Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00115

 

 

Х.Эрдэнэбулганы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00104 дүгээр шийдвэр, 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалтай, 

Х.Эрдэнэбулганы нэхэмжлэлтэй,

БЭБХ ХХК, М.Эрхэмбаяр нарт холбогдох  

Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 23,343,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагч М.Эрхэмбаярын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч М.Эрхэмбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Х.Эрдэнэбулган нь БЭБХ ХХК, М.Эрхэмбаяр нарт холбогдуулан түрээсийн гэрээ цуцалснаас учирсан хохирол 23,343,720 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00104 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар М.Эрхэмбаяраас 9,090,420 төгрөгийг гаргуулан Х.Эрдэнэбулганд олгож, нэхэмжлэлээс 14,253,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Х.Эрдэнэбулганы БЭБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Х.Эрдэнэбулганы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, М.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамж 160,396 төгрөгийг гаргуулан Х.Эрдэнэбулганд олгохоор шийдвэрлэжээ. 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, М.Эрхэмбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т зааснаар М.Эрхэмбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,668 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

3. Хариуцагч Х.Эрхэмбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. гэж заасны дагуу бүртгүүлээгүй байх тул энэ хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 2009.08.13-ны өдөр олгогдсон Ү-2101012822 дугаартай 988 м.кв талбайтай, нэг гэрчилгээтэй бөгөөд хөрөнгийн нэгээхэн хэсэг 360 м.кв талбайг түрээсэлсэн. Бүхэлдээ нэг гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөс хэсэгчлэн түрээсийн гэрээ байгуулсан талаар Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэх боломжгүй нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг бодитоор шийдвэрлэж чадаагүй. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

4. Хариуцагч М.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар М.Эрхэмбаяраас 9,090,420 төгрөгийг гаргуулан Х.Эрдэнэбулганд олгож, нэхэмжлэлээс 14,253,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Х.Эрдэнэбулганы БЭБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

6. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,253,300 төгрөгийг, Х.Эрдэнэбулганы БЭБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.  

7. Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016.09.01-ний өдрийн ажлын байр түрээслэх 1/2 дугаартай түрээсийн гэрээ цуцалснаас 23,343,720 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон байна. 

8. хариуцагч М.Эрхэмбаяр ...Х.Эрдэнэбулгантай түрээсийн гэрээ байгуулаагүй, гэрээнд зурсан гарын үсэг минийх биш, н.Шижиртэй 2016.11.01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан...,  

8.1 Хариуцагч БЭБХ ХХК ... БЭБХ ХХК нэхэмжлэгч Х.Эрдэнэбулгантай Иргэний хуульд заасан аливаа төрлийн гэрээ байгуулаагүй, ...нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганы нэхэмжлэлийн шаардлагыг М.Эрхэмбаярт холбогдуулан шийдвэрлэж, БЭБХ ХХК-ийг хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэж тус тус мэтгэлцжээ. 

9. М.Эрхэмбаяр нь 2016.09.01-ний өдөр ажлын байр түрээслэх дугаартай гэрээгээр өөрийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Алтай төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Х.Эрдэнбулганд 2016.09.01-ний өдрөөс 2019.09.01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар, түрээслэгч сарын түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон гэрээ байгуулжээ. 

Дээрх гэрээнд М.Эрхэмбаяр гарын үсэг зураагүй гэж маргасан боловч Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.11.28-ны өдрийн №280, 2019.08.20-ны өдрийн №126, 2019.11.15-ны өдрийн №206 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр уг гэрээнд хариуцагч М.Эрхэмбаяр гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байна.

10. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Алтай төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 988 м.кв объект улсын бүртгэлийн Ү-2101012822 дугаартай бүртгэлд зоорийн давхар болон 1 давхар гэж тусгайлан заагаагүй бөгөөд нийт талбайн хэмжээгээр бичигджээ.  Талуудын хооронд гэрээ байгуулах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2009.08.13-ны өдөр БЭБХ ХХК-аас М.Баттүвшинд, 2018.07.06-ны өдөр М.Баттүвшингээс БЭБХ ХХК-д шилжсэн, 2018.08.15-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр БЭБХ ХХК-ийг Идэр металлури ХХК худалдан авсан байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэсувд томилогдож, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн ...Х.Эрдэнэбулган, М.Эрхэмбаяр нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, хуульд зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үндсэн үүрэгтэй, харин Х.Эрдэнэбулган БЭБХ ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй... гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

12. Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.  

Учир нь М.Эрхэмбаяр, Х.Эрдэнбулган нар улсын бүртгэлийн Ү-2101012822 дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Алтай төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 988 м.кв обьектийн 360 м.кв талбайд түрээсийн гэрээ байгуулсан, үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус зарим хэсгийг түрээсэлсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан зохицуулалт хамаарахгүй. 

13. Талуудын хооронд байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл болно.  

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.  

Байгуулсан гэрээгээ  цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.   

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл 2016.09.01-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээнд заасан үүргээ хариуцагч цаашид биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэн аль нь гэрээнээс татгалзсан гэж хууль зүйн хувьд дүгнэнэ.  

14. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заажээ. 

Х.Эрдэнбулган Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Алтай төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 988 м.кв обьектийн 360 м.кв талбай бүхий обьектийг гэрээний дагуу өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг шаардах эрхтэй. 

15. Нэхэмжлэгч нь М.Эрхэмбаярын зөвшөөрснөөр гэрээг үндэслэж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг баг Монгол Ардын Намын байрны урд талд Алтай төвийн барилгад байрлах 360 м.кв талбай бүхий обьектийг түрээслэн үйл ажиллагаа явуулахдаа засвар үйлчилгээ хийж засан сайжруулалтад 9,090,420 төгрөгийн зардал гаргасан талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

16. Анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн холбогдох заалт оновчгүй болсон байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна. 

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Эрхэмбаярын ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү... гэх гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/00104 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар М.Эрхэмбаяраас 9,090,420 төгрөгийг гаргуулан Х.Эрдэнэбулганд олгож, нэхэмжлэлээс 14,253,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Х.Эрдэнэбулганы БЭБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.БАНЗРАГЧ 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

                                                            ШҮҮГЧИД                     П.ЗОЛЗАЯА 

                                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД