Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 9

 

                           Б.Э-т холбогдох эрүүгийн

                           хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар магадлалтай, 201606000244 дүгээр эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тангууд овогт Б.Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Найдан, Б.Тэнгис нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн 94 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй, ойлгомжгүй шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна” гэж прокурор болон анхан шатны шүүхийн дүгнэлтээс өөрөөр хүндрүүлж дүгнэсэн.

 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байтал давж заалдах шатны шүүх магадлалдаа согтуурсан буюу мансуурсан үедээ үйлдсэн гэж хүндрүүлж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн магадлалд “анхан шатны шүүх хууль буцаан хэрэглээгүй үндэслэлийг тодорхой дурдаагүй боловч шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ” гэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль буруу хэрэглэсэн болохыг харуулж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүхийн гаргуулахаар шийдвэрлэсэн 3.648.500 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс төлж барагдуулсан. Шүүгдэгч Б.Э-ын хүүхэд нь хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, байнгын эмчийн хяналтад байдаг. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан Б.Э-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Э согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нэр бүхий гэрчүүд болон өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12-13 цагийн үед Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багийн нутаг Хөтөл гэх газарт шороон замаар 43-30 УНГ улсын дугаартай Тоёота Приус-10 загварын автомашиныг согтуугаар жолоодож явахдаа улсын дугааргүй Даюун загварын мотоцикльтэй мөргөлдөж, уг мотоциклыг жолоодож явсан Г.Болдбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхээс Б.Э-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дүгээр зүйлийн 215.3 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол болон магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Э-ын биенээс авсан цусны дээж шинжилгээ хийхэд хүрэхгүй бага хэмжээтэй байсан нь /хх-40/ түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг үгүйсгэх нөхцөл болохгүй ба гэрч Б.Гансүх, Н.Наранцацралт, Ц.Одмаа, Р.Батбаяр нарын болон өөрийнх нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар Б.Э нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалтыг ноцтой зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн буюу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож осол гаргасан буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь тухайн гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас хүндэрсэн байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч Б.Э-ын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбаярт 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 3.650.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт ирүүлснийг хэрэгт хавсаргаж, анхан шатны шүүхийн гаргуулахаар тогтоосон гэм хорын хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 26 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад  заасан “шүүгдэгч Б.Э-аас 3.648.500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Эрдэнэбаярт олгуулах тухай” шийдвэр биелэгдсэн болохыг дурьдсугай.

 

               ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН