| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0165/Э |
| Дугаар | 0002 |
| Огноо | 2021-12-22 |
| Зүйл хэсэг | 21.1.1., 21.14.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 0002
Г.Э, М.Д, Э.Т
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Э.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
прокурор Л.О
шүүгдэгч Г.Э, М.Д, Э.Т
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Д, Я.Э, Б.Б /цахимаар/
нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Б, шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Д нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Л.О-н эсэргүүцлээр Г.Э, М.Д, Э.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Г-н Э,
Х овогт М-н Д,
С овогт Э-н Т,
Г.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн аймаг сум багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,
М.Д нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын багийн зохион байгуулагч М.А-н гарын үсгийг хуурамчаар үйлдэж Г-н Э-н хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт болох ам бүлийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн,
Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу зөрчлийн холбогдогч Г.Эийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-ыг зөвлөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний хувийн байдлыг гэрчилсэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Э.Тт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хоёр ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
“Зөрчил гаргагч иргэн Г.Эт хууль зүйн зөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхэлж өмгөөлөгч М.М, түүний дараагаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч Э.Ттай уулзаж Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоор тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцож “ганц бие” гэх хууль зүйн ойлголтын талаар прокурортой мэтгэлцэж байсан нь үнэн байна. Зөрчил гаргагч анхан шатны шүүхийн шийтгэвэрт гомдол гаргаж, гомдол хэлэлцэхэд өөрөө нотлох баримт гарган өгсөн, гомдлыг нь дэмжин оролцож хууль зүйн дүгнэлт, тайлбар хэлсэн өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг “хууль бус” гэсэн нь нь хэргийн бодит байдалтай огтхон ч нийцээгүй байна.
Г.Э нь ... анхнаасаа л аргалах гэсэн санаа зорилго өөрт нь төрснийг, өөртөө тусалж, өөрөө хэрэгжүүлж, ам бүл 3 гэсэн тодорхойлолт, өөртөө хийлгүүлж авсан хууль бус үйлдэл нь маш тодорхой байна.
Хэргийн материалыг судлан үзэхэд өмгөөлөгч Э.Т нь ... хуурамч материал бүрдүүлэх талаар иргэн Г.Эт зөвлөгөө өгсөн байх ямар ч боломжгүй байна. Харин өмгөөлөгч М.М-н хууль ёсны зөвлөгөөг өөртөө ашигтай байдлаар гуйвуулж Г.Э нь өөрийгөө аргалах байдлаар тийм хууль бус үйлдэл хийсэн гэдгийг нөхөр Г.М нь мэдүүлсэн байна.
Өмгөөлөгч Э.Т нь ... өмгөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэн өөртөө өндөр шаардлага тавьж, бусдад үлгэрлэн, шударгаар хөдөлмөрлөж явдаг, манай тэргүүний өмгөөлөгч гэдгийг тэмдэглэж байна.
... Шүүхийн шийтгэх тогтоолд заахдаа... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Э.Т нь Г.Эийг нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон ганц бие эх биш гэдгийг мэдэж байсан, мэдэх бүрэн бололцоотой байсан, шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсэн, мэдэх бололцоотой байсан нь тогтоогдож байна ... гэсэн нь өрөөсгөл байна.
Иймд Э.Тын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй ба яллах дүгнэлтэд заасан үйлдэл нь огтхон ч нотлогдохгүй төдийгүй гэм буруугүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Э.Тыг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо:
... Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Монгол Улсын иргэн Э.Т би бага наснаас эхлэн өдийг хүртэл өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр эрх зүйч мэргэжлийг эзэмшин, өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг 2015 оноос хойш эрхэлж иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган холбогдох хууль, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллаж ирсэн.
Тэр дундаа төлбөрийн чадваргүй болон бага орлоготой иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулах, нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн Үндсэн хуулийн зөрчлийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж нийтийн эрх ашгийг хамгаалах зэргээр тууштай ажиллаж ирсэн.
Анхнаасаа прокурор сайтар нягтлан шалгалгүйгээр үндэслэлгүй эрүүгийн хэрэг үүсгэсний уршгаар миний бие 2 жил орчим хугацаанд яллагдагч өмгөөлөгч гэх нэр зүүж би болоод миний гэр бүл ажил, амьдралаараа хохирч ирсэн, одоо ч хохирсоор явна. Тухайлбал: Энэ хэрэгт яллагдагчаар татагдсанаас шалтгаалан “яллагдагч өмгөөлөгч” гэх нэр зүүж Орхон аймагт ажиллах, амьдрах боломжгүй болж эхнэрийн хамтаар Улаанбаатар хотод ажиллаж амьдарч, бага насны 2 хүүхэд болон гэр орноосоо хол амьдарч байна, мэргэжлээрээ өөр ажил эрхлэх аливаа шалгалтад оролцох, сонгуульт ажил эрхлэх боломжгүй болж, одоо бүр насан туршдаа мэргэжлээрээ ажиллах боломжгүй болоход хүрч, гэр орноосоо өөр газарт зорчих эрхээ хязгаарлуулан, суралцах, ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болохдоо тулаад байна.
Прокурор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, жинхэнэ бодит байдлыг гуйвуулж гэмт хэрэг үйлдээгүй хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр хууль бус ажиллагаа явуулж буйг эсэргүүцэн шүүхээр гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.
Холбогдуулж буй хэргийн тухайд Г.Э гэх иргэнд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд давж заалдах шатны шуүх хуралдаанд оролцож “ганц бие” гэх нэр томьёог хэрхэн ойлгож, хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт, саналаа давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд танилцуулж оролцсон. Ингэхдээ Зөрчлийн тухай хуульд заасан “ганц бие” гэх нэр томьёо нь Нийгмийн халамжийн тухай хуульд заасан “өрх толгойлсон” гэх ойлголтуудыг харьцуулан хэл зүйн хувьд хүнтэй гэрлээгүй, эхнэргүй, нөхөргүй хүнийг ойлгох тухай тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх бодит байдлыг гуйвуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэж буруутгаж буй нь бодит байдалд огт нийцэхгүй, нотлох баримтаар огт тогтоогдоогүй хэт нэг талыг барьсан буруу дүгнэлт болсон.
Учир нь намайг ялласан прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж буй Г.Эийн нэг удаагийн мэдүүлэг нь бодит байдалд үл нийцэх, илт худал мэдүүлэг ба энэхүү мэдүүлэг нь гэрч М.М/хх-147-148/, Г.Д/хх-150- 151/ нарын мэдүүлэг болон Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүхийн шийдвэр, захирамж, Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны мэдэгдэх хуудас, зарлан дуудах хуудас, аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 01 сарын 26-ны өдрийн тоот тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар бүрэн няцаагдсан ба Г.Э ч өөрийн мэдүүлгээр худлаа хэлсэн талаараа мэдүүлсэн.
Э.Т би гэм буруугүй гэдгийг дээрх баримтуудаар хангалттай нотлогдож байхад ямар ч баримтгүйгээр хэт нэг талыг барьж хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Мөн анхан шатны шүүх дүгнэхдээ “Э.Т нь Г.Эийг нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон ганц бие эх биш гэдгийг мэдэж байсан, мэдэх бүрэн бололцоотой байсан, шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсэн, мэдэх бололцоотой байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэжээ. Зөрчлийн холбогдогч өөрөө нөхөр хаяад явсан бичгээр гомдол гаргаж, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргахдаа энэ талаараа ярьж, ямар учраас хаяж явсныг надад болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж, хүүхдээ тэврээд шүүх хуралд хүртэл ирж байхад яаж мэдэх боломжтой байх вэ? Би энгийн нэгэн өмгөөлөгч болохоос “далдыг хардаг, зөн билэгтэй” хүн биш шүү дээ. Энэ талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед ч хэлж, хэргийг шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргахдаа энэ талаар бичиж өгсөн.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, дуу-дүрсний бичлэг, бичмэл нотлох баримтуудаар гэм буруугүй болох нь хангалттай нотлогдсон байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал; дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол; дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан. Дээрх үндэслэлүүд уг шийтгэх тогтоолд агуулагдаж байна.
Тодруулбал гэрч М.М, Г.Д, Б нарын мэдүүлэг, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, шүүхийн шийдвэр, захирамж, Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах албаны мэдэгдэх хуудас, зарлан дуудах хуудас, аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны,01 сарын 26-ны өдрийн тоот тодорхойлолт зэрэг баримтуудыг үнэлээгүй, яагаад үнэлээгүй талаар огт тайлбарлаагүй атлаа Г.Эийн өөрөө өгсөн эсэхээ санахгүй байгаа эргэлзээтэй, бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдоогүй, эх сурвалжаа заагаагүй, бусад мэдүүлгүүдээр үгүйсгэсэн мэдүүлгийг дангаар нь гэм буруутайд тооцох үндэслэл болгож буй нь ойлгомжгүй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Гэтэл энэхүү хэргийн тухайд прокурорын яллах дүгнэлтэд Э.Т нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийн холбогдогч Г.Эийг Орхон аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-ыг зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж буруутган шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх яллах дүгнэлтэд заагдаагүй хуурамч баримт бичгийг үндэслэн бодит байдлыг гуйвуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэт нэг талыг буюу яллах талыг барьсан шийдвэр боллоо.
Гэтэл миний хэлсэн хууль зүйн дүгнэлт, тайлбар гэрлээгүй тул нөхөр биш иймд Зөрчлийн тухай хуульд заасан ганц бие гэх ойлголтод хамаарахаар байгаа тухай юм.
Мөн мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа зөвлөгөө өгсөн гэж хэргийн газар хэмээн манай албан өрөө тасалгаанд үзлэг хүртэл хийсэн ба анхан шатны шүүхийн дүгнэлтээр бол давж заалдах шатны шүүх хуралдаан болсон шүүх хуралдааны танхим хэргийн газар болж таарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой тусгахаар заасан. Гэтэл Г.Э гэх хүний худал мэдүүлгийг яагаад үнэлсэн, бусад цагаатгах баримтуудыг яагаад үнэлээгүй талаар дурдаагүйгээс гадна, цагаатгах баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж буй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
Яллах дүгнэлтэд заасан үндэслэлээр буруутгах боломжгүй хөдлөшгүй баримтаар тогтоогдсон учир гэм буруутайд тооцохын- тулд яллах дүгнэлтээр буруутгаагүй үндэслэлээр цагаатгах баримтууд байсаар байтал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гэм буруутай хэмээх хийсвэр дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Гурав. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Хуульч хүн хуульчийн ажлыг хийж хууль зүйн дүгнэлтээ хийсэн явдлыг гэмт хэрэг гэж үзэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.Ганц бие гэх нэр томьёог хэрхэн ойлгож, хэрэглэх талаар өмгөөлөгч, прокурор нар 2 талаас өөр өөрийн байр сууринаас тайлбарлан мэтгэлцсэн. Өмгөөлөгч би өрх толгойлсон, ганц бие гэх 2 нэр томьёо өөр агуулгатай талаар тайлбарлаж гэрлээгүй тул ганц бие гэж үзэх боломжтой талаар хууль зүйн дүгнэлт, тайлбараа хэлсэн.
Гэтэл уг үйлдлийг бодит байдлыг гуйвуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулах” гэмт хэрэг гэж үзэж буй нь огтоос үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж Монгол Улсад ажиллаж буй бүх өмгөөлөгч, прокурор нар хуулийг хэрхэн хэрэглэх талаар шүүхэд саналаа гаргаж улмаар шүүх хэрхэн хэрэглэхээ талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хараат бусаар хөндлөнгийн байр сууринаас шийдвэр гаргадаг гэж ойлгож явдаг.
Хэргийн оролцогчийн худал хэлээд авчихсан, хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үйлдлийг мэдээгүй нь гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолын Э.Т надад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо:
“ ... Г.М, Г.Э би гэрлэлтээ батлуулаагүй. Харин хүүхдүүд маань эцэг Г.М-р овоглодог юм. Буруутгаж байгаа хаягийн тодорхойлолт үйлдсэн, давж заалдах шатны шүүх хуралдаан болсон цаг хугацаа болох 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд, өнөөг хүртэл Г.Э 2 хүүхдийн хамт амьдарсаар л байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдаануудад тодорхой ярьсан.
Шийтгэх тогтоолд үнэлээд байгаа"... Г.М-н мэдүүлэг, багийн хаяг, ам бүлийн бүртгэл...” гэж тодорхойлсноос хаяг, ам бүлийн бүртгэл гэж хэргээс аль баримтуудыг үнэлээд байгаа нь тодорхойгүй байна.Мөн Г.Эийн гэрлэлтээ бүртгүүлээгүй байдал, 2 хүүхдийн хамт амьдарч байсан байдлыг шүүх үнэлэхгүй байгаа нь хэтэрхий нэг талыг буюу яллах байр сууринаас хандаад байгаад гомдолтой байна.
2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч М.М-н “Би шүүгдэгч Г.Э гэх эмэгтэйг таньж байна.2019 оны 10 дугаар сарын 09-нд надаас зөрчилтэй холбоотой асуудлаараа надаас зөвлөгөө авсан. 2 хүүхэдтэйгээ амьдардаг, нөхөр хаяад явсан гэсэн...” гэх энэ мэдүүлэг, Г.Эийн удаа дараа өгсөн мэдүүлгүүдэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
Г.Э нь “2 хүүгийн хамт багийн тоот” амьдардаг гэх мэдээлэл ор үндэсгүй мэдээлэл биш юм.
Түүний хувийн байдал буюу “эцгээрээ овоглодог 2 хүүгийн хамт амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаагүй эхийг Иргэний бүртгэлийн тухай хууль, Халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд тус тус зааснаар “ганц бие эх” гэж үзэх боломжтойд үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү.
Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Г.Эийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгааг анхааран үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний үйлчлүүлэгч Г.Э нь “Ам бүл-3” гэж багийн нийгмийн ажилтнаас хаягийн тодорхойлолт авсан үйлдлээ зөвшөөрдөг.
Энэ хаягийн тодорхойлолт хийж өгсөн М.Д, намайг өмгөөлсөн Э.Т нарыг буруутгаж, хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа нь шударга бус байна. Энэ хүмүүсийг буруутгаж байгаа үндэслэлийг нягтлан үнэн зөвийг ялгаж салгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөлийг нотолбол зохих байдал бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Э.Т нь өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа...Г.Эийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-г зөвлөж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэж,
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүгдэгч Э.Т нь өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр Г.Этэй гэрээ байгуулж, шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгчийн гэр бүлийн байдлын талаар хуурамч баримтыг үндэслэн бодит байдлыг гуйвуулан өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан үйл баримтаар тогтоогдож байна...” гэж тус тус дурджээ.
Тодруулбал, улсын яллагчийн зүгээс гэмт хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 7 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн дотор үйлдэгдсэн гэж шүүхэд шилжүүлснийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд анхан шатны шүүх өөрийн санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг гэмт хэрэг гарсан гэж тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар Прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээ, хязгаарыг хальж, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, газрыг өөрчилж. мөрлөн шалгах ажиллагаа огт явагдаагүй цаг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Улсын яллагчаас сонсгоогүй, огт байхгүй цаг хугацааны үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг зөрчсөн.
Тухайлбал, дээрх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг зөрчиж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь хуулийг ноцтой зөрчил гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчийн мэдүүлэг дангаар яллах мэдүүлэг болохгүй, түүний эх сурвалжийг шалгаж, бусад нотлох баримт, мэдүүлэг, баримт сэлтээр тогтоож байж хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэх учиртай.
Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Г.Эийн яллагдагчаар өгсөн...Т өмгөөлөгч өрхийн эмнэлгээс 2 хүүхдээ эрүүл бойжиж байгаа гэсэн бичиг, багийн засаг даргаас 2 хүүхэдтэйгээ 3-уулаа амьдардаг гэж хэлээд тодорхойлолт авчих...Өмгөөлөгч Т намайг хуурамч бичиг баримт авсныг мэдэж байсан...” гэж мэдүүлснийг бусад ямар эх сурвалжаар нотолж. цагаатгах байр суурийг хэрхэн няцаасан, гэрч М, Д нарын мэдүүлэг, аймагт шүүх хуралтай болон бусад шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрдэнэт хотод байгаагүй талаарх баримтыг үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5-6 удаа гэрч яллагдагчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан Т өмгөөлөгчтэй 10 дугаар сарын 30-ны өдөр уулзаад...хуралд ороод өгөөч гэж хэлсэн...оршин суух хаягийн тодорхойлолтоо 10 дугаар сарын 11-ний өдөр авсан гэх мэдүүлгийн зөрүүг хэрхэн үнэлсэн арилгасан аль мэдүүлгийг үнэн зөв, бусад нотлох баримт, сэлтийг харьцуулан гэм буруутайд тооцсон зэргийг дүгнээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Мөн анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох яллах болон цагаатгах нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хөтөлбөргүй талаас нь баримтыг үнэлээгүй ба яллах баримтыг үндэслэхдээ хэрхэн үнэлж, харьцуулан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна.
Шүүгдэгч Э.Тыг давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нь холбогдуулан зөрчлийн холбогдогч буюу үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн баримтад үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалан гэр бүл гэх ойлголтыг баримтад тулгуурлан тайлбарласан үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Хуульч хуульд харшлахгүй арга хэрэгслээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулна.6.2.Хуульч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалж. шударга ёсыг хангана” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх боломжгүй, үйлчлүүлэгчийн тайлбар. байр суурьтай нь холбоотой нотлох баримтыг тайлбарлах, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон үйлдлийг гэмт хэрэгт тооцох боломжгүй.
Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх талаар: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн нөхцөлийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал, дээрх хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан...” гэсэн агуулгыг буруу тайлбарласан ба шүүхийн шийтгэх тогтоолд “...Э.Т нь Г.Эийг нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон ганц бие эх биш гэдгийг мэдэж байсан. мэдэх бүрэн бололцоотой байсан, шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсэн, мэдэх бололцоотой байсан болох нь тогтоогдож байна” гэж дурдахдаа өмгөөлөгчийг үйлчлүүлэгчийн өрх толгойлсон гэдгийг шалгах, тэрхүү нөхцөл байдлыг тогтоох. багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамч болох талаарх эх сурвалжийг шалгах ажиллагаа явуулаагүй. үүрэгт ажилдаа хайнга хандсан мэтээр дүгнэхдээ илэрхий алдаа гаргаж, хуульд заасан нөхцөл, зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д “Үндэслэлтэйгээр итгэх" гэж тодорхой нөхцөл байдалд хуульч хувийн бодит итгэл дээр тулгуурлан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, үүнийгээ үндэслэлтэйгээр тайлбарлахыг” гэж ойлгохоор тайлбарласан ба шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг, үйлчлүүлэгчийн итгэл дээр тулгуурлан, үндэслэл бүхий тайлбарласныг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.
Мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах тухай ойлголт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэмд заасан хуульчийн хоригловол зохих үйлдэл, эс үйлдэхүй, хязгаарлалтыг зөрчсөн байхыг шаардаж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн ямар зохицуулалтаар багийн Засаг даргын тодорхойлолтыг хуурамч эсэхийг мэдэх, үйлчлүүлэгчийг нөхөртэйгээ хамт амьдардаг нөхцөл байдлыг тодруулах үүрэг байхгүй байгааг шүүх орхигдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүх шүүгдэгч Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйл, хэсгийн санкцад байхгүй ял буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж хууль сахиулагчид, прокурор, шүүхэд гаргаж өгсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл, зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Э, М.Д, Э.Т нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э, М.Д, Э.Т нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.Эийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Дыг хүний хувийн байдлыг гэрчилсэн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Э.Тыг өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Мөн шүүгдэгч М.Дад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Э, Э.Т нарыг зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн байна.
Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, эсхүл хорих ял шийтгэхээр заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эийг тухайн зүйл, хэсэгт заагаагүй ял буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарах тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал үүсэж байна.
Түүнээс гадна шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгавал зохих зүйлсийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайлбал шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын талаар анхан шатны шүүх дүгнэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч М.М, Г.Д нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Эийн өгсөн хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүд болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналын үндэслэл болгосон бусад нотлох баримтууд /шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх баримт гэх мэт/-ыг няцаан үгүйсгэсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Мөн шүүгдэгч Э.Тын үйлдлийн талаар прокурор яллах дүгнэлтдээ “... шүүхийн шийтгэврээр 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгүүлж, шийтгэлийг биелүүлэхийг 7 хоног хойшлуулсан хугацаанд бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Эт “ганц бие эхэд баривчлах шийтгэл оногдуулахгүй, багийн даргаас хоёр хүүхэдтэйгээ амьдардаг гэсэн тодорхойлолт авах”-ыг зөвлөж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан...” гэжээ.
Гэтэл анхан шатны шүүх түүнийг “ ... Г.Эийг нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өрх толгойлсон ганц бие эх биш гэдгийг мэдэж байсан, мэдэх бүрэн бололцоотой байсан, шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтыг хуурамч гэдгийг мэдсэн, мэдэх бололцоотой байсан ...” гэж шүүгдэгчийн холбогдсон үйлдэл холбогдол, цаг хугацааны талаар яллах дүгнэлтэд тусгаснаас өөрөөр дүгнэсэн байна.
Шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.
Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, харин шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул зарим шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэлэлцээгүй орхисныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Б, Б.Б болон шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ