Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2019/00018

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                             Дугаар 218/МА2019/00018                                           Сайнцагаан сум

 

 

 

Б.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00291 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 сарын 1-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд                        гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 9 сарын 16-наас 1995 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, Хөгжил хувьцаат компанид малчин байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн баримт зэргийг үндэслэн дээрх хугацаанд малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.

         Анхан шатны шүүх

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цоохорынхон овогт Бандийн Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие 1986 оны 9 сарын 16-наас 1995 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж шийдвэрлэлгүй нотлох баримт зөрүүтэй, эргэлзээтэй гэдгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Учир нь шүүх хууль сануулж авсан гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй хэрэгт ирүүлсэн өөр байгууллагад ажиллаж байсныг нотолж буй баримтаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хуралдааны шатанд шүүгчээс: та Ханын материалын үйлдвэрийн зуухан цехэд ажиллаж байсан юм уу гэсэн асуултанд би хариуцлахдаа: надад тушаал гарсан боловч би ажиллаагүй, хөдөө мал малласан гэж хариулж, тайлбарласан байхад гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна.

            Мөн нөгөө талаас би нэхэмжлэлийн шаардлагадаа 1995 оны 1 сарын 1-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад ямар үндэслэлээр 1989 оноос 1994 оныг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Бийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг үндэслэн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэв.

   Нэхэмжлэгч Б.Б 1986 оны 9 сарын 16-наас 1995 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, Хөгжил хувьцаат компанид малчин байснаа тогтоолгох шаардлага гаргажээ.

Шүүх 1986-1989 онд Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын Ханын материалын үйлдвэрийн даргын тушаал нь нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 291 тоот шийдвэрийн үндэслэл болсон хэргийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журамд нийцээгүй баримтууд байсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульчилсан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан хуулбар баримтууд нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй байхад шүүх нотлох баримтаар шинжлэн судалж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон уг хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн.

            Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Ханын материалын үйлдвэрийн зуухан цехэд ажиллах тушаалаар томилогдсон боловч ажиллаагүй хөдөө мал малласан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, 1986-1989 оны дээрхи тушаал нь нэхэмжлэлийн нийт шаардлагыг үгүйсгэх үндэслэл болсон нь тодорхойгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль ёсны дагуу бүрдээгүй нотлох баримтын үндсэн дээр гарсан шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00291 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Нэхэмжлэгч Б.Бээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                      ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

                                                                                     Ц.ОТГОНЦЭЦЭГ