Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00415

 

А.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

А.Ц-ын нэхэмжлэлтэй,

УА Н  эмнэлэгт холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халсан УА Н  эмнэлгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр УА Н  эмнэлэгт статистикч их эмчээр ажилд орсон. Улмаар тухайн үеийн удирдлага солигдсоны дараагаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шалтгаангүйгээр ажлын байрыг өөрчилж, эрүүл мэндийн даатгал хариуцсан их эмчээр томилсон. Шинээр томилогдсон ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа алдаа зөрчил, хоцрогдол гаргахгүйгээр сайн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах шийдвэр гаргасан ба энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй.

Би 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайны цагаар нөхөр А.Сайнбуянгийн хамтаар эмнэлгийн дэргэдэх Илчлэг цайны газарт хоол идээд, 13 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд хоолой өвдөөд халуураад байсан тул чих, хамар, хоолойн эмч Э.Отгонгэрэлд үзүүлж, эмчилгээ хийлгээд үйлчлэгч нарын өрөөнд орж хэвтсэн. Тэгээд 15 цагийн үед нөхрөө дуудаад гэртээ хүргүүлсэн. Харин намайг үдийн цайны өмнө даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч Б.Дариймаагийн өрөөнд ороход Б.Дариймаа болон Д.Золжаргал нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба би Б.Дариймаад маск зүүж, нүүр амаа буд гэж хэлээд гарсан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд УА Н  эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Доржготов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Улаанбаатар хотод 2019 оны 2 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болсон Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоод Увс аймагт 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Намайг ирэхэд миний туслах, бичиг хэргийн эрхлэгч Б.Дариймаа, манай өрөөг цэвэрлэдэг үйлчлэгч Д.Золжаргал, эмнэлгийн сүлжээний инженер Б.Дамжид, хүний нөөцийн менежер Б.Буяа, Эрүүл мэндийн даатгалын их эмч А.Ц- гээд миний ойр дотны хүмүүс, өрөөнд орж, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхэндээ би өөрсдөө ирээд учир байдлаа тайлбарлаж, уучлалт гуйх болов уу гэж нэлээд харсан. Гэтэл гэм буруугаа ухамсарлахгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээ гаргасан.

А.Ц- нь намайг байнга дарамталдаг гэх утгатай зүйл хэлж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, харин ч өөрийнх нь хийж чадах, мөн манай эмнэлгийн 50-иас дээш хувийн төсвийн орлогыг бүрдүүлдэг Эрүүл мэндийн даатгал хариуцсан их эмчээр томилж, хариуцлагатай албанд томилж, дэмжиж ажиллаж байсан. А.Ц- нь ажлын цагаар ажлын байран дээр архи уусан зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас халах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч УА Н  эмнэлэгт холбогдох, Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ц- улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ц-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Миний бие нь УА Н  эмнэлгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ. Гэтэл анхан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч А.Ц- намайг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Намайг тухайн өдөр үдийн цайны өмнө Дариймаа утсаар дуудаж, би өрөөнд нь ороход Золжаргал, Дариймаа нар архи уусан байдалтай байсан. Дариймаа өглөө 10 цагийн үед манай өрөөнд албан бичиг танилцуулах гэж орж ирэхдээ согтуу, маш их архи үнэртсэн байсан, тэгээд албан бичгээ танилцуулаад өрөөнөөс гарсан. Сүүлд намайг утсаар дуудахад нөгөө албан бичгийн талаар дуудаж байгаа байх гэж өрөөнд нь ороход би шартаад бие муу байна, шар тайлмаар байна гэхэд би халуураад бие муу байгаа, үдийн цайнаар нөхөр ирнэ хамт гарч цайнд орох гэсэн юм гээд хэлээд гарсан. Тэгээд би үдийн цайнаар нөхрийн хамт эмнэлгийн дэргэдэх “Илчлэг” цайны газар хоол идээд гарсан. Миний бие муу байсан учир эмийн сан орж эм аваад цайны цаг дуусч байсан учраас буцаад ажил руугаа ороод чих хамар хоолойн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгээд өрөөндөө ороод сууж байгаад бие сайжрахгүй болохоор нь алжаал тайлах өрөөнд орж хэвтсэн. Биеийн байдал сайжрахгүй болохоор нь 3 цагийн үед нөхрөө дуудаж харьсан гэх мэдүүлгүүд өгсөн байгаа.

Гэтэл шүүх гэрч Оюунгэрэл, Заяа, Золжаргал, Дариймаа нарын мэдүүлгүүд А.Ц-ын эсрэг, нэг утга агуулгатай үгсэн тохиролцсон мэдүүлгүүд байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Дээрх гэрчүүд УА Н  эмнэлэгт ажилладаг бөгөөд даргын нөлөөнд автагдсан гэж үзэх боломжтой байгаа. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдгээ мэдүүлсээр ирсэн. Гэрч Оюунгэрэл, Заяа нар Цэцэгбалыг согтуу байсныг хараагүй, үзээгүй гэх мэдүүлэг өгсөөр байхад нотлох баримтаар үнэлсэн нь нэг талыг барьсан гэж үзэж байна.

Мөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байхад нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна. Тухайн үеийн хоёр удаагийн хурлын тэмдэглэлүүд, гэрч Золжаргал нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсаар байхад нотлох баримтаар үнэлж буй нь дутагдалтай болжээ.

Мөн Байгууллагын дотоод журмын 6.4.4 дэх заалтад Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна гэх заалт байгаа хэдий ч тухайн зөрчлийг шалган тогтоогоогүй.

Жишээ нь: Согтуу эсэхийг тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж тогтоогоогүй. Мөн УА Н  эмнэлгийн даргын дотоод журам өөрчлөгдөн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А-29 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хүний нөөцийн менежер Б.Буяад даалгасугай гэсэн заалт байгаа. Гэтэл хүний нөөцийн менежер Б.Буяа нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Иймээс тухайн тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байгаа.

УА Н  эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам 2018 онд өөрчлөгдсөн байх бөгөөд тухайн үед үйлчлэх боломжгүй, хүчин төгөлдөр бус дотоод журмыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Хөдөлмөрийн дотоод журамдаа ямар үндэслэлээр өөрчлөлт оруулах болсон нь тодорхойгүй, тухайн дотоод журамд өөрчлөлт орсон талаар байгууллагынхаа ажилтан, албан хаагч болон надад огт танилцуулсан зүйл байхгүй. Мөн дотоод журам танилцуулсан талаар ямар нэг бичиг баримт хэрэгт авагдаагүй болно.

Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааныг түр завсарлуулан хариуцагч байгууллагын дарга Д.Доржготовыг шинээр баталсан хөдөлмөрийн дотоод журмаа авч ир гэснээр хурал завсарлаж хариуцагч байгууллагын дарга Д.Доржготов нь ашиглаж байсан дотоод журам байхгүй байснаас шинээр хэвлэсэн гарын үсэг, тамга тэмдэггүй дотоод журам авч ирж үзүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, нэг талыг барьсан шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн 2019 о ны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай магадлалуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

А.Ц- нь УА Н  эмнэлэгт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан УА Н  эмнэлгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч А.Ц-ыг УА Н  эмнэлэгт даатгал хариуцсан их эмчээр ажиллаж байхад нь УА Н  эмнэлгийн даргын 2019 оны  03 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тушаалаар “ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., байгууллагын дотоод журмын 6.6.2., хөдөлмөрийн гэрээний 4.2.-ын В заалтыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас халжээ.

А.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...тус өдөр хоолой өвдөөд халуураад байсан тул эмч Э.Отгонгэрэлд үзүүлж, эмчилгээ хийлгээд үйлчлэгч нарын өрөөнд хэвтэж байгаад 15 цагийн үед нөхрөө дуудаж гэртээ хүргүүлсэн. Гэтэл намайг архидан согтуурсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Архи уусан, согтуу байсныг баримтаар нотлоогүй атлаа энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн...” гэж тайлбарласан, ажил олгогч “...ажилтны гаргасан зөрчил нотлогдсон тул ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй...” гэжээ.

Ажилтан ажлаас буруу халсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтад нийцсэн байна.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж, хөдөлмөрийн гэрээний 4.2.В-д ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчилд тооцно гэжээ.

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  Б.Буяа, Б.Дамжид, Б.Дариймаа, А.Ц-, Д.Золжаргал нар ажлын цагаар, ажлын байранд  архидан согтуурсан үйл баримтын талаар тус өдрийн Тасгийн хуралдаан, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Захиргааны тасгийн чанарын хуралдаанаар тус тус хэлэлцсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Тус хуралдааны дээрх тэмдэглэл, шүүхэд гэрчээр асуугдсан Ж.Оюунгэрэл, Ц.Заяа, Б.Дариймаа, Д.Золжаргал, Б.Буяа нарын мэдүүлэг, холбогдох бусад баримтаар А.Ц- бусадтай хамт ажлын цагаар, ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзал, үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг.

Ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэл, тайлбараа нотолж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь түүнийг үгүйсгэсэн, няцаасан болон өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй, шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсэн байх тул  “...нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлсэнгүй, ...нэг талыг барьж шийдвэрлэсэн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч А.Ц-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД