Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 379

 

Н.Ч, Ц.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаа, шүүгдэгч Ц.П-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, М.Д, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 201606000258 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Н-ын Ч,

2. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Ц-ийн П нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж, орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ч, Ц.П нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Ц.П нарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 хоног хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Ч, Ц.П, тэдгээрийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Г.Эрдэнэчимэг нарын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.П гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрч гэх хохирогчийн эхнэрийн эгчийн зөрүүтэй мэдүүлэг, надтай бүлэглэсэн гэх Н.Ч-ийн мэдүүлгүүдийг үнэлэн намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн үйл явдал болсон гэх өдөр надад архи ууж, айл хэсэх зав байгаагүй. Намайг хийгээгүй хэрэгт гүтгэж байгаад маш их гомдолтой байгаа тул энэ хэргийн зам мөрийг шалгуулж, намайг мэдэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах зэргээр хэргийг дахин шалгуулж үнэн зөвийг нь олуулмаар байна. 2016 оны 05 дугаар сарын 19-ний орой 19 цагаас хойш Сайхан сумын цагдаа С.Р манайд ирж Ж.Н гэдэг хүний хэт хутгыг хулгайлсан байна гэж худал хэрэгт гүтгэж, учир зүггүй зодож, төмөр сандлаар хавирга хуга цохьсон. Би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Булган аймгийн цагдаагийн газрын 7034102 дугаар руу залгаж цагдаа С.Р намайг хэт хутга хулгайлсан гэж худал гүтгэн зодсон гэж мэдэгдсэн. Үүний дараа С.Р намайг авч төв ороод цагдаад гомдолгүй гэж хэлээд өгөөч гээд байхаар нь залуу хүүхэд юм гээд түүний хүсэлтийн дагуу гомдолгүй гэсэн. Үүнээс хойш шалгахгүй байж байгаад 09 дүгээр сарын сүүлээс намайг холбогдуулан хэргийг шалгаж эхэлсэн нь хэргийг илрүүлэхэд хэцүү болгож, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Тухайн үед нь шалгасан бол үнэн мөнийг олоход тустай байсан. Ж.Н-ийн ах, дүү нар Булган аймгийн шүүх, прокурорын газар ажилладаг тул миний энэ хийгээгүй хэрэгт нөлөөлсөн гэж бодож байна. Гэрч гээд байгаа Д.Э нь тухайн хэрэг гарсан гэх өдөр намайг бакал өмссөн, дээлтэй явж байсан гэж мэдүүлсэн байсан, надад бакалан гутал байдаггүй. Ер нь Ж.Н, Д.Э, Д.Э, З.З нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй. Энэ мэт зүйл дээр худал ярьж, худал гэрчлэн хэрэгтэн болгоход хүргэсэн Д.Э, Н.Ч, Ж.Н нарт маш их гомдолтой байгаа тул хэргийн үнэн зөвийг олж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.П-ийн өмгөөлөгч Р.Нямцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Ц.П-ийн бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт үйлдэл тогтоогдоогүй байхад Ж.Н, түүний эхнэр Д.Э, бэр З.З, бэргэн эгч Д.Э нарын үгсэн хуйвалдсан гүтгэлгээр шүүгдэгч Н.Ч-ийг цохилдуулан худал мэдүүлэг өгүүлснийг үнэн зөвд тооцон хилсээр ял шийтгэсэнд гомдолтой байна. Шүүх Н.Ч, Ц.П нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэдний мөрдөн байцаалт болон шүүхэд өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн, Д.Э, З.З, С.Р, хохирогч Ж.Н-н мэдүүлгүүд, хэт хутганы үнэлгээ зэргийг үндэслэл болгосон атлаа шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн “Ж.Н-н хатгаж цохилдуулснаар Ц.П-г гүтгэж худлаа мэдүүлэг өгсөн” гэсэн мэдүүлгийг огт үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч Ц.П-аас гэмт хэрэг хийгээгүй гэдгээ нотлохыг, тийм баримт гаргахыг шаардаж байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн. Гэрч С.Р-ийн мэдүүлгийг яллах үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Тэрээр сумын цагдаагийн хэсгийн цагдаа бөгөөд З.З, Д.Э нар гомдол, мэдээлэл өгөхөөр ирсэн процессын ажиллагааны тухай мэдүүлсэн болохоос энэ гэмт хэргийн тухай мэдүүлээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.3 дугаар зүйлд заасан ажиллагааны албан тушаалтныг гэрч болгосон нь үндэслэлгүй. Гэрч Д.Э шүүгдэгч нарыг хутга аваад гарч явахад гэрийн босгон дээр халз таарсан гэсэн атлаа Ж.Н-д огт хэлж мэдэгдээгүй байдаг. Мөн тэрээр “наймаагаа аваад явж байна гэж Ц.П хэлсэн, Н.Ч хэлсэн” гэх мэтээр өөр өөрөөр хэлдэг ба эзэнгүй гэрт хэнтэй ч наймаа хийх боломжгүй нь ойлгомжтой, Ж.Н-н хутгыг таньдаг хүний хувьд түүнийг нь аваад гарч байгаа 2 хүнтэй ганц ч үг солиогүй гэх зэрэг мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болох боломжгүй юм. Түүнчлэн гэрч Д.Э Ж.Н-н гэрт ороод 10 минут болсон, Д.Э дэлгүүрээ шалгах гээд гэрээ эзэнгүй онгорхой орхиод 10 орчим минут болоод ирсэн гэх мэдүүлэг, Ц.П-ийн өмсөж явсан дээлний талаар “цэнхэр даавуун дээл”, “цайвар ногоон дээл” гэж, шүүгдэгч нарыг архи уусан эсэхийг мэдэхгүй гэж мэдүүлж байснаа сүүлд “архи үнэртэж байсан” гэх зэргээр зөрүүтэй, эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгсөн байх тул үнэнд тооцох боломжгүй юм. Ж.Н-н бэр З.З, Ц.П тэдний гэрт нөхөр Ц ирээд “Н хэт хутгаа арай хямд өгчихлөө” гэж ярьсныг Д.Э-д хэлсэн гэх боловч н.Ц, Ц.П нар үүнийг үгүйсгэсэн байхад яллах нотлох баримт болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлийг бий болгож байна. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал нотлогдсон гэж үзэх боломжгүй байна. Учир нь хохирогч Ж.Н-н шүүх хуралдаанд өгсөн удаа дараагийн мэдүүлэг, асуултад хариулсан байдлыг тэмдэглэлээс нарийвчлан уншиж дүгнэж үзэх шаардлагатай. Ж.Н 3 үе дамжсан, 50 лан мөнгөний орцтой хэт хутга буюу үнэт эдлэлээ байнга унинаасаа унжуулж санжуулж байдаг, хөдөө гадаа хол явахдаа хадгалж хямгаддаггүй гэдэг нь үнэмшил муутай. Тэрээр хэт хутгаа алдсан уу, хэзээ алдсан, түүнд тийм үнэ цэнэтэй эртний хэт хутга байдаг байсан уу гэдгийг огт шалгаж тогтоогоогүй. Эхнэр Ж.Э-ийн мэдүүлгээр Ж.Н хөдөөнөөс ирснээс хойш 2-3 хоносны дараа хутгаа сурагласан гэх, үүнийг шалгаж тогтоох бүрэн боломжтой байтал шалгаагүй, түүний ойр дотны хамаарал бүхий хүмүүсийн эргэлзээтэй мэдүүлгээр Ц.П-д ял халдаасан нь хууль бус юм. Хутганы үнэлгээг тогтоохдоо Ж.Н-н хэт хутга зүүсэн фото зураг, түүний яриаг үндэс болгосон байна. Гэрэл зургаас хутганы үнийг бодитоор тогтоох боломжгүй юм. Хэт хутганы талаар Ж.Н-н шинжээчид өгсөн мэдээлэл өөр ямар ч баримтаар батлагдаагүй тул үнэлгээ үндэслэлгүй юм. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Ц.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдоогүй тул түүнийг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.П-ийн өмгөөлөгч М.Даваасүрэн хэлсэн саналдаа “...Гэрч Д.Э болон бусад гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Тус мэдүүлгүүд нь өөр нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эргэлзээгүйгээр нотолж чадаагүй” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг гаргасан гомдолдоо “...Хохирогч Ж.Н-н мэдүүлгээс үзэхэд тэрээр хэт хутгаа хэзээ алдсанаа мэддэггүй ба цаг хугацаа, орон зайны хувьд зөрүүтэй байдаг. Н.Ч-ийг гэм буруутай гэж тооцохдоо гэрч Д.Э, Д.Э, З.З, С.Р болон хохирогч Ж.Н-н мэдүүлгийг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна. Д.Э анх “гэртээ харих замдаа Ж.Н-ийн гэрээр орохоор очиход гэрээс Ц.П түүний араас Н.Ч гарч ирсэн. Н.Ч зүүн талынхаа мөрөн дээр хэт хутга тохоод явж байсан. Ж.Н-н гэрт ороход харанхуй байхаар нь хаалгыг уячихаад явсан” гэж мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Ж.Н-д очиход гэрэлтэй байсан, хэт хутга авч явсныг харсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Н.Ч хохирогч Ж.Н-н эхнэр Д.Э-тай дэлгүүр болон гэрт нь архи пиво ууснаа мэдүүлэг, харин мөнгөн хэт хутгыг аваагүй гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Хохирогч Ж.Н болон түүний эхнэр Д.Э-ийн төрсөн эгч Д.Э-ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж Н.Ч-т ял халдаасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Н.Ч-ийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч С.Намжилмаа хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэт хутга нь хэдэн төгрөгийн үнэтэй, хэдийд, хаанаас алга болсон зэргийг тогтоогоогүй байж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Г.Эрдэнэчимэг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул хэлсэн саналдаа “...Хэт хутга байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуульд нийцсэн байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон. Хэргийг дахин шалгах шинэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэрч Д.Э хэрэг болсон үйл явцын талаар мэдүүлж, мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заасан гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ч, Ц.П нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух Ж.Н-н гэрт хууль бусаар нэвтрэн орж 8,000,000 төгрөгийн үнэ бүхий “хэт хутга”-ыг нууц далд аргаар авсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог ба энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгож байгаа үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх буюу хууль буцаан хэрэглэх зарчим эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

Энэхүү “хууль буцаан хэрэглэх” зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн бол торгох, баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Өөрөөр хэлбэл, шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар оногдуулах хорих ялын дээд хэмжээ нэмэгдэж уг гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн тогтоосон байх тул дээрх “хууль буцаан хэрэглэх” зарчмыг баримтлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хоёр шатны шүүх Н.Ч, Ц.П нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар “Н.Ч, Ц.П нар уг гэмт хэргийг үйлдээгүй, хилсээр ял шийтгүүлсэн тул тэднийг цагаатгаж өгөх” талаар гомдол гаргасан бөгөөд гомдлын агуулга нь хэргийг хэн, яаж үйлдсэн талаарх нөхцөл байдлыг агуулсан, үүнээс үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах зорилгыг агуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...тухай асуудлыг шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхой хуульчилсан тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан “гэмт хэрэг үйлдээгүй” тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч Н.Ч-ийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                       ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭH

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН