Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 182

 

П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь  

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг  

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох   

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Тт” ХХК, “И н” ХХК-д олгосон “тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрөл”-ийн иргэн П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, дээрх 6 иргэдэд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах”

Гуравдагч этгээдийн “Тт” ХХК-ийн бие даасан шаардлага: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/68 тоот тушаалаар “И н” ХХК-д ашиглуулахаар олгогдсон нийт 5 хэсэг 3,3 га газрын нэг хэсэг болох 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0,46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах тухай”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0099 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:  

Нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгч П.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц,

Гуравдагч этгээд “И н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Гуравдагч этгээд “Тт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Б нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд “Тт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д, гуравдагч этгээд “И н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нараас гаргасан “...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын “Тт” ХХК, “И н” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн иргэн П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, дээрх 6 иргэдэд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас Ч.А-д холбогдох хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “И н” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн 0160610, 0160611, 0160612 дугаар бүхий гэрчилгээтэй 3,3 га газраас иргэн Ч.А-ийн амьдарч байгаа газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 4 дүгээр хэсэг, дайчдын хөшөө 1 гудамж 18а тоотод 485.0 м.кв газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдсэн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Тт” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/68 тоот тушаалаар “И н” ХХК-д ашиглуулахаар олгогдсон нийт 5 хэсэг 3,3 га газрын нэг хэсэг болох 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас одоогийн байгаа хашааны дагуу 0,46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгах тухай” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 221/МА2018/0099 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0856 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тугаар тушаалаар “И н” ХХК-д тусгай хамгаалалттай газарт 3,3 га газар ашиглуулахаар зөвшөөрсөн газраас нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-д 233 м.кв, Б.О-д 291 м.кв, Д.Э-д 403 м.кв, Ч.А-д 485 м.кв, Б.У-д 353 м.кв газрыг тус тус ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Ц-ын давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээд “Тт” ХХК, “И н” ХХК-иудын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гуравдагч этгээд “Тт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA2018/0099 дугаартай магадлалыг гуравдагч этгээд “Тт” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн аваад дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүхийн 221/MA2017/0886 магадлалыг хүчингүйд тооцож, “Тт” ХХК-ийн бие даасан шаардлага болох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон “И н” ХХК-ийн 0,47 га газраас давхардсан хэсэг болох 0,15 га хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд одоогийн “Тт” ХХК-ийн эзэмшиж байгаа хашааны дагуу 0,46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Юуны өмнө энэхүү маргаан бүхий газар нь анхдагч эзэмшигч болох Ц-аас “И н” ХХК, “Д о” ХХК буцаад “И н”-д шилжсэн нийт 3,3 га буюу 5 хэсэг өөp өөр байрлал бүхий газрын нэг 0,47 га газар болохыг Шүүх анхаарч үзээгүй. Учир нь энэхүү 5-н хэсэг газрын анх олгогдсон гэх 2004 оноос өнөөг хүртэл газрын төлбөр нь төлөгдөөгүй, эзэмших ашиглах эрх нь зөрчигдсөн, үндсэндээ орхигдсон 0,47 га газрын тухайд маргаан үүсэж байгааг удаа дараагийн үзлэг, баримт, зургаар нотлогдож байхад шүүх дүгнээгүй гэж үзэж байна.

6. Энэ нь дараах байдлаар нотлогддог. Энэхүү 0,47 га газрын тухайд шилжин эзэмшигчид нь хэзээ ч анхаарч байгаагүй, Учир нь “Тт” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 тоот газар ззэмших гэрчилгээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн аманд 1.0 га газрыг эзэмшиж ирсэн. Тухайн үед хэрэгжүүлэх төслийн зураг төслийн ажил явагдаж байсан, мөн ямар нэгэн гуравдагч иргэн, этгээдүүд одоогоор хашаалсан байгаа хэсэгт байгаагүй учир энэхүү газрын давхцуулж олгогдсон гэх 1479.9 м2-д хэсгийг тойруулан “Тт” ХХК-н эзэмшлийн хашаа 2007 онд барьсан (одоогоор байршиж байгаа), үлдэх хэсэгт суурьшсан он удаан жил амьдарч байгаа иргэдтэй эзэмших, ашиглах эрх нь зөрчигдөж байгаа талаар өнөөг хүртэл нэг ч удаа маргаан үүсгэж байгаагүй болон үйл ажиллагаа явуулах талаар огт төлөвлөөгүй орхигдуулсан. Бусад ач холбогдол бүхий барилгажиж эхэлсэн талбайгаа л анхаарч өөр хоорондын эзэмшил, шилжилтийн талаарх маргаан үүсгэж анхаардаг байсан нь баримтаар нотлогдож байгааг шүүх дүгнээгүй.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, ТтХХК-ийн гаргасан давах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т тодорхойлогдсон дараах тайлбарыг хянаж үзээгүй. Учир нь Анхан шатны шүүх маргаан бүхий газарт газрын төлбөрийн ямар нэгэн зөрчилгүй гэж дүгнэлт хийсэн нь үнэнд нийцээгүй болно. Газрын төлбөрийн тухайд шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар, шүүхийн шийдвэрт тусгагдсанаар 2004 оноос хойш төлөгдөөгүй байж байгаад 2011-2015 онуудын хооронд нийт 58,895,000 төгрөг төлөгдсөн, гэрээнд зааснаар үзвэл 13,068,000 төгрөгийг жилд төлөх, үүнийг 2004-2015 онуудад шилжүүлж үзэхэд 156,816,000 төгрөг төлөх ёстойгоос 100 гаруй сая төгрөг төлөгдөөгүй болох нь нотлогдох. Гэтэл шүүх үүнийг газрын төлбөр төлөөгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэх нь зүйд нийцэхгүй. Үүнээс дүгнэхэд үйл ажиллагаа явуулж, эзэмших ашиглах эрхээ хэрэгжүүлж байгаа бусад 4 хэсэг газрын төлбөр ч бүрэн төлөгдөөгүйг дүгнэж болох.

8. Газрын тухай хуулийн 35.1-д заасан эзэмших, ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй, 35.3.3-д заасанчлан газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй зэргийг шүүх хэрэг маргааныг шийдэхдээ дүгнээгүй нь Газрын тухай хуулийн 4.1.3-д заасанчлан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдсан гэж үзэж байна. 

9. Давж заалдах шатны Шүүхийн магадлал нь манай компани гэрээгээр эзэмшиж буй газрын төлбөрөө тогтмол төлж ирсэн, мөн гэрээнд заасны дагуу ашиглахаар байгаль орчны үнэлгээ, дэд бүтцийн ажлууд, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг хийгдсэн олон ажлууд, санхүүжилтийг үнэгүйдүүлж, үйл ажиллагаа явуулсан компанийг санхүүгийн хохиролд оруулсан.

10. Үл маргах журмаар өөрийн эзэмшлийн газраас шударга ёс, эрх тэгш байх зарчмыг баримтлан иргэдэд амьдарч буй газраа ашиглах, эзэмших эрх олгоход татгалзах зүйлгүй болохоо мэдэгдсэн, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Г нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг ч хангасан байдаг. 

11. Одоогоор маргаан бүхий 4700 м2 газраас Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэр бүхий иргэдэд олгохыг зөвшөөрснөөр нийт 2211 орчим м2 газар хасагдаж, орц гарц гудамжийг хасвал 1479,9 м2 газар л үлдсэн бөгөөд энэхүү газрыг “Тт” ХХК 2007 оноос хойш хашаалан бодитойгоор эзэмшиж, төлбөрийг нь төлж ирсэн. Энэ газрын зүүн хэсэгт хашааны орох гарах гарц байрладаг бөгөөд энэхүү хэсгийг “И н” ХХК-д үлдээсэн нь бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн бөгөөд газар эзэмших хүсэлт гаргасан анхдагч эрхийн хүрээнд асуудлыг дүгнэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж бие даасан шаардлагаа дэмжин гомдол гаргаж байна.

12. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг цуцалж, “Тт” ХХК-ийн бие даасан шаардлага болох 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон “И н” ХХК-ийн 0,47 га газраас давхардсан хэсэг болох 1479,9 м2 хэсгийг хүчингүй болгож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд одоогийн байгаа хашааны дагуу 0,46 га газарт шинээр гэрчилгээ олгуулж, газар ашиглах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

13. Гуравдагч этгээд “И н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Гуравдагч этгээд Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б би Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0099 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

14. Маргаан бүхий газар ашиглах эрх анх 2004 оны 10 дугаар сард иргэн Ж.Ц-д олгогдож, 2008 оны 5 дугаар сард “И н” ХХК-д шилжүүлсэн байдаг ба 2013 оноос “И н” XXK-с “Д о” XXK-д газар ашиглах эрх хууль бусаар шилжиж уг маргаан шүүхээр эцэслэн шийдэгдэж дээд шүүхийн тогтоолыг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А/68 тоот тушаал гаргасан.

15. “И н” XXK-ны нэр дээр газар ашиглах эрх шүүхийн шийдвэрийн дагуу буцаан олгогдсон энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргасан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тушаал нь нэр бүхий 6-н иргэний газартай давхацсан байна гэсэн үндэслэлээр 6-н иргэн нэхэмжлэл гаргасан.

16. Давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэгч нар нь “И н” XXK-ны газар ашиглах зөвшөөрөл авахаас өмнө буюу 2004 оноос өмнө маргаан бүхий газрыг ашиглан, уг газар дээрээ бодитойгоор амьдарч байсан, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 24-ний хуралдааны шийдвэрийг үндэслэж, нэхэмжлэгч нараас гаргасан гомдлыг хангасан нь хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж гаргасан шийдвэр байна гэж үзэж байна.

17. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0099 дугаартай магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

18. Нэхэмжлэгч нараас “...тухайн газар дээр он удаан жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн...дээрх 6 иргэдийн газрыг авсан гэх “Тт” ХХК болон “И н” ХХК нь иргэдийн газартай хууль зүйн үндэслэлгүйгээр давхцуулж кадастр хийлгэсэн” гэж, хариуцагчаас “...Хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу эдгээр иргэдийн амьдарч байгаа газар “Д о” ХХК-ийн газартай давхцаж байгаа тул уг газрыг ашиглах эрхийг олгох боломжгүй” гэж тус тус маргажээ.

19. Анх 1994 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос зохион байгуулсан дуудлага худалдаанаас иргэн Б.Б-ын худалдаж авсан Зайсангийн аман дахь гаражийн барилгыг 1999 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Х худалдаж авсан, объект орших газрын ашиглагчийн эрхийг түүнд шилжүүлэн олгосон болохыг тодорхойлсон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 37 тоот албан бичиг, түүнийг нотолсон Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 16179 дүгээр гэрчилгээ, 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Ч.Х, “Тт” ХХК-ийн хооронд  байгуулсан “Бараа солилцооны гэрээ” тус тус хэрэгт авагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр “Тт” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам-26-д байршилтай гаражийн зориулалттай 280 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.

20. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газар хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт заасан нөхцөл, болзлыг хангасан, тухайн газраа он удаан жил   ашиглаж байгаа нэхэмжлэгч нарт газар ашиглуулахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцэхгүй байна.

21. Нэхэмжлэгч 6 иргэний амьдарч байгаа газар нь “Тт” ХХК-ийн газартай давхцалгүй, харин “И н” ХХК-ийн ашиглаж байгаа гэх 3.3 га газартай тодорхой хэмжээгээр давхцалтай, захиргааны байгууллагаас “И н” ХХК-д  газар ашиглуулах шийдвэр гаргахдаа тухайн газрыг бодит байдал дээр өөр бусад этгээд эзэмшиж байгаа эсэхийг нягталж, шалгаагүй буруутай талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

22. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “И н” ХХК-д 3.3 га ашиглуулахаар зөвшөөрсөн газраас нэхэмжлэгч П.Г, Б.О, Ш.З, Ч.А, Б.У, Д.Э нарын амьдарч буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Г-д 233 м.кв, Б.О-д 291 м.кв, Д.Э-д 403 м.кв, Ч.А-д 485 м.кв, Б.У-д 353 м.кв газрыг тус тус ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч Ш.З-ийн нэрийг орхигдуулсныг зөвтгөж, түүнийг нэмж оруулах нь зүйтэй байна.

23. “Тт” ХХК-ийн ашиглаж байгаа газрын хэмжээг Байгаль орчны яамнаас 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон 474 дугаар бүхий “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-нд 1.0 га байхаар заасан атлаа уг газрын талбайн хэмжээг мөн ондоо Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-уул дүүргийн Засаг дарга болон “Тт” ХХК-ийн хооронд байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гурвалсан гэрээнд” 0.7 га гэж бичсэн, бодит байдал дээр 0.78 га газар болох нь баримтаар нотлогдож байна.

24. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” А/68 дугаар тушаалаар “И н” ХХК-ийн 3.3 га газрын эрхийг сэргээжээ. Шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн “И н” ХХК-ийн 3.3 га газар нь “Тт” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцалтай хэсэгт байрлах орц, гарцын асуудлын талаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, ийнхүү тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалын “Тт” ХХК-ийн ашиглаж байгаа газрын орц, гарц байрлах давхцалтай хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

25. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээд “Тт” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

26. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хяналтын шатны шүүхээс залруулж магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0099 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ““...Б.О-д 291 м.кв...” гэсний дараа “...Ш.З-д 276 м.кв...”” гэж, 2. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалын “Тт” ХХК-ийн ашиглаж байгаа газрын орц, гарц байрлах давхцалтай хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэж, 3. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалын “Тт” ХХК-ийн ашиглаж байгаа газрын орц, гарц байрлах давхцалтай хэсгийг түдгэлзүүлсүгэй” гэж тус тус нэмж, 2 дахь заалтыг 4 гэж дугаарлан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан “Тт” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “И н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН