Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 16

 

А.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 221 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 22-35 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ85061666, Т ургийн овогтой А-ын Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Н э-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ц, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийг төлөөлж, дарга Д.Д, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт статистикч их эмчээр ажилд орсон. Улмаар тухайн үеийн удирдлага солигдсоны дараагаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шалтгаангүйгээр ажлын байрыг өөрчилж, эрүүл мэндийн даатгал хариуцсан их эмчээр томилсон. Шинээр томилогдсон ажлыг хийж гүйцэтгэх хугацаандаа алдаа зөрчил, хоцрогдол гаргахгүйгээр сайн ажиллаж байхад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гэнэт хөдөлмөрийн гэрээ цуцалж ажлаас халах шийдвэр гаргасан ба энэхүү тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг ажлын байран дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй.

Би 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр үдийн цайны цагаар нөхөр А.Сайнбуянгийн хамтаар эмнэлгийн дэргэдэх “Илчлэг” цайны газарт хоол идээд, 13 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд хоолой өвдөөд халуураад байсан тул чих, хамар, хоолойн эмч Э.О-д үзүүлж, эмчилгээ хийлгээд үйлчлэгч нарын өрөөнд орж хэвтсэн. Тэгээд 15 цагийн үед нөхрөө дуудаад гэртээ хүргүүлсэн. Харин намайг үдийн цайны өмнө даргын туслах, бичиг хэргийн эрхлэгч Б.Дариймаагийн өрөөнд ороход Б.Дариймаа болон Д.Золжаргал нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба би Б.Дариймаад “Маск зүүж, нүүр амаа буд” гэж хэлээд гарсан. Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Н э-гийн дарга Д.Д анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэгч А.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Улаанбаатар хотод 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрүүдэд болсон Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцоод Увс аймагт 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ирсэн. Намайг ирэхэд миний туслах, бичиг хэргийн эрхлэгч Б.Дариймаа, манай өрөөг цэвэрлэдэг үйлчлэгч Д.Золжаргал, эмнэлгийн сүлжээний инженер Б.Дамжид, хүний нөөцийн менежер Б.Буяа, Эрүүл мэндийн даатгалын их эмч А.Ц гээд миний ойр дотны хүмүүс, өрөөнд орж, ажлын цагаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Эхэндээ би өөрсдөө ирээд учир байдлаа тайлбарлаж, уучлалт гуйх болов уу гэж нэлээд харсан. Гэтэл гэм буруугаа ухамсарлахгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээ гаргасан. Цэцэгбал нь “Намайг байнга дарамталдаг” гэх утгатай зүйл хэлж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, харин ч өөрийнх нь хийж чадах, мөн манай эмнэлгийн 50-иас дээш хувийн төсвийн орлогыг бүрдүүлдэг Эрүүл мэндийн даатгал хариуцсан их эмчээр томилж, хариуцлагатай албанд томилж, дэмжиж ажиллаж  байсан. А.Ц нь ажлын цагаар ажлын байран дээр архи уусан зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажлаас халах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрээр: “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймаг Нэгдсэн эмнэлэгт холбогдох, тус эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” Б/55 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэгч А.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А.Ц давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч А.Ц намайг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болохоо анхнаасаа мэдүүлсээр ирсэн. Гэтэл анхан шатны шүүх гэрч Оюунгэрэл, Заяа, Золжаргал, Дариймаа нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай байна. Дээрх гэрчүүд нь Нэгдсэн эмнэлэгт ажилладаг бөгөөд даргын нөлөөнд автагдсан гэж үзэх боломж байгаа. Гэрч Оюунгэрэл, Заяа нар намайг согтуу байсныг хараагүй, үзээгүй гэх мэдүүлэг өгсөөр байхад нотлох баримтаар үнэлсэн, мөн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдэд байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдсан байхад нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна. Мөн байгууллагын дотоод журмын 6.4.4 дэх заалтад: Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулсан байна гэх зохицуулалт байхад тухайн зөрчлийг шалган тогтоогоогүй. Нэгдсэн эмнэлгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/29 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай” тушаалд хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хүний нөөцийн менежер Б.Буяад даалгасугай гэх заалт байдаг. Тэгтэл хүний нөөцийн менежер Б.Буяа нь тухайн өдөр ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Иймээс тухайн тушаалыг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Ц Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/55 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцалж, ажлаас халах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/55 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.6.2, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-ын В заалтыг тус тус баримтлан Эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч А.Ц-ыг “ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэсэн, хэргийн бодит байдалд нийцсэн гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч А.Ц нь 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Б.Дариймаа, Д.Золжаргал, Ж.Оюунгэрэл, Ц.Заяа нарын мэдүүлэг, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Тасгийн хурлын тэмдэглэл, 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Захиргааны тасгийн чанарын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрхи нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хүсэлтээр хуулинд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай баримтууд байх тул нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ.

 Хэрэгт авагдсан, ажил олгогч Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Д, ажилтан эрүүл мэндийн даатгал хариуцсан эмч А.Ц нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4.2 дахь заалтын В-д “Ажлын байранд ажлын болон ажлын бус цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил”-д тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх ба нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан дээрхи ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, ажил олгогч уг зөрчил гаргасан А.Цд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулинд нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.Ц давж заалдсан гомдолдоо: “2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн болон 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдэд Нэгдсэн эмнэлгийн “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдсан байхад нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж маргасан нь үндэслэлгүй.

Учир нь: А.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн  шүүхийн  хэлэлцүүлэгт хариуцагч талаас 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Тасгийн хурлын тэмдэглэл, 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Захиргааны тасгийн чанарын хурлын тэмдэглэл гэх баримтуудыг эх хувиар гаргаж өгснийг шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгч талд танилцуулан шинжлэн судлуулж, үзлэг хийсэн талаар хавтаст хэргийн 95, 96 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд эдгээр хурлын тэмдэглэлүүдийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэх үндэслэлтэй болно.  

Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ц-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугээр сарын 06-ны өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Цын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.ЖАМБАЛСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                        Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                   Л.АЛТАН