Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01344

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01344

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дүгээр хороо, Толгойт *** дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух, Ч овогт Л-ийн Э /РД: ***/,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт оршин суух, Х овогт Д-ийн Б /РД:***/,

 

Хариуцагч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дүгээр байр, *** тоот хаягт оршин суух, Э овогт Ц-ийн Б /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн *** дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн *** дугаартай амины орон сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээ, Д.Бийн нэр дээрх газар, байшин, гарааж бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх газар, байшин, гараажийн өмчлөгчөөр тогтоолгох тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Ц.Б, Д.Б нарт холбогдуулан С.Г Л.Э нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн *** дугаартай 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн *** дугаартай амины орон сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Б-ийн нэр дээрх газар, байшин, гарааж бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, *** дүүргийн *** дүгээр хороо,  *** дугаар гудамж, *** тоотод байрлах, 700 м.кв газар, 129 м.кв талбай бүхий хувийн сууц болон гараажийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. *** дүүргийн *** дүгээр хороо толгойтын *** дугаар гудамж *** тоот хаягт байршилтай газар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Б-ийн ээж С.Г гэх хүнтэй 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн байдаг. Энэ хэлцэлд Л.Э оролцоогүй, гарын үсэг зураагүй, 5,000,000 төгрөг огт аваагүй, нотариатаар ч ороогүй. Тухайн үед буюу 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр амины орон сууц, гарааж зарах үед Л.Э нь Замын-Үүдийн боомтоор гарч Эрээнд байсан, н.Г гэдэг хүн С.Г-тай хамт Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан ба С.Г-ын гуйлтаар Л.Э гэдэг хүний өмнөөс гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч одоо болтол тус хашаа байшиндаа амьдарч байгаа. Гэрээнд зурагдсан Л.Э-ын гарын үсэг хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Л.Э өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болгож гэрээнд оролцоогүй тул дээрх 2 гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ гэж хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал болох Л.Э-ын өмчлөх эрхийг зөрчин өөрийн нэр дээр шилжүүлэн авсан С.Г нь 2018 онд нас барж, түүний охин Ц.Б өвлөн авч улмаар хариуцагч Д.Б-өд шилжүүлэн өгсөн байдаг. Энэхүү хууль бус гэрээг үндэслэн хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл тул хариуцагч Д.Б-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусд тооцож, *** дугаартай, 700 м.кв газар, *** дугаартай байшин, гараажийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Л.Э-ыг тогтоож өгнө үү гэв.

2. Хариуцагч Ц.Б хариу тайлбартаа: Би 2014 онд Д.Б-өөс ээжийн зээлсэн мөнгөний талаар мэдээгүй байсан, би ээжтэйгээ хамт амьдардаггүй байсан. Манай ээж С.Г 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр авто ослоор нас барсан. Л.Э-ын эхнэр Г.Г-ийн ах Г.Г-тай манай ээж амьдардаг байсан.Би дүүтэйгээ өвөө эмээ дээрээ амьдардаг байсан.Ээжийг нас барсны дараа ээжийн чинь нэр дээр хөрөнгө байна гэж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад энийг заавал өвлөж авах ёстой гэж ярьсан.Манай дүү гадаадад сурдаг байсан, би энэ талаар мэддэггүй байсан болохоор өв авахаас удаа дараа татгалзсан. Гэтэл шүүхийн шийдвэрээс өв нээгдсэнээс хойш хуулийн хугацаанд татгалзсан хариугаа өгөөгүй учраас энэ өвийг чи заавал авах ёстой гэсэн.Тэгээд би 3 жилийн дараа өвийг авахад танай ээж Д.Б гэдэг хүнээс мөнгө зээлсэн өртэй тул энэ өвийг шилжүүлээд өрөө дарчих, нэг бол өрийг төл гэсэн. Тэгээд би өвийг аваад, авсан өдрөө Д.Б-өд шилжүүлсэн. Яагаад хариуцагчаар татагдаад шүүхэд дуудагдаад байгааг ойлгохгүй байна. Манай ээж нэхэмжлэгчийн яриад байгаа шиг худалч, хулгайч, залилагч хүн байгаагүй. Мөнгийг нь төлсөн ч юм уу үгүй ч юм уу надад мэдэх зүйл алга, асуух ч хүн алга. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Амьд сэрүүнд нь асуудлаа ярих боломжтой байсан гэв.

3. Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Талийгаач С.Г нь 2015 онд надтай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр уулзаж, би С.Г-ын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх ёстой 15,000,000 төгрөгийг төлж, тэр мөнгөн дээрээ зээлийн гэрээ хийсэн.Тэрнээс хойш зээлээ төлөхгүй байсан тул 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад, С.Г-ас 23,000,000 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. 2016 онд миний хүсэлтээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хашаа байшинг битүүмжилсэн. 2017 онд С.Г нас барсны дараа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талийгаачийн охин өв залгамжилтал жил хүлээнэ гэсэн. 2020 онд охин нь өвийг авсны дараа өрнийхөө оронд би шилжүүлж авсан. Талийгаачийг нас барсны дараа 2020 онд битүүмжлэгдсэн газарт Л.Э гэдэг хүн миний байшин гээд ороод ирсэн. Мэдээгүй байх боломжгүй, өмнө нь шийдвэр гүйцэтгэл дээр битүүмжлэгдсэн байсан. Л.Э гарын үсэг зурсан, зураагүй гэх зүйлийг би мэдэхгүй, хуулийн дагуу надад шилжиж ирсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс 2014.04.17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан гэрээ, С.Г-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Э, Г.Г, Э.А-, Э.О- нарын өмчлөлийн хүчингүй болсон өвлийн сууц, гараажийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2021/05446 дугаар захирамж, 2014.04.17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан гэрээ, 2014.04.09-ний өдрийн гэр бүлийн хэрэгцээний газар худалдах, худалдан авах гэрээ, 2004.03.30-ны өдрийн Л.Э, Г.Г, Э.А, Э.О нарт газар өмчлүүлэх шийдвэр, Л.Э-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2020.07.08-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.07.29-ний өдрийн 3255 тоот шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02926 дугаар шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.06.05-ны өдрийн албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Л.Э-ын хилээр орсон гарсан лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.08-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсыг шүүхэд өгсөн.

Хариуцагч Ц.Б-ээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг гаргаж өгсөн.

Хариуцагч Д.Б-өөс үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШЗ2021/10997 дугаар захирамж, Д.Б-ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б-ийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/00868 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 184/ШЗ2021/07252 дугаар захирамж, мөн өдрийн 670 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21390630 дугаар тогтоолыг шүүхэд өгсөн.

Зохигчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс *** дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, *** дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/00868 дугаар шийдвэр, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 673 тоот, гэрч Ш.Гансүхийн мэдүүлэг, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 256 тоот, 2020.04.21-ний өдрийн 30, 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, хавсралт баримтууд, Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн 2014.04.09-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, Л.Э-ын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2020.07.29-ний өдрийн 3255 тоот шинжээчийн дүгнэлт, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020.08.19-ний өдрийн Л.Э-ын хилээр орсон гарсан лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2014.03.18-ны өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2014.04.09-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2015.09.14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.24-ний өдрийн 102/ШШ2016/02418 дугаар шийдвэр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2016.11.22-ны өдрийн 856 тоот тодорхойлолт, 2016.11.14-ний өдрийн С.Г-ын нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.04.21-ний өдрийн 30 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.05.05-ны өдрийн Ц.Б-ийн нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023.05.22-ны өдрийн 1597 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Архивын газраас 2014.04.17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэнтэй холбоотой баримт, бүртгэлийн хуудсыг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн *** дугаартай, 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн *** дугаартай амины орон сууц, гарааш худалдах, худалдан авах гэрээнд Л.Э оролцоогүй, гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар Д.Б-ийн нэр дээрх газар, байшин, гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, *** дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод байрлах, 700 м.кв газар, 129 м.кв талбай бүхий хувийн сууц болон гараашийн өмчлөгчөөр тогтоолгоно гэв.

3. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Миний ээж С.Г нь Л.Э-ын эхнэр Г.Г-ийн ах Г.Г-тай амьдардаг байсан. Ээж маань 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсны дараа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад ээжийнхээ нэр дээрх хөрөнгийг өвлөж ав гэхээр нь татгалзсан боловч заавал авах ёстой гэсний дагуу би 3 жилийн дараа өвийг авахад танай ээж чинь Д.Б-өд өртэй байсан, энэ өвөөр авсан хөрөнгөө шилжүүлээд өрөө дарчих, нэг бол өрийг төл гэсэн. Би өвийг аваад, авсан өдрөө Д.Б-өд шилжүүлж, өрийг хаасан гэв.

4. Хариуцагч Д.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Би 2015 онд С.Г-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлөх ёстой 15,000,000 төгрөгийг төлж, зээлийн гэрээ хийсэн, зээлээ төлөөгүй тул 2016 онд шүүх С.Г-ас 23,000,000 төгрөг гаргуулж надад олгож шийдвэрлэсэн, 2017 онд С.Г нас барсны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас түүний охин Ц.Б-ийг 2020 онд өвийг авсных нь дараа өрөндөө шилжүүлж авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2014.04.17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан гэрээ, С.Г-ын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Л.Э, Г.Г, Э.А, Э.О нарын өмчлөлийн хүчингүй болсон өвлийн сууц, гараажийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 104 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2021/05446 дугаар захирамж, 2014.04.17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан гэрээ, 2014.04.09-ний өдрийн гэр бүлийн хэрэгцээний газар худалдах, худалдан авах гэрээ, 2004.03.30-ны өдрийн Л.Э, Г.Г, Э.А, Э.О нарт газар өмчлүүлэх шийдвэр, Л.Э-ын өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2020.07.08-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.07.29-ний өдрийн 3255 тоот шинжээчийн дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/02926 дугаар шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.06.05-ны өдрийн албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.05.19-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Л.Э-ын хилээр орсон гарсан лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.08-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Ц.Б-ээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 184/ШЗ2021/10997 дугаар захирамж, Д.Б-ийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Б-ийн хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/00868 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 184/ШЗ2021/07252 дугаар захирамж, мөн өдрийн 670 дугаар гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21390630 дугаар тогтоол, *** дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, *** дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2021/00868 дугаар шийдвэр, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 673 тоот, гэрч Ш.Гансүхийн мэдүүлэг, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 256 тоот, 2020.04.21-ний өдрийн 30, 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээ, хавсралт баримтууд, Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2014.04.09-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, Л.Э-ын нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2020.07.29-ний өдрийн 3255 тоот шинжээчийн дүгнэлт, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020.08.19-ний өдрийн Л.Э-ын хилээр орсон гарсан лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2014.03.18-ны өдрийн газрын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 2014.04.09-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2015.09.14-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.24-ний өдрийн 102/ШШ2016/02418 дугаар шийдвэр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2016.11.22-ны өдрийн 856 тоот тодорхойлолт, 2016.11.14-ний өдрийн С.Г-ын нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.04.21-ний өдрийн 30 тоот өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020.05.05-ны өдрийн Ц.Бийн нэр дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023.05.22-ны өдрийн 1597 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн Архивын газраас 2014.04.17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэнтэй холбоотой баримт, бүртгэлийн хуудас, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. *** дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрыг 2004 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрөөс хувьчилж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 131 дүгээр захирамжаар дээрх газрыг Л.Э, Г.Г, Э.А, Э.О нарт үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

7. Дээрх газар өмчлүүлэх шийдвэрийн дагуу газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан ба 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хамтран өмчлөгч хасах хэлцлээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 48 гудамж, 663 тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газрын хамтран өмчлөгчөөс Г.Г, Э.А, Э.О нар хасагдаж, газрын өмчлөгчөөр Л.Э бүртгэгдэж, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

8. Нэхэмжлэгч Л.Э, С.Г-тай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлах, *** дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 5,000,000 төгрөгөөр худалдаж, дээрх хөрөнгө нь С.Г-ын өмчлөлд бүртгэгдэж, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарчээ.

9. *** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх удаа 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Э, Г.Г, Э.А, Э.О нар бүртгүүлсэн болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.

10. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн өвлийн сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээг Л.Э, Г.Г, Э.А, Э.О нар нь С.Г-тай байгуулж, *** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 5,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.

11. Эдгээр үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Л.Э, Г.Г нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан байна.

12. Худалдан авагч С.Г нь Д.Б-тэй 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2,500,000 төгрөгөөр худалдсан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02418 шийдвэрээр нэхэмжлэгч С.Г-ын хариуцагч Д.Б-өд холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Д.Б-ийн 27,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгч С.Г, хариуцагч Д.Б нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, Үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** дүүрэг, *** дүгээр хороо, *** гудамж, *** тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, Үл хөдлөх эд хөрөнгийн 000314491 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 48 гудамж, 650 тоот хаягт байрлах, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч С.Г-ас 23,475,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Бөд олгож шийдвэрлэжээ.

13. Улмаар *** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С.Г-ын өмчлөлд бүртгэгдэж, С.Г нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нас барсан байна.

14. Нотариатч Б.О-ийн 2020 оны 4 дүгээр сарын сарын 21-ний өдөр үйлдсэн 30, 31 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр Ц.Б нь *** дүүрэг, *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн *** дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 129 м.кв талбайтай, хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өвлөн авч, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өмчлөгчөөр бүртгүүлж, улмаар дээрх газар болон хувийн сууж, гараажийг хариуцагч Д.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгч, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Д.Б нь үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

15. Нэхэмжлэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн С.Г-тай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр С.Г-тай байгуулсан хувийн сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулах үед Монгол Улсад байгаагүй, гарын үсэг нь хуурамч болох нь тогтоогдсон, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, улмаар өвлөн авч, Д.Б-ийн нэр луу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж, бүртгүүлсэн үйлдэл нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр явагдсан тул Д.Б-ийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардаж, хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

16. Дээрх маргааныг эрүүгийн журмаар шалгах явцад Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 3255 дугаар дүгнэлт гарч, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт байх 2014.04.09-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ, 2014.04.17-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтад тус тус зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Л.Э-ын гэх гарын үсгийн загваруудтай хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний холболт, үсэг элементийн харилцан өндөр зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна гэж дүгнэсэн байна.

17. Тус иргэний хэрэгт шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Шүүх, шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1597 дугаар дүгнэлтэд Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй *** дугаартай хавтаст материалд байх 2014-04-17 гэсэн огноотой Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэх баримтын зүүн доод хэсэгт худалдагч гэсний доор буюу гарын үсэ/ гэсний дээр зурагдсан 1 ширхэг гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Л.Э-ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

18. Түүнчлэн С.Г, Л.Э нарын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнд С.Г-ын гуйлтаар Л.Эын өмнөөс гарын үсэг зурсан, С.Г-тай хамт 1 эмэгтэй байсан гэж гэрч Ш.Г мэдүүлсэн ба Л.Э нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсын хилээр гарч, 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр орж ирсэн, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хилээр гарч, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр орж ирсэн, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хилээр гарч, 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байна.

19. Дээрх баримтаас дүгнэвэл 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хамтран өмчлөгч хасах хэлцэл байгуулах үед Л.Э Монгол Улсад байгаагүй байна.

20. Нийслэлийн Архивын газраас ирсэн гэрээ гэрчилсэн бүртгэлийн дэвтрийн хуулбараар 2014 онд С.Г-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хамтран өмчлөгч Г.Г нь Л.Э-ын зөвшөөрөлгүй, түүний өмнөөс өөр хүнээр гарын үсэг зуруулж, худалджээ. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар С.Г, Л.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хувийн сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт дурдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

21. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар шаардаж байх боловч хэлцэл хийгч С.Г нь нас барж, түүний өмчлөлд болон өвлөгчийн өмчлөлд шилжүүлсэн хөрөнгө нь байхгүй байна.

22. Учир нь хариуцагч Ц.Б нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар С.Г-ын хууль ёсны өвлөгч байх бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдснэээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн нотариатын 30, 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр С.Г-ын өвлөгдөх хөрөнгийг хүлээн авчээ.

23. Өвлүүлэгч С.Г нь шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.Б-өд өр төлбөртэй байсан тул Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар өвлөгдсөн газар, хувийн сууц, гараажийг төлбөрт тооцон шилжүүлж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өмчлөх эрх хариуцагч Д.Б-өд шилжсэн байна.

24. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж зааснаар төлбөр авагч Д.Б нь төлбөр төлөгчийн хөрөнгийг өвлөгчөөс шилжүүлэн авсныг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

25. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн хөрөнгийг буцаан шаардсан боловч хөрөнгө нь гуравдагч этгээдийн өмчлөлд шударгаар шилжсэн байх тул хууль ёсны эзэмшигч буюу өмчлөгчөөс эд хөрөнгийг шаардах үндэслэлгүй байна.

26. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авагч С.Г-тай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, амины орон сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй байна.

27. Харин Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу Д.Б-ийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, газар, хувийн сууц, гараажийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

28. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 128 дугаар зүйлийн 128.3 дахь заалтыг баримтлан худалдан авагч С.Г-тай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 700 м.кв газар худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, амины орон сууц, гарааж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Д.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай хувийн сууц, гараажийн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг газар, хувийн сууц, гараажийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ