Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 13

 

О.П, А.Т, Г.М,

Д.Н, Н.Б, Н.Н, Д.Н,

Б.Г, Б.Б, Ч.С, Х.М,

Х.Ш, Д.Н нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 232 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.П, А.Т, Г.М, Д.Н, Н.Б, Н.Н, Д.Н, Б.Г, Б.Б, Ч.С, Х.М, Х.Ш, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001102, регистрийн 2002302 дугаартай, “Увс дулааны станц” ХХК-д холбогдох тээврийн хөлс гаргуулах тухай шаардлагатай, мөн О.П, А.Т,  Н.Б, Б.Г, Ч.С, Х.М, Х.Ш, Д.Н нараас нүүрсний үнэ гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.П, А.Т, Г.М, Д.Н, Н.Б, Н.Н, Д.Н, Б.Г, Б.Б, Ч.С, Х.М, Х.Ш, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нь ачааны автомашинаар хувиараа тээвэр хийдэг хүмүүс юм. 2015, 2017 онд “Увс дулааны станц” ХХК-д Хар тарвагатай нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж өгсөн. Нүүрс тээвэрлэсний хөлсөө авч чадаагүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Анх бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тээврийн зайг 100 км-ээр тооцож тээврийн хөлсөө бодож нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн зай 110 км болох нь тогтоогдсон тул бид 110 км-ээр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Жолооч Ч.С нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Стай амаар тохиролцон Хар тарвагатай нүүрсний уурхайгаас 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэн Увс дулааны станцад буулгасан. Тухайн үедээ 1 тонн/км нүүрсийг 150 төгрөгөөг тооцож, тээврийн хөлсөнд нийт 3.727.500 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 12-28-ны хооронд 8 удаагийн ачилтаар нийт 321.7 тн нүүрсийг тээвэрлэн "Увс дулааны станц" ХХК-д буулгасан. Ингэхдээ 1 тонн/км нүүрсийг 130 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад 2.273.310 төгрөг, 2015, 2017 онуудад хийсэн тээврийн хөлс нийлээд 6.000.810 төгрөгийг одоо хүртэл аваагүй. Жолооч Д.Н нь 23-37 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 116.6 тн нүүрс тээвэрлэсэн ба тээврийн хөлсөнд нийт 1.050.900 төгрөгийг, жолооч А.Т нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 5 удаагийн ачилтаар нийт 195.5 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.770.750 төгрөгийг, жолооч О.П нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 412.3 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд нийт 4.086.950 төгрөгийг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 152.6 тн нүүрсийг тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.108.180 төгрөгийг, жолооч Д.Н нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 3 удаагийн ачилтаар нийт 117.7 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.069.050 төгрөгийг, жолооч Н.Н нь 55-78 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд 10 удаагийн ачилтаар нийт 293.8 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 2.907.700 төгрөгийг, жолооч Н.Б нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2 дугаар сарын 05-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 563.5 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 5.999.750 төгрөгийг, жолооч Б.Г нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 18-24-ний хооронд 7 удаагийн ачилтаар нийт 200.9 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 1.956.850 төгрөгийг, жолооч Х.М нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 539.3 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 5.697.450 төгрөгийг, жолооч Х.Ш нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-28-ны хооронд 9 удаагийн ачилтаар нийт 372 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 3.519.000 төгрөгийг, жолооч Б.Б нь 18-46 УВХ улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 319.4 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 3.233.100 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 3 удаагийн ачилтаар нийт 105.2 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 879.040 төгрөгийг, жолооч Д.Н нь 59-08 УВА улсын дугаартай автомшинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 2.250.300 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрсийг тээвэрлэн, тээврийн хөлсөнд 698.860 төгрөгийг, жолооч Г.М нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 2015 оны 1 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд 7 удаагийн ачилтаар нийт 283.6 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 3.030.900 төгрөг, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-20-ны хооронд 2 удаагийн ачилтаар нийт 74.4 тн нүүрс тээвэрлэн, тээврийн хөлсөнд 526.920 төгрөгийг тус тус аваагүй байгаа. Нэхэмжлэгч нар нь Д.С захиралд удаа дараа хандан тээврийн хөлсөө нэхэмжилсэн боловч өгөөгүй бөгөөд уулзах бүрт “Удахгүй өгнө” гэж явсаар 2 жилийн нүүрийг үзэж байна. Иймд нийт нэхэмжлэгч нарын тээврийн хөлс болох 45.786.510 төгрөгийг “Увс дулааны станц” ХХК-иас гаргуулж нэр бүхий 13 жолооч нарт олгож өгнө үү. ...Шүүхийн үзлэгээр замын зайг 103 км гэж тогтоосон, мөн хариуцагчийн гаргаж ирүүлсэн баримтад дурдагдсан жолооч нарын авсан шатахууны тооцоо зэрэгт маргаан байхгүй тул энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд “Хар тарвагатай” ХК-иас тухайн жолооч тус бүрт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх замаар хандах нь зүйтэй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ : “2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл, шаардлага нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэх хуулийн дагуу хариуцагч нь 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 дүгээр “Увс дулааны станц” ХХК-ийн захирлын “Нүүрсний тээврийн хөлс тогтоох тухай” тушаалаар “Увс дулааны станц”-д Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж ирэх км-ийн тээврийн хөлсний үнэлгээг 115 төгрөгөөр тогтоосон нотлох баримт, гэрч Х.Катавыг байцаасан тэмдэглэл, Увс аймаг дахь Нефть хангамжийн салбарын 2015 оны 1-2 саруудад “Увс дулааны станц” ХХК-д 1 литр дизель түлшийг 1940 төгрөгөөр, 2017 оны 1 сар, 2 саруудад дизелийн түлшийг 1790 төгрөг, 1890 төгрөгөөр тооцож олгож байсан нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасны дагуу бичмэл нотлох баримтын шаардлага хангуулан хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл нэхэмжлэгч талын шаардлага тус бүр нь 2015 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 150 төгрөгөөр, 2017 оны тээврийн хөлсийг 1 тонн/км-ыг 130 төгрөгөөр тооцсон, тээврийн хөлсөнд түлшний мөнгөө хасаад хэдэн төгрөгөөр тооцож хасаж буй нь тодорхойгүй, хэдэн км-ээр тооцсон нь тодорхойгүй, үнийн дүн нь тодорхойгүй, бодсон бодолт нь алдаатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. “Увс дулааны станц” ХХК-ийн нягтлан бодогч Х.К нь 2015 он, 2017 онд дээрх жолооч нартай холбоотой тээврийн хөлсний тооцоог бодож гаргасан баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр Хар тарвагатай нүүрсний уурхайгаас “Увс дулааны станц” ХХК хүртэлх хоорондын зай 96 км байна гэж тэмдэглэсэн байгаа. “Улаангом сумаас олон улсын ангиллын А1701 кодтой замналаар эхэлж, 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т Хар тарвагатай нүүрсний уурхайд очно” гэж тэмдэглэсэн байгааг нэхэмжлэгч тал анхаарсангүй, харин ч Увс аймгийн Автотээврийн лавлагаагаар 110 км хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин “Увс дулааны станц” ХХК-ийн зүгээс жолооч Х.Ш нь 53-53 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 372 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.106.880 төгрөг, үүнээс 1500 литр түлшний үнэ 2.910.000 төгрөг хасаад олговол зохих 1.196.880 төгрөг, жолооч Д.Н нь 15-09 УВА УВХ улсын дугаартай автомашинаар 6 удаагийн ачилтаар нийт 242,2 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.673.888 төгрөг, үүнээс 900 литр түлшний үнэ 1.746.000 төгрөг хасаад олговол зохих 927.888 төгрөг, жолооч Д.Н нь 23-37 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 116,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.287.264 төгрөг, үүнээс 450 литр түлшний үнэ 873.000 төгрөг хасаад олговол зохих 414.264 төгрөг, жолооч Д.Н нь 56-75 УВХ улсын дугаартай автомашинаар 3 удаагийн ачилтаар нийт 117,7 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 1.299.408 төгрөг, үүнээс 500 литр түлшний үнэ 970.000 төгрөг хасаад олговол зохих 329.408 төгрөг, жолооч Х.М нь 60-68 УВХ улсын дугаартай автомашинаар 9 удаагийн ачилтаар нийт 539,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.953.872 төгрөг, үүнээс 1650 литр түлшний үнэ 3.201.000 төгрөг хасаад олговол зохих 2.752.872 төгрөг, жолооч О.П нь 12-07 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 412,3 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.551.792 төгрөг, үүнээс 1400 литр түлшний үнэ 2.716.000 төгрөг хасаад олговол зохих 1.835.792 төгрөг, жолооч Ч.С нь 17-08 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 367 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 4.051.680 төгрөг, үүнээс 1200 литр түлшний үнэ 2.328.000 төгрөг хасаад олговол зохих 1.723.680 төгрөг, жолооч Б.Б нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Н.Н 55-78 УВА улсын дугаартай автомашинаар 10 удаагийн ачилтаар нийт 293,8 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.243.552 төгрөг, үүнээс 1150 литр түлшний үнэ 2.231.000 төгрөг хасаад олговол зохих 1.012.552 төгрөг,  жолооч Б.Б нь 18-46 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 319,4 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.526.176 төгрөг, үүнээс 1050 литр түлшний үнэ 2.037.000 төгрөг хасаад олговол зохих 1.489.176 төгрөг, жолооч Г.М нь 59-08 УВА улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 283,6 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 3.130.944 төгрөг, үүнээс 1000 литр түлшний үнэ 1.940.000 төгрөг хасаад олговол зохих 1.190.944 төгрөг, жолооч А.Т нь 23-33 УВХ улсын дугаартай автомашинаар 5 удаагийн ачилтаар нийт 195,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.158.320 төгрөг, үүнээс 750 литр түлшний үнэ 1.455.000 төгрөг хасаад олговол зохих 703.320 төгрөг, жолооч Н.Б нь 34-88 УВХ улсын дугаартай автомашинаар 8 удаагийн ачилтаар нийт 453,5 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 5.006.640 төгрөг, үүнээс 1600 литр түлшний үнэ 3.104.000 төгрөг хасаад олговол зохих 1.902.640 төгрөг, жолооч Б.Г нь 18-86 УВХ улсын дугаартай автомашинаар 7 удаагийн ачилтаар нийт 200,9 тонн нүүрс тээвэрлэсэн, нийт тээврийн хөлс 2.217.936 төгрөг, үүнээс 800 литр түлшний үнэ 1.552.000 төгрөг хасаад олговол зохих 665.936 төгрөг болж байна. Нийт 13 жолооч 3.913,8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43.208.352 төгрөг, үүнээс 13.950 литр түлшний үнэ 27.063.000 төгрөг хасаад олговол зохих нийт 16.145.352 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэгч 8 хүнд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэгч О.Пд 4.378.300 /дөрвөн сая гурван зуун далан найман мянга гурван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Г.Мт 2.744.200 /хоёр сая долоон зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төгрөг, нэхэмжлэгч Б.Бид 3.479.900 /гурван сая дөрвөн зуун далан есөн мянга есөн зуу/ төгрөг, нэхэмжлэгч Ч.Сд 5.032.100 /таван сая гучин хоёр мянга нэг зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.Нт 2.449.100 /хоёр сая дөрвөн зуун дөчин есөн мянга нэг зуу/ төгрөг, нэхэмжлэгч А.Тт 1.477.500 /нэг сая дөрвөн зуун далан долоон мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Д.Нд 795.500 /долоон зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Н.Бт 3.698.500 /гурван сая зургаан зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Н.Над 2.176.000 /хоёр сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөг, нэхэмжлэгч Д.Нт 876.000 /найман зуун далан зургаан мянга/ төгрөг, нэхэмжлэгч Б.Гт 1.461.500 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Х.Мт 4.888.500 /дөрвөн сая найман зуун наян найман мянга таван зуу/ төгрөг, нэхэмжлэгч Х.Шид 2.670.000 /хоёр сая зургаан зуун далан мянга/ төгрөг, нийт 36.127.100 /гучин зургаан сая нэг зуун хорин долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.659.410 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э давж заалдах гомдолдоо: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй.

Нэг: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...харин дээр дурдсанчлан талууд тээвэр хийсэн замын хэмжээ, нэг тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр тооцож тээвэрлүүлсэн талаараа маргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтад үндэслэн тээвэр хийсэн замын хэмжээг 100 км-ээр тогтоож...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2019/00253 дугаартай тогтоолын хянавал хэсэгт “...хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд тээвэрлэлт хийсэн зайг 110 км, 96 км, 90 км гэсэн өөр өөр хэмжээгээр маргаж байхад энэ зайг тогтоохгүйгээр нэхэмжпэгч нарын авах ёстой мөнгөн дүн болох ажпын хөлсийг тооцоолох, хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гээд анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Хоёрдугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд “...Улаангом сумын зүүн урагш чиглээд олон улсын чанартай А-1702 тэмдэгтэй авто замаар Увс аймгийн Наранбулаг сумын чиглэлд явсан ба Тээлийн гүүр буюу 14.7 км зам яваад зогсож тус гүүрэн дээр 44 тонн гэсэн тэмдэглэгээ байгааг баталгаажуулан бичиж авав. Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал уг гүүрээр 44 тонноос илүүгүй ачаатай, даацтай автомашин тээвэр хийхийг зөвшөөрсөн байгааг тэмдэглэлд оруулахыг хүссэн. Ингээд цааш нь 3 удаа зогсож огцом замын эргэлт болон өгсөж урууддаг хэсгийг бичиж баталгаажуулсан ба засмал замаас шороон зам руу ордог хэсэг буюу “Увс дулааны станц” ХХК-иас 47,8 км зам яваад замын уулзвар дээр ирж зогсоод хэргийн 2 дугаар хавтасны 67 дугаар хуудсанд авагдсан Монгол улсын авто замын сүлжээний атлас дээр талууд тайлбар хийж, тухайн атласт тэмдэглэгдсэн “Шар бүрд” гэх газар ирж зогссон үүнээс цааш шороон замаар явдаг гэсэн тайлбар гаргаж түүнээс цааш хөдлөв. 66.2 км зам туулаад “Бургастайн гол” гэх газар ирсэн ба цааш явсаар 103 км зам туулаад. “Хар тарвагатай” ХК-ийн нүүрсний уурхайн нүүрс ачдаг хэсэгт ирж тухайн 103 км газрыг цэсийн цэгээр тэмдэглэв. Эргээд Хар тарвагатай нүүрсний уурхайгаас Бургастайн гол хүрэхэд 31.7 км зам туулсан хэмээн зааж байсан ба гол гатлаад явав. Үүнээс цааш шууд “Увс дулааны станц” ХХК-ийн нүүрс буулгадаг хэсэг буюу өглөө хөдөлсөн хэсэгт ирж, километрийн заалтыг үзэхэд 92.5 км гэж зааж байв гэжээ. Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд Увс аймгийн авто тээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаартай албан тоот ...“Хартарвагатай” ХК-ийн нүүрсний уурхайгаас “Увс дулааны станц” ХХК хүртэлх хоорондох зайг Монгол улсын автозамын сүлжээний нэгдсэн атлас дээр тэмдэглэснээр 96 км байна. Улаангомоос сүлжээний нэгдсэн ангилалын А1701 кодтой замналаар эхэлж 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т “Хартарвагатай” ХК-ийн нүүрсний уурхайд очно гэж тэмдэглэсэн байна...” гэжээ. Хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд Автозамын сүлжээний нэгдсэн атласт Улаангомоос сүлжээний нэгдсэн ангилалын А1701 кодтой замналаар эхэлж 68 км яваад Бургастай голын урд дэнжээс баруун хойд чиглэлээр салж орон нутгийн замын маршрутаар 28 км-т “Хартарвагатай” нүүрсний уурхайгаас 96 км байна... гэж тэмдэглэсэн байдаг. Ийм байтал анхан шатны шүүх нь “Увс дулааны станц” ХХК-иас нүүрсний уурхай хүртэлх зайг 100 км тогтоосон үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаас зөрүүтэйгээр км зайг /100/ гэж тогтоосонд гомдолтой байна.

Хоёр: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...мөн 2015 оны 150 төгрөг, 2013 онд 130 төгрөгөөр тус тус тээврийн хөлс тохиролцон, ажил гүйцэтгэгдсэн гэж үзлээ. 2014 оноос хойш адил үйл ажиллагаа явуулж байгаа “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компанийн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн Чандмань туул ХХК-тай байгуулсан Нүүрс тээвэрлэлтийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Ундарга констракшн” ХХК, “ННБЭ” ХХК-иудтай байгуулсан “Нүүрс тээвэрлэх гэрээ”, үзлэг хийсэн тэмдэглэл, Увс аймгийн “Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар тодорхойлолт, гэрч Н.Сарнайгийн мэдүүлэг зэрэг баримтаар 2015 онд 150 төгрөгөөр, 2017 онд 135 төгрөгөөр тухайн үедээ нүүрс тээвэрлүүлдэг байжээ. Энэхүү баримтуудыг Монгол улсын Зам тээврийн сайдын 2013 оны 07 сары 10-ны өдрийн 162 тоот тушаалаар батлагдсан “Ачаа тээврийн 1 тн.км-ийн жишиг тариф”-тай харьцуулахад Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг 2 дулааны станцууд ажил гүйцэтгэгч нартай тохиролцох замаар өөрсдийн ажлын хөлсөө тогтоодог, нөгөө талаар тухайн жил, сард шатахууны тариф хэдэн төгрөг байгаагаас шалтгаалан хөлсний хэмжээ өөрчлөгддөг байна”... гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Улаангомын дулааны хоёрдугаар станц” төрийн өмчит хувьцаат компанийн Нүүрс тээвэрлэлтийн гэрээнүүд, нягтлан бодогч Н.Сарнайгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь төрийн өмчит хувьцаат компанитай хамааралтай баримтууд болохоос бус “Увс дулааны станц” ХХК-ийн тээврийн хөлс, км зайг жишиж тогтоодог нотлох баримтууд биш юм. Өөрөөр хэлбэл “Улаангомын дулааны 2-р станц” ТӨХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцоогүй төрийн өмчит хувьцаат компанийн нүүрс тээвэрлэлтийн гэрээнүүд, нягтлан бодогч Н.Сарнайгийн мэдүүлэг зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримтуудыг үнэлсэнд гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх нь “Улаангомын дулааны 2-р станц” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэж буруу бичиж байгаагаас харахад нотлох баримтаа үнэн зөв үнэлээгүйг харуулж байна. Анхан шатны шүүх нь “Увс дулааны станц” ХХК-д их хэмжээний хохирол учруулахуйц тээврийн хөлсний үнэлгээг шинээр зохиосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх хуулийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Гурав: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас ...нийт 36.127.100 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9.659.410 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянгаас нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тус бүрийг тодруулаагүй. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга нь 2018 оны 04 сарын 25-нд 45,786,510 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүр нь тодорхойгүй, тухайлбал нэхэмжлэгч тус бүр 2015 онд 1 тонн/км-ийг 150 төгрөгөөр, 2017 онд 1 тонн/км-ийг 130 төгрөгөөр “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажавтай амаар тохиролцсон эсэх талаар анхан шатны шүүх нь дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Т.Уянга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн, зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй. “Увс дулааны станц” ХХК-ийн захирал Д.Сурмаажав нь 2013 оны 09 сарын 01-ээс эхлэн 1 тонн/км-ийн тээврийн хөлсний үнийг 115 төгрөгөөр тогтоосон тушаалаасаа өөрөөр тохиролцоно гэж хэзээ ч байхгүй. “Увс дулааны станц” ХХК нь 2013 оноос хойш 1 тонн/км-ийн үнийг 115 төгрөгөөр тооцож байсан бөгөөд энэ талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн гуравдугаар хавтаст хэрэгт нэхэмжлэгч нэр бүхий 13 жолоочийн 2015 оноос 2017 оны хоорондох хувь хүний орлогын албан татварын тайланг хавтаст хэрэгт хавсаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээ гэж тооцох боломжтой байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэх дээр дүгнэлт хийгээгүй атлаа Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-д заасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд байгаа 2015 он, 2017 он тус бүрийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тодорхойгүй шүүхээс тодруулах үүргээ биелүүлсэнгүй. Тухайлбал нэхэмжлэгч Д.Н, О.П нар нь дизель түлшний үнээ хасаагүй, бусад нэхэмжлэгч нарын хувьд “Увс дулааны станц” ХХК-аас авсан дизель түлшний литр хэмжээ, түлшний үнэ, түлшний үнэ гэж хэдэн төгрөг хасаж байгаа нь тодорхой биш байна. Хариуцагч “Увс дулааны станц” ХХК нь 2015 онд нэр бүхий 13 жолооч 3,913.8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43,208,352.00 төгрөг, үүнээс 13,950.00 литр түлшний үнэ 27,063,000.00 төгрөг хасаад, нийт 16,145,352.00 төгрөг төлнө, 2017 онд нэр бүхий 5 жолооч 771.7 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 8,519,568 төгрөг, үүнээс 3100 литр түлшний үнэ 5,564,000 төгрөгийг хасаад, нийт 2,955,568 төгрөг төлнө. Үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

            Дөрөв: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-иас нэхэмжлэгч Х.Шагж, Ч.Сүхтулга, А.Т, Б.Г, Н.Б, Х.М, О.П, Д.Н нарт холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг нийт 8,657,714 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжпэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 232 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна. 

Нэхэмжлэгч О.П, А.Т, Г.М, Д.Н, Н.Б, Н.Н, Д.Н, Б.Г, Б.Б, Ч.С, Х.М, Х.Ш, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У хариуцагч “Увс дулааны станц” ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 38,747,100.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7,039,410.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 45,786,510.00 төгрөг болгожээ.

Хариуцагч “Увс дулааны станц” ХХК нь нэр бүхий 13 жолооч 3,913.8 тонн нүүрс тээвэрлэсэн, тээврийн хөлс 43,208,352.00 төгрөг, үүнээс 13,950.00 литр түлшний үнэ 27,063,000.00 төгрөг хасаад, нийт 16,145,352.00 төгрөг төлнө, үлдсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, мөн жолооч О.П, А.Т,  Н.Б, Б.Г, Ч.С, Х.М, Х.Ш, Д.Н нараас нүүрсний үнэ 8,657,714.00 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж маргажээ.

Талууд 2015, 2017 онуудад “Хар тарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах “Увс дулааны станц” ХХК-д нүүрс тээвэрлэхдээ хэдэн удаагийн ачилт хийгдсэн, нүүрс тээвэрлэхэд авсан түлшний хэмжээ, үнийн талаар маргаагүй, харин 1тонн/ км нүүрсийг анх хэдэн төгрөгөөр тохиролцож тээвэрлэсэн, мөн нүүрс тээвэрлэсэн замын урт /“Хар тарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах “Увс дулааны станц” ХХК хүртэлх хоорондын зай/ хичнээн км байсан талаар маргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 232 дугаар шийдвэрийг  хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй байна.

Зохигчдын маргаж буй Хар тарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом суманд байрлах “Увс дулааны станц” ХХК хүртэлх хоорондын зайг шүүхээс 100 км-ээр тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд  хэрэгт авагдсан  ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, энэ талаар хуульзүйн дүгнэлт хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн шаардлага хангаагүй, зохигчдын маргаж буй 1тонн/км нүүрсийг анх хэдэн төгрөгөөр тохиролцож тээвэрлэсэн талаарх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоохгүйгээр  шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж  338,585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Увс дулааны станц” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,585 / гурван зуун гучин найман мянга таван зуун наян тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                         М.НЯМБАЯР

 

  Д.ЖАМБАЛСҮРЭН