Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 00034

 

 

 

 

 

 

 

 

2019        02          28                                    34

 

 

Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч

Р ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдсан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Р ХХК-д холбогдох,

Р ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварын цахилгааны монтёрын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2005 онд Р ХХК-ийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажилд орсон. Ажилд орсноос хойш тасралтгүй 13 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргалгүй хөдөлмөрийн сахилга баттайгаар ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Эхнэр Эрдэнэчулуун орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирсэн. Шөнийн 24 цагийн үед амарч байтал эхнэрийн утас дуугарч хүнтэй яриад байсан. Би ажил руугаа явж яах гээд байгаа юм бэ? гэж асуухад тоолуурын заалтын түлхүүр буухдаа аваад ирсэн байна аваачиж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ажил дээр нь хамт оччихоод гэртээ ирээд эхнэр лүү танай ажлын газрынхан дандаа ажлын байрандаа ингэж ууцгаадаг юм уу? Ийм согтуу хүмүүс гаднах гүнзгий усан сан болон байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжтэй, өндөр шаттай газар хүн үхвэл чи архийг нь дөхүүлж өгсөн гэдгээрээ буруудна харуулынхаа утсыг өг гэж хэлэхэд над руу эхнэр элдэв үгээр хэлэн уурлаад харуулынхаа утсыг өгөхгүй байсан. Мөн мастерынхаа утсыг өг гэхэд уурлаж, уцаарлан өгөөгүй. Миний ажилладаг Бутлан тээвэрлэх хэсэг дээр эрүүл хүн нойрмоглож байгаад техниктэй орооцолдож амь насаа алдаж байсан тул согтуу хүмүүст санаа зовж 7035102 дугаарт холбогдон дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Гэтэл Р ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар миний тайлбар болж өнгөрсөн дээрх үйл явдалд зөв дүгнэлт хийлгүйгээр халсанд гомдолтой байна. Миний дээрх гаргасан үйлдэл нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Харин ч тухайн үед хүний амь нас хохирч болзошгүй нөхцөл байдал эрсдэлээс урьдчилан сэргийлж өөрийн үүргээ биелүүлсэн. Иймд Р ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварын цахилгааны монтёрын ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э-ыг ажлаас хууль журмын дагуу үндэслэлтэй халсан гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Р ХХК нь үйлдвэрлэлийн онцгой объект учраас ажлын байранд архидан согтуурахыг хориглодог. Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх хэсэгт ажилтан ажилдаа ирэхдээ, ажлын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх хэсэгт ажилтан үйлдвэрийн бүсэд архидан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр бусад объектод согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудын талаар сургалт явуулсан. Энэ сургалтад Э- хамрагдсан. Хөдөлмөрийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Мөн зайлшгүй мөрдөгдөх хууль дүрмийн жагсаалтад хөдөлмөрийн дотоод журмын заалтууд болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэж заасан. Эхнэр Эрдэнэчулуунтай хамтран шөнийн цагаар ажлаа хийж байгаа хүмүүс дээр согтууруулах ундаа авч очсон зүйл нь зохион байгуулсан үндэслэлд орно. Нэхэмжлэгч Э- нь эхнэрийгээ согтууруулах ундаа ажил дээрээ авч ирэхийг хориглох ёстой байсан. Нэхэмжлэлд түлхүүрийн талаар бичсэн байдаг хэдий ч хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдодгүй. Усны тоолуурын түлхүүрийг авч явсан, аваад ир гэх талаарх баримт яриа болоогүй. Харин эхнэрийгээ утсаар яриад архи дөхүүлж өгөөч гэх зүйл яригдаж байсан гэдгийг хэлдэг. Тэгэхээр болиулах нь байтугай эхнэртээ архийг нь бариулаад ажил дээр нь дөхүүлж ирсэн байдаг. Тиймээс ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрэв усны тоолуурын заалтын түлхүүр байхгүй байсан бол ажлаа хийх боломжгүй байх байсан. Гэтэл хэрэгт авагдсан журнал дээр цаг тутам авсан эргэлтийн усны заалтууд тэмдэглэгдсэн байсан. Тэгэхээр ирсэн зорилго нь архидалт зохион байгуулах байсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Э-ыг Р ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Р ХХК-с 7.935.805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э-од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Э-ын цалинтай тэнцэх олговор, урамшуулал, нэмэгдэл 7.935.805 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Р ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Р ХХК-иас 141.923 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О давж заалдсан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг шүүх дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчиж шүүх хуралдаанд оролцож хууль сануулж мэдүүлэг өгсөн гэрч М.Батсүхээс нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг нотолсон дараах мэдүүлгийг буруу үнэлж, буруу дүгнэлт гаргасан байна.

Тухалбал: Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-14 дүгээр хуудсанд: "Гэрч Д.Батсүх: "нэхэмжлэгч Э-ыг "манай ажил дээр эхнэрийн хамт архи авчирсан, бидний ажлын байран дээр ирсэн, хамт архи уусан, түүнийг архи ууж байхыг нь харсан, хундагатай, аягатай архи нь дуусаж байгаагаар нь түүнийг архи ууж байгааг харж мэдсэн" зэргээр мэдүүлсэн байхад шүүгч гэрчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно" гэж дүгнэснийг хариуцагчийн зүгээс "үндэслэлгүй дүгнэлт" гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Э- нь Рийн ажилтан бөгөөд үйлдвэрийн түүний хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д болон хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11-д: "Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан" бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална" гэж заасан. Нэхэмжлэгч нь эдгээр заалтуудыг мэдэж байгаа, биелүүлэх үүрэгтэй боловч үйлдвэрлэлийн онцгой бүсэд эхнэр Д.Эрдэнэчулууны хамт архи, пиво авч очиж архидалт зохион байгуулсан нь бодит үнэн. Нэхэмжлэгч Э- үйлдвэрийн онцгой бүсэд ажилтнууд архидан согтуурч байгаа ноцтой зөрчлийг хараад таслан зогсоохоор шаардлага тавих, архи уухыг нь болиулах, харуулд нь мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахын оронд шөнийн 12 цагийн үед тэдэнтэй хамт архи ууж, архидалт зохион байгуулж ноцтой зөрчил гаргасан асуудлыг шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэгт нийцэхгүй, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл болно.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, энэхүү иргэний хэрэг болон Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э- нь Р ХХК-д холбогдуулан Р ХХК-ий Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Р ХХК шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Э- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нь Р ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ы өдрийн Б/1294 тоот тушаалд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч Р ХХК нь Э-ыг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдвэрийн бүс, хамгаалалт бүхий онцгой объект цэвэрлэх байгууламжийн бүсэд нэвтэрч ажлын байр, компаний онцгой объектод согтууруулах ундаа авч ирж хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дугаар тушаалаар Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварчны ажлаас захиргааны санаачилгаар чөлөөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогджээ.

2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Р ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн хэсэгт Д.Эрдэнэчулуун нь архи, пиво авч ирж тэнд ээлжинд гарч ажиллаж байсан М.Батсүх, У.Батсайхан, Б.Даваадорж, О.Төрбат нар архидсан үйл баримт тогтоогдсон байна. Харин нэхэмжлэгч Э- нь хамтран амьдрагч Д.Эрдэнэчулууныг шөнийн цагаар гэрээс гарах гэхэд нь хамтдаа явахаар болж Р ХХК-ий цэвэрлэх байгууламжийн хэсэгт очиж дотогш ороход нь дээрх нэр бүхий хүмүүс архи ууж байсан, гэртээ очсон хойноо цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Харин Э- нь Р ХХК-ийн үйлдвэрлэлийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа авч очсон, уусан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ажлаас халах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үйлдэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Э-ыг Р ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоосон нь хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлд нийцжээ.

Мөн нэхэмжлэгч Э-ыг эмнэлэгт эмчлүүлж эмнэлгийн магадалгаатай ажил үүргээ гүйцэтгээгүй байхад 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т заасныг зөрчсөн байна. 

Иймд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Оын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Р ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141.923 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                                   С.УРАНЧИМЭГ