Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 42

 

Ж.Н-н  нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00296/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                           Б.Батзориг

                             Шүүгчид                                     Д.Буянжаргал

                                                                               Г.Давааренчин

 

                              Оролцогчид: 

                  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч      Г.А

                  Хариуцагчийн өмгөөлөгч         Ө.Г

                                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.Н-н  нэхэмжлэлтэй М.Л-д холбогдох “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 30.139.815 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч Ж.Н анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатар явах замд авто машины осолд орж нуруу, нугасны хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Уг машиныг М.Л жолоодож явсан юм. Хүнд гэмтэл авснаас хойш байнгын хэвтэрт Монголд 6 сар эмчилгээ хийлгэж, цаашид өөрийн эрүүл мэндийг аль болохоор хурдан эмчлэгдэх талаар судалж үзээд Өвөр Монголын Хөх хотод өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Миний хувьд эхний 8 сар сэтгэлийн маш их дарамттай хэцүү байсан. Эмчилгээ үр дүнтэй болж өөрөө шээх дээрээ тулсан чинь доошоо мэдээ алдсан учраас хүндрэл учирсан. Мөн байнгын хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэж 3 сардаа төгс авч байсан. Эмчилгээний зардал нь өндөр гардаг. Намайг байнгын нэг хүн асарч миний хажууд байдаг. Үндсэндээ 2 хүний зардал давхар явж байдаг. Сүүлдээ эмчилгээний зардлаа хасаж эмчтэйгээ тохиролцон тал зардлаа хасуулж, талыг нь өөрт нь өгснөөр эмчилгээ хийсэн гэх бичиг баримтыг авах боломжгүй болсон. Хөл дээрээ зогсож чадахгүй учраас албаар зогсдог төхөөрөмж, удаан суухаар цооролт өгдөг учир зориулалтын дэвсгэр, өдөр тутмын памперс байнгын хэрэглээний зүйлээ интернетээс хувь хүнээс арай хямд үнэтэйгээр худалдан авдаг учраас уг гарсан зардлыг баримтгүй учир нэхэмжлээгүй. Хоол хүнсний зүйлээ эхлээд тэндээс авч байсан боловч өндөр үнэтэй учраас сайн аав, ээж, ах эгч, найз нөхдийн буянаар Замын-Үүдээс зарим нэг хүнсний бүтээгдэхүүнээ зөөж байгаа. Энэ болгоноо би нэхэмжлээгүй. Намайг осолд орсноос хойш нөхөр маань нэг жил гаруй чөлөө авч асарсан. Дараа нь манай ээжийн дүү, манай дүү, эгчийн хүүхдүүд гээд бүгд л ээлжлэн намайг асарч харж байгаа. Сүүлдээ би 14, 15 настай хүүхдүүдээр хүртэл харуулж асруулж байгаа. Нэг хүүхэд арай л намайг даахгүй учраас 2 хүүхдээр асруулж байсан. Эмчилгээ хийлгэх хугацаандаа сарын 2000 юань жилийн 24,000 юаниар байр түрээслэн амьдарч  байгаа. Одоо би Эрхүү хотод хөдөлгөөн заслаа үзүүлж эмчлүүлэх санаатай шаардлагатай байгаа. Хэрвээ Эрхүүд очоод эмчилгээ нь хийгдэх арай болоогүй гэвэл Хөх хот руугаа эмчилгээндээ үргэлжлүүлэн явна. Миний хувьд ийм удаан хугацааны эмчилгээ хийлгээд ирж очоод явж байхад эрүүгийн шүүх хурлаас хойш М.Л нэг ч удаа миний биеийн байдлыг асууж утсаар ярьж нэг төгрөг ч өгөөгүй. Гэтэл өнөөдөр хурал дээр эмчилгээний зардлыг ямар ч байсан төлнө. Одоо надад төлөх юу ч алга гээд зогсож байгаад гайхаж байна. Хүнд сэтгэл байвал өгөх хүн ганцаасаа гэдэг шиг боломжоороо хэд арван төгрөг өгөөд байвал болохгүй юм байхгүй. Би хэдий чинээ хурдан сайн эмчлүүлнэ, хариуцагч маань төдий чинээ л бага зардал төлөх байх. Би өөрийн хөл дээрээ босох хүртэл л эмчилгээний зардлаа гаргуулна. Иймд М.Л-с эмчилгээний зардал болон ирж очсон тээврийн зардал, байрны түрээсийн төлбөр нийт 26,809,210 төгрөг гаргуулж өгнө үү. Эрүүгийн шүүх хурлаас сар бүрийн цалингийн зөрүү 4.717.128 төгрөг давхардсан байгаа учраас хасаж тооцож байна гэжээ.

 

Хариуцагч М.Л анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ж.Н эгчийг ийм байдалтай болгосондоо маш их харамсаж байна. Миний хувьд сургуулиа төгсөөд саяхан ажилд орж гар дээрээ 400.000 төгрөгний цалин авч байгаа. Намайг авто осол гаргаснаас хойш хохирогчдын эмчилгээний зардалыг аав, ээж хоёр маань тэтгэвэрийн зээлийг тултал нь авч, ах эгч нар маань бас зээл аваад одоо манай гэрийн хувьд дахин зээл авах боломжгүй учраас Ж.Н эгчийн эмчилгээний зардлыг төлж чадахгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт боломжтой үедээ эмчилгээний зардлыг заавал төлнө уучлаарай. Миний хувьд Ж.Н эгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим нь эрүүгийн хуралд гаргасан баримттай давхцаж байгаа учраас төлөх боломжгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 343 дугаартай шийдвэрээр :

            - Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 505 дугаар зйүлийн 505.1-д тус тус зааснаар М.Л-с 24,959,523 төгрөг гаргуулан Ж.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,180,292 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар хариуцагчаас 24.959.523 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 282,748 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.  Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа  байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчээс  шүүхэд гаргаж өгсөн БНХАУ-ын Хөх хотод эмчлүүлсэн гэх бичгийн баримтууд нь ямар баталгаат орчуулгын  товчоо орчуулсан нь тодорхойгүй, 2018 оны 04 сараас  хойш нөхөж бичсэн  гэх 1.098.900 төгрөг, 2018 оны 09 сарын 18-нд Дүнжингаравын хятад эмнэлэгт үзүүлсэн гэх 549.240 төгрөгийн баритууд эрүүгийн шүүх хуралдаанаар гаргаж өгөхөө мартсан гэж тайлбарладаг. Үүнийг одоо нэхэмжлээд байгаа нь хир үндэслэлтэй болох нь тодорхойгүй байна. Хятад улсад эмчлүүлсэн юм бол ядаж гадаад паспорт нь хэрэгт авагдсан байх ёстой гэтэл  энэ баримтаа гаргаж өгөөгүй байхад шүүх Хятад улсад эмчлүүлсэн гэж  дүнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.  Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний үйлчлүүлэгчийн хувьд ослын улмаас маш хүнд гэмтэл авсан. Харин ч эмчилгээ сайн хийлгэсний дүнд овоо болсон. Бид Хятад улсад эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа орчуулгын товчоогоор оруулж орчуулсан баримтын хамт шүүхэд өгсөн.  Тухайн баримт дээр Ж.Н-н паспортын дугаар бичээтэй байгаа. Эрх зүй хөгжсөн орны хувьд худлаа  баримт хүнд олгоно гэдэг зүйл огт байдаггүй. Нэгэнт хохирол учирч зардал гарсан тул хэдийд ч нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Эрүүгийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтаа иргэний шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхэд ямар нэгэн  хориглосон зүйл байхгүй.  Хариуцагчийн зүгээс ийм байдлаар хохирол төлөхгүй гэж байгаа нь харамсалтай байна.  Манай үйлчлүүлэгч одоо ОХУ-ын Эрхүү  хотод эмчилгээ хийлгэж байгаа үүнийгээ ч гэсэн нэхэмжлэх болно.  Анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч М.Л-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал 30.139.815 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан  Хятад хэл дээр бичигдсэн эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээний төлбөрийн баримтууд  ирүүлсэн  бөгөөд тухайн баримтыг орчуулж ирүүлсэн боловч  тусгай эрх бүхий этгээдээр орчуулуулсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх  тухайн баримтыг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий, орчуулагч хэлмэрчээр монгол хэл дээр  орчуулсан байна.”  гэж заасан.

Энэхүү хуулийн зохицуулалтын талаар  нэхэмжлэгчид   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хэрэг хянан ажиллагаанд оролцож буй зохигч  нь өөрийн шаардлага түүний талаархи нотлох баримтаа өөрөө  гаргаж өгөх үүргийг болон  нотлох баримт нь хуульд заасан журмыг дагуу авагдсан хуулийн шаардлагад нийцсэн байх талаар тайлбарлан өгөх үүргээ шүүх биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон  журмыг буюу зохигчийн  хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон хариуцагчийн давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 282.740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН