Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: А.Ц-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: УА-НЭ-гт холбогдох,

         Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч А.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2009 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2009 оноос 2014 он хүртэл хугацаанд Мөнхбишрэлт болон Дун цагаан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаад 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт статистикч их эмчээр ажилд орсон. Улмаар тухайн үеийн удирдлага солигдсоны дараагаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шалтгаангүйгээр миний ажлын байрыг өөрчилж Даатгал хариуцсан их эмчээр томилсон. Шинээр томилогдсон ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа алдаа зөрчил, хоцрогдол гаргахгүйгээр сайн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах шийдвэр гаргасан. Миний бие энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нэгдсэн эмнэлэгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. ... Ер нь Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д томилогдож ирснээс хойш өмнөх дарга асан Ц.А-ийн бэр хэмээн ажлын байрны дарамт учруулж, үндэслэлгүйгээр миний ажлын байрыг өөрчилж байсан. 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайгаа нөхөр А.Сайнбуянгийн хамтаар эмнэлгийн “Илчлэг” цайны газарт идээд, 13 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд хоолой өвдөөд халуураад байсан тул Чих, хамар, хоолойн эмч Э.О-д үзүүлж, эмчилгээ хийлгээд үйлчлэгч нарын өрөөнд орж хэвтсэн. Тэгээд 15 цагийн үед нөхрөө дуудаад гэртээ хүргүүлсэн. Намайг харин үдийн цайны өмнө даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч Б.Д-ийн өрөөнд ороход Б.Д болон Д.З нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба би Б.Д-аад “Маск зүүж, нүүр амаа буд” гэж хэлээд гарсан. Намайг ажлын байранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй, гүтгэлэг байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

         Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Ц-ын Нэгдсэн эмнэлэгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Улаанбаатар хотод 2019 оны 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд болсон Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоод Увс аймагт 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Намайг ирэхэд миний туслах, бичиг хэргийн эрхлэгч Б.Д, миний өрөөг цэвэрлэдэг үйлчлэгч Д.З, манай эмнэлгийн сүлжээний инженер Б.Д, хүний нөөцийн менежер Б.Б, Эрүүл мэндийн даатгалын их эмч А.Ц гээд миний ойр дотны хүмүүс, миний өрөөнд орж, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхэндээ би өөрсдөө ирээд учир байдлаа тайлбарлаж, уучлалт гуйх болов уу гэж нэлээд харсан. Гэтэл гэм буруугаа ухамсарлахгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээ гаргасан. “Намайг байнга дарамталдаг” гэх утгатай зүйл хэлж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, харин ч өөрийнх нь хийж чадах, мөн манай эмнэлгийн 50-иас дээш хувийн төсвийн орлогыг бүрдүүлдэг Эрүүл мэндийн даатгал хариуцсан их эмчээр томилж, хариуцлагатай албанд томилж, дэмждэг байсан. Ажлын байраа шалтгаангүй орхиж, хийх ёстой зүйлээ хийгээгүйгээс болж төсвийн төсөөллийн материалаа орлогч даргаараа хийлгэж байсан үе бас бий” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.          Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны Б/55 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-ын “В” заалтыг тус тус үндэслэн “Ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” хэмээн Эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч А.Ц-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

           Хэдийгээр нэхэмжлэгч нь “Би ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” хэмээн маргаж байгаа боловч түүний 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлын байран дээрээ буюу тус эмнэлгийн даргын өрөө, даргын туслахын өрөөнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тасгийн хурлын тэмдэглэл” гэх баримт, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны тасгийн чанарын хурлын протокол” гэх баримт, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Тодруулга хийсэн тухай” гэх баримт, хэргийн 55-56 дугаар хуудаст авагдсан гэрч Ж.О, хэргийн 58 дугаар хуудаст авагдсан гэрч Ц.З, хэргийн 60 дугаар хуудаст авагдсан гэрч Б.Д, хэргийн 63 дугаар хуудаст авагдсан гэрч Д.З нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож, тогтоогдож байна.

        Тухайлбал, гэрч Ж.О: “Манай эмнэлгийн ажилчид буюу Б.Д, Д.З, Б.Д, Б.Б, А.Ц нар 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайны үеэр ажлын байранд архи уусныг мэдсэн даруйдаа буюу 15 цаг 20 минутад “Тасгийн хурал” хийж, тэдний асуудлыг авч хэлэлцэхээр тогтоосон. Тухайн хуралд Д.З, Б.Д нар л орж ирсэн. “А.Ц, Б.Д нар хуралд орох чадваргүй байна” гэх мэдээлэл яригдсан. ... 2019 оны 3 дугаар сарын 04-05-ны үеэр дахин энэ асуудлаар хуралдсан. Тэр хуралд А.Ц, Б.Б хоёулаа байсан. Эдгээр хүмүүсээр уучлалт гуйлгаад, энэ асуудлыг намжааж, ажлын байранд нь авч үлдэх талаар ярьсан. Тэр хурал дээр А.Ц “Би архи уугаагүй” гэсэн учир дараа нь би үйлчлэгч Б.О-оос тайлбар авч, тэмдэглэл үйлдсэн. Б.О надад “Тухайн өдөр 14 цаг өнгөрч байтал Халдвар судлалын эмч О.Э өрөөндөө намайг дуудахаар нь яваад ортол “А.Ц-ыг өрөөндөө оруулчих” гэж хэлсэн. Тэгтэл А.Ц ширээгээ дэрлээд унтчихсан байсан. Тэгээд би өрөөндөө авч орж ирээд унтуулсан” гэх тайлбар өгсөн” гэж, гэрч Ц.З: “... Намайг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайны цагийн дараа өрөөндөө байж байтал нягтлан Ч.П “Эд нар архи уусан байна” гэж хэлсэн. Би Б.Д-ийн өрөөнд ороход тэрээр хөл дээрээ тогтож чадахгүй, сандал дээрээ сууж байсан. Даргын өрөө тэр чигээрээ архи үнэртэж байсан тул би цонхыг нь онгойлгож, тус өрөөнд байсан цүнхийг авч, бичиг хэргийн эрхлэгчийн өрөөнд байсан архины 2 шилийг авч хийгээд өөрийнхөө өрөөнд оруулж тавьсан. Удалгүй шуурхай хурал зарлагдсан ба би хурлаас гараад үйлчлэгчийн өрөөнд ороход Д.З бөөлжөөд, түүн дээрээ өөрөө суучихсан байсан. Үйлчлэгч нарын орон дээр А.Ц цаашаа хараад хэвтэж байсан” гэж, гэрч Б.Д: “Тухайн өдөр бид 5 манай өрөөнд болон даргын өрөөнд архи уусан нь үнэн. “Би уухгүй” гэсэн боловч А.Ц намайг шахсаар байгаад уулгасан. Эхлээд хагас шил архи байсныг уугаад, дараа нь дахин нэг 0,5 л архи байсныг гаргаж уусан. Д.З-ыг дуудаж ирүүлээд бас уулгасан. Гадна хүмүүс дугараад байх шиг болохоор нь Б.Б “Даргын өрөөнд оръё” гэсэн. Би даргын өрөөнд орохгүй гэсэн боловч гадна хүмүүс байсан тул даргын өрөөнд орсон. Тэгж байтал Б.Д бас орж ирсэн. Нэг мэдэхэд бүгд гарч яваад би өрөөндөө үлдсэн. Ажил тартал би өрөөндөө дотроошоо цоожилчихоод, ажлын цаг дууссаны дараа гэртээ харьсан” гэж, гэрч Д.З: “Тухайн өдөр намайг Б.Д-ийн өрөөнд ороход А.Ц, Б.Б тэр гурав хагас шил “Ээдэн” гэдэг архийг текэн дээрээ тавьчихсан зогсож байсан. Надад нэг хундага хийж өгөөд шахсаар байгаад уулгасан. Тэгээд удалгүй Б.Д орж ирсэн. Тэгтэл гадна хүмүүсийн хөл ихдээд, хаалга татаад эхлэхэд Б.Б даргын өрөөнд орох санал гаргаж, Б.Д эгчээс түлхүүрийг нь аваад даргын өрөөнд орсон. Миний бие эвгүйрээд байхаар нь өрөөндөө орсон ба А.Ц тэр өрөөнд байсан. Тэгтэл Ж.О эмч хурал заралсан ба Б.Д бид хоёр орж, юу болсон талаараа ярьсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба энэ нь мөн хэрэгт авагдсан 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Тасгийн хурлын тэмдэглэл” гэх баримт, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны тасгийн чанарын хурлын протокол” гэх баримтаар тогтоогдож байна.

         Тухайн 2 удаагийн хурлын тэмдэглэлийг нэхэмжлэгч талаас “Нотлох баримтын шаардлага хангаагүй” гэж маргасан боловч дээрх гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж болж байгаа ба тухайн тэмдэглэлүүдийг Нэгдсэн эмнэлгийн “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулсан байх тул “нотлох баримтын шаардлага хангагдсан” гэж үзэж, хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой нотлох баримтад тооцлоо. 

           2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр болсон “Тасгийн хурал”-ын тэмдэглэлд “... 15 цаг 20 минутад тасгийн эмч, ажилчдыг цуглуулж, ажлын байран дээр болж байгаа зөрчлийг яаралтай арилгахаар хурал хийлээ. Хуралд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.П, Чанарын албаны дарга Ж.О, Санхүү албаны дарга Ч.П, нягтлан Ц.Н, Г.Б, О, нярав Э.О, Ц.З, инженер Ш, Б.Д, Э.А, цахим мэдээллийн ажилтан С.О, Б.О, Г.Н, эм найруулагч Н.Б, эм зүйч Б.Г, шил угаагч Б.А, Халдвар судлаач О.Э, Ч., сувилахуй С.Я, Л.Н, Г.Н, Д.Д, чанар лавлагааны ажилтан Б.Б, үйлчлэгч Д.З, Б.О, статистикч бага эмч, тасгийн ахлах сувилагч Ц.Г нар оролцов. Хэлэлцэх асуудал: Ажлын байранд ажлын цагаар архи уусан асуудлыг хэлэлцэх. ... үйлчлэгч Д.З: “13 цаг 40 минутын орчим Б.Д намайг өрөөндөө дуудсан ба яваад ороход Б.Б, Б.Д, Б.Д, А.Ц нар тал шил “Эдин” архи тавьсан надад нэг хундага архи өгөөд, түүнийг уугаад даргын өрөө цэвэрлээд гарсан. Би архи ууж чаддаггүй тул өрөөнд ороод бөөлжөөд, хуралтай гэж дуудсан тул ирлээ” гэсэн тайлбар өгсөн. ... Даргын өрөөнд байгаа камерын бичлэгээс 13 цагаас хойших 3 дугаар давхарын коридор харахад санхүү, статистик талаас харагдах тул орж, гарсан хүнийг харах боломжгүй байв. ... Даргын өрөөг цэвэрлэсэн байх ба хогны саванд архины цэхнэр таг байсныг авч тасгийн хуралд суусан ажилчдад үзүүлэв. ... Дахин архи уусан хүмүүсийг байлгаж байгаад хуралдаж, шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн зөвшилцөлд хүрлээ. ... Тэмдэглэл хөтөлсөн Ц.Г, хянасан Ж.О” гэж дурдагджээ.

          Дараагийн буюу 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр болсон “Захиргааны тасгийн чанарын хурлын протокол”-д: “Ирц 32. Хэлэлцэх асуудал: Манай тасгийн хүний нөөцийн менежер Б.Б, даатгалын эмч А.Ц, бичиг хэргийн эрхлэгч Б.Д, инженер Б.Д, үйлчлэгч Д.З нар ажлын байранд архи уусан талаар” гээд Б.Б, Д.З, Б.Д, А.Ц нараас тус тус тайлбар авч, бусад оролцогчид “Эдгээр хүмүүсийн гаргасан үйлдэл буруу боловч цаг үеийн нөхцөл байдал, амьдрал зэргийг нь харгалзан үзээд ажлаас халахаас өөр арга хэмжээ авах нь зүйтэй” гэсэн саналыг гаргасан тухай дурдагдсан байна. 

           Эдгээр хоёр удаагийн хуралдаанд байлцсан Ж.О, Ц.З нар ийм хурал болж, түүнд яригдсан, хэлэлцэгдсэн асуудлын талаар мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны үеэр тухайн 2 хурлын тэмдэглэлийн эх хувьд үзлэг хийж, хэрэгт өгөгдсөн хуулбаруудтай тулгаж үзэхэд ямар нэгэн үг үсгийн болон утга найруулгын зөрүүгүй байсан болно.

           Нөгөө талаар, тухайн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас ямар нэгэн шийдвэр буюу ажилчдын сахилга, хариуцлагын асуудлаар эрхийн акт гаргах эрх бүхий этгээдүүд байгаагүй, мөн хуралд оролцсон этгээдүүдээс эдгээр 5 ажилчдынхаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр дотооддоо шийдвэрлэхээр нуун дарагдуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Цагдаад дуудлага өгөөгүй, Цагдаагийн байгууллагад уг зөрчлийг шалгуулж, согтуурлын зэрэг тогтоолгоогүй учир нотлогдсон гэж үзэхгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

        Мөн заавал согтуурлын зэргийг тогтоолгох ёстой байсан, эсхүл согтуурсан зөрчлийг Цагдаагийн байгууллага нотолж тогтоох байсан гэх нь өрөөсгөл бөгөөд нэгэнт согтуурлын зэргийг тогтоолгоогүй, ийм зөрчлийг холбогдох байгууллагад мэдэгдэж, шалгуулаагүй тул хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоох боломжтой юм.

       Түүнчлэн “Тухайн өдөр А.Ц-ыг архи уугаагүй болохыг гэрч Б.Б, А.С нар нотолж байгаа” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан боловч хэрэгт авагдсан тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 546 тоот захирамжаар иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох “Тус эмнэлгийн даргын 2019 оны Б/55 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа, мөн гэрч Б.Б-ийн “А.Ц тухайн өдөр архи уусан талаар надад харсан, үзсэн зүйл байхгүй. А.Ц надтай зөрөөд гарсан” гэх мэдүүлэг /хх-77-79/ нь гэрч Б.Д, Д.З, Ж.О, Ц.З нарын мэдүүлгээр няцаагдаж байна.

        Мөн хэргийн 81-82 дугаар хуудаст авагдсан иргэн А.С-ийн мэдүүлэгээс үзэхэд тэрээр А.Ц-тай хамтдаа үдийн цайгаа уусныг нотолж байгаа болохоос бус түүнийг ажлын байран дээрээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүйг нотлоогүй, нөгөө талаар, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн Б.Д-ыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг аваагүй бөгөөд гэрч А.С-ийн Б.Д-ын тухай мэдүүлсэн үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

          Дээрх зөрчлөөр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд дуусгавар болгосон нь хэргийн 29-43 дугаар хуудаст авагдсан Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/29 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.6.2 дахь заалтын “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэх, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн нь нотлох баримтаар нотлогдсон” гэсэнтэй, мөн хэргийн 44-45 дугаар хуудаст авагсан талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2 дахь заалтын “В” хэсэгт заасан “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд хөдөлмөрийн гэрээг дээрх үндэслэлээр цуцлана” гэсэнтэй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасантай тус тус нийцсэн байна.   

         Өөрөөр хэлбэл, ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байгаа бөгөөд талууд энэ тухай хөдөлмөрийн дотоод журам болон гэрээндээ тухайлан зааж, хөдөлмөрийн харилцаандаа мөрдлөг болгосон байжээ.  

        Аливаа байгууллага, хамт олон, тэр дундаа төрийн үйлчилгээний, эмнэлгийн байгууллагын ажилтны хувьд ажлын байранд ажлын цагаар болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх нь “ноцтой” зөрчилд тооцогдохыг мэдэж байх нь зүй ёсны бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1-т заасан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлэх үүрэгтэй” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй” гэснийг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3-д заасан “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд болон хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 тоот тогтоолын 1.7 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, ... хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 33 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4-т заасан “Төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэснийг тус тус биелүүлэх, хэрэгжүүлэх, бусаддаа шаардлага тавих үүрэгтэй тул нэхэмжлэгчийн “хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээтэй  танилцаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Хөдөлмөрийн сахилгын зөрчилд холбогдох хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх боловч ажил олгогчоос ажилтны 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “ноцтой зөрчил”-д 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй юм.

             Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой” зөрчлийг нэг удаа гаргасан байхад хангалттай бөгөөд тухайн зохицуулалтын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн байна.

         Нэхэмжлэгчээс “Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д ажилд томилогдсон цагаас хойш намайг байнга дарамталж, ажил үүрэгтэй холбоогүй асуудлаар хавчин гадуурхдаг байсан” гэж тайлбарласан ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүйг дурдах нь зүйтэй.

          Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох, “Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч А.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдав.    

            Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 851 тоот захирамжаар иргэн Э.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаар тогтоосон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад тухайн гэрчийг оролцуулахаас татгалзсан болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох, “Тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч А.Ц-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц гэрч Э.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулахаас татгалзсаныг дурдсугай.    

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА