Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 343

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам 3 дугаар хэсэг 135 тоотод оршин суух, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хог хаягдлын мэргэжилтэнээр ажиллаж байсан /одоо группт/ Сэрж овогт Жаргалын Нямцэцэгийн /МЮ-83022067/ нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг Хонгорморьтын 1 дүгээр хэсэг 058 тоотод оршин суух, эрэгтэй, одоо ХААН банк Алтанбулаг салбарт теллер ажилтай Лхагвагарам овогт Маягийн Лхагвацэрэнд /МЮ-97040915/ холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 30,139,815 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ж.Нямцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч М.Лхагвацэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Нямцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгээс Улаанбаатар явах замд овто машины осолд орж нуруу, нугасны хүнд гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан. Уг машиныг М.Лхагвацэрэн жолоодож явсан юм. Хүнд гэмтэл авснаас хойш байнгын хэвтэрт Монголд 6 сар эмчилгээ хийлгэж, цаашид өөрийн эрүүл мэндийг аль болохоор хурдан эмчлэгдэх талаар судалж үзээд Өвөр Монголын Хөх хотод өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Миний бие нь Монголоос явахдаа миний эрүүл мэндийн байдал нилээн хүнд очсон бөгөөд Хөх хотод эмчилгээ хийлгэснээр одоо харьцангүй сайн болчихоод байгаа.

Миний хувьд эхний 8 сар сэтгэлийн маш их дарамттай хэцүү байсан. Миний бие нь давсагнаас доош ямар ч мэдээгүй болсон. Би одоо ч доошоо бие засахаа мэдэхгүй хэзээ ч хэдийд ч бие засаж болно хажууд байгаа хүмүүс маань л мэдэж цэвэрлэдэг. Хөх хотод очоод давсгаа цоолуулж гуурс тавьсан. Эмчилгээ үр дүнтэй болж өөрөө шээх дээрээ тулсан чинь доошоо мэдээ алдсан учраас хүндрэл учирсан. Энэ нь шээсний гаралт 50 хувь байвал боломжтой гэж үздэг түүнээс доош хувьтай бол болдоггүй гэж үздэг юм байна лээ. Мөн байнгын хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэж 3 сардаа төгс авч байсан.

Эмчилгээ хийлгэж байхад зардал нь харьцангүй хямд юм шиг мөртлөө байнгын эмчилгээ хийлгэж байгаа учраас зардал нь өндөр гардаг. Намайг байнгын нэг хүн асарч миний хажууд байдаг. Үндсэндээ 2 хүний зардал давхар явж байдаг. Сүүлдээ эмчилгээний зардлаа хасаж эмчтэйгээ тохиролцон тал зардлаа хасуулж, талыг нь өөрт нь өгснөөр эмчилгээ хийсэн гэх бичиг баримтыг авах боломжгүй болсон. Хөл дээрээ зогсож чадахгүй учраас албаар зогсдог төхөөрөмж, удаан суухаар цооролт өгдөг учир зориулалтын дэвсгэр, өдөр тутмын памперс байнгын хэрэглээний зүйлээ интернетээс хувь хүнээс арай хямд үнэтэйгээр худалдан авдаг учраас уг гарсан зардлыг баримтгүй учир нэхэмжлээгүй. Хоол хүнсний зүйлээ эхлээд тэндээс авч байсан боловч өндөр үнэтэй учраас сайн аав, ээж, ах эгч, найз нөхдийн буянаар Замын-Үүдээс зарим нэг хүнсний бүтээгдэхүүнээ зөөж байгаа. Энэ болгоноо би нэхэмжлээгүй.

Намайг осолд орсноос хойш нөхөр маань нэг жил гаруй чөлөө авч асарсан. Дараа нь манай ээжийн дүү, манай дүү, эгчийн хүүхдүүд гээд бүгд л ээлжлэн намайг асарч харж байгаа. Сүүлдээ би 14,15 настай хүүхдүүдээр хүртэл харуулж асруулж байгаа. Нэг хүүхэд арай л намайг даахгүй учраас 2 хүүхдээр асруулж байсан. Намайг асарч байгаа хүмүүс миний өтгөн шингэнтэй холилдоод л асарч байдаг учраас байнгын асаргаа шаардлагатай байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би тэндээ өндөр зардлаар тухайлбал сарын 2000 юань жилийн 24,000 юаниар байр түрээслэн амьдарч эмчлүүлж байгаа. Одоо би Эрхүү хотод хөдөлгөөн заслаа үзүүлж эмчлүүлэх санаатай шаардлагатай байгаа. Хэрвээ Эрхүүд очоод эмчилгээ нь хийгдэх арай болоогүй гэвэл Хөх хот руугаа эмчилгээндээ үргэлжлүүлэн явна. Өнөөдөр миний баруун хөл 4 дэцтэй болж хөдөлж, нугалж болдог болсон. Анх Хөх хот руу явах гэж байхад 1 дэцтэй байсан.

Миний хувьд ийм удаан хугацааны эмчилгээ хийлгээд ирж очоод явж байхад эрүүгийн шүүх хурлаас хойш М.Лхагвацэрэн нэг ч удаа миний биеийн байдлыг асууж утсаар ярьж нэг төгрөг ч өгөөгүй. Гэтэл өнөөдөр хурал дээр Эмчилгээний зардлыг ямар ч байсан төлнө. Одоо надад төлөх юу ч алга гээд зогсож байгаад гайхаж байна. Хүнд сэтгэл байвал өгөх хүн ганцаасаа гэдэг шиг боломжоороо хэд арван төгрөг өгөөд байвал болохгүй юм байхгүй. Би ч адилхан сард нөхөр маань зээл төлөөд л явж байна. Хэрвээ миний эгч гадаадад амьдарч ажиллаагүй бол би өдийд ийм зэрэгтэй явах ямар ч боломжгүй. Би өнөөдрийг хүртэл өдий зэрэгтэй явж байгаа маань аав ээж, сайн хань, ах, эгч дүү нарынхаа хүчинд л явж байгааг ойлгомоор юм даа.

Миний хувьд шүүхэд, шүүх хурлаас хойшхи эмчилгээ хийлгэсэн баримттай хохиролоо л нэхэмжилсэн. Анх тухайн үед юаниа бараг л 400.000 төгрөгөөр авч байсан. Гэтэл шүүх тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож байгаа учраас миний хувьд хохиролтой л байна. Би хэдий чинээ хурдан сайн эмчлүүлнэ, хариуцагч маань төдий чинээ л бага зардал төлөх байх. Би өөрийн хөл дээрээ босох хүртэл л эмчилгээний зардлаа гаргуулна. Иймд М.Лхагвацэрэнгээс эмчилгээний зардал болон ирж очсон тээврийн зардал, байрны түрээсийн төлбөр нийт 26,809,210 төгрөг гаргуулж өгнө үү. Эрүүгийн шүүх хурлаас сар бүрийн цалингийн зөрүү 4.717.128 төгрөг давхардсан байгаа учраас хасаж тооцож байгаа гэх.

 

Хариуцагч М.Лхагвацэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Ж.Нямцэцэг эгчийг ийм байдалтай болгосондоо маш их харамсаж байна. Миний хувьд сургуулиа төгсөөд саяхан гэр бүлтэй болж хүүтэй болсон. Саяхан ажилд орж гар дээрээ 400.000 төгрөгний цалин авч байгаа. Намайг авто осол гаргаснаас хойш хохирогчдын эмчилгээний зардалыг аав, ээж хоёр маань тэтгэвэрийн зээлийг тултал нь авч, ах эгч нар маань бас зээл аваад одоо манай гэрийн хувьд дахин зээл авах боломжгүй учраас Ж.Нямцэцэг эгчийн эмчилгээний зардлыг төлж чадахгүй байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт боломжтой үедээ эмчилгээний зардлыг заавал төлнө уучлаарай. Миний хувьд Ж.Нямцэцэг эгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зарим нь эрүүгийн хуралд гаргасан баримттай давхцаж байгаа учраас төлөх боломжгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй М.Лхагвацэрэнд холбогдох Эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал 30,139,815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Лхагвацэрэн нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 68-79 УБР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж тухайн машинд зорчиж байсан иргэн Ж.Нямцэцэгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2018/ШУТ/229 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ДШМ/84 дугаартай магадлал зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ж.Нямцэцэг нь авто машины ослын улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцон эмчлэгдсэн эмчилгээний зардал, байрны түрээс, замын зардал, цалингийн зөрүү нийт 30,139,815 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, мөн эрүүгийн хэрэгт авагдаагүй эмчилгээний зардал нийт 26,809,210 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдааны шатанд цалингийн зөрүү 4,717,128 төгрөгнөөс татгалзсан болно.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дараах зардлыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сараас хойшхи эм тарианы зардал 1,098,900 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хятад эмнэлэгт үзлэг болон зүү тавиулсан төлбөр 549,240 төгрөг, байрны түрээс, Хөх хот руу ирж очих замын зардал нийт 24,959.523 төгрөгийг хариуцагч М.Лхагвацэрэнгээс гаргуулан Ж.Нямцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх орчууллагагүй 15юань буюу 5739 төгрөг /ягаан өнгийн барим хх-ийн 44талд/, цалингийн зөрүү 4,717,128 төгрөг, юаны ханшны зөрүү 457,425 төгрөг нийт 5,180,292 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан эмчилгээний зардлаа БНХАУ-ын юань ханшийг 1 юанийг 391,000 тооцон гаргасан бөгөөд шүүх Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцож гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэгт эрүүгийн шүүх хуралдаанд гаргасан эмчилгээний зардлын зарим хэсэг нь буюу 1,098,900 төгрөг, 549,240 төгрөг нийт 1,648,140 төгрөг давхцсан гэж байгаа хэдий ч энэ талаараа нотолсон баримтуудыг гаргаж өгөөгүй болно. Мөн байр түрээслэсэн бол тухайн хүний өмч, тухайн хүний өмч болохыг нотолсон гэрчилгээтэй эсэх тодорхойгүй, орчуулга нь хуулийн дагуу гаргаж өгөөгүй гэж байгаа боловч нэхэмжлэгч нь эмчилгээ хийгдсэн гэх баримтаа он сар өдрөөр нь үнийн дүнтэй гаргаж өгсөн ба орчуулгын баримт нь тухайн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын тэмдэг дарагдсан, Түрээсийн гэрээ хийсэн байх тул дээрх баримтууд нь хуулийн дагуу цугларсан нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс нотлох баримт болгон гаргасан Ж.Бямбаагийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /15 хуудас баримт/ нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтын хүрээнд үнэлэх шаарлгагүй байх тул нотлох баримтаас хасаж тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар 24,959,523 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтйин хураамжинд 282,748төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 505 дугаар зйүлийн 505.1-д тус тус зааснаар М.Лхагвацэрэнгээс 24,959,523 төгрөг гаргуулан Ж.Нямцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,180,292 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д зааснаар хариуцагчаас 24.959.523 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 282,748 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД                                               Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                                         Л.СОЁЛМАА