Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00227

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 дугаар шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 218/МА2019/00021 дугаар магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

Ж.Нарангаравт холбогдох,

Орж, гардаг коридорыг нийтийн эзэмшлийн талбай болохыг тогтоолгох, гадна хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоох, чөлөөтэй ашиглуулахыг иргэн*******т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний барилгын зүүн урд талд 14.08 м.кв талбай бүхий өрөөг иргэн Оюунтунгалагаас худалдан авсан. Манай хажуу талыг иргэн******* эзэмшдэг. Бид дундаа коридортой ба нэг гарц бүхий орж гардаг нэг хаалгатай. Гэтэл Нарангарав нь 2016 онд уг байрандаа засвар хийж бидний орж гардаг хаалгыг сольж улмаар хаалганы түлхүүрийг ганцаараа эзэмшиж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Өөрөөр хэлбэл засвар хийснээс хойш намайг өөрийнхөө эзэмшлийн өрөөнөөс шууд гарц бүхий хаалга гарга гэдэг болсон ба би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь нэг хаалгаар орж гардаг, нийтээр эзэмших буюу би ч эзэмших, Нарангарав ч эзэмших эрхтэй талбайтай гэж үзэж байгаа тул энэхүү шаардлагыг биелүүлээгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлж орой шөнөөр их сууж ажлаа хийдэг. Би тэр бүрт энэ хүнийг дуудаж хаалгаа онгойлгуулж, орж гарч байгаа нь надад маш ихээр хэцүү байна. Би өөрийн өмчлөлийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байж яагаад хүнд ингэж дарамтлуулж, түүний эрхээр ажлаа хийх ёстой вэ. Нарангарав нь сүүлийн үед бүр намайг загнаж хаалга үүдээ тусдаа хий гэж байнга дарамталдаг болоод байна. Иймд бидний орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг иргэн*******т даалгаж өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч*******ын шүүхэд гаргасан тайлбарт: ...2008 онд миний бие Оюунтунгалагаас нийтийн ахуйн үйлчилгээний зүүн жигүүрт байрлах хувь хүний өмчлөлийн байрыг орон сууцны зориулалтаар худалдан авах тохиролцоо хийж, 2009 онд байрны зээл маань бүтэж, худалдан авч өмчилсөн болно. Байрны эзэн зарахдаа Батжаргал нь зөвхөн тэр жижиг өрөөг гадагшаа хаалга гаргаж авмаар байна гээд гуйгаад байгаа юмаа гэж хэлсэн. Батжаргал ч мөн гадагшаа гаргаж өргөтгөл хийж ашиглах болно гэж амалсны дагуу бид тухайн үед зөвшөөрч, нэгэн зэрэг гэрээ хийж, гэрчилгээнээс тухайн өрөөний хэмжээгээр таслан өгч, худалдан авах гэрээ хийсэн болно. Анхнаасаа тусдаа хаалга гаргана гэж тохиролцоогүй бол бид тус худалдан авах гэрээг хийхгүй байх байсан. Энэ талаар миний ээж Жигдэн, зарсан Оюунтунгалаг, Батжаргал нар бүгд маш сайн мэдэж байгаа болно. Иргэн Батжаргал нь гадагшаа хаалга гарган ашиглах болно гэж амалсан амлалтандаа хүрээгүйн зэрэгцээ, хүний хуулиар өмчилж авсан газрыг худал хэлж, удаа дараа хууран мэхэлж явсаар өнөөдөр хамтран ашиглах гэж буй шудрага бус нэхэмжлэл, хүний итгэл эвдэн гаргаж буй ёс зүйгүй үйлдэлд нь миний бие маш их гомдолтой байна. Бид тохиролцсон ёсоороо хаалгаа гаргахыг удаа дараа сануулсан боловч Батжаргал нь өвчин зовлон, ар гэр, мөнгөний асуудал хэцүү байна хүлээж байгаарай гэж явсаар өнөөдрийг хүргэсэн. 2011 онд биднийг засвар хийснээс хойш Батжаргал болон түүний оёдолчид нь өнөөдрийг хүртэл бидний талбайг чөлөөтэй, үнэ төлбөргүй ашиглаж ирсэн ба халаалт, тог, цэвэрлэгээнд нэг ч төгрөг төлөөгүй ирсэн. 2016 оны их засварын дараагаас тэдний үйлчлүүлэгчдийнх нь тоо эрс өсч, өдөр шөнөгүй энэ байрандаа хонон өнжин, шөнө дунд хүртэл сууж ажиллах болсноос үүдэлтэй манай үйл ажиллагаанд саад болох олон асуудлууд гарч ирсэн. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Галсандоржийн Батжаргал /ЗЮ59050663/-ын орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг иргэн*******т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 218/МА2019/00021 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч *******ын өмчлөх эрхэд саад болж байгаа*******ын үйлдлийг таслан зогсоож, иргэн *******ыг өөрийн өмчөө чөлөөтэй эзэмших боломжинд саад болохгүй байхыг хариуцагчид даалгасугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* нь нийтийн зориулалттай өмч гэж тогтоолгох нэхэмжлэлээсээ давж заалдах шатны шүүх хуралдаан дээр татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч*******, түүний өмгөөлөгч Д.Дарьсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх маргаж буй коридорыг нийтийн эзэмшлийн талбай мөн гэдгийг нэхэмжлэгч тал нотлож чадаагүй үүдний коридор, үүдний шат, гарах хаалгыг хэн аль нь өмчлөх талаар нотлогдсон зүйл байхгүй хэмээн дүгнэжээ. Маргаж буй үүдний коридорын хэсэг нь хариуцагч*******ын өмч болох нь хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0814000548 дугаартай гэрчилгээгээр нотлогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас*******ын одоо амьдарч байгаа орон сууцны талбайн хэмжээнд үүдний коридорын хэсэг багтаж байгаа талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч дугнэлтийг хэмжилт хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллага гаргана гэдэг үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан байдаг. Ингээд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа бүрдүүлэхээр Мандал харш ХХК-иар*******ын сууцны барилгад хэмжилт хийлгэхэд үүдний коридорын хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнд багтаж байгаа болох нь хэмжилтийн зургаар нотлогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтыг шүүхийн зүгээс хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байхаас гадна*******ын зүгээс тайлбарласан өмчлөлийн талбайн хэмжээ эрс зөрүүтэй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийлээ. Хариуцагчийн гаргасан баримтыг нэхэмжлэгч тал эс зөвшөөрвөл түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд уг баримтыг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бидний орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гадна хаалгыг чөлөөтэй ашиглаж эзэмших эрхтэй болохыг тогтоож чөлөөтэй ашиглуулахыг иргэн*******т даалгах тухай нэхэмжлэл бөгөөд шүүх нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай. Харин*******ын өмчлөлийн орон сууцны хэмжээнд маргаж байгаа үүдний хэсгийн тапбайн хэмжээ хангалттай багтаж байгаа нь ач холбогдолтой болохоос хэмжилт хийсэн зураглалаас их байх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй үйл баримт юм. Хэрэгт анх байрыг худалдаж авах үеийн гэрэл зураг, түүнийг******* өөрийн зардлаар засвар хийж тохижуулан улмаар өнөөдрийг хүртэл тэр хэсгийн халаалт, цахилгааны зардлыг дангаараа төлж байгаа талаар хангалттай баримт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ******* нь дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Шүүх Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон бууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байна гэж заасныг баримтлан үүдний коридор, гарах хаалга зэрэг нь дундын өмчлөлд хамаарах үндэстэй гэж Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Орон сууц хувьчлах тухай хууль-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт "нийтийн зориулалттай орон сууцны байшин" гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ гэж заасан байна.******* болон ******* нар нь өөрсдийн худалдаж авсан эд хөрөнгөө өөр өөр зориулалтаар ашиглахаар гэрчилгээ авсан бөгөөд дээрх байшин нь бүхэлдээ нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамаарахгүй ба маргаж байгаа талбай нь*******ын дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарах юм. Нэхэмжлэгч нь нийтийн зориулалттай өмч гэж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлээс түүний өмгөөлөгч Х.Отгонжаргал татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтад нийцээгүй ба давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******,*******т холбогдуулан орж, гардаг коридорыг нийтийн эзэмшлийн талбай болохыг тогтоолгох, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, чөлөөтэй ашиглуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ тайлбарлахдаа, ...бид нэг хаалгаар орж гардаг, үүдний коридор, хаалга нь адил эзэмшиж, ашиглах нийтийн эзэмшлийнх, хариуцагч хаалга цоожилж түлхүүрийг өгөхгүй орж гарахад саад болж байна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, ...С.Оюунтунгалагаас 171.92 м.кв талбай бүхий 5 өрөө худалдан авсан, уг талбайд коридор багтдаг тул миний өмч, ...нэхэмжлэгч анх гадагшаа тусдаа хаалга гаргана гэж тохирч 1 өрөөг худалдан авсан... гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, ...коридор нь хариуцагчийн өмч болох нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ...коридор... нийтийн эзэмшлийнх биш, зохигч хэн аль нь өмчлөх эрхтэй нь тогтоогдоогүй, ...сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйл гэх үндэслэлтэй гэж дүгнэн нийтийн зориулалттай өмч болохыг тогтоолгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг дурдаж, *******ын өмчлөх эрхэд саад болж байгаа*******ын үйлдлийг таслан зогсоож, иргэн *******ыг өөрийн өмчөө чөлөөтэй эзэмших боломжинд саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Нэхэмжлэгч ******* нь орж, гардаг коридорыг нийтийн эзэмшлийн талбай болохыг тогтоолгох, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, чөлөөтэй ашиглуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан атал давж заалдах шатны шүүх анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа, *******ын өмчлөх эрхэд саад болж байгаа*******ын үйлдлийг таслан зогсоож, өөрийн өмчөө чөлөөтэй эзэмших боломжид саад болохгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлийн 118.5-д заасантай нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй гэж үзнэ.

Иймд магадлалыг хүчингүй болгоно.

2. Барилгад орж гардаг коридор, хаалгыг хариуцагчийн өмч гэж анхан шатны шүүх үзсэн үндэслэл тодорхой бус байна

Дундговь аймгийн Сайнцагаан сум, 7-р баг, Буяннэмэхийн гудамж НАҮ-н байр хаягт байрлах барилгын зүүн талын хэсгийн 1 давхарын 14.08 м.кв талбай бүхий 1 өрөөг нэхэмжлэгч, 171.92 м.кв 5 өрөөг хариуцагч тус тус өмчилж улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай гэрчилгээ хэрэгт авагджээ.

Эдгээр үл хөдлөх эд хөрөнгө өмнө нь С.Оюунтунгалагийн буюу нэг хүний өмчлөлд байсан, түүнээс нэхэмжлэгч, хариуцагч нар 2006 онд салгаж худалдан авсан, үүдний коридор, гарах хаалга нь нэг болох, нэхэмжлэгчийн өмчилж буй 1 өрөө нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хэмжээгээр буюу 14.08 м.кв талбай бодитоор байгааг зохигч маргаагүйг анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан байна.

С.Оюунтунгалаг болон******* нарын хооронд 2009.08.17-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнд /хх-69-р тал/ 186 м.кв талбай бүхий 6 өрөөнөөс 171.92 м.кв талбайтай 5 өрөөг таслан худалдах гэж заасан, зохигчийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээнд заагдсан талбайн хэмжээ нийт 186 м.кв байгаа боловч хариуцагчийн өмчилж буй талбай бодит байдалд хэдэн м.кв, үүнд орж гардаг коридор багтаж байгаа эсэх нь тодорхой болоогүй байна.

Тухайлбал, С.Оюунтунгалаг гэрчийн мэдүүлэг өгөхдөө коридорын хэсгийг худалдаагүй гэсэн, Мандал харш ХХК хэмжилт хийж хариуцагчийн эзэмшиж буй нийт талбайг 158.25 м.кв гэж дүгнэлт гаргасан, үүнд хөлийн өрөө 8.72 м.кв гэж заасан нь маргааны зүйл болсон коридор эсхүл өөр талбай эсэх нь тодорхойгүй, эдгээр зөрүүтэй баримт хэрэгт авагдсныг шүүх анхаараагүй байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө анх улсын бүртгэлд нийт хэдэн м.кв талбайтайгаар С.Оюунтунгалагийн өмчлөлд бүртгэгдсэн, коридорын хэсэг уг талбайд багтаж байгаа эсэх нь тодорхой бус, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүйг шүүх тодруулах байжээ.

Дээрхээс гадна хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт барилгад шинээр хаалга гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна гэжээ.

Харин уг дүгнэлтэд зөвшөөрөл авсан тохиолдолд хаалга гаргах боломжтой эсхүл хаалга гаргах боломжгүй тул зөвшөөрөөгүй аль нь болохыг тодорхой заагаагүй, энэ байдлыг шүүх тодруулаагүй байна. Иймээс шийдвэрийг хүчингүй болгов.

Шүүх эдгээрийг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд хийвэл зохих дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохихыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 139/ШШ2019/00307 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 218/МА2019/00021 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч******* хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 70.200 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 70.200 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                             ШҮҮГЧИД                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                       Х.СОНИНБАЯР

                                                                                                                                       Д.ЦОЛМОН