| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 144/2020/0090/Э |
| Дугаар | 2021/ДШМ/70 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/70
Д.Х, Г.Б, Ц.З нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Шүүгдэгч Д.Х /цахимаар/,
Шүүгдэгч Г.Б /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр /цахимаар/,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.З нарт холбогдох 1829002350160 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Х-н давж заалдах гомдол, прокурор В.Төгсбаярын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Монгол Улсын иргэн,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Д.Х, Г.Б, Ц.З нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймгийн Х сумын нутаг дэвсгэрт “З” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 65.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч З овгийн Г-н Б, Х овгийн Д-н Х, О овгийн Ц-н З нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Ц.Зод 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ЦШТ/40 дугаар шийтгэх тогтоолоор Д.Х-д оногдуулсан 9 жилийн хорих ял, Г.Б оногдуулсан 8 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Д.Х-н биечлэн эдлэх ял 10 жил, Г.Б-н биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар Д.Х, Г.Б нарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Х, Г.Б нарт оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ц.З-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял, Г.Б-д оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Б, Д.Х нар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаар шийтгэх тогтоолоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байсныг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.З нараас тус бүр 15 000 000 төгрөг гаргуулан нийт 45 000 000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Ч-т, мөн шүүгдэгч тус бүрээс 6 700 000 төгрөг гаргуулан нийт 20 000 000 төгрөгийг хохирогч “З” ХХК-нд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаярын эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүх Эрүүгийн болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн.
Анхан шатны шүүх прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, заалтаар гэм буруутайд тооцохдоо баримталбал зохих хуулийн зүйл, хэсэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаагүй, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэх талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Гэтэл шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус хуулийн зүйл, заалтыг журамлаж ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахааргүй гэмт хэрэг байна. Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн өсвөр насны хүүхдэд хамаатай заалтыг баримтлан өршөөн хасч, хэлтрүүлсэн нь үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч нарт ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Д.Х, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоосон үндэслэл тодорхойгүй, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
Шүүх шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгч Ц.З нь энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсоныг дурдсан атлаа уг хугацааг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан “Шүүхийн цагаатгах тогтоол” гаргах заалтыг баримталж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, илт алдаатай шийдвэр болсон.
Хэргийг 2021 онд хянан шийдвэрлэсэн байтал 2020 он гэж шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй огноотой шийтгэх тогтоол гаргасан. Шүүх хуралдаанд оролцогчдын нэрсийг бичихдээ Д.Х гэдгийг Х гэж буруу бичсэн.
Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Г.Б нар” гэж бичсэн нэг бус хэд хэдэн хүнд мөн хэмжээний хорих ял оногдуулсан гэж ойлгогдохоор ойлгомжгүй бичигдсэн.
7 дахь заалтад шүүгдэгч нараас 6.700.000 төгрөг гаргуулан гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...дүгнэлтэд нөлөөлж болох ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Намайг гэм буруутайд тооцохдоо гэрч нарын өгсөн мэдүүлэгт дурдагдсан машин авах санаа зорилготой 20 сая төгрөгтэй явсан, машиныг худалдан авах тухай ойлголтыг төрүүлж байсан талаарх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Миний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй болохыг анхаарч хэргийн зүйлчлэлийг сольж өгнө үү.
Мөн өмнө шийдвэрлэгдсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх нотлох баримт хангалттай байхгүй гэсэн нөхцөл байдлыг арилгаагүй, нотлоогүй хэргийг шийдвэрлэсэн.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйл ажиллагаа, хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэх нотлох баримтуудыг авч үзсэнгүй. Би үнэхээр залилах гэмт хэрэг үйлдсэн бол мөнгийг өөрийн дансаараа шилжүүлэхгүй байсан. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү” гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Дөлгөөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч нарын гомдол, тайлбарыг дэмжиж байгаа. шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлага хангаагүй.” гэжээ.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “О.Ч-г хохирогчоор тогтоогоогүй атлаа иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Машины бүртгэл, бүртгэл солих ажиллагаа явуулсан хүмүүсийн санаа зорилго, үйлдэл оролцоог шалгаагүйг дурдаж байна. Эсэргүүцлийг дэмжинэ” гэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 9 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн заалт байхгүй. Мөн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийг буцаан хэрэглэх талаарх хуулийн заалтуудаас харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж болохгүй гэсэн зүйл байхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд Д.Х, Г.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Х-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.З нарыг бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “З” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрлэх жолоочийн ажил гүйцэтгэнэ гэж хууран мэхэлж аван бусдад худалдан залилж их хэмжээний буюу 60,610,000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./хэргийн 3 дугаар хавтас, 153-155 дугаар хуудас/
Анхан шатны шүүх Д.Х, Г.Б, Ц.З нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Төгсбаяр эсэргүүцэл, шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол гаргажээ. /хэргийн 3 дугаар хавтас, 221-226, 236-239, 241 дүгээр хуудас/
1. Шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан ял оногдуулсан нь шүүхийн тогтоолд заасан үйл баримт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.
2. Энэ гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар нийт 9 жилийн, Г.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 8 жилийн хорих ял шийтгүүлж ялаа эдэлж байжээ. /хэргийн 02 дугаар хавтас, 126-131 дүгээр хуудас/
Д.Х-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор нийт оногдуулсан 9 жилийн хорих ялаас Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх ялыг 06 жил, 06 сар, 04 хоногийн хугацаагаар тогтоож ялаас өршөөн хэлтрүүлэх тухай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ХМШЗ/260 дугаартай захирамж хуулбар хувиар хэрэгт авагдсан байна. /хэргийн 03 дугаар хавтас, 183-184 дугаар хуудас/
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Х-д ял оногдуулахдаа дээрх шүүгчийн захирамжийн талаар дүгнэлт хийхгүйгээр түүний өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг 9 жил гэж үзжээ.
Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичигдсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдлыг дарааллын хувьд авч үзвэл, шүүгдэгч Г.Б, Д.Х нарт тус бүр 3 жилийн хорих ял оногдуулсан атлаа өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр энэ тогтоолоор оногдуулсан тус бүр 1 жилийн хорих ялыг гэж зөрүүтэй зааж улмаар хорих ялын хэмжээг Г.Б 9 жил, Д.Х 10 жил хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоогоод, дараа нь Өршөөлийн хуулийг хэрэглэж сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 жилийн хугацаагаар тогтоосон тухай заажээ.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүхээс гарсан шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан дарааллын дагуу бичих ёстой. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шийдвэр нь тодорхойлох хэсгийн дүгнэлт, үндэслэлээс хамаарч гардгийн адил, тогтоох хэсгийн дараалал нь өмнөх заалтаар шийдвэрлэсэн шийдвэр нь дараагийн заалтын урьдчилсан нөхцөл болж байдаг. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичигдэх шийдвэр нь харилцан бие биенээсээ хамааралтай, эхний шийдвэрээс дараагийн шийдвэр урган гарч томъёологдож байдаг.
Ийнхүү дарааллын хувьд ойлгомжгүй бичигдсэнийг залруулж өөрчлөх боломжтой ч анхан шатны шүүх нь ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамжийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн үндэслэл буюу оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хассан үндэслэл тодорхойгүйгээс шийтгэх тогтоол нь биелэгдэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байх тул анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргах боломжгүй байна.
Иймд Д.Х, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсэг нь ойлгомжгүй бичигдсэн гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
3. Шүүх шүүгдэгч нараас иргэний нэхэмжлэгч О.Ч-т 45,000,000 төгрөг, хохирогч “З” ХХК-д нийт 20,000,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд шүүх мөрдөгч Б.Д-н О.Ч-г иргэний нэхэмжлэгчээр тогтоосон 2020 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолын О.Ч-т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрх, үүрэг тайлбарласан хэсэг нь хуулийн холбогдох зүйл, хэсэгт нийцсэн эсэх болон мөн тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг сольж өгсөн албан тушаалтны үйлдлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцээгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан саналыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
4. Шүүгдэгч Д.Х, Г.Б, Ц.З нарт холбогдох хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 203/МА2020/00071 дугаартай магадлалд “...шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэхдээ гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилсан эсэх, хамтран үйлдэх санаа зорилго нь хэрхэн нэгдэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгавал зохих асуудлыг шүүх шийдвэртээ тусгаагүй зөрчилд хамаарна...” гэж заасан байна.
Хэргийг дахин хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэднийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж дүгнэхдээ “үйлдэл, оролцооны талаар” дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,3-т заасан шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдалд хамаарч байх ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Х, Г.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Д.Х, Г.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цагаатгах тогтоол гаргах хуулийн зүйл, хэсгийг хэрэглэсэн, шүүгдэгчийн нэрийг Д.Х гэж, шийтгэх тогтоол гаргасан оныг 2020 гэж буруу бичсэн, хохирлын хэмжээг шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт зөрүүтэй дүгнэсэн, Өршөөл үзүүлэх хуулийг буруу хэрэглэсэн зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Х нь давж заалдах гомдолдоо тухайн автомашиныг шилжүүлэн авч захиран зарцуулах болсон нөхцөл байдалд хандах санаа зорилгоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн заасан боловч шүүх гэм буруугийн талаар “...гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийж, үндэслэсэн нотлох баримтын агуулгыг заагаагүй тул энэ талаарх гомдол үндэслэлтэй.
Харин давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул гэм буруугийн талаар буюу хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Х, Г.Б, Ц.З нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Х, Г.Б нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ