. Энэ хоёр хүний гэнэт санаж, сэрж байгаа нь үндэслэлгүй. 149 дугаартай захирамжийн тухайд тэрний эрх зүйн үр дагавар гуравдагч этгээдүүдэд хамааралгүй.

Яагаад гэвэл гуравдагч этгээдүүд захирамжаа аваад, гэрчилгээгээр газрыг эзэмшиж байгаа. ******* зөрлөг гэдэг ерөнхий хаяг дотор өөр ямар ч хаяг, байршил байж болно. Тийм учраас нэхэмжлэгч нар яг хаана газар авсан гэдгийг мэдэх, нотлох зүйл нь газрын кадастрын зураг, нэгж талбарын дугаар, газрын гэрчилгээ байсан. Энэ гэрчилгээ авахад шаардлагатай баримтуудаа бүрдүүлж, нэг ч удаа хүсэлт гаргаагүй учраас хариуцагч байгууллагын архивт ийм баримтууд байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Гуравдагч этгээд Х*******, Э нар хууль ёсоор эзэмшсэн, хууль ёсоор эзэмшсэн газраа хуулийн дагуу бусдад шилжүүлсэн. Тиймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг гэрчилгээгээр эзэмших ёстой. Тийм болохоор гэрчилгээгээ аваагүй. Авахдаа захиргааны буруутай үйлдэл тогтоогдохгүй байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн газрыг эзэмших хүсэлтэй хүн өөрөө баримт, материалуудаа бүрдүүлж өгч байж гэрчилгээ гарах ёстой болохоос биш захиргаа хэвлээд өгдөг зүйл биш. Тийм нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, маргаан бүхий актын дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэв.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн  А/149 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ******* зөрлөгт тус бүр 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Ц.Б, Ц.Б нарт олгожээ.

3. Мөн дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, * зөрлөгт газар эзэмших эрхийн гэрчилгээг А.С*д олгосон байна.

4. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... иргэн Ц.Б, Ц.Б нарын хувьд архивд ямар ч материал байгаагүй. Засаг даргын 2016 оны А/149 дүгээр захирамж гарсан байсан. Мэдээллийн санд ямар ч бүртгэл байхгүй, мөн архивд байгаагүй. Энэ хүний газрын зураг мэдээллийн санд орчихсон байсан бол тухайн газар дээр ямар нэг байдлаар зураг давхардуулан оруулах боломжгүй. Ямар нэг архивын бүртгэл гээд юу ч байхгүй учраас энэ айлын газрыг энэ гээд нотлох зүйл байхгүй...” гэж тайлбарлаж байна.

5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж, 27 дугаар зүйлийн 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан газар эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болох нь болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

6. Түүнчлэн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нар эзэмшиж байсан гэх боловч тухай газар нь газрын кадастрын Мэдээллийн санд бүртгэгдээгүй, газар эзэмшүүлсэн хувийн хэрэг, газар эзэмших талаар нь гаргасан хүсэлт, газрын кадастрын зураг зэрэг баримтууд архивд хадгалагдаагүй байгаа нь гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газартай байршлын хувьд давхацсан болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

7. Гуравдагч этгээд А.Сгийн хувьд тухайн газрыг Л.Х*******аас Баянзүрх дүүргийн Засаг Даргын 2021 оны А/287 дугаар захирамжаар эрх шилжүүлэн авах үед эзэмшигчийн болон давхцалын маргаан огт байгаагүй бөгөөд тус 2 айлын газар дээр гэрийн буурь засаж, жорлон гаргуулж, амьдарч байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.

 8. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/149 дүгээр захирамжаар Ц.Б Ц.Б нарт “******* зөрлөг” хаягт орших тус бүр 500 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон боловч газар эзэмших гэрээ байгуулагдаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй,

Гуравдагч этгээд нарын хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгож баталгаажуулах тухай” А/498 дугаар захирамжаар Х.Э, Л.Х******* нарт “******* зөрлөгт” гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгож, Х.Эад нэгж талбарын ******* дугаар бүхий, Л.Х*******т нэгж талбарын ******* дугаар бүхий 700.0 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, гэрээ  байгуулж,

 Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/287 дугаар захирамжаар А.Сд дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудыг 15 жилийн хугацаатай олгож, А/498 дугаар захирамжийн Л.Х*******, Х.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

9. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т  зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүрэгтэй бөгөөд Ц.Бын газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг Х******* ******* ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай акт хэрэгт авагдсан байна.

10. Нэхэмжлэгч нарт эзэмших эрх олгогдсон газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлгүй, архивд хувийн хэрэг хадгалагдаагүй байгаа хэдий ч дээрх  нэгж талбарын зураг, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актад заасан газар нь маргаан бүхий буюу гуравдагч этгээд А.Сгийн газартай давхцалтай эсэхийг цаашид тодруулах шаардлагатай байх ба энэ талаар шүүхээс судлах боломжгүй, мэргэжлийн байгууллага буюу газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар хийлгүүлж, хэрэв 2016 оны актаар нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн газар нь маргаан бүхий газартай хил заагийн давхцалтай байвал хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх бодит байдалд зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхийг харгалзан үзэж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

11. Иргэдийн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 сарын дугаар 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 6 сарын дугаар 16-ны өдрийн А/287 дугаар захирамжийн А.Сд холбогдох хэсгийг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ

                        ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ