Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 23

 

 

                            Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0055/Э

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч                     Г.Эрдэнэчимэг, М.Даваасүрэн

           Хохирогч                                                   Ж.Намхай

           Гэрч                                                          Д.Энхтүвшин     

           Нарийн бичгийн дарга                            Н.Батзаяа нарыг оролцуулан

 

        Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нарт холбогдох 201606000258 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Монгол улсын иргэн, 1965 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, ГЗ65012410 регистрийн дугаартай Тэргүүн овогт Цэнд-Аюушийн Пүрэвдаваа.

         Монгол улсын иргэн, 1956 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багт суух, урьд ял шийтгэлгүй, ГЗ56031612 регистрийн дугаартай, Өндөр овогт Нямын Чимэдмядаг.

 

     Шүүгдэгч Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нар нь бүлэглэж 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух Ж.Намхайн гэрт хууль бусаар нэвтрэн орж “хэт” хутга хулгайлж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

          Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолоор:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Тэргүүн овогт Цэнд-Аюушийн Пүрэвдаваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

        Шүүгдэгч Өндөр овогт Нямын Чимэдмядагийг хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

       2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Чимэдмядагийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

      Энэ хэрэгт шүүгдэгч Н.Чимэдмядаг, Ц.Пүрэвдаваа нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдаж, шүүгдэгч Ц.Пүрэвдаваагийн №000179326 дугаарын гэрчилгээтэй 126300 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож,

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Чимэдмядагаас хэт хутга буюу 8000000 /найман сая/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаатай холбоотой зардалд 293200 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөг, нийт 8293200 /найман сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух, Усчин овогт Жүгдэрийн Намхайд олгох,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Ц.Пүрэвдаваад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Чимэдмядагийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолох,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нь давж заалдах гомдолдоо:

 “...1. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилэн найруулсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7.3.т “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчиж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ талуудыг мэтгэлцүүлээгүй.

             Н.Чимэдмядагийн гэм буруугүй талаар 35.24-д зааснаар өмгөөлөгчийн дүгнэлт хэлэх боломжийг олгоогүй.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ба 2002 оны Эрүүгийн хуулиар 145.2-т баривчлах ял байгаа боловч шинэ хуулиар энэ төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй болсон байхад Н.Чимэдмядагийг 4 сарын баривчлах ялаар шийтгэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Аймгийн прокурорын газраас Н.Чимэдмядаг нь Ц.Пүрэвдаваатай бүлэглэн Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн нутагт оршин суух Ж.Намхайгийн гэрээс 201-5-13-ны өдөр орон байранд хууль бусаар нэвтэрч хэт хутга хулгайлж 8000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.  Учир нь гэвэл: Хохирогч Ж.Намхай /хх-16/ 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэрээсээ төвд байх гэртээ ирсэн. Гэрийн хойморын орны зүүн талын зүүн унинаас унжуулсан байсан хэт хутгаа байсан үгүйг анзаараагүй байж байгаад 2015-5-18 өдөр хэт хутгаа байхгүй байгааг мэдсэн байдаг. Хохирогч Ж.Намхай хэт хутгаа хэзээ хэдийд алдсанаа мэддэггүй.

            Н.Чимэдмядагийг гэм буруутай гэж тооцохдоо гэрч Д.Энхтүвшингийн мэдүүлсэн 2016-11-13 өдрийн мэдүүлэгт /хх-17, 18, 83/ 2016 оны 5-р сарын дундуур 22-23 цагийн орчимд Цогт-Эрдэний хүүхдийг хардаг, ажлаа тараад гэртээ харих замдаа Ж.Намхайн гэрээр ороод гаръя гэж бодоод гэрийн үүдэн дээр очиход миний урдаас Пүрэвдаваа гарч ирсэн, араас нь Чимэдмядаг гарч ирсэн. Пүрэвдаваа нь наймаагаа аваад явж байна гэж хэлээд өнгөрсөн. Чимэдмядаг нь зүүн талынхаа мөрөн дээр хэт хутга тохоод явж байсан. Би Ж.Намхайн гэрт нь ороход гэр харанхуй байхаар нь Энхтуяаг 10 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь гэрийн хаалгыг уячихаад яваад өгсөн гэж мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт намайг Ж.Намхайн гэрт очиход гэрэлтэй байсан учраас хэт хутга авч явсныг харсан гэж удаа дараа зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Гэрч Д.Энхтүвшингийн яриад байгаа зүйл /хх 21/ гэрч Цогт-Эрдэнэ Пүрэвдавааг манай гэрт орж ирэхэд Энхтүвшин эгч хүүхэд хараад байж байсан. Пүрэвдаваа манайд орж ирэхдээ хэт хутганы талаар яриагүй гэж мэдүүлдэг ба /хх 17, 18, 83/ гэрч Д.Энхтүвшин Ж.Намхайн гэр харанхуй байсныг ярьдаг тул өөрийн болон бусад гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

            Хохирогч Ж.Намхайн алдсан гээд байгаа хэт хутга нь цаг хугацаа орон зайны хувьд зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Хамаарал бүхий этгээд болох /Намхайгийн эхнэрийн төрсөн эгч/ Д.Энхтүвшингийн мэдүүлэг, өөр ямар нэгэн нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байхад түүний мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

            Иймд энэ тогтоолыг хянан хэргийг бодитойгоор үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Чимэдмядаг нь намайг анхан шатны шүүхээс өмгөөлөгчөөр авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.5-д зааснаар ял шийтгүүлсэн Н.Чимэдмядагийн хувийн байдалтай холбоотой баримтыг хавсаргав. ” гэжээ.

            Упсын яллагч эсэргүүцэлдээ: 

       “1. Шүүх хуралдаан даргалагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дарааллын дагуу шүүх хуралдааныг явуулж хавтаст хэргээс талууд яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлуулах үе шат явагдсаны дараа шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоохоор шүүх хуралдааныг түр завсарлуулж шүүх зөвлөлдөөд шүүгдэгч Ц.Пүрэвдавааг гэм буруугүй, Н.Чимэдмядагийг гэм буруутай гэж үзсэнээр шүүх хуралдааны ажиллагаа үргэлжилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд заасны дагуу улсын яллагч, өмгөөлөгч гар дүгнэлтээ танилцуулсан.

            Шүүхээс шүүгдэгч Ц.Пүрэвдавааг гэм буруугүй гэж үзсэн учраас улсын яллагч Ц.Пүрэвдаваагийн холбогдсон гэмт хэрэг, нотлогдсон байдал, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар дүгнэлтээ гаргаагүй.

            Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, 34.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ”, 38.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэснийг тус тус зөрчиж шүүгдэгч Ц.Пүрэвдаваагийн өмгөөлөгчид дүгнэлт гаргах боломж олгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүх хуралдаанд талууд эрх тэгш оролцох нөхцөл боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.

            2. Шүүх “...хохирогч Ж.Намхайн гэрээс шүүгдэгч Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нарыг гарч явах үед таарсан, хэт хутгыг Э.Чимэдмядаг мөрөн дээрээ тохсон байдалтай явж байсан гэдгийг гэрч Д.Энхтүвшин тууштай мэдүүлдэг боловч энэ мэдүүлгээр Ц.Пүрэвдаваагийн оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

      Шүүгдэгч Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нар нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар баг 4-2 тоотод байрлах хохирогч Ж.Намхайгийн орон байранд хууль бусаар нэвтэрч хэт хутга хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн Ж.Намхайгийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч С.Рагчаагийн мэдүүлэг /хх-ийн 19 дугаар хуудас/, гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч Золжаргалын мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Д.Энхтүвшингийн мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгах тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-76 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Энхтүвшингийн “..Намхайгийн хашааных нь хаалгаар ороод гэрийн үүдэн дээр очиход урдаас нь Пүрэвдаваа араас нь Чимэдмядаг зүүн талынхаа мөрөн дээр хэт хутга тохоод Энхтүвшинтэй тааралдах үедээ наймаагаа аваад явж байна ” гэсэн утга бүхий зүйл хоорондоо ярьсан зэргээс үзэхэд шүүгдэгч нар нь эзэнгүй айлд хууль бусаар нэвтэрч ороод гарч явах үедээ Д.Энхтүвшинтэй тааралдсан, шүүгдэгч Н.Чимэдмядагийг эзэнгүй айлаас хэт хутга аваад гарч байх үед шүүгдэгч Ц.Пүрэвдаваа нь хориглоогүй, харин түүний хууль бус үйлдэлд дэмжиж оролцсон гэж үзэж байна.

       2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх, урьдчилан үгсэж тохирсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл гэсэн хэлбэрүүдтэй байх талаар хуульчилсан байсан. Дээрх гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрүүдийн “бүлэглэн гүйцэтгэх” гэсэн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэгт хамтран оролцох” гэсэн томъёоллоор хуульчлагдаж өмнөх хуулийн уламжлалт шинжийг хадгалсан байна.

      Гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь оролцогчдын оролцооны дотоод холбоогоор тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг бүлэглэж үйлдэх нь хамтран оролцогчдын хамгийн энгийн хэлбэр бөгөөд ийм хэлбэр нь а/ гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй, б/ хоёр буюу түүнээс дээш гүйцэтгэгч хамтран хамтарсан үйлдлээрээ тухайн гэмт хэргийн хор уршгийг бий болгосон байгаа нь тухайн гэмт хэрэгт бүлэглэж хамтран оролцсон хэлбэрийг харуулж байна гэж үзэж байна.

        3. Шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт “шүүгдэгч Н.Чимэдмядагт 4 /дөрөв/ сарын баривчлах ял оногдуулж хуулийг буруу хэрэглэсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дахь хэсэгт заасан ялын төрөлд баривчлах ял хуульчлагдаагүй тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар хуулинд тусгагдаагүй ялаар шийтгэх боломжгүй гэж дүгнэж байна.

         Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив... гэжээ.            

            Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

         …Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна… гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Анхан шатны шүүх Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

       Учир нь: Шүүх Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг бүрэн бодитойгоор хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцлийг хангаагүй, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчжээ /хх 144-145/.

 

       Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан “…мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй ” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

        Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан зарим хэсгийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

         Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Цэнд-Аюушийн Пүрэвдаваа, Нямын Чимэдмядаг нарт холбогдох, 201606000258 дугаартай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдол болон улсын яллагчийн эсэргүүцлийн  зарим хэсгийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Н.Чимэдмядагт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Пүрэвдаваад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4.  Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

 

                ШҮҮГЧИД                                                              Ц.ТУЯА       

     

                                                                                               С.УРАНЧИМЭГ