Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 449

 

С.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр магадлалтай, С.М-д холбогдох 1803001820156 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, галын техникч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Б овогт С М.

С.М нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал түймрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 05-наас 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн хооронд Улаанбаатар Төмөр замын харьяа байгууллагуудаас галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсны, ажлын байранд галын аюулгүй байдлыг шалгаж дүгнэлт гаргасны төлбөр гэж нийт 1,660,500 төгрөгийг бэлнээр болон өөрийн хаан банкны дансаар шилжүүлэн авж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.М-ыг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

 уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 833,333 төгрөг төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч С.М-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.М-ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай гаргасан эсэргүүцэлдээ “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт завших гэмт хэргийн шинжийг “Бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэж тодорхойлсон байдаг. Үүнээс үзэхэд аж ахуйн нэгж, байгууллагад гүйцэтгэж буй ажил, албан тушаалын хувьд тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хууль буюу гэрээний үндсэн дээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хариуцаж байсан эд хөрөнгө, түүний эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлсэн, захиран зарцуулсан бол завших гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Давж заалдах шатны шүүхээс С.М- нь ажил үүргийн хувьд сургалт явуулах, дүгнэлт гаргахдаа олсон орлогыг ажил олгогчид шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь нотлогдсонгүй” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч С.М-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд огт нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул дараах үндэслэлээр эсэргүүцэл бичлээ. Үүнд

С.М- нь Онцгой байдлын Ерөнхий газар болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Гал түймрийн улсын хяналтын байцаагч гэрээгээр ажиллуулах тухай” гэрээний дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа ба уг гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэж байхдаа УБТЗ-ын даргын 2013 оны 12 сарын 09-ний өдрийн А-306 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтад заагдсаны дагуу авсан төлбөрийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн байгууллагадаа тушаах үүрэгтэй байхад уг төлбөрт үйлчилгээ үзүүлж авсан орлогоо хувьдаа ашиглаж, завшсан болох нь баримтаар тогтоогдсон байдаг.

Өөрөөр хэлбэл С.М- нь гэрээний дагуу төмөр замын харьяа байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн төлбөрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн захиран зарцуулах эрхгүй бөгөөд гэрээнд тусгайлан заагаагүй бол уг төлбөр нь “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өмчлөлд байхаар байна.

Улсын дээд шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийг тусгай ангийн 150 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийг тодорхой тайлбарласан тайлбар байхгүйгээс шүүх дээрх хэргийн шинж байдлыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив”  гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүх хэлсэн саналдаа “Хөрөнгө завших гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хуульд байсан. Энэ хэргийн тухайд бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд гэдгийг тухайн аж, ахуй нэгж, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг болгосон этгээд эсхүл хууль болон гэрээнд зааснаар тухайн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээдийг ойлгодог. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын нярав, нягтлан зэргийг ойлгоно. Энэ гэмт хэрэг нь тусгай субъекттэй гэмт хэрэг юм.

Миний үйлчлүүлэгчийн хувьд улсын байцаагчийн бүрэн эрхийнхээ хүрээнд сургалт явуулж, төлбөр авсан. Тухайн ажлын байран дээр галын аюулгүй байдлын талаар ажлын байрны дүгнэлт гаргаж төлбөр авсан үйлдэл байгаа. Давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн. Энэ хэргийн тухайд эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл гэсэн тусдаа шүүхийн харьяаллаар тогтоогдсон үйлдэл байгаа юм. Иргэний хэрэг маргааныг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Хохирлыг төлсөн.

Эсэргүүцлийг хүчингүй болгож, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Учир нь “Улаанбаатар төмөр зам”-ын даргын 306 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан төлбөрийг гэрээний дагуу тухайн байгууллагад тушаах үүрэгтэй буюу төлбөрт үйлчилгээ үзүүлж, олсон орлогоо хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичигдсэн байсан. Гэтэл энэ хэрэгт С.М- нь “Онцгой байдлын газар”-ын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам”-д гэрээт улсын байцаагчаар ажилласан.

Хэрэгт ажлын байрны тодорхойлолт байхгүй. “Улаанбаатар төмөр зам”-ын дарга “Онцгой байдлын газар”-ын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан гэрээт улсын байцаагч нь галын аюулгүй байдлын чиглэлээр зааварчилгаа өгөх, гал унтраах дасгал сургалтад, танхимын сургалт зэрэгт оролцоно гэсэн болохоос өөрөө бие дааж сургалт явуулах үүрэг байхгүй, гэрээнд тодорхой заагаагүй. Гэрээт улсын байцаагч нь төлбөртэй сургалт явуулах эрх байгаа эсэх нь тодорхойгүй, журмалсан баримт хэрэгт авагдаагүй байна.

С.М-ыг “Улаанбаатар төмөр зам”-ын хамгаалалтын албаны дансанд мөнгийг хийхгүй, хувьдаа завшсан гэж үзэж байгаа нь дээрх нөхцөл байдал болох нотлох баримт дутуу, материалыг шалгаагүйгээс болж өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт С.М-ыг ямар гэм буруутай эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлыг шалгаагүйгээс шүүгдэгч нь завшсан уу бусдыг залилан мэхэлсэн юу уу гэдэг нь эргэлзээтэй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна” гэв.        ТОДОРХОЙЛОХ нь:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн гаргасан  эсэргүүцлийг үндэслэн С.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, харин давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх ёстой бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, шүүгдэгч С.М-ын хувьд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар гал түймрийн улсын байцаагчаар томилогдсон бөгөөд хэрэгт ажлын байрны тодорхойлолт байхгүй, мөн Онцгой байдлын ерөнхий газрын дарга болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын хамтран баталсан 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн АҮГ/16/017 дугаартай гэрээний дагуу гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллуулах гэрээнд түүний ажил үүргийн талаар зохицуулаагүй, тус гэрээнд гэрээт улсын байцаагч Улаанбаатар төмөр замын харьяа байгууллагуудад төлбөртэй сургалт явуулах, галын аюулгүй байдлын талаарх ажлын байрны дүгнэлтийг төлбөртэй гаргах талаар журамлаагүй, төрийн албаны чиг үүрэг гүйцэтгэж буй улсын байцаагчийн нэрээр акт үйлдэн, үүний дагуу төлбөр гаргуулан хувьдаа авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөр харилцаа зөрчигдөж, хохирсон эсэх талаар огт шалгаагүй. Түүнчлэн сургалтын төлбөрийг хэрхэх талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй атлаа хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь буруу гэсэн прокурорын хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоол,  магадлалыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн гаргасан эсэргүүцлийг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 764 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн гаргасан эсэргүүцлийг хангахгүй орхиж, шүүгдэгч С.М-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН