Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00264

 

Ж.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар магадлалтай, 

Ж.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй,

М.Лхагвацэрэнд холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 30,139,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь 2018 оны 04 сарын 08-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатар явах замд овто машины осолд орж нуруу, нугасны хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Уг машиныг М.Лхагвацэрэн жолоодож явсан юм. Хүнд гэмтэл авснаас хойш байнгын хэвтэрт Монголд 6 сар эмчилгээ хийлгэж, цаашид өөрийн эрүүл мэндийг аль болохоор хурдан эмчлэгдэх талаар судалж үзээд Өвөр Монголын Хөх хотод өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Миний бие нь Монголоос явахдаа миний эрүүл мэндийн байдал нилээн хүнд очсон бөгөөд Хөх хотод эмчилгээ хийлгэснээр одоо харьцангүй сайн болчихоод байгаа. Миний хувьд эхний 8 сар сэтгэлийн маш их дарамттай хэцүү байсан. Миний бие нь давсагнаас доош ямар ч мэдээгүй болсон. Би одоо ч доошоо бие засахаа мэдэхгүй хэзээ ч хэдийд ч бие засаж болно хажууд байгаа хүмүүс маань л мэдэж цэвэрлэдэг. Хөх хотод очоод давсгаа цоолуулж гуурс тавьсан. Эмчилгээ үр дүнтэй болж өөрөө шээх дээрээ тулсан чинь доошоо мэдээ алдсан учраас хүндрэл учирсан. Энэ нь шээсний гаралт 50 хувь байвал боломжтой гэж үздэг түүнээс доош хувьтай бол болдоггүй гэж үздэг юм байна. Мөн байнгын хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэж 3 сардаа төгс авч байсан. Эмчилгээ хийлгэж байхад зардал нь харьцангүй хямд юм шиг мөртлөө байнгын эмчилгээ хийлгэж байгаа учраас зардал нь өндөр гардаг. Намайг байнгын нэг хүн асарч миний хажууд байдаг. Үндсэндээ 2 хүний зардал давхар явж байдаг. Сүүлдээ эмчилгээний зардлаа хасаж эмчтэйгээ тохиролцон тал зардлаа хасуулж, талыг нь өөрт нь өгснөөр эмчилгээ хийсэн гэх бичиг баримтыг авах боломжгүй болсон. Хөл дээрээ зогсож чадахгүй учраас албаар зогсдог төхөөрөмж, удаан суухаар цооролт өгдөг учир зориулалтын дэвсгэр, өдөр тутмын памперс байнгын хэрэглээний зүйлээ интернетээс хувь хүнээс арай хямд үнэтэйгээр худалдан авдаг учраас уг гарсан зардлыг баримтгүй учир нэхэмжлээгүй. Хоол хүнсний зүйлээ эхлээд тэндээс авч байсан боловч өндөр үнэтэй учраас сайн аав, ээж, ах эгч, найз нөхдийн буянаар Замын-Үүдээс зарим нэг хүнсний бүтээгдэхүүнээ зөөж байгаа. Энэ болгоноо би нэхэмжлээгүй. Намайг осолд орсноос хойш нөхөр маань нэг жил гаруй чөлөө авч асарсан. Дараа нь манай ээжийн дүү, манай дүү, эгчийн хүүхдүүд гээд бүгд л ээлжлэн намайг асарч харж байгаа. Сүүлдээ би 14,15 настай хүүхдүүдээр хүртэл харуулж асруулж байгаа. Нэг хүүхэд арай л намайг даахгүй учраас 2 хүүхдээр асруулж байсан. Намайг асарч байгаа хүмүүс миний өтгөн шингэнтэй холилдоод л асарч байдаг учраас байнгын асаргаа шаардлагатай байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би тэндээ өндөр зардлаар тухайлбал сарын 2000 юань жилийн 24,000 юаниар байр түрээслэн амьдарч эмчлүүлж байгаа. Одоо би Эрхүү хотод хөдөлгөөн заслаа үзүүлж эмчлүүлэх санаатай шаардлагатай байгаа. Хэрвээ Эрхүүд очоод эмчилгээ нь хийгдэх арай болоогүй гэвэл Хөх хот руугаа эмчилгээндээ үргэлжлүүлэн явна. Өнөөдөр миний баруун хөл 4 дэцтэй болж хөдөлж, нугалж болдог болсон. Анх Хөх хот руу явах гэж байхад 1 дэцтэй байсан. Миний хувьд ийм удаан хугацааны эмчилгээ хийлгээд ирж очоод явж байхад эрүүгийн шүүх хурлаас хойш М.Лхагвацэрэн нэг ч удаа миний биеийн байдлыг асууж утсаар ярьж нэг төгрөг ч өгөөгүй. Гэтэл өнөөдөр хурал дээр Эмчилгээний зардлыг ямар ч байсан төлнө. Одоо надад төлөх юу ч алга гээд зогсож байгаад гайхаж байна. Хүнд сэтгэл байвал өгөх хүн ганцаасаа гэдэг шиг боломжоороо хэд арван төгрөг өгөөд байвал болохгүй юм байхгүй. Би ч адилхан сард нөхөр маань зээл төлөөд л явж байна. Хэрвээ миний эгч гадаадад амьдарч ажиллаагүй бол би өдийд ийм зэрэгтэй явах ямар ч боломжгүй. Би өнөөдрийг хүртэл өдий зэрэгтэй явж байгаа маань аав ээж, сайн хань, ах, эгч дүү нарынхаа хүчинд л явж байгааг ойлгомоор юм. Би шүүхэд, шүүх хурлаас хойшхи эмчилгээ хийлгэсэн баримттай хохирлоо л нэхэмжилсэн. Анх тухайн үед юаниа бараг л 400,000 төгрөгөөр авч байсан. Гэтэл шүүх тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож байгаа учраас миний хувьд хохиролтой байна. Би хэдий чинээ хурдан сайн эмчлүүлнэ, хариуцагч маань төдий чинээ л бага зардал төлөх байх. Би өөрийн хөл дээрээ босох хүртэл л эмчилгээний зардлаа гаргуулна. Иймд М.Лхагвацэрэнгээс эмчилгээний зардал болон ирж очсон тээврийн зардал, байрны түрээсийн төлбөр нийт 26,809,210 төгрөг гаргуулж өгнө үү. Эрүүгийн шүүх хурлаас сар бүрийн цалингийн зөрүү 4,717,128 төгрөг давхардсан байгаа учраас хасаж тооцож байгаа гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний хувьд Ж.Нямцэцэг эгчийг ийм байдалтай болгосондоо маш их харамсаж байна. Би сургуулиа төгсөөд саяхан гэр бүлтэй болж хүүтэй болсон. Саяхан ажилд орж гар дээрээ 400,000 төгрөгний цалин авч байгаа. Намайг авто осол гаргаснаас хойш хохирогчдын эмчилгээний зардлыг аав, ээж хоёр маань тэтгэврийн зээлийг тултал нь авч, ах эгч нар маань бас зээл аваад одоо манай гэрийн хувьд дахин зээл авах боломжгүй учраас Ж.Нямцэцэг эгчийн эмчилгээний зардлыг төлж чадахгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт боломжтой үедээ эмчилгээний зардлыг заавал төлнө уучлаарай. Миний хувьд Ж.Нямцэцэг эгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим нь эрүүгийн хуралд гаргасан баримттай давхцаж байгаа учраас төлөх боломжгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 505 дугаар зйүлийн 505.1-д тус тус зааснаар М.Лхагвацэрэнгээс 24,959,523 төгрөг гаргуулан Ж.Нямцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,180,292 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар хариуцагчаас 24,959,523 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 282,748 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 343 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 42 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр болсон тул эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт ...ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зохигч нь өөрийн шаардлага түүний талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийг болон нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу авагдсан хуулийн шаардлагад нийцсэн байх талаар тайлбарлан өгөх үүргээ шүүх биелүүлээгүй байна гэж үзлээ., иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг буюу зохигчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь хэргийн зохигчдод эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүйгээс болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зохигчдод эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил биш юм. Учир нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэргийн оролцогчдод бүгдэд нь хэргийн материалтай танилцуулж, эрх үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулсан шүүхийн баримт хэргийн материалд байдаг мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнөхөн дахин эрх үүрэг, танилцуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Нямцэцэг нь өөриин сонгон авсан хуульч, өмгөөлөгч Г.Амартүвшинтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй мэргэжлийн хуульчаас туслалцаа, зөвлөгөө авч байхад Ж.Нямцэцэгт хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн эрхийг нь тайлбарлан таниулаагүй гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 42 дугаар магадлал, шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Ж.Нямцэцэг нь хариуцагч М.Лхагвацэрэнд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол буюу эмчилгээний зардал 30,139,815 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч нь ...нэхэмжлэлийн зарим баримт нь эрүүгийн хуралд гаргасан баримттай давхцаж байгаа, эдийн засгийн хувьд төлөх боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх М.Лхагвацэрэнгээс 24,959,523 төгрөг гаргуулан Ж.Нямцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан ...шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана гэсэн хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэсэн болон эмчилгээний төлбөрийн хятад хэл дээрх баримтыг орчуулж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй, шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т нийцжээ.

Хэргийн баримтыг үзэхэд тухайн баримт болон орчуулсан хувь дээр гар бичмэлээр зарим нэмэлт бичиглэл хийсэн байх бөгөөд эдгээр баримтын аль дүнгээс нэхэмжлэлийн шаардлагад заасан хэмжээг гаргасан нь ойлгомжгүй байна.

2. Хариуцагчид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд М.Лхагвацэрэнгээс зарим төлбөрийг нэхэмжлэгчид төлснийг дурдсан байх бөгөөд энэ нэхэмжлэлд дээрх төлбөр хамаарах эсэхийг тодруулаагүй байна.

3. Хариуцагчийн ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,740.00 /хоёр зуун наян хоёр мянга долоон зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН