Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/00533

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/00533

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

гомдол гаргагч:  Б овогт Б-ийн Б-гийн ирүүлсэн,

 

хариуцагч: Н-т холбогдох,

 

2023 оны 03 сарын 27-ны өдрийн 01 дугаар Н-ын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

гомдол гаргагч Б.Б-,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сувд хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Б.Б-аас хариуцагч Н-т холбогдуулан 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 01 дугаар Н-ын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.

 

2. Б.Б- гомдлын шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 1/30 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг М групптэй хамтарч дуусгасан. Эндээс л гол маргаан эхэлсэн. М группийн захирал болон хуулийн зөвлөх, эдийн засагчтай нийлээд арав гаруй хүн эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед эвлэрлийн гэрээг ямар үр дагавартай талаар тайлбарлаж өгсөн. Гэтэл дуусгавар болсон тогтоолыг шийдвэр гүйцэтгэгч сэргээсэн. Мөн М групп гомдол гаргахдаа хуулийн хугацааг зөрчсөн. Энэтэй холбоотойгоор 72-79 дугаар талуудад нотлох баримтуудаар хэрэгт авагдсан байгаа. Би М группийн төлбөрийг өгөхгүй гээгүй төлнө гэсэн. Авсан зээлийнхээ 60 хувийн төлсөн гэж үзэж байгаа. Надад 20 гаруй жил хөдөлмөрлөж босгосон авто угаалгын газар байдаг. Ерөнхийдөө 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч О-т гомдолтой байгаа. Авлигатай тэмцэх газарт Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэдэг хариу өгсөн. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолно. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ буюу шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журам, дараалал, хуулийн хугацааг баримтлах ёстой гэж үзэж байна. Төлбөр авагч М групп нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 3 жилийн дараа давж заалдах шатын шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын дараа гомдлын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг, 301.1, 302 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж гомдол гаргасан. Төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах гэж Өдрийн сонин , 1950 гэх мэт заруудын сайтад ганц өөрт байгаа шатахуун түгээх станцаа худалдах гээд зар тавьсан. Би М групп ББСБ ХХК-ийг 2010 онд байгуулагдахад хамгийн том хөрөнгө оруулагч нь байж, хамгийн өндөр зээлийг нь авч, зөвхөн зээлийн хүү гэж 500,000 төгрөгийг төлсөн. Би М групптэй хамтарч ажиллах талаар зөндөө санал тавьж байсан. Тэгтэл миний хөдөлмөрлөж босгосон бизнесийг үнэгүйдүүлэх гээд байгаад гомдолтой байна. Иймд дуусгавар болсон тогтоолыг хүчингүй болгосон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдолтой байна. Би хуулийн мэдлэг муу болохоор буруу зөрүүд яриад байх шиг байна... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 1611 гэсэн захирамжаар Б.Б-аас 509,100,000 төгрөг гаргуулахаар М групп ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Ингээд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжилж хураагаад үнэлгээ тогтоолгоод, тогтоосон үнэлгээг талуудад танилцуулаад анхны болон 2 дахь албан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Б.Б-аас хөрөнгө битүүмжилсэн болон хураасан албан тоот худалдааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 2820 дугаар бүхий шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд барьцаа хөрөнгүүд худалдан борлогдоогүй ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 290,000,000 төгрөгөөр худалдан борлуулаад төлбөрөөс хэсэгчлэн төлсөн байгаа. Үлдэгдэл 219,100,000 төгрөгт талууд хоорондоо эвлэрсэн. Энэ эвлэрлийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Дуусгавар болгосноос хойш М группээс гомдол гаргаад ахлах шийдвэр гүйцэтгэлийн 2022 оны 2215 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн. Ингээд төлбөр төлөгчөөс сэргээсэн тогтоолыг хүчингүй болгуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2022 оны 3624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэлийг хангахдаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дугаар хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч төлбөр авагч нарт эвлэрсэн үндэслэлээр дуусгавар болгохдоо барьцаа хөрөнгийг 6 сарын хугацаанд худалдан борлуулаагүй бол хэрхэн хэрхэх талаар тодорхой тохиролцоогүй буюу шийдвэрлэх ажиллагааны талуудын эвлэрэл бүрэн биш тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэгдсэн. Мөн 14 дэх хэсэгт дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан сэргээх үндэслэлд хамаарахгүй тодорхой бус эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэсэн ажиллагааг дуусгавар болгосныг хүчингүй болгох байдлаар хууль зөрчиж сэргээсэн. Энэ шийдвэрийн магадлал дээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2022 оны 2108 гэсэн магадлалын хянуулах хэсэгт нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай хуульд зааснаас бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудын эвлэрэлд нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга үр дагаварт чиглэгдсэн байна. Төлбөр төлөгч төлбөр авагч нарын эвлэрлийн үр дагавар үнэн биш тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хуульд нийцээгүй байна. Мөн магадлалын 9 дэх хэсэгт 2020 оны 0130 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал гээд дүгнэсэн. Энийг үндэслээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01/30 гэсэн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод ингээд ажиллагаа үргэлжлээд явагдах явцад шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзчихсэн байгаа. Түүнээс М групп ББСБ ХХК-тай хамтарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон асуудал байхгүй. Мөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийг хууль зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газар дүгнэсэн зүйл байхгүй. Хууль зөрчсөн зөрчөөгүйг шүүх тогтооно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа: хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс тайлбар гаргаад өгчихсөн учраас нэг бүрчлэн ярихгүйгээр товч тайлбар хэлье. Ахлах шийдвэр гүйцэтгэгч Э.Б-ийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ний өдрийн 1/3 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01тоот тогтоолоор хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 болон 271 дүгээр зүйлийн 271.3.1, 271.3.3 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцсэн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн энэ мэт гомдол гаргаж төлбөрийг төлөхгүй байх санаатай үйлдлийн улмаас бидэнд их хэмжээний алдагдал, ирээдүйд олох ёстой байсан хүүгийн орлого, төгрөгийн ханш, уналт гэх мэт хохирол учирсан байгаагаас зөвхөн хүүгийн орлогыг нь тооцож үзвэл шаардах эрх үүссэн үеэс буюу 9 жил буюу 108 сарын хугацаа өнгөрч төлбөр төлөгчөөс төлөх ёстой үлдэгдэл 219,164,682 төгрөгөөс гэрээ байгуулсан үеийн хүү сарын 2.7 хувиар тооцоход 648,000,000 төгрөгийн хохирол учраад байна. Газар эзэмших эрхийг шилжүүлээгүй гээд энэ асуудал үүсчихсэн байгаа. Барьцаа хөрөнгөөс Ү-220900102 тоот 24м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг М групп ББСБ-д шилжүүлсэн бөгөөд доор газрын эзэмших эрхийг ийнхүү шилжүүлэн өгөөгүй нь биднийг төлбөрт тооцож авах боломжгүй болгоод байна. Б.Баасандорж тухайн газрыг худалдаж өр төлбөрийг төлөх тухай асуудлыг ярьдаг боловч зөвхөн тухайн хөрөнгөөр бус өөрийн мөнгөн хөрөнгөөр төлбөр төлөх бүрэн боломжтой байсаар атал хугацаа хожиж энэ мэтээр хойшлуулж бидний эрх ашгийг ноцтой хохироож байгааг анхааран нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

 5.Гомдол гаргагчаас нотлох баримтаар ирүүлсэн иргэний үнэмлэх, 2022.10.21-ны өдрийн 3624 шүүхийн шийдвэр, 2022.12.12-ны өдрийн 02108 магадлал, 2023.03.27-ны өдрийн 01 дугаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2023.05.22-ны өдрийн 287 дугаар Прокурорын тогтоол, 2022.07.24-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, зар бүхий өдрийн сонин баримтууд,

Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн хариу тайлбар, 2016.02.24-ны өдрийн 01611 Баянгол, хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу явагдсан 2016.10.20-ны өдрийн 16251363 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг баримтууд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн бичгээр гаргасан тайлбар,

Шүүхээс 203.02.16-ны өдрийн №23/1/57 М групп ББСБ ХХК-аас Н-ын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдол зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Б.Б- ...2023.03.27-ны өдрийн дугаар 01 Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах... шаардлага гаргаж үндэслэлээ ...ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ буюу шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл, журам, дараалал, хуулийн хугацааг баримтлах ёстой гэж үзэж байна. Төлбөр авагч М групп нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 3 жилийн дараа давж заалдах шатын шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 сарын дараа гомдлын дагуу холбогдох шийдвэрийг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэг, 301.1, 302 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж гомдол гаргасан...гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ..төлбөр төлөгч, төлбөр авагч нарын эвлэрлийн үр дагавар үнэн биш тодорхойгүй байхад эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон хуульд нийцээгүй байна. Мөн магадлалын 9 дэх хэсэгт 2020 оны 0130 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал гээд дүгнэсэн. Энийг үндэслээд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01/30 гэсэн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгоод ингээд ажиллагаа үргэлжлээд явагдах явцад шүүхэд нэхэмжлэл гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

 

3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2016 оны 02 сарын 24-ны өдрийн дугаар 102/ШШ2016/01611 тус шүүхийн шүүгчийн захирамжаар М групп ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргээс Б.Б- 45 000 000 төгрөгийг төлж үлдэх 509 164 682 төгрөгийг 2016 оны 08 сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн барьцааны хөрөнгө болох Багахангай дүүрэгт байрлах 24мкв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, /УУ-00000000/, Багахангай дүүрэгт байрлах талбайтай газар /НТД0000000000000000, гэрчилгээний дугаар №00000000000/, Баянгол дүүрэгт байрлах 91м кв талбайтай дэлгүүр, 270 мкв талбайтай гаражийн хамт /УБД-Ү-0000000000/, Баянгол дүүрэгт байрлах 575 м кв талбайтай газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 89-91 дүгээр тал/

 

2016 оны 09 сарын 12-ны өдрийн 102/ШЗ2016/23521 дугаар тус шүүхийн шүүгчийн захирамж гарч дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр тогтоож, гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хэргийн 88, 92 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх 2016 оны 10 сархын 20-ны өдрийн 16251363 дугаар тогтоол гарч ажиллагаа явагдаж, уг ажиллагааны үед буюу 2020.01.15-ны өдрийн № 1/1/11 тоот төлбөр авагч М групп ББСБ ХХК-аас ...Багахангай дүүрэгт байрлах 24 мкв талбайтай түгээгчийн байр, 3 ширхэг түгээгүүр, /УУ-00000000/, Багахангай дүүрэгт байрлах талбайтай газар /НТД0000000000000000, гэрчилгээний дугаар №00000000000/ үл хөдлөх хөрөнгийг төлбөрийн үлдэгдэл 219 64 682 төгрөгийн төлбөрт тооцож М групп ББСБ-ын нэр дээр шилжүүлэх санал болгох хурлаар 2020.01.14 оруулж талууд харилцан тохиролцож 2020 оны 07 сарын 16-ны өдрийн дотор барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож гүйцэтгэх хуудас баримт бичиг, ажиллагааг хааж өгнө үү... гэсэн хүсэлтийг Н-т хүргүүлжээ. /хэргийн 93-105 дугаар тал/

 

Төлбөр авагчийн бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2020.01.15-ны өдөр дугаар 1/30 шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. /хэргийн 106 дугаар тал/

 

Төлбөр авагч 2022.05.09-ны өдөр 1/1/179 тоот хүсэлтийг Н-т хүргүүлж ...худалдан борлуулахаар тохиролцсон хөрөнгүүдийг өнөөдөр хүртэл худалдан авагч гарч ирээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж төлбөрт санал болгох хурлыг дахин оруулж хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж өгөх... хүсэлт гаргасан байна. /хэргийн 107 дугаар тал/

 

2022.05.12-ны өдөр дугаар 22/15 тоот шийдвэр гүйцэтгэгчийн Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарч, 2022.05.24-ний өдөр №4-182/10811 тоот албан бичгээр худалдан борлогдоогүй хөрөнгийг шинжээчийн тогтоосон 100 000 000 төгрөгөөр тооцон авах саналыг төлбөр авагчид хүргүүлсэн, 2022.05.25-ны өдөр №1/1/187 тоот албан бичгээр төлбөр авагч хөрөнгийг нэр дээр шилжүүлэн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болохыг зөвшөөрсөн хүсэлтээ хүргүүлжээ. /хэргийн 108-110 дугаар тал/

 

2022.05.31-ны өдөр №4-182/11418 тоот мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид хүргүүлж, худалдан борлогдоогүй хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 100 000 000 төгрөгөөр тооцож төлбөр авагч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтээ ирүүлснийг мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 111-112 дугаар тал/

 

2022.05.12-н өдрийн дугаар 22/15 тоот Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрч төлбөр төлөгч эрх бүхий албан тушаалтан, шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. Шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн 2022.10.21-ны өдрийн дугаар 102/ШШ2022/03624 тус шүүхийн шийдвэр, 2022.12.12-ны өдрийн 210/МА2022/02108 давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус гарсан. /хэргийн 113-126 дугаар тал/

 

2023.02.16-ны өдрийн 23/1/57 төлбөр авагч Н-т гомдол гаргаж ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тодорхойгүй нөхцөл байдлаар дуусгавар болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 1/30 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжоор хангаж өгнө үү... гэжээ. /хэргийн 127-128 дугаар тал/

 

2023 оны 03 сарын 27-ны өдөр дугаар 01 Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай тогтоол гарч, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 1/30 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба үндэслэлээ албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг үлдэгдэл төлбөрт тооцон худалдан борлуулж, зээлийн төлбөрийг төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасан төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. /хэргийн 130 дугаар тал/

 

4. 2022 оны 5 сарын 12-ны өдрийн 22/15 дугаар дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд ...эвлэрлийн гэрээ тодорхой бус, төлбөр авагч, төлбөр төлөгч нарын эвлэрлийн үр дагавар бүрэн биш тодорхойгүй байхад... эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т нийцээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөн явуулах нь шийдвэр гүйцэтгэх газрын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал болохыг дурдсан.

 

5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх үр дагавартай, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлыг шийдвэрлэх, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх хүчингүй болгох бүрэн эрхээ хэрэгжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөхдөө хуульд нийцүүлсэн байх шаардлагатай.

 

6. Дээрх ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд төлбөр авагчийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэрхэн тооцож байгаа, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.3-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож хувийн хэргийг хаасан ажиллагааны талаар гомдол гаргах эрхгүй гэсэн хуулийн зохицуулалтад төлбөр авагчийн гомдол хэрхэн нийцэж байгааг тодорхой заагаагүй байна.

 

Мөн 2020.01.15-ны өдөр дугаар 1/30 шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ...санал болгох ажиллагааны үеэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг 6 сарын хугацаанд нэр шилжүүлэхгүй байж, хамтран худалдан борлуулахаар тохиролцсон талуудын тохиролцоо, эвлэрэл... шүүхийн шийдвэрийг биелүүлэх агуулга, үр дагавар чиглэгдсэн эсэх, талуудын тохиролцоо эвлэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасантай нийцсэн эсэх талаар ямар нэг үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул хариуцагчийн ...шүүхийн шийдвэр, магадлалд 2020 оны 1/30 дугаар тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрхэн зөвтгөж явуулах нь хариуцагчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал гэж дүгнэснийг үндэслэж Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 гэсэн тогтоолоор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосон гэх тайлбар татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

7. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 271 дүгээр зүйлийн 271.3.1-т зааснаар 2023 оны 03 сарын 27-ны өдөр дугаар 01 Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүхээс гомдлыг хангах шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримтлан 2023 оны 03 сарын 27-ны өдөр дугаар 01 Н-ын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ