Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00129

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж

            нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

            улсын яллагч П.Шижиртуяа,

            хохирогч Ж.Намхай,

            гэрч Д.Энхтүвшин,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, М.Даваасүрэн,

      шүүгдэгч Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нарт холбогдох эрүүгийн 201606000258 дугаартай, 132/2016/0055/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1956 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Өндөр овогт Нямын Чимэдмядаг /РД:ГЗ65012410/.

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тэргүүн овогт Цэнд-Аюушийн Пүрэвдаваа /РД:ГЗ65012410/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нар нь бүлэглэж 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух Ж.Намхайн гэрт хууль бусаар нэвтрэн орж “хэт” хутга хулгайлж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/      

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Чимэдмядагийн өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 12-ны үед сумын төв орсон. Би тэр өдрийн орой нь ач хүүгээ Сайхан сумын “Уурхай” гэх нэртэй газраас Сайхан сумын төвд хүргэж ирсэн. Тэгээд би Найдан гэх айлд хоноод 05 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Намхайгийн дэлгүүр ороод Найдан гэх хүнтэй нэг шил архи хувааж уугаад байж байхад Намхайгийн эхнэр Энхтуяа манай гэрт очъё гэж хэлэхээр нь 17 цагийн орчим Найдан, Энхтуяа нарын хамт Намхайгийн гэрт очсон. Тэгээд сууж байхад Энхтуяа айлд очоод ирье та хоёр сууж бай гэж хэлсэн. Удалгүй бэр нь гэх  хүүхэн орж ирсэн. Тэгээд Найдан ах бид хоёрыг хүргэж өгье гэхэд бид 2 за гээд нэг пиво байсан тэрийгээ аваад машинд нь суугаад Найдангийн гэрт хүргүүлсэн. Тэр оройдоо би Найдангийн гэрт хоносон. Би сумын төвд 3 хоносон.  Гэхдээ тэр хавиар яваагүй. Тэгээд гэртээ хариад 6 сар гарсны дараа эмчилгээнд Улаанбаатар хот руу явсан. Хот ороод машинаас буунгуут 2 цагдаа ирээд намайг нэгжээд эхэлсэн. Яасан юу болсон гэхэд надад ерөөсөө хэлээгүй. Гэртээ очоод хэд хоносны дараа Сайхан ороход надаас байцаалт авсан. Энхтүвшин Намхайд та хоёрын хэт хутгыг аваад гарч байна гэж хэлсэн байна гэхэд би юу гэж тэгдэг юм гэж хэлсэн. Намхайг хутгаа алдсаныг ерөөсөө мэдээгүй байсан. Би амьдралдаа ийм хэрэг хийж үзээгүй, энэ хэргийг үйлдээгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Пүрэвдаваагийн өгсөн: Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэт рүү байшингийн юм авах гээд явсан. Тэгээд маргааш нь гэртээ ирээд цементээ буулгаад байж байхад Рагчаа цагдаа ирээд чи хүний хутга хулгай хийсэн байна гээд  4 цаг нүдсэн. Тэгэхэд л Намхайг хутгаа алдаж гэдгийг мэдсэн. Маргааш нь аймгийн цагдаад мэдэгдсэн намайг хулгайд сэрдээд цагдаа зодоод байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Рагчаа цагдаа ирээд намайг суу, суу гээд суулгаад Булган руу авч ирээд өөрийнхөө хэргийн шийдчихээд намайг орхиод явсан. Хэд хоногийн дараа Жаамаа буюу Жамсранжав цагдаа ирж байцаалт авсан.  Намайг гэрийн гадаа явж байхад Намхай гуай намайг дуудаад байхаар нь очиход чи “байг байг” гээд байхад Чимэдмядаг гэрийн хананаас мулт татаад авсан гэж хэлээрэй гэж надад үг зааж өгсөн. Би Цогт-Эрдэнийд орж Намхай гуай хутгаа зарчилаа гэж огт яриагүй. 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр захиргаан дээр хуралд суучихаад хог цэвэрлээд бүтэн өдөр ажилласан. 5 дугаар сарын 12-нд  мөн бүтэн ажилласан. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд өдөр, шөнөгүй гагнуурын ажил хийсэн. Жил гаран энэ хийгээгүй хэрэгтээ зууралдаж байна. Амьдрал ахуй үнэхээр хэцүү байна гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Намхай: Би тав дахь өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бараанд явчихаад үдээс хойш гэртээ ирээд мал руугаа явах гээд ногт хазаараа авахад хэт хутга маань байсан юм. Тэгээд хөдөө явчихаад 18-ны өдөр ирсэн ба тухайн өдрөө анзаараагүй маргааш нь буюу 19-ны өдөр хэт хутга байсан газраа байхгүй байсан. Тэгээд эхнэрээсээ цаашаа далд хийсэн эсэхийг асуугаад үгүй гэхээр нь хайгаад олоогүй. Бэр маань гэрт Чимэдмядаг, Найдан хоёр ирж архи уусан гэж хэлсэн. Тэгээд хулгайд алдагдсан байна гээд сумын цагдаад хэлэх болоход Энхтүвшин эгч “Чимэдмядаг наймаа хийсэн гээд аваад явж байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад болсон асуудлын талаар хэлсэн. Тэр хутгыг цагаан сарын үеэр байнга зүүдэг. Намайг ийм хутгатайг нутгийн түмэн маань бүгд мэднэ. Гэрч Энхтүшин эгчийнд жил болгон зүүж очдог нүдэнд хоногшсон байх ёстой. Пүрэвдаваагаас асуухад би аваагүй. 13-нд Чимэдмягдаг танай гадааа байн, байн мотоцикльтой ирээд байсан Чимэдмядаг авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь чи гэрч болоорой гэж хэлсэн. Пүрэвдаваа, Намхай гуай Чимэдмядагт хутгаа хямд өгчихлөө гэж 2 удаа ярьсан байсан. Харсан гэрчтэй, авсан нь үнэн болохоор би хэт хутгаа олж авмаар байна, гарсан зардлаа мөн нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Энхтүвшингийн өгсөн:  Би айлын хүүхэд хардаг ажилтай, 2016 оны 5 дугаар сарын 13-ны орой айлын хүмүүс ирсэний дараа 22 цаг өнгөрч байхад би гэрлүүгээ явахдаа дүү Намхайгийнхаар дайраад унаа байвал хүргүүлье гэж бодоод очиход хашааны хаалга нь онгорхой, гэр нь гэрэлтэй байсан. Тэгээд гэрийнх нь үүдэнд очтол өөдөөс түрүүлээд Пүрэвдаваа, араас нь Чимэдмядаг мөрөн дээрээ хэт хутга тохчихсон, “наймаа хийлээ дээ” гээд гараад ирсэн. Би юу ч яриагүй гэрт ороход хүнгүй байсан. Намайг орсоны дараа мотоцикль дуугаараад хашаа тойроод явах шиг болсон. Тэгээд хагас бүтэн сайн өдөр өнгөрөөд би айлын хүүхэд хараад  хэнтэй нь ч уузалдаагүй байгаад Намхайгийн бэрийг аавын хэт хутга алдагдаад цагдаад хэлэх гэж байгаа гэхээр нь болсон зүйлийг хэлсэн. Надаас цагдаа мэдүүлэг авсан. Би хэнийг ч гүтгээгүй, нэг нь миний шавь, нөгөө нь нутгийн таньдаг хүн.  Гэрээс энэ хоёр гарч байхад би зөрж орохоор л таарсан гэх мэдүүлэг,         

201606000258 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

            Хохирогч Ж.Намхайгийн өгсөн: ...2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төвд байх гэртээ ирсэн. Гэрийн хойморийн орны зүүн талын зүүн унинаас унжуулсан байсан хэт хутгаа байсан үгүйг анзаараагүй байж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө хэт хутгыг байхгүй байгааг мэдээд өөрийн эхнэр Энхтуяагаас миний хутга хаана байна вэ, энд тэнд далд хийгээ юу гэж асуухад хутгыг авч далд хийгээгүй гэдгээ хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

            Гэрч С.Рагчаагийн өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын үед Булган аймгийн Сайхан сумын төвд албан үүргээ гүйцэтгэж байхад Энхтүвшин, Золжаргал гэх 2 хүн ирж хадам аав Намхайгийн хэт хутга алга болсон. Морь даваа хочтой Даваа, Чимэдмядаг гэх хүмүүс  мөрөн дээрээ тохчихсон явж байсан гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/

Гэрч Д.Энхтуяагийн өгсөн: “...2016 оны 05 дугаар сард шиг санаж байна, өдрийг нь сайн санахгүй байна. Миний нөхөр Намхай хөдөө яваад ирэхдээ нэг өглөө унинд байсан хэт хутга алга байна гэж над руу утсаар хэлэхээр нь гэртээ ирээд хэт хутгыг хайсан боловч олдоогүй. Би төрсөн эгч Энхтүвшинд хэт хутгыг алга болсныг хэлэхэд Чимэдмядаг, Пүрэвдаваа нарыг мөрөн дээрээ хэт хутга тавиад манай гэрээс гарч явсан гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Золжаргалын өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны өглөөний 09 цагийн үед хадам аав Намхай миний хэт хутга алга болсон байна харсан уу гээд манай гэрт орж ирсэн. Тэгээд байж байхад гаднаас Энхтүвшин эгч орж ирээд хадам аав Намхай, хадам ээж Энхтуяа нарыг асуухаар нь хэт хутга алга болсон гээд хайгаад гараад явсан талаар хэлэхэд намайг Цогоогийн гэрт байхад Пүрэвдаваа орж ирээд Намхай гуай Чимэдмядагт хутгаа зарсан гээд яриад байсан гэж хэлсэн. Энхтүвшин эгч Сайхан сумын Рагчаа цагдаад хэлэхдээ “Пүрэвдаваа, Чимэдмядаг нарыг хэт хутгыг аваад гэрээс гарч байхад нь үүдэн дээр таарсан” талаар ярьсан...” /хх-ийн 25 тал/,

Гэрч Д.Энхтүвшингийн өгсөн: “..2016 оны 5 дугаар сарын 13-ны орой Цог-Эрдэнийн хүүхдийг хардаг ажлаа тараад гэртээ харих замдаа Намхайгийн гэрээр ороод гаръя гэж бодоод хашааных нь хаалгаар ороод гэрийн үүдэн дээр очиход миний урдаас Пүрэвдаваа түрүүлээд араас нь Чимэдмядаг гарч ирсэн. Чимэдмядаг нь зүүн талынхаа мөрөн дээр хэт хутга тохоод явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 тал/,                                                                                                                                                                                  Шүүгдэгч Н.Чимэдмядагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орой нь ач хүүгээ маань намайг Сайхан сумын “Уурхай” гэх нэртэй газраас Сайхан сумын төвд хүргэж ирсэн. Тэгээд би Найдан гэх айлд хоноод 05 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Намхайгийн дэлгүүр рүү ороод Найдан гэх хүнтэй нэг шил архи хувааж уугаад байж байхад Намхайгийн эхнэр Энхтуяа манай гэрт очъё гэж хэлэхээр нь 17 цагийн орчим Найдан, Энхтуяа нарын хамт Намхайгийн гэрт очсон. Тэгээд сууж байхад Энхтуяа айлд очоод ирье та хоёр сууж бай гэж хэлсэн. Удалгүй бэр нь гэх 20 гаран насны хүүхэн орж ирсэн. Тэгээд Найдан ах бид хоёрыг хүргэж өгье гээд машиндаа суулгаад Найдангийн гэрт хүргэж өгсөн. Тэр оройдоо би Найдангийн гэрт хоносон. 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчим байх гэж санаж байна, Намхайгийн гэрт орох гээд гэр нь цоожгүй хаалгыг онгойлгоод орох гэтэл хүн байхгүй байхаар нь оролгүй хаалгыг нь буцааж хаагаад мотоцикль руугаа явж байхад Пүрэвдваа баруун гар талаас гэнэт хаанаас ч юм тодорхойгүй хүрч ирэхээр нь сайн уу гэж мэнд мэндлэхэд Пүрэвдаваа нь баруун гартаа хавтгайдуу хэлбэртэй өмдний тэлий юм шиг зүйл барьж байсан. Би барьж байгаа зүйлийг нь үзээд өгөхөд нилээн дургүй шинжтэй авсан. Тэр үед Энхтүвшин гэх хүүхэн ирээд юм ярилцаагүй хажууд зогсож байхаар нь би мотоцикль руугаа алхахад Энхтүвшин мөрөн дээрээ тавьчихлаа гэсэн утгатай үг хэлэх шиг сонсогдохоор нь баруун мөрөн дээрээ үзэхэд нөгөө барьсан зүйлээ Пүрэвдаваа нь миний мөрөн дээр тавьсан байсан. Тэгэхээр нь би эргэж хараад энийгээ ав гэж хэлээд Пүрэвдаваад гарт нь өгөөд Пүрэвдаваагаас Рэгзэн гэх айлыг асуугаад мотоциклио унаад Рэгзэн гэх айл руу явсан. Рэгзэн гэх айлын гэрт очиход 17 цаг болж байсан. Рэгзэн гэртээ байгаагүй, харин залуухан хүүхэн байхаар нь мал авч байгаа юм уу гэхэд үгүй гэхээр нь Найдангийн гэрт очсон. Найдангийн гэрт би 2-3 хоносон. Сүүлд бодоод байхад Пүрэвдаваа нь Намхайгийнхаас эд зүйлс авсныхаа дараа Энхтүвшин гэх эмэгтэй таарахаар  хавтгайдуу, бүс ч юм шиг зүйлийг миний мөрөн дээр тавьсан гэдгийг бодсон. Тэр зүйл нь Намхайгийн хулгайд алдсан хэт хутга нь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42 тал/,

            Шүүгдэгч Ц.Пүрэвдаваагийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би хэт хутга хулгайлаагүй. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өглөөний 09-13 цаг хүртэл тамгын газрын урд талд байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн цэвэрлэгээг хийчихээд үдээс хойш нь Хөдөлмөрийн хэлтсийн хуралд суучихаад орой нь гэртээ ирээд амарсан юм. Маргааш өглөө нь 08 цагаас хогийн цэг дээр ажиллахаар хувиарлагдсан байсан учраас цэвэрлэгээндээ очсон. Тэгээд 13 цаг хүртэл цэвэрлэж байгаад цайндаа ороод 14 цагаас буцаж ирээд 18 цаг хүртэл цэвэрлээд харьж амарсан. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг хүртэл ажлаад гэртээ ирээд Цогоо гэх хүний хашааны хаалтыг гагнаж өгсөн. Тэгээд 15 цагийн үед гагнуураа хийж дуусгасан юм. Тэгээд Цогоо намайг маргааш нь машины юм гагнуулахаар тохирсон. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд өдөр, шөнөгүй гагнуурын ажил хийсэн юм. Би Намхайгийн гэрт нь ерөөсөө очоогүй, намайг гагнуур хийж байхад Чимэдмядаг хашааны хойноос Намхайгийн эхнэр Туяа дэлгүүрээ онгойлгосон байна уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-47 тал/,

“Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02/137 дугаартай “хохирогч Ж.Намхайн “хэт” хутгыг 8000000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 30 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2 тал/, гэмт хэргийн талаархи өргөдөл, гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол /хх 7 тал/, баримтыг хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14 тал/, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 38-47 тал/ иргэний үнэмлэхний лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 50-51, 56-57 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 73-76 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 78-79 тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух Ж.Намхайн гэрт хууль бусаар нэвтрэн орж нууц далд аргаар “хэт” хутгыг хулгайлж, 8000000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэрэг үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирлын талаар өгсөн хохирогч Ж.Намхай, гэрч Д.Энхтүвшин нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон “хэт” хутганы зах зээлийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргажээ.

Хулгайлах гэмт хэргийн гол шинж нь нууц далд аргаар өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй авдаг, иймд хохирогчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 17-ны хооронд дээрхи эд зүйлийг гэрээсээ алдсан талаар мэдүүлж байгааг цаг хугацааны хувьд зөрүүтэй байна гэж үзэх боломжгүй бөгөөд гэрч Д.Энхтүвшин тухайн үйл баримт болсон цаг, хугацаа, орон зайн талаар хэлж, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой  заасан нь нотлох баримтаар нотлогдож байна.

     Хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотловол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Тэдний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Намхайн мөнгөн хэт хутга алдагдаж, 8000000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эд зүйлийн үнэлгээний хөлс 40000 төгрөг /хх-27 тал/, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах /хх-108, 15/, 2017 оны 5 дугаар сарын 23, 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд шүүх хуралдаанд ирж оролцсонтой холбоотой гарсан бензиний зардлыг нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд тооцож /60000₮, 60000₮, 80000₮, 53200₮/ 293200 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Пүрэвдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Чимэдмядаг нь 2 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Ц.Пүрэвдаваагийн №000179326 дугаарын гэрчилгээтэй 126300 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Өндөр овогт Нямын Чимэдмядаг, Тэргүүн овогт Цэнд-Аюушийн Пүрэвдаваа нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нараас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Чимэдмядагийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.Пүрэвдаваа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдусгай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдаж, шүүгдэгч Ц.Пүрэвдаваагийн №000179326 дугаарын гэрчилгээтэй 126300 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар хэт хутга буюу 8000000 /найман сая/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаатай холбоотой зардалд 293200 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөг, нийт 8293200 /найман сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг буюу шүүгдэгч Н.Чимэдмядагаас 4.146.600 төгрөг, Ц.Пүрэвдаваагаас 4.146.600 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух, Усчин овогт Жүгдэрийн Намхайд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН