Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0004

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г банкны Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч Б,

Д нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б, Д нарт холбогдох,

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 4.519.970 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Бы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагч Б, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Г банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"Д. Б нас нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1.300.000 төгрөг. 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн зээл, 2017 оны 02 сарын 16-ны өдөр ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241.452.18 зээлийн /үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2,3% хүүтэй цалингийн нэмэлт зээл, 2017 оны 12 сарын 14-ний өдөр ЗГ4025Ю1493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2.065.789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.000.000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.3% хүүтэй цалингийн нэмэлт зээл тус тус авсан. 2017 оны 08 сарын 24-ний өдөр ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 690.000 төгрөг, 24 сарын хугацаатай сарын 2,2% хүүтэй ахуйн хэрэглээний зээл авч байсан юм. Дашжамц овогтой Батчулуун нь 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нас барсны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025103082 тоот зээл нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 82 өдрийн хугацаа хэтэрсэн, үндсэн зээл 472.560.40, хүү 38.867.60 төгрөг, торгуулийн хүү 357.10 төгрөг хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй, ЗГ4025101493 тоот зээл нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 96 өдрийн хугацаа хэтэрсэн, үндсэн зээл 3.663.465.72, хүү 342.403.94, торгуулийн хүү 2.315.59 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. Зээлдэгч, хамтран зээлдэгч болон батлан даагч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Харилцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 4.136.026.12 төгрөг, хүү 381.271.54 төгрөг, торгуулийн хүү 2.672.69 төгрөгийг цаашид үндсэн зээлдэгч нас барсан, хамтран зээлдэгч батлан даагч зээл төлөх сонирхолгүй байгаа юм. Иймд үндсэн зээлдэгч Дашжамц овогтой Батчулуун /ГЮ87090560/, батлан даагч Дашжамц овогтой Баярсайхан /ГЮ84071175/ нарын хариуцаж буй дээр дурдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 4.519.970.35 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамж 87.270 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний дүү Д нь 2018 оны 06 дугаар 02-ны өдөр нас барж ар гэрийнхэн бидэнд маш хүнд гарз учирч өнөөг хүртэл гомдол харуусал тайлагдаагүй явж байгаа билээ. Ганц охинтойгоо өрх толгойлон амьдарч байсан боловч ажилдаа гарамгай олны дунд нэр хүндтэй хүүхэд байж, харамсалтайгаар нас барсан билээ. Гэтэл Г банк нь нас барсан хүнийг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасан байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аль ч салбарын хуулинд хариуцагч этгээд нас барснаар түүний хүлээж байсан аливаа үүрэг дуусгавар болдог хуулийн зохицуулалттай. Энэ утгаараа энэ нэхэмжлэлийг үнэхээр ойлгохгүй байна. Миний бие талийгаач дүүгийнхээ ганц төрсөн ах нь юм. Үнэн хэрэгтээ дүү минь амьд сэрүүн байхдаа нэхэмжлэгч банкнаас зээл хүсч намайг дуудаж гарын үсэг зураад өгөөч гэж хүссэн байх миний бие хэзээ хэдэн төгрөг авсныг яг үнэндээ санахгүй байгаа. Дүүгээ чи асуудал үүсгэчихнэ чамд туслахгүй гэх ухаан ямар ч хүнд байхгүй биз. Энэ нэхэмжлэлийг харахад тодорхой хуулийг зөрчсөн гэж үзэж болохоор албадлагын шинжтэй нэхэмжлэл байна. Тодруулбал зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, тэмдэгтийн хураамжийг төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль ч хуулинд үндэслэл, шалтгаан, бодит нөхцөл байдал хугацаа, эрх, үүрэг зэрэг хуулиар тогтоосон хэмжээнүүдийг тодорхой зааж өгсөн байдаг. Миний бие хариуцагч юм уу хамтран хариуцагч юм уу ойлгохгүй байна. Нөгөө талаасаа талийгаач дүүгийн минь нас барсантай холбогдуулан эрүүгийн үүсгэн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ар гэрийнхэн бид бүхэн үнэн мөнийг тогтоолгож, гомдол харууслаа барагдуулахаар шат шатны байгууллагад хандах болно. Цаашид ч хандана. Эрүүгийн хэрэг ямар нэгэн байдлаар шийдэгдэхэд хохирогч, хариуцагч гэм буруутай этгээд тогтоогдох учиртай. Хэн нэгэн этгээд тогтоогдох явцад бусдад учирсан байгаа хохирол барагдах ёстой. Бид бүхний хувьд юугаар ч орлуулж болшгүй хохирол амсаад явж байгаа бид ч гэсэн томоохон хохирогч болсон. Талийгаачийн өв залгамжлагч тогтоогдож цаашдын асуудалд эрх үүрэг үүсэх ёстой. Тиймээс бусдад буюу банканд учирсан гэх хохирлыг үүсгэсэн шалтгаан нөхцөлийг тогтоон эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Г банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1.-д заасныг баримтлан хариуцагч Баас 511.784 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.008.186 төгрөгийг, хариуцагч Дд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 87.270 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Баас 16.003 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэр нь үндэслэлгүй гарсан байгаа тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгон Г банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г банкны Орхон салбар нь хариуцагч Д, Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4.519.970 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 87.270 төгрөг нийт 4.607.240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1.-д заасныг баримтлан хариуцагч Баас 511.784 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.008.186 төгрөгийг, хариуцагч Дд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зээлдэгч Д нь Г банктай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ4025101493 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1.300.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлжээ.

2017 оны 02 сарын 16-ны өдөр ЗГ4025101493-А дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241.452.18 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлжээ. Энэ зээлийн батлан даагчаар хариуцагч Б нь Г банктай батлан даалтын гэрээ байгуулжээ.

Зээлдэгч Д, хамтран зээлдэгч Б нар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ4025101493-Б дугаар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2.065.789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн зээл авсан байх ба мөн зээлийн батлан даагчаар Б Г банктай батлан даалтын гэрээ байгуулжээ.

Зээлдэгч Д, Б нар 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ЗГ4025103082 дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулан 690.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй ахуйн хэрэглээний зориулалтаар зээл авчээ.

Дээрхи зээлийн болон батлан даалтын гэрээнүүд нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Зээлдэгч Д 2018 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө нас барсан, маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Хариуцагч Б 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний батлан даагч, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч, мөн батлан даагч, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний зээлдэгчээр тус тус гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ4025101493-А батлан даалтын гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ4025101493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 зээл болон барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцах үндэслэлгүй,  Б нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ4025103082 тоот зээл болон барьцааны гэрээний зээлдэгч болох нь ЗГ4025103082 тоот гэрээгээр нотлогдож байх тул уг зээлийн үүргийг Б хариуцах үндэстэй гэж үзэж түүнээс дээрхи гэрээний үүрэгт  үндсэн зээл 472.560 төгрөг, хүү 38.867 төгрөг, торгуулийн хүү 357 төгрөг, нийт 511.784 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.008.186 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй зөв, иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Хариуцагч Бы давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь нотлогдохгүй байх тул түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.010 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2018/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Бы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.010 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.УРАНЧИМЭГ

                       ШҮҮГЧ                                                           Б.ОЮУНЦЭЦЭГ

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.БАТТӨР