Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 12

 

Ш.Ц-А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1989 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ89102212, Таргууд овогт Шагдарын Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ89080201, Зөөд овогт Гомбосүрэнгийн Алтанцэцэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Т.Уянга нар хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц-А, түүний өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ц-А анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь эхнэр Г.Атэй 2012 онд гэр бүл болж, 2014 онд охин Ц.Б, 2016 онд Ц.Пүрэвхишигийг төрүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд эхнэр Г.А үр хүүхдээ эхийн хайраар өсгөж, торниулж чаддаггүй ба гэр орноо цэвэрлэх гэх мэт ахуйн ажилд ч таруухан байснаар үл барам айл саахалт байдаг ах дүү, аав ээжид маань байнга худал хэлж, залхуурч, хүний хэлсэн үгийг зөвөөр хүлээж авахын оронд байнга хов маягаар цааш нь өөрийн аав ээжид хэлдгээс үл ойлголцолд хүрдэг байсан. Охин минь төрсөн цагаасаа миний болон манай аав, ээжийн асрамжид байж хүн болсон. Миний хүү эхийн асаргаа муугаас болж тураалаар нас барсан. Энэ байдлуудаас болж би цаашид Г.А-тэй хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Ц.Быг миний асрамжид үлдээж өгнө үү. Охин минь ээжтэйгээ хамт байдаггүй, ээжийгээ дагаж явдагггүй, уйлаад байдаг юм. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Г.А анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2013 оны 9 дугээр сарын 25-ны өдөр Ш.Ц-Атай сайн дурын үндсэн дээр бүл болж, бидний дундаас 2014 оны 9 дугээр сарын 27-ны өдөр охин Ц.Быг, 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.Пүрэвхишиг нарыг төрүүлсэн. Охин минь одоо 4 настай. Хүү маань өвчний улмаас эндсэн. Хадам талын шахалтаар намайг 2018 оны 4 сарын 17-нд манай аав, ээж авсан бөгөөд тухайн үед охиныг минь өгөөгүй. Түүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд би нэг удаа очиж уулзсан, охин минь намайг хараад нүдэндээ нулимстай гүйж ирээд тэвэрч үнсүүлсэн, ээжийгээ санаж байгаа нь илт харагдаж байсан, надаас салахгүй наалдаад уйлаад байсан. Би охиноо өрөвдөж, сэтгэл зүрх минь урагдсан бөгөөд аргагүйн эрхэнд орхиод гарсан. Цаашид би охиныхоо эзгүйд нэг ч өдөр амьдарч чадахгүй, маш их санаж байна. Миний бие бага хүүгээ алдаад сэтгэл санааны хямралтай байхад охиныг минь надад өгөхгүй, намайг эх байх ёсгүй гэсэн байдлаар хандаж эх үр хоёрт амьдын хагацал үзүүлэн салгаж байгаад гомдолтой байна. Төрүүлсэн үр хүүхдээ хайрладаггүй эх хүн гэж байхгүй бөгөөд миний эх байх эрхийг хэн ч хасаагүй. Би одоо аав ээжтэйгээ хамт хувийн 120 толгой бог мал, 10 толгой бод хариулан амьдарч байгаа, саалийн үхэртэй, боломжийн хэмжээнд амьдарч байгаа, оёдолчин мэргэжилтэй, цаашид малын ажлаас гадна гэрээр дээл хувцас оёж амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд надад ямар нэгэн хүнд өвчин хууч байхгүй, хөдөлмөрийн чадвар алдаагүй тул охиноо өөр дээрээ авч асарч, хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Төрүүлсэн эх нь байхад миний охин яахаараа бусдын асрамжид (нөхрийн аав, ээж, ах бэргэний) байх ёстой юм бэ. Иймд охин Ц.Быг миний асрамжид үлдээж, эцэг Ш.Ц-А-аас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр: “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Таргууд овогт Шагдарын Цэнд-Аюуш, Зөөд овогт Гомбосүрэнгийн Алтанцэцэг нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Ц.Быг эх Г.Аийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Ц.Быг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ш.Ц-Ааар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдаж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Т.Уянга нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн дээрхи шийдвэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийи 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаас бус хүүхэд бага насны тохиолдолд заавал эхийн асрамжид өгнө гэж заагаагүй. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт “Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах” гэж зааснаар эцэг, эхийн үүрэг хариуцлагын талаар хуульчилсан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хариуцагч Г.Аийн орлогын талаар ямарч баримт байдаггүй хүүхдийг тэжээн тэтгэх боломжтой эсэх, хүүхдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэрэг баримтуудаар хүүхэд ээждээ огт очдоггүй, авах гээд ирэхэд нь явдаггүй зэрэг нь нотлогдож байхад анхан шатны шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр шийдвэрлэжээ. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн мал тооллогын баримтууд, багийн засаг даргын тодорхойлолтууд, Өмнөговь сумын сум дундын эмнэлгийн тодорхойлолт, хариуцагч Г.Аийн аавын мал тооллогын баримт, багийн засаг даргын тодорхойлолтууд зэрэг баримтуудыг шүүх шийдвэр гаргахдаа үнэлсэн эсэх, үнэлээгүй бол яагаад үнэлээгүй талаар ямар нэгэн зүйл тусгаагүй орхигдуулсан байна. Шүүх шийдвэрийн зарим хэсэг болох хүүхдийн асрамж шийдвэрлэсэн хэсэг нь ямар хуулийг үндэслэн хүүхдийг ээжийхэн асрамжид үлдээж байгаа нь тодорхойгүй мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргаж байгаа зэрэг нь тодорхойгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь гэрлэлт цуцлуулах, охин Ц.Быг өөрийн асрамжид авах гэсэн 2 шаардлагатай болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсэн бөгөөд охиноо өөрийн асрамжид авах тухай шаардлагын талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийжээ. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны одрийн 220 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож охин Ц.Быг аав Ш.Ц-Аийн асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлаад шүүх тодорхой тайлбарласан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ц-А нь хариуцагч Г.Ат холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, охин Ц.Быг өөрийн асрамжинд авах”-аар шаардсаныг хариуцагч Г.А нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, охин Ц.Быг өөрийн асрамжинд үлдээх, эцэг Ш.Ц-Ааас тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Гэрлэгчид 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр охин Ц.Б төрсөн нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон. Охин 4 настай байна./ хавтаст хэргийн 04, 08 тал/

Гэрлэгчид таарч тохирохгүй, хамтран амьдрах боломжгүй болсон шалтгаанаар 2018 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн өмнөх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрэх санаачлага гаргаагүй, зохигчид гэрлэлтээ цуцлуулахаар тайлбар гаргасан байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дэх хэсэгт нийцсэн байна.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхэд эцэг, эхийн хэн нэгний асрамжинд байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх хүүхдийн нас, хүүхдийн эрх ашгийг харгалзан бага насны охин Ц.Быг эх Г.Аийн асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 25 дугаар зүйлийн 25.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Ц-А ”...шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэгт Г.Аийн орлогын талаар ямарч баримт байхгүй, хүүхдийг тэжээн тэтгэх боломжтой эсэх, хүүхдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй байхад шүүх энэ бүх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын аль алин тодорхой эрхэлсэн ажилгүй, мал аж ахуй эрхэлж амьдардаг болох нь тогтоогдсон, Өмнөговь сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нэхэмжлэгч Ш.Ц-А нь 261 толгой малтай гэх боловч гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаагүй энэ талаар тайлбар гаргаагүй байх тул уг мал нь хуваарьт хөрөнгө үү, гэрлэгчидийн гэр бүлийн дундын хөрөнгө үү гэдэг нь тодорхойгүй, эцэг нь хүүхэдээ эхээс нь илүү асарч, хүмүүжүүлэх чадвартай гэх үндэслэл тогтоогдоогүй, хүүхдийн асрамж тогтоосон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчдийн багийн дүгнэлтийн агуулагаас үзэхэд эх нь охиноо эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх  үүргээ биелүүлэх боломжтой байх тул  давж заалдах шатны шүүхээс хүүхдийн эхийн хайр халамжийг хүртэх жам ёсны эрхийг нь хөндөх шаардлагагүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ш.Ц-А  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56,60 дугаар зүйлийн 56.1, 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-А-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167,172 дугаар зүйлийн 167.5, 172.2.1,172.2.2 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, ”хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, ”хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, ”хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлал гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                         М.НЯМБАЯР

 

  Д.ЖАМБАЛСҮРЭН