Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн                                 тоотод оршин суух, Боржигон овгийн Гийн Б /РД:ЗЮ/-ын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн                        тоотод оршин суух Бэхийн өндөр овгийн Жийн Н /ЗЮ/-т холбогдох орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгох, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Нт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Хариуцагч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Б миний бие 1959 онд төрсөн, оёдолчин мэргэжилтэй. Миний бие аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний барилгын зүүн урд талд 14.08 м.кв  талбай бүхий өрөөг иргэн Хаас худалдан авсан. Би энэ байрандаа 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэл оёдол хийж байгаа билээ. Манай хажуу талыг иргэн Ж.Н эзэмшдэг. Бид дундаа коридортой ба нэг гарц бүхий орж гардаг нэг хаалгатай. Гэтэл Н нь 2016 онд уг байрандаа засвар хийж бидний орж гардаг хаалгыг сольж улмаар хаалганы түлхүүрийг ганцаараа эзэмшиж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна. Өөрөөр хэлбэл засвар хийснээс хойш намайг өөрийнхөө эзэмшлийн өрөөнөөс шууд гарц бүхий хаалга гарга гэдэг болсон ба би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь нэг хаалгаар орж гардаг, нийтээр эзэмших буюу би ч эзэмших, Н ч  эзэмших эрхтэй талбайтай гэж үзэж байгаа тул энэхүү шаардлагыг биелүүлээгүй. Би хувиараа хөдөлмөр эрхэлж орой шөнөөр их сууж ажлаа хийдэг. Би тэр бүрт энэ хүнийг дуудаж хаалгаа онгойлгуулж, орж гарч байгаа нь надад маш ихээр хэцүү байна.  Би өөрийн өмчлөлийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж байж яагаад хүнд ингэж дарамтлуулж, түүний эрхээр ажлаа хийх ёстой  вэ. Нарангарав нь сүүлийн үед бүр намайг загнаж хаалга үүдээ тусдаа хий гэж байнга дарамталдаг болоод байна. Иймд бидний орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Нт даалгаж өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан тайлбартаа:  2008 онд миний бие Оаас нийтийн ахуйн үйлчилгээний зүүн жигүүрт байрлах хувь хүний өмчлөлийн байрыг орон сууцны зориулалтаар худалдан авах тохиролцоо хийж, 2009 онд байрны зээл маань бүтэж, худалдан авч өмчилсөн болно. Байрны эзэн зарахдаа Б нь зөвхөн тэр жижиг өрөөг гадагшаа хаалга гаргаж авмаар байна гээд гуйгаад байгаа юмаа гэж хэлсэн. Б ч мөн гадагшаа гаргаж өргөтгөл хийж ашиглах болно гэж амалсны дагуу бид тухайн үед зөвшөөрч, нэгэн зэрэг гэрээ хийж, гэрчилгээнээс тухайн өрөөний хэмжээгээр таслан өгч, худалдан авах гэрээ хийсэн болно. Анхнаасаа тусдаа хаалга гаргана гэж тохиролцоогүй бол бид тус худалдан авах гэрээг хийхгүй байх байсан. Энэ талаар миний ээж Ж, зарсан О, Б нар бүгд маш сайн мэдэж байгаа болно.

Иргэн Б нь гадагшаа хаалга гарган ашиглах болно гэж амалсан амлалтандаа хүрээгүйн зэрэгцээ, хүний хуулиар өмчилж авсан газрыг худал хэлж, удаа дараа хууран мэхэлж явсаар өнөөдөр хамтран ашиглах гэж буй шудрага бус нэхэмжлэл, хүний итгэл эвдэн гаргаж буй ёс зүйгүй үйлдэлд нь миний бие маш их гомдолтой байна.

Бид тохиролцсон ёсоороо хаалгаа гаргахыг удаа дараа сануулсан боловч Батжаргал нь өвчин зовлон, ар гэр, мөнгөний асуудал хэцүү байна хүлээж байгаарай гэж явсаар өнөөдрийг хүргэсэн. Эцэст нь хүний сайхан сэтгэлээр тохуурхаж эрээ цээргүй аашилж, хүний өмчийг хамтран эзэмших хууль бус шаардлага гаргаж байгааг нь ойлгохгүй байна.

Хүүхдийн хөгжпийн орчинд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй Б нь бидний тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, дотроо задгай бие засах өрөөтэй ба зориулалтын бус орчинд оёдол эсгүүр хийж, хоол унд хийж иддэг. Жижиг өрөөнд 3-4 оёдолчинд ширээгээ түрээслүүлж, өөрөө хамт суудаг болно.

Маш жижиг өрөөнд олуулаа, агааргүй орчинд индүү ба цавуу, цавуутай наалтны үнэр нь байнга үнэртэж хоолой хорсгож, хамар загатнах, нүд улайлгаж, харшил хөдөлгөдөг бөгөөд “Хаалгаа хаа” гэсэн шаардлага хүлээж авдаггүй байнга дэлгээтэй, бараа материал нь газраар хөглөрсөн, тоосжилт ихтэй, бие засах өрөө нь ил задгай харагддаг нь манайхаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн эрүүл ахуй болоод манай үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж байна. Хамгийн хэцүү нь энэ байдал нь бидний болоод хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, мэдлэг боловсролтой эцэг эхчүүд гомдол гаргадаг.

Хаалгаа нээгээд маш чангаар инээж хөхрөлддөг, мөн гадаа хийх зориулалттай төмөр хаалгыг дотор хийсэн нь нээж хаагдахдаа маш чанга чимээ гарч хүүхдийн анхаарал сарних, хүүхэд цочих зэрэг хүндрэлтэй асуудал маш их байна.

2011 онд биднийг засвар хийснээс хойш Б болон түүний оёдолчид нь өнөөдрийг хүртэл бидний талбайг чөлөөтэй, үнэ төлбөргүй ашиглаж ирсэн ба халаалт, тог, цэвэрлэгээнд нэг ч төгрөг төлөөгүй ирсэн. 2016 оны их засварын дараагаас тэдний үйлчлүүлэгчдийнх нь тоо эрс өсч, өдөр шөнөгүй энэ байрандаа хонон өнжин, шөнө дунд хүртэл сууж ажиллах болсноос үүдэлтэй манай үйл ажиллагаанд саад болох олон асуудлууд гарч ирсэн. Үүнд: Хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчтэй цавуу болон халсан индүүний үнэр, чанга дуу чимээ, гадна хаалга түгжих, цэвэрлэгээ хийх, халаалт болон гэрлийн мөнгө төлөхтэй холбоотой асуудлуудаас эхлээд маш олон асуудал байгаа. Бид энэ асуудлыг удаа дараа сануулсан боловч би удахгүй хаалгаа гарганаа, хүлээж бай гэж хуурсаар ирсэн болно. Харин ч эсэргээрээ миний биед болоод манай үйлчлүүлэгчдэд учруулж буй хүндрэлтэй асуудлаар би л гомдол гаргах ёстой гэж бодож байна гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Б нь Ж.Нт холбогдуулан орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгох,  гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Нт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

 

1.Хэрэгт цугларсан нэхэмжлэгчийн тайлбар, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Ү-0814000548 /хх-ийн 27-рт/, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний “Ган-Илч” ХХК-ий 2019 оны 2 сарын 21-ний өдрийн В/06 дугаартай албан бичиг /хх-ийн 39-рт/, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбарын 2019 оны 6 сарын 12-ны өдрийн 113 дугаартай албан бичиг /хх-ийн 40-рт/, Мандал харш ХХК-ий хийсэн “Дундговь аймаг, Сайнцагаан сумын 7-р багийн иргэн Ж.Нын сууцны барилгын хэмжилтийн зураг” /хх-ийн 41-43-рт/, гэрч Ж.Жийн мэдүүлэг /хх-ийн 53-54-рт/, “Үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 56-58-рт/, орон сууц худалдах худалдан авах гэрээ /хх-ийн 66-рт/ баримтуудаар зохигчийн дундын эзэмшлийн талбай мөн болох эсэх талаар маргаж буй коридор нь хариуцагч Ж.Нын өмчлөлийн талбай болох нь нотлогдож байна.

Гэрч С.О нь “Анх худалдахдаа гарц, хонгилын талаар ямар ч яриа хийгээгүй, бидэнд худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, найзуудын хувиар л өгч авалцсан юм. Гадагш гарах нэг л гарцтай. Өрөөнүүдэд ямар ч хэмжилт хийгдээгүй, коридорын асуудал огт яригдаагүй, тухайн үед тохирсон зүйл байхгүй. Зүгээр л гадагш гарах коридор л байгаа юм. Худалдахдаа бол би хэн хэнд нь тэрний өмч гэж тохирч зарсан зүйл байхгүй. Сүүлд гарчилгээгээ яаж гаргасан эсэхийг нь сайн мэдэхгүй байна” /хх-ийн 51-рт/ гэж мэдүүлжээ. Эндээс харахад маргаж буй коридор нь зохигчийн дундын эзэмшлийн талбай байж болохоор байх боловч мэдүүлэгт “худалдах худалдан авах гэрээ хийгээгүй” тухай мэдүүлсэн нь  хариуцагчаас ирүүлсэн С.О, Ж.Н нарын хооронд 2009 оны 8 сарын 17-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр /хх-ийн 66-рт/ үгүйсгэгдэж, гэрчийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

2.Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд /хх-ийн 2-рт/ “...Дээрхи 2 иргэний худалдан авсан байрууд нь 1 гол хаалгаар ордог байсан бөгөөд уг орц гарц нь анх нийтийн эзэмшилд байсан байна” гэсэн байх ба “Дүгнэлт” хэсэгт уг барилгад хаалга шинээр гаргах, өргөтгөх, үндсэн бүтээцэд өөрчлөлт оруулах ажлыг зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэх шаардлагатай тухай заажээ. Өөрөөр хэлбэл энэхүү баримтаар талуудын маргаж буй талбай болох коридор нь анх нийтийн эзэмшлийн талбай байсан болохыг дурдсан боловч одоо нийтийн эзэмшлийн талбай болохыг тогтоож дүгнэлт гаргаагүй байна.

 

3. Нэхэмжлэгчийн өмчлөлийн талбай болох 14.08 м.кв 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай /хх-ийн 3-рт/, хариуцагчийн өмчлөлийн 171,92 м.кв5 өрөө үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай /хх-ийн 27-рт/ болох нь баримтаар нотлогдож байна. Нэг үл хөдлөх хөрөнгийн өөрийн өмчлөлийн хэсэг тус бүрийг зохигч нь өөр өөр зориулалтаар ашиглаж байгаа тул Иргэний хуульд зааснаар орон сууцны дундын өмчлөлийн талбай гэж үзэх боломжгүй байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д заасан зохицуулалт хэрэгжих ёстой гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч энэ нь хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг, хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийн тухайд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт байх ба орон сууц бусад үл хөдлөх хөрөнгийн талбай ашиглах эсэх талаар маргаанд дээрхи хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

 

5. Хариуцагч  Ж.Н нь “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулан үнийг төлснөөр Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар орон сууц дангаар өмчлөх эрх үүсжээ. Нэхэмжлэгч нь орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг тогтоолгох,  гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, чөлөөтэй ашиглуулахыг иргэн Ж.Нт даалгах тухай шаардсан байх ба хариуцагчийн өмчийг нийтээр эзэмших талбай болохыг тогтоолгох, өөрөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох,  өөртөө чөлөөтэй ашиглуулахыг даалгахыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Дээрхи байдлаас дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нь маргаж буй орж гардаг коридорыг нийтийн эзэмшлийн талбай болохыг нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн  101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Гийн Б /ЗЮ/-ын  орж гардаг коридорыг нийтээр эзэмших талбай мөн болохыг  тогтоолгож, гаднах хаалгыг чөлөөтэй ашиглаж, эзэмших эрхтэй болохыг тогтоож, чөлөөтэй ашиглуулахыг  иргэн Ж.Нт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.У