Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00094

 

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Сувдаа,
хохирогч Г.Эрдэнэбаяр,
хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
шүүгдэгч Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбадоржийн Энхбаярт холбогдох эрүүгийн 201606000244 дугаартай, 132/2017/0088/Э индекстэй хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 5-20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Тангууд овогт Бямбадоржийн Энхбаяр /РД:РЮ78120472/,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Энхбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 43-30 УНГ улсын дугаартай "Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мотоцикль жолоодон явсан Г.Болдбаатартай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.Энхбаярын өгсөн: Согтуугаар тээвийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь үнэн, гэхдээ дүрэм зөрчөөгүй. Энэ гэмт хэргийг үйлдээгүй гэх мэдүүлэг, Хохирогч Г.Эрдэнэбаярын өгсөн: Энэ хэргийн тухайд нэгдүгээрт тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох, хоёрдугаарт зүүн гар талыг шахаж явсан гэдгийг нотлох шаардлагатай. Ажиллаж байсан хоёр зам дээр л уг тээврийн хэрэгсэл явж байгаад осол болсон. Аль аль нь уг ослоос сэргийлэх арга хэмжээ аваагүй. Хөдөө хээр үл хөдлөх цэг байхгүй учраас анхны ул мөрийг “А” цэг тэмдэглэсэн гэдэг. Хэрэв тийм тохиолдолд жолоочийн урд хэсгээр мөргөх байсан. Үнэхээр согтуу, машинаа хэн нь барьснаа мэдэхгүй, цусны шинжилгээ 2 удаа авсан мөртлөө дүгнэлт гаргаагүй. Дүгнэлт буруу гарсан. Монгол улсад хурдыг тогтоох боломжгүй гэж хэлсэн. Ослын “А” цэгийг буруу авснаас энэ хэрэг замхрах шалтгаан болж байна. Бороо орсны дараа болохоор ул мөр нь маш тод байсан. Прокурор Эсэн миний бэхжүүлсэн бүх зүйлийг устгуулсан. Ослын дараа шүүгдэгчтэй уулзсан боловч тусламж, дэмжлэг үзүүлээгүй. Нэхэмжлэлийн баримтыг өмнө нь гаргаж өгсөн. Одоо ч гаргаж өгнө. Хохирогч нь малчны зээлтэй байсан бөгөөд ганц орлого олж байсан хүн нь байхгүй болчихлоо. Ар гэрийнхний хувьд маш хэцүү байна гэх мэдүүлэг,
201606000244 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Г.Эрдэнэбаярын өгсөн: "... 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Тэшиг сумын 2 дугаар багт байх тариа бригад дээрээ байж байтал 12 цаг 21 минутанд эгч Гарьдсүрэн надруу залгаад Болдбаатар аваарт орчихож гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирэхэд Болдбаатар ах ухаангүй нүд халтирмаар харагдсан. Шарх болон гэмтэл бэртлийг харж чадахгүй байсан. ...Миний бодлоор тухайн үед бороо орж байсан болохоор Болдбаатар ах борооны өөдөөс эгцээр харах боломжгүй учраас хажуу талаараа нүднийхээ булангаар харж байсан болов уу гэж бодоод байгаа юм. Тэрнээс биш эгцээрээ харж явсан бол өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслийг харж зайлах байсан болов уу гэж бодож байгаа юм. Манай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, айраг ч уудаггүй хүн байсан юм..." гэх мэдүүлэг /хх 14 тал/, Гэрч Б.Гансүхийн өгсөн: "Би 2016 оны 9 дүгээр сарын 23-ны 8-9 цагийн үед Энхбаяр, Моолоо нарын хамт 0,75 летрийн Ерөөл архи уусан юм. Тэгээд сумын төвд ууж байгаад Моолоо хуучин сумын төв орж хоол идье гээд явсан юм. Тухайн үед Энхбаяр жолоо барьж явсан тул архи уулгахгүй гээд нээх өгөөгүй. Моолоо бид 2 уусан. Тэгээд Моолоогийн өвөөгийнд очих үед би урд суудал дээр унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд л мөргөлдчихсөн байсан. Мотоцикльтой хүнийг авч явж байхыг санаж байна” гэх мэдүүлэг /хх 16 тал/, Гэрч Н.Наранцацралтын өгсөн: "...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө үнээ сааж байхад Энхбаяр манай хөдөө гэрт ирээд машинаа аваад, тэгээд намайг аваад сумын төв явсан. Урьд орой нь би Энхбаярын машиныг аваад хөдөө гэрлүүгээ явсан юм. Тэгээд сумын төв ороод манай хадам ээжийн гадаа зогссон. Энхбаяр шартаад байна гээд надаас бензиний болон ганц юмны мөнгө нэхсэн. Надад мөнгө байхгүй гээд сууж байтал Гансүх манай хадам ээжийн гэрээс гарч ирсэн. Тэгсэн Энхбаяр “гэрт тал шуудай самар байна, тэрийг надад зараад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд нэг айлд очиж асуухад “самар авахгүй” гээд өөр айл зааж өгсөн. Тэр самар авч байсан айлд нь самараа өгөхөд 30000 төгрөг болсон. Тэр мөнгийг Энхбаярт өгсөн. Энхбаяр 20000 төгрөгөөр бензин хийгээд үлдсэн мөнгөөр нь ганц юм авна гэж байсан. Тэгээд би архи зардаг айлаас нэг шил 0,75 летрийн Ерөөл авсан юм. Тэр архийг Гансүх, Энхбаяр бид 3 хамт уусан юм. Тухайн үед өглөө эрт байсан тул дэлгүүр онгойгоогүй байсан. Бид 3 архиа ууж байхад Энхбаяр, Гансүх хоёр өлсөөд байна, хүний нутагт хэцүү байна хоол идье гээд надаас “танай өвөөгийнх чинь хоол хийсэн болов уу” гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй байна очоод үзье гээд Энхбаяр машинаа бариад хуучин төвд байдаг манай өвөөгийнхрүү явсан. Өвөөгийнд очиход хоол хийгээгүй байсан болохоор нь сумын төврүү буцсан. Би гол гараад унтчихсан байсан. Тэгтэл Энхбаяр намайг татаад сэрээсэн. Тэгээд сэрэхэд Энхбаяр “ах нь мотоцикльтой мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Би “эмнэлэг аваад явья” гээд мотоциклийн жолоочийг дамжлаад хойд суудал дээр суулгасан. Машинаа асаагаач гэхэд Энхбаяр “асахгүй байна эмнэлэг рүү залгаач” гэхэд нэгжгүй байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг рүү гүйсэн юм. Сумын төвийн захад мотоцикльтой хүн явж байхад нь гуйж суугаад сумын төвд буусан юм. Тэгээд би эхнэрийн ажил дээр ороод эгч рүү утсаар ярьсан. Эгчтэйгээ уулзаад хамт осол болсон газарлуу явсан. Эгч бид хоёрыг осол болсон газарт очиход түргэн яг араас ирсэн юм. Тэгээд түргэн ирээд мотоциклийн жолоочийг аваад явсан юм. Түргэнтэй хамт цагдаа ирсэн" гэх мэдүүлэг /хх 148 тал/, Гэрч Г.Гарьдсүрэнгийн өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 20 минутын орчим миний дугаарлуу Болдоо ах аваарт орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би түргэний жолооч руу залгаад дуудлага ирсэн байна. Яаралтай яваач гэхэд эмчээ аваад гарч явна гэсэн. Нараагаас биеийн байдал нь ямар байна гэхэд чих нь салбайгаад уначихсан байна гэсэн. Тэгээд хэрэг болсон газар луу очиж явтал түргэний машин урдаас ирж явахаар нь түргэний машиныг дагаад эмнэлэг орсон. Эмнэлэг дээр ирэхдээ ухаангүй ирсэн бөгөөд 2 цаг, 20 минутын дараа амьсгал хураасан гэх мэдүүлэг /хх 15 тал/, Гэрч Н.Наранцэцэгийн өгсөн: ...намайг ажил дээрээ байхад 12 цагийн үед манай дүү Наранцацралт “би 2 хүнтэй хамт явж байгаад машинтай мөргөлдчихлөө” гэж ярьсан. Хаана юм гэж асуухад “оёдлын цех дээр ирчихсэн байна” гэсэн. Би дүү дээрээ очоод хамт хэргийн газарлуу явсан. Очиход жолооч суудал дээрээ, жолоочийн хажуу суудал дээр 1 ах, хойд суудал дээр мотоцикль барьж явсан хүн байсан. Тэгээд араас түргэн тусламж ирж мотоцикль жолоодож байсан хүнийг эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх 19 тал/, Гэрч Б.Болдбаатарын өгсөн: “..2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 08 цагийн үед Моолоо самар авч ирээд 30 гаруй мянган төгрөгөөр зараад явсан. Хэнтэй хамт явсныг нь мэдээгүй. Цагаан машинтай явсан гэх мэдүүлэг /хх 22 тал/, Шүүгдэгч Б.Энхбаярын гэрчээр өгсөн: Би 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумруу найз Болдоог “самар, өвс хадланд явъя” гэж дуудахаар хуурай ах Гансүхийн хамт өөрийн УНГ 43-30 дугаартай Приус-11 маркийн машинтай очсон. Тэшигт очоод ууланд 4 хоноод, хадланд 2 хоноод Тэшиг сумын төв дээр ирсэн. Болдоо ууланд эхнэр 2 дүүгийн хамт байсан. Тэшиг суманд ирээд Болдоогийн найз залуу нэг архи авч машинд нь уугаад дүүгийх нь байшинд 2 литр монгол архи уугаад арын байшинд нь Гансүх ах Болдоо 2 урд байшинд унтсан. Өглөө 7 цагийн үед Гансүх ах орж ирээд “машин чинь хаачсан юм бэ? байхгүй байна” гэхээр нь гараад хартал машин байхгүй байсан. Болдоог сэрэхээр нь “Моолоо хайччихсан юм бол” гэхэд “хуучин төврүү явсан байх” гээд Болдоогийн машинтай Гансүх ах, Болдоо болон түүний эхнэрийн хамт явсан. Хуучин төвөөс машинаа аваад буцаад Тэшигийн төв орж ирээд Моолоо “гэртээ ирж хоол хийе” гэхэд гэрийн түлхүүр байхгүй байсан тул дахин ээжийнхээ гэрт очоод гэрийн түрхүүрээ авсан. Моолоо гарч ирэхдээ 1 шил архи барьсан байсан. Тэр архийг Гансүх ах, Моолоо 2 хувааж уугаад би машинаа бариад замдаа нэг хөтөл даваад явж байтал урдаас мотоцикльтой хүн ирэхээр нь зам тавьж өгөх гээд баруун тийш дартал нөгөө мотоциклтой хүн ирээд миний машиныг мөргөсөн. Газар дээрээ зогсоод түргэн дуудах гэтэл Булган аймгийн кодыг мэдэхгүй учраас Моолоог Тэшигийн төврүү гүйлгэсэн. Би машин бариад, Гансүх ах миний хажууд унтаад, Моолоо ард сууж явсан. Тухайн үед цаг 11 цаг өнгөрч байсан ба гадаа бороотой манантай байсан. Тухайн үед мотоциклтой хүн ёолоод толгой, чих нь гэмтсэн хэцүү байсан. Би машиныхаа ард суудал дээр хохирогчийг бариад сууж байсан. Удалгүй Моолоо, эгчтэйгээ ирээд араас нь түргэн ирж хохирогчийг аваад явсан гэх /хх 18 тал/, сэжигтнээр өгсөн: ...архинаас бол нилээд уусан тэгээд нэг мэдэхэд би талийгаачийг машиныхаа ар талын суудал дээр тэвэрчихсэн сууж байсан.Тэр үед л ухаан орсон. Гансүх ах урд талын жолоочийн хажуу талын суудал дээр унтаж байхад нь сэрээгээд байж байхад түргэн цагдаа ирсэн гэх /хх-174 тал/ мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай 1. Талийгаач Г.Болдбаатарын биед тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доогуурх цус хуралт, гавлын ясны хугарал, баруун талын 6-9 дүгээр хавирганы хугарал, уушги, зүрх, бөөрний цус хуралт, нурууны ясны хугарал, зүүн эгэм, зүүн шилбэний ясны далд хугарал, баруун доод эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэл болон хүчтэй доргилт, савалт, уналтын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Талийгаач Г.Болдбаатар нь гавлын ясны хугарал, тархины эдийн няцралт, дотор эрхтний цус хуралтын улмаас нас барсан байна. 4. Талийгаач Г.Болдбаатарт үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх 33 тал/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1 тал/, гомдол, мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 тал/, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-9 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-34-37 тал/, согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-42-51тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /хх-58 тал/, амь хохирогчийн өвчний түүх /хх-63-74 тал/, сэжигтэн, яллагдагчаар татсан тогтоол, байцаасан тэмдэглэлүүд /хх-173-176 тал/, түүний урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар /хх-178-182 тал/, хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-182-194 тал/, замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт /хх 39 тал/, шүүхийн шинжилгээний албаны албан тоот /хх-40 тал/, Булган аймаг дахь замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-81, 82 тал/, замын цагдаагийн албаны техникийн шинжээч нарын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 35 дугаартай дүгнэлт /хх-120, 121 тал/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 153 тал/ зэрэг бичгийн болон эд мөрийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Энхбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 43-30 УНГ улсын дугаартай "Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа өөдөөс ирж явсан мотоциклтой мөргөлдөж, түүнийг жолоодон явсан Г.Болдбаатарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хохирогч, гэрч нарын хэрэг, үйл явдал болсон цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан гэм хор, хохирлын талаар өгсөн мэдүүлгүүд, “талийгаач Г.Болдбаатар нь гавлын ясны хугарал, тархины эдийн няцралт, дотор эрхтний цус хуралтын улмаас нас барсан байна” гэх хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол нь “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Г.Болдбаатар нь МУ-ын ЗХД-ийн 8.1 дүгээр зүйл дэх “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, "Тоёото приус” маркийн 43-30 УНГ улсын дугаартай автомашины жолооч Б.Энхбаяр нь МУ-ын ЗХД-ийн 2.7А дугаар зүйл дэх “Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна” гэх зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 035 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж байгаа хэдий ч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, гэрч нар ” Тоёото приус” маркийн 43-30 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Энхбаяр жолоодож явсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодож явснаа хүлээн мэдүүлсэн байна. Түүнчлэн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 035 дугаартай дүгнэлтийн “МУ-ын ЗХД-ийн 9.2 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт байдаг хэдий ч тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдал 2 жолоочид аюул саадыг мэдэх боломж олгоогүй байх үндэслэлтэй байна” гэх хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл зам тээврийн осол гарахад нөлөөлөхүйц цаг агаарын нөхцөл байдал үүссэн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн гэрч Р.Баяраа /хх-109 тал/ “бороо орж байсан” гэжээ.
Шүүгдэгч Б.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би машинаа бариад замдаа нэг хөтөл даваад явж байтал урдаас мотоцикльтой хүн ирэхээр нь зам тавьж өгөх гээд баруун тийш дартал нөгөө мотоциклтой хүн ирээд миний машиныг мөргөсөн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.Энхбаяр өмнөөс мотоцикль ирж байгааг мэдсэн, харин тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ болон зам тавьж өгөх гээд баруун тийш дарсан гэх үйлдэл хийгээгүй болох нь тухайн “тээврийн хэрэгслүүдийн аль аль нь зогсоох арга хэмжээ авсан ул мөр, тормозны мөр илрээгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, мөн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байна.
Иймд шүүгдэгч Б.Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энхбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан байх ба түүний оршуулгын зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6542976 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хэргийн 187-194 дүгээр талуудад авагдсан нотлох баримтуудыг үнэлээд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох 3280500 төгрөгийг, хохирлын үнэлгээний дагуу амь хохирогчийн унаж явсан мотоциклийн засвар үйлчилгээтэй холбоотой 368000 төгрөгийг тус тус шүүгдэгч Б.Энхбаяраас гаргуулж хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас талийгаачийн 21, 49 хоногийн зан үйлтэй холбоотой гарсан 2004099 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон 43-30 УНГ улсын дугаартай "Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Б.Өлзийсайханд буцаан олгож, №587631 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тангууд овогт Бямбадоржийн Энхбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Энхбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Энхбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 43-30 УНГ улсын дугаартай "Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Б.Өлзийсайханд буцаан олгож, №587631 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхбаяраас 3648500 /гурван сая зургаан зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2004099 /хоёр сая дөрвөн мянга ерэн ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Энхбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД