Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 218/МА2019/00021

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 18 өдөр                             Дугаар 218/МА2019/00021                                           Сайнцагаан сум

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 дугаар шийдвэртэй,

Г.Бын нэхэмжлэлтэй Ж.Гт хариуцагдах орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг  иргэн Ж.Гт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б

Хариуцагч Ж.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний барилгын зүүн урд талд 14.08 м.кв талбай бүхий өрөөг иргэн Оюунтунгалагаас худалдан авсан. Би энэ байрандаа 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэл оёдол хийж байгаа билээ. Манай хажуу талыг иргэн Ж.Г эзэмшдэг. Бид дундаа коридортой ба нэг гарц бүхий орж гардаг нэг хаалгатай. Гэтэл Г нь 2016 онд уг байрандаа засвар хийж бидний орж гардаг хаалгыг сольж улмаар хаалганы түлхүүрийг ганцаараа эзэмшиж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Өөрөөр хэлбэл засвар хийснээс хойш намайг өөрийнхөө эзэмшлийн өрөөнөөс шууд гарц бүхий хаалга гарга гэдэг болсон ба би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь нэг хаалгаар орж гардаг, нийтээр эзэмших буюу би ч эзэмших, Г ч  эзэмших эрхтэй талбайтай гэж үзэж байгаа тул энэхүү шаардлагыг биелүүлээгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлж орой шөнөөр их сууж ажлаа хийдэг. Би тэр бүрт энэ хүнийг дуудаж хаалгаа онгойлгуулж, орж гарч байгаа нь надад маш ихээр хэцүү байна. Би өөрийн өмчлөлийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байж яагаад хүнд ингэж дарамтлуулж, түүний эрхээр ажлаа хийх ёстой вэ. Г нь сүүлийн үед бүр намайг загнаж хаалга үүдээ тусдаа хий гэж байнга дарамталдаг болоод байна. Иймд бидний орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Гт даалгаж өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

Хариуцагч Ж.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд миний бие Оюунтунгалагаас нийтийн ахуйн үйлчилгээний зүүн жигүүрт байрлах хувь хүний өмчлөлийн байрыг орон сууцны зориулалтаар худалдан авах тохиролцоо хийж, 2009 онд байрны зээл маань бүтэж, худалдан авч өмчилсөн болно. Байрны эзэн зарахдаа Б нь зөвхөн тэр жижиг өрөөг гадагшаа хаалга гаргаж авмаар байна гээд гуйгаад байгаа юмаа гэж хэлсэн. Б ч мөн гадагшаа гаргаж өргөтгөл хийж ашиглах болно гэж амалсны дагуу бид тухайн үед зөвшөөрч, нэгэн зэрэг гэрээ хийж, гэрчилгээнээс тухайн өрөөний хэмжээгээр таслан өгч, худалдан авах гэрээ хийсэн болно. Анхнаасаа тусдаа хаалга гаргана гэж тохиролцоогүй бол бид тус худалдан авах гэрээг хийхгүй байх байсан. Энэ талаар миний ээж Жигдэн, зарсан Оюунтунгалаг, Б нар бүгд маш сайн мэдэж байгаа болно.

Иргэн Б нь гадагшаа хаалга гарган ашиглах болно гэж амалсан амлалтандаа хүрээгүйн зэрэгцээ, хүний хуулиар өмчилж авсан газрыг худал хэлж, удаа дараа хууран мэхэлж явсаар өнөөдөр хамтран ашиглах гэж буй шудрага бус нэхэмжлэл, хүний итгэл эвдэн гаргаж буй ёс зүйгүй үйлдэлд нь миний бие маш их гомдолтой байна.

Бид тохиролцсон ёсоороо хаалгаа гаргахыг удаа дараа сануулсан боловч Б нь өвчин зовлон, ар гэр, мөнгөний асуудал хэцүү байна хүлээж байгаарай гэж явсаар өнөөдрийг хүргэсэн. Эцэст нь хүний сайхан сэтгэлээр тохуурхаж эрээ цээргүй аашилж, хүний өмчийг хамтран эзэмших хууль бус шаардлага гаргаж байгааг нь ойлгохгүй байна.

Хүүхдийн хөгжлийн орчинд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй Б нь бидний тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, дотроо задгай бие засах өрөөтэй ба зориулалтын бус орчинд оёдол эсгүүр хийж, хоол унд хийж иддэг. Жижиг өрөөнд 3-4 оёдолчинд ширээгээ түрээслүүлж, өөрөө хамт суудаг болно. Маш жижиг өрөөнд олуулаа, агааргүй орчинд индүү ба цавуу, цавуутай наалтны үнэр нь байнга үнэртэж хоолой хорсгож, хамар загатнах, нүд улайлгаж, харшил хөдөлгөдөг бөгөөд “Хаалгаа хаа” гэсэн шаардлага хүлээж авдаггүй байнга дэлгээтэй, бараа материал нь газраар хөглөрсөн, тоосжилт ихтэй, бие засах өрөө нь ил задгай харагддаг нь манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй болоод манай үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж байна. Хамгийн хэцүү нь энэ байдал нь бидний болоод хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, мэдлэг боловсролтой эцэг эхчүүд гомдол гаргадаг. Хаалгаа нээгээд маш чангаар инээж хөхрөлддөг, мөн гадаа хийх зориулалттай төмөр хаалгыг дотор хийсэн нь нээж хаагдахдаа маш чанга чимээ гарч хүүхдийн анхаарал сарних, хүүхэд цочих зэрэг хүндрэлтэй асуудал маш их байна.

2011 онд биднийг засвар хийснээс хойш Б болон түүний оёдолчид нь өнөөдрийг хүртэл бидний талбайг чөлөөтэй, үнэ төлбөргүй ашиглаж ирсэн ба халаалт, тог, цэвэрлэгээнд нэг ч төгрөг төлөөгүй ирсэн. 2016 оны их засварын дараагаас тэдний үйлчлүүлэгчдийнх нь тоо эрс өсч, өдөр шөнөгүй энэ байрандаа хонон өнжин, шөнө дунд хүртэл сууж ажиллах болсноос үүдэлтэй манай үйл ажиллагаанд саад болох олон асуудлууд гарч ирсэн. Үүнд: Хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчтэй цавуу болон халсан индүүний үнэр, чанга дуу чимээ, гадна хаалга түгжих, цэвэрлэгээ хийх, халаалт болон гэрлийн мөнгө төлөхтэй холбоотой асуудлуудаас эхлээд маш олон асуудал байгаа. Бид энэ асуудлыг удаа дараа сануулсан боловч би удахгүй хаалгаа гарганаа, хүлээж бай гэж хуурсаар ирсэн болно. Харин ч эсэргээрээ миний биед болоод манай үйлчлүүлэгчдэд учруулж буй хүндрэлтэй асуудлаар би л гомдол гаргах ёстой гэж бодож байна гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар нэхэмжлэгч Б овгийн Гийн Б /ЗЮ/-ын орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг  иргэн Ж.Гт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Б давж заалдах гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Миний бие шүүхэд Нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг иргэн Ж.Гт даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “ зохигчдын дундын эзэмшлийн талбай мөн болох эсэх талаар маргаж буй коридор нь хариуцагч Ж.Гын өмчлөлийн талбай болох нь нотлогдож байна" гэж дүгнэсэн. Хариуцагч Ж.Г нь 5 өрөө орон сууц Оюунтунгалаг гэдэг хүнээс худалдан авсан болохоос биш орц гарц болох коридорыг худалдан авсан талаар ямар ч баримт байхгүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг гаргасан нь хууль бус байна.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Гэрч С.Оюунтунгалаг нь “анх худалдахдаа гарц, хонгилын талаар ямар ч яриа хийгээгүй, бидэнд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй... гэж мэдүүлсэн нь хариуцагчаас ирүүлсэн С.Оюунтунгалаг, Ж.Г нарын хооронд байгуулсан 2009 оны 8 сарын 17-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр үгүйсгэгдэж, гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэж дүгнэсэн. Гэрч С.Оюунтунгалаг нь нэг гарцтай талаар мэдүүлсэн, гэрээ хийгээгүй талаар санахгүй байж ч болно. Учир нь үйл явдал 10 гаран жилийн өмнө болсон.

Шүүхээс маргаан бүхий газарт очиж үзлэг хийхэд нэг гарцтай талаар үзэж харсан атлаа нэхэмжлэгчийг ямар хаалгаар, ямар гарцаар орж гарах боломжтой гэж үзэж ийм шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл би ажлын байрандаа орж өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийн тулд цонхоороо орох уу, эсвэл нисж орох уу. Анхан шатны шүүх коридорын хэрэглээний зардлыг Г төлдөг учраас энэ Гын өмч байна гэж ямар ч үндэслэлгүй дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-т заасан зохицуулалт хэрэгжих ёстой гэж тайлбарлан мэтгэлцэж байх ёстой гэж мэтгэлцэж байх боловч энэ нь хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг, хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийн тухайд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт байх ба орон сууц бусад үл хөдлөх хөрөнгийн талбай ашиглах эсэх талаар маргаанд дээрхи хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иргэний хуулийн 140.1-д “Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй” гэж хуульчилсан. Энэ хуулийн заалтыг яагаад орон сууц бусад үл хөдлөх хөрөнгийн талбай ашиглалтанд хэрэглэхгүй байгаа нь ойлгомжгүй.

Улсын дээд шүүхийн 2010 оны 16 дугаар тогтоолоор 1.Иргэний хуулийн /цаашид хуулийн гэх/ 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан “хөрш залгаа эд хөрөнгө”-д “хил залгаа эзэмшил газар” буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас “бусад үл хөдлөх эд хөрөнгө” хамаарна. 2.Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан “нөлөөлөл” гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно 4.Хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т заасан “хөрш залгаа газар” гэдэгт Газрын тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зорилгоор олгосон, хилээр хязгаарлагдсан, тодорхой эзэмшигч, ашиглагч, өмчлөгчтэй, оноосон дугаартай, кадастрт тусгагдсан, хил залгаа болон хил залгаа биш боловч харилцан нөлөөлөл бүхий эдлэн газар, барилга байгууламж буюу түүний хэсгүүдийг ойлгоно гэж тайлбарласаар байхад шүүхийн шийдвэрт “орон сууц бусад үл хөдлөх хөрөнгийн талбай ашиглах эсэх талаар маргаанд дээрхи хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй” гэж буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан.

Мөн хариуцагч Ж.Г нь “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулан үнийг төлсөнөөр Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар орон сууц дангаар өмчлөх эрх үүсжээ” гэж, “ зохигчдын дундын эзэмшлийн талбай мөн болох эсэх талаар маргаж буй коридор нь хариуцагч Ж.Гын өмчлөлийн талбай болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Бын гомдолд үндэслэн Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 тоот шийдвэрийг хянан үзэв. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан журмыг баримталсан болно.

Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь хэрэглэгдэх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж гарсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь мөнгөн илэрхийллээр хэмжигдэх хохирлын талаар нэхэмжлэлдээ дурьдаагүй боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болоод байгаа хариуцагчийн хууль бус үйлдлийг зогсоохыг хүссэн байх бөгөөд энэхүү шаардлага нь Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-ийн 9.4.2-т заасан заалтанд хамаарч байх тул шүүх энэхүү шаардлага нэхэмжлэлийг хүлээн авах үндэстэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэстэй ч холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Г.Б нь коридорийг нийтийн эзэмшлийн талбай болохыг тогтоолгох, гаднах хаалгыг чөлөөтэй эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Гт даалгах гэсэн үндэслэлээр шүүхэд ханджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 заалтыг зөвхөн өмчлөгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэдэгт үндэслэн хуулийн заалтыг бүрэн зөв тайлбарлалгүй буруу ойлгож хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Маргаан бүхий обьект нь Нийтийн аж ахуй үйлчилгээний зориулалттай барилга байсныг Г.Б, Ж.Г нар өөр өөрийн хүссэн хэсэг тус бүрийг хуучин хууль ёсны өмчлөгчөөс шилжүүлэн авч өмчилсөн гэдгээ нотолж тус бүрдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шүүхэд ирүүлжээ.

Хоёр этгээдийн хувьд өмчлөгч байх нь маргаангүй тодорхой байна. Өмчлөгчдийн хувьд өөрсдийн өмчлөлийн зүйлийн хувьд маргаангүй бөгөөд гагцхүү өмчлөгчдийн гарах ороход зориулсан коридор болон гарах хаалгыг чөлөөтэй ашиглах эсэх асуудал дээр маргажээ.

Нэхэмжлэгч уг коридорыг нийтийн эзэмшлийн талбай гэж маргасан ч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэх үндэстэй байна.

Хариуцагч Ж.Гын хувьд уг коридор гадна хаалгыг өөрийн хөрөнгөөр зассан өөрийн өмчлөлийн талбай гэж маргаж байгаа ч үүнийг нотолж чадаагүй, өмчлөлийн талбайн схем зургийг эрх бүхий этгээдээр хийлгэснээ шүүхэд ирүүлсэн байх боловч энэ нь шүүхийн зүгээс хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байхаас гадна Ж.Гын зүгээс тайлбарласан өмчлөлийн талбайн хэмжээ нь эрс зөрүүтэй байна.

Иймд маргаж буй үүдний коридор, үүдний шат, гарах хаалгыг хэн аль нь өмчлөх талаар нотлогдсон зүйлгүй тул хуульд заасан журмыг шүүх баримтлан үзэх нь зүйтэй болно.

Г.Б нь өмчлөлийн өрөөгөө оёдол хийхээр авсан зориулалтаар нь ашиглаж байгаа бол Ж.Г нь өмчлөлийн өрөөнүүдээ орон сууц болон сургалтын зориулалтаар ашиглаж байна. Нэгэнт орон сууц гэж ашиглаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн холбогдох заалтыг төсөөтэй хэрэглэх үндэстэй гэж шүүх үзэв. Монгол Улсын Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна” гэж заасныг баримтлан үүдний коридор, гарах хаалга зэрэг нь дундын өмчлөлд хамаарах үндэстэй. Гэвч нэхэмжлэгч Г.Б нь нийтийн зориулалттай өмч гэж тогтоолгох нэхэмжлэлээсээ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр татгалзсан болно.

Нэхэмжлэгчийн гаднах хаалгыг чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Гт даалгах нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Анхан шатны шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасан заалтыг хэрэглэхдээ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор эрхээ хэрэгжүүлэх заалтыг орхигдуулан хуулийг буруу тайлбарлаж өмчлөгчдийн тэгш эрхийн зарчмыг зөрчжээ.

Иймд хуулийн дээрхи заалтыг хууль зүйн дагуу зөвтгөн хэрэглэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх чөлөөт боломжийг олгох асуудлыг хариуцагч Ж.Гт даалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтов.

Өмчлөгч нь өмчлөлийн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг хүндэтгэхээс гадна тэдэнд аливаа нэгэн саад бэрхшээлийг хуулийн үндэслэлгүйгээр учруулах ёсгүй. Хуульд заасан тэгш эрхийн зарчмыг хангах үүднээс өмчлөгчид тэнцүү эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэргийн 59-61-р хуудсанд авагдсан үзлэгийн тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Үзлэг хийх ажиллагаа нь уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан журмын дагуу явагдаж, үзлэгийн ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэл нь хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 51.5, 51.7-д нийцэж байх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгөх талаар хуульчилжээ.

Үзлэгийг хаана хийсэн өөрөөр хэлбэл Нийтийн аж ахуй үйлчилгээний байрны аль хэсэгт хийсэн болох нь тодорхойгүй, түүнчлэн үзлэг хийснээр илэрсэн нөхцөл байдал тодорхойгүй, хөндлөнгийн 2 гэрчээс үзлэг явагдсаны дараа түүнийг байлцуулан хийсэн үзлэгийн явц, үр дүнг баталгаажуулж өгөх талаар асуулт асуугаагүй, санал гаргах эрхийг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул хавтаст хэргийн 59-62 дугаар хуудсанд авагдсан үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлогооны хэрэгслээр үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг магадлал хүчин төгөлдөр болмогц шүүгчийн захирамжаар буцаан олгохыг тэмдэглэж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Бын өмчлөх эрхэд саад болж байгаа Ж.Гын үйлдлийг таслан зогсоож, иргэн Г.Быг өөрийн өмчөө чөлөөтэй эзэмших боломжинд саад болохгүй байхыг хариуцагчид даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
  2. Нэхэмжлэгч Г.Б нь нийтийн зориулалттай өмч гэж тогтоолгох нэхэмжлэлээсээ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгосугай.
  4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                             Т.БЯМБАЖАВ  

 

                                                       Ш.ТӨМӨРБААТАР