Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 26

 

 

Б.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0088/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                           

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Шүүгдэгч                                                   Б.Э  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Найдан, Б.Тэнгис

            Хохирогч                                                  Г.Э

           Нарийн бичгийн дарга                             Ц.Мичидмаа нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Э-т холбогдох 201606000244 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Найдан, Б.Тэнгис нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Т овогт Б-ийн Э.

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутагт  архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай "Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мотоцикль жолоодон явсан Г.Б-тай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т овогт Б-ийн Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-т оногуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ярианы бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, ... улсын дугаартай "Тоёото приус” маркийн тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч Б.Ө-д буцаан олгож, №587631 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-аас 3648500 /гурван сая зургаан зуун дөчин найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2004099 /хоёр сая дөрвөн мянга ерэн ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Б.Э-т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан давж заалдах гомдолдоо: “... Булган аймгийн Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийн 2-т “Жолооч Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гээд харин мотоциклийн жолооч Г.Б Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зорчих хэсгийн зүүн гар талыг шахаж явснаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 2.3.в, 8.5, 5.1, 5.5 дахь заалтуудыг зөрчсөн, малгай өмсөөгүй, мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад шүүгдэгч Б.Э-ыг гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлгүй байгаа юм. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр Приус машиныг хэн жолоодож явсныг нарийвчлан тогтоогоогүй, Г.Б-ын мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг хэрэгт хавсаргаагүй тул техникийн шинжилгээний дүгнэлт гаргахад боломжгүй юм гэжээ. Шинжээчийн 035 дугаар дүгнэлтэд: Жолооч Б.Э нь замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а.г зөрчсөн байх үндэслэлтэй гээд “Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т Жолооч хөдөлгөөнд саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан байдаг хэдий ч тухайн үед цаг агаарын нөхцөл байдал 2 жолоочид аюул саадыг мэдэх боломж олгоогүй байх үндэслэлтэй” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байхад үүнийг нягтлалгүй шууд Б.Э-ыг гэм буруутай гэж ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байгаа юм. Шинжээч Т.Т-ыг гэрчээр байцаасан тэмдэглэлд “Мотоциклийн жолооч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс болж уг осол гарсан, Г.Б нь сөрөг хөдөлгөөнд зориулсан зорчих хэсэг рүү орж явснаас энэхүү авто осол гарсан” гэжээ. Энэ нь аймгийн Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлттэй тохирч байгаа. Иймд Б.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан эрүүгийн хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдол бичив...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдолдоо: “... Уг хэрэг болоход би арын суудал дээр сэрж хажууд өнгөрдөгийг суулгасан байсан. Н түргэн дуудахаар явсан юм байна лээ. Г ах урд унтаж байсан /жолоочийн эсрэг талд/ Н төв рүү явж байх замдаа цустай цамцаа жалганд хаяад “би хүн алчихлаа” гэж эхнэр дээрээ очсон байдаг. Эхнэр нь энийг дуулаад Н-ын эгч рүү нь бас С гэх эгч рүүгээ хэлээд түргэний машин очсон байна лээ. Миний өөрийн цусны шинжилгээ 2 удаа өгсөн байхад тогтоогдоогүй. Цагдаа нар ирээд руль дээрээс гарын хээ аваагүй. Н, Н-ын эгч хоёр хоёулаа үгээ сайн нийлүүлээрэй гэж байн байн ирж хэлээд байсан. Хэргийн газраас Н-ыг эгч нь шөнө 2 цагийн үед авч яваад 6 цагт авч ирсэн. Эдгээрийг цагдаад хэлэхэд авч хэлэлцдэггүй байсан. Мөн би эхнэр 2 охины хамт амьдардаг. Бага охин 5 настай. Том охин 18 жил өвдөж хяналтанд байнга байдаг. Эхнэр байнга асарч би ажил хийж амьдардаг. Ийм учир хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү…” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Б.Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны шинэчилсэн Эрүүгийн хууль/ 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих ангид ял эдлүүлж шийдвэрлэсэн нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй ойлгомжгүй шүүхийн шийдвэр болжээ гэж үзэхээр байна.

Тогтоолын тогтоох хэсэгт: Б.Э-ыг ямар үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэснийг хангаагүй байна.  Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

...2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “Хууль буцаан хэрэглэхдээ эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөрчиж Б.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн байна. /2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “ Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байна./ Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлж өгнө үү... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл

шүүгдэгч Б.Э нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12-13 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ө-ы эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашиныг жолоодож явахдаа Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутаг Хөтөл гэх газарт шороон замаар хөдөлгөөнд оролцож явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой мөргөлдсөний улмаас уг мотоциклийг жолоодож явсан Г.Б-ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн Задлан шинжилгээний 1 дугаартай “…Талийгаач Г.Б нь гавлын ясны хугарал, тархины зөөлөн эдийн няцралт, дотор эрхтний цус хуралтын улмаас нас барсан байна…” гэх дүгнэлт /хх 33/, Замын Цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээч нарын давтан шинжилгээ хийсэн 035 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Э нь “… би машин жолоодоогүй, согтуу байгаагүй…” гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч түүний дээрх гомдол нь

гэрч Б.Г-ийн “…өглөөний 8-9 цагийн үед Э, М бид гурав хамт 0.75 литрийн Ерөөл архи уусан…жолоо барьж байсан Э-т архи уулгахгүй гээд нэг их өгөөгүй санагдаж байна…би урд суудал дээр ундаад өгсөн байсан…нэг мэдэхэд л мөргөлдчихсөн байсан…” гэх /хх 16/,

гэрч Н.Н-ын “…архи зардаг айлаас нэг шил 0.75 архи авч бид 3 уусан…Э өөрөө машинаа бариад хуучин төвд байдаг манай өвөөгийнх рүү явсан…сумын төв рүү буцсан би тэгээд гол гараад унтчихсан байсан…Э намайг татаж сэрээсэн…ах нь мотоцикльтой мөргөлдчихлөө гэсэн…Осол гарах үед Э өөрөө машинаа жолоодож явсан…” гэх /хх 17, 146/,

гэрч Ц.О-ийн “…Э хойд талын суудал дээр мотоциклийн жолоочийн чихийг нь дараад сууж байсан … Тэгээд түргэн ирээд аваад явсан…нилээн их архи хэрэглэсэн юм шиг байсан …” гэх /хх 21/,

гэрч Р.Б-ын “…ар талын суудал дээр нэг согтуу залуу талийгаачийг тэврээд сууж байсан…” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ “…би машинаа бариад замдаа нэг хөтөл даваад явж байтал урдаас мотоцикльтой нэг хүн ирэхээр нь хажуу тийш зам тавьж өгөх гээд баруун тийш дартал нөгөө мотоцикльтой хүн ирээд мөргөсөн … машин би бариад Г ах миний хажууд унтаад явсан… М ах ард сууж явсан … Мотоциклтой хүн ёолоод толгой чих нь гэмтсэн хэцүү байсан, би машиныхаа арын сандал дээр бариад сууж байсан, удалгүй М-ийн ах түргэн ирээд аваад явсан … Гурвуулаа өглөө нь нэг шил архи М ээжийндээ ороод бариад гарч ирснийг нь замдаа уусан …” гэж /хх 18/,

 яллагдагчаар байцаагдахдаа “… би тэр архинаас нилээн уусан … нэг мэдэхэд талийгаачийг машиныхаа арын суудал дээр тэвэрчихсэн сууж байсан … Г ах урд талын жолоочийн хажуу талын суудал дээр унтаж байхад нь сэрээгээд байж байхад түргэн цагдаа ирсэн…” /хх 117/ гэж,

анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...согтуу машин барьсан нь миний буруу…” гэж /хх 216/ тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн гаргасан “… шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй… Э-ыг гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй…” гэх давж заалдах гомдлын тухайд

Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын давтан шинжилгээ хийсэн 035 дугаартай дүгнэлтэнд “…зам тээврийн осол нь жолооч Г.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.1…, жолооч Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дугаар заалтыг тус тус зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна” гэснээс гадна

 Б.Э-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь уг осол гарахад нөлөөлсөн талаар шинжээч Т.Т мэдүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Э-ыг гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис “… шүүхийн шийдвэр ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн…Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээгүй…” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан бүтэц, хэлбэрийг агуулсан, шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих зүйлсийг дурьдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасантай нийцсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, … гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан байсан.

Харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “… тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь шинэ хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ялын дээд хэмжээ ихэссэн гэж үзэхээр байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хууль буцаан хэрэглээгүй үндэслэлийг тодорхой дурьдаагүй боловч шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Найдан, Б.Тэнгис нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

     2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

                      ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА           

                                                                                          С.УРАНЧИМЭГ