Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00890

 

О.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалтай,

О.Эын нэхэмжлэлтэй

“Э Ү” ХХК-д холбогдох

“Э Ү” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварын цахилгааны монтёрын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 онд “Э Ү” ХХК-ийн Бутлан тээвэрлэх хэсэгт ажилд орсон. Ажилд орсноос хойш тасралтгүй 13 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргалгүй хөдөлмөрийн сахилга баттайгаар ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Эхнэр Эрдэнэчулуун орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирсэн. Шөнийн 24 цагийн үед амарч байтал эхнэрийн утас дуугарч хүнтэй яриад байсан. Би ажил руугаа явж яах гээд байгаа юм бэ? гэж асуухад тоолуурын заалтын түлхүүр буухдаа аваад ирсэн байна аваачиж өгөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ажил дээр нь хамт оччихоод гэртээ ирээд эхнэр лүү танай ажлын газрынхан дандаа ажлын байрандаа ингэж ууцгаадаг юм уу? Ийм согтуу хүмүүс гаднах гүнзгий усан сан болон байнгын ажиллагаатай тоног төхөөрөмжтэй, өндөр шаттай газар хүн үхвэл чи архийг нь дөхүүлж өгсөн гэдгээрээ буруудна харуулынхаа утсыг өг гэж хэлэхэд над руу эхнэр элдэв үгээр хэлэн уурлаад харуулынхаа утсыг өгөхгүй байсан. Мөн мастерынхаа утсыг өг гэхэд уурлаж, уцаарлан өгөөгүй. Миний ажилладаг Бутлан тээвэрлэх хэсэг дээр эрүүл хүн нойрмоглож байгаад техниктэй орооцолдож амь насаа алдаж байсан тул согтуу хүмүүст санаа зовж 7035102 дугаарт холбогдон дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Гэтэл “Э Ү” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар миний тайлбар болж өнгөрсөн дээрх үйл явдалд зөв дүгнэлт хийлгүйгээр халсанд гомдолтой байна. Миний дээрх гаргасан үйлдэл нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Харин ч тухайн үед хүний амь нас хохирч болзошгүй нөхцөл байдал эрсдэлээс урьдчилан сэргийлж өөрийн үүргээ биелүүлсэн. Иймд “Э Ү” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварын цахилгааны монтёрын ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э Ү” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Эыг ажлаас хууль журмын дагуу үндэслэлтэй халсан гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Э Ү” ХХК нь үйлдвэрлэлийн онцгой объект учраас ажлын байранд архидан согтуурахыг хориглодог. Хөдөлмөрийн гэрээний 4.3.1 дэх хэсэгт ажилтан ажилдаа ирэхдээ, ажлын байр, үйлдвэрийн бүсэд согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, зохион байгуулсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11 дэх хэсэгт ажилтан үйлдвэрийн бүсэд архидан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр бусад объектод согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудын талаар сургалт явуулсан. Энэ сургалтад О.Э хамрагдсан. Хөдөлмөрийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан. Мөн зайлшгүй мөрдөгдөх хууль дүрмийн жагсаалтад хөдөлмөрийн дотоод журмын заалтууд болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэж заасан. Эхнэр Эрдэнэчулуунтай хамтран шөнийн цагаар ажлаа хийж байгаа хүмүүс дээр согтууруулах ундаа авч очсон зүйл нь зохион байгуулсан үндэслэлд орно. Нэхэмжлэгч О.Э нь эхнэрийгээ согтууруулах ундаа ажил дээрээ авч ирэхийг хориглох ёстой байсан. Нэхэмжлэлд түлхүүрийн талаар бичсэн байдаг хэдий ч хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй. Усны тоолуурын түлхүүрийг авч явсан, аваад ир гэх талаарх баримт яриа болоогүй. Харин эхнэрийгээ утсаар яриад архи дөхүүлж өгөөч гэх зүйл яригдаж байсан гэдгийг хэлдэг. Тэгэхээр болиулах нь байтугай эхнэртээ архийг нь бариулаад ажил дээр нь дөхүүлж ирсэн байдаг. Тиймээс ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хэрэв усны тоолуурын заалтын түлхүүр байхгүй байсан бол ажлаа хийх боломжгүй байх байсан. Гэтэл хэрэгт авагдсан журнал дээр цаг тутам авсан эргэлтийн усны заалтууд тэмдэглэгдсэн байсан. Тэгэхээр ирсэн зорилго нь архидалт зохион байгуулах байсан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О.Эыг “Э Ү” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э Ү” ХХК-с 7.935.805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Эод олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар О.Эын цалинтай тэнцэх олговор, урамшуулал, нэмэгдэл 7.935.805 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Э Ү” ХХК-нд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Э Ү” ХХК-иас 141.923 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Э Ү” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 141.923 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд: Шүүх ИХШХШТХуулийн 4.1, 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчиж шүүх хуралдаанд оролцож хууль сануулж мэдүүлэг өгсөн гэрч М.Батсүхээс нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг нотолсон дараах мэдүүлгийг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүй хийсэн. Тухалбал: Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 12-14 дүгээр хуудсанд: “Гэрч Д.Батсүх: “Нэхэмжлэгч О.Эыг “Манай ажил дээр эхнэрийн хамт архи авчирсан, бидний ажлын байран дээр ирсэн, хамт архи уусан, түүнийг архи ууж байхыг нь харсан, хундагатай аягатай архи нь дуусч байгаагаар нь түүнийг архи ууж байгааг харж мэдсэн” зэргээр мэдүүлсэн байхад шүүгч гэрчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байх тул түүний мэдүүлгийг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно” гэж дүгнэснийг хариуцагчийн зүгээс “үндэслэлгүй дүгнэлт” гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2. О.Э нь “Э Ү”ийн ажилтан бөгөөд үйлдвэрийн түүний хөдөлмөрийн гэрээний 4.3.1-д болон хөдөлмөрийн дотоод журмын 8.9.11-д: “Үйлдвэрийн бүс, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ ирсэн, ажлын байр, компанийн бусад объектуудад согтууруулах ундаа, мансууруулах бодис авч ирсэн, хэрэглэсэн, худалдсан, архидалт зохион байгуулсан” бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална” гэж заасан. Нэхэмжлэгч нь эдгээр заалтуудыг мэдэж байгаа, биелүүлэх үүрэгтэй боловч үйлдвэрлэлийн онцгой бүсэд эхнэр Д.Эрдэнэчулууны хамт архи, пиво авч очиж архидалт зохион байгуулсан нь бодит болсон үйл явдал буюу хууль зүйн факт билээ. Зүй нь О.Э үйлдвэрийн онцгой бүсэд ажилтнууд архидан согтуурч байгаа ноцтой зөрчлийг хараад таслан зогсоохоор шаардлага тавих, архи уухыг нь болиулах, харуулд нь мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахын оронд шөнийн 12 цагийн үед тэдэнтэй хамт архи ууж, архидалт зохион байгуулж ноцтой зөрчил гаргасан асуудлыг шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэгт нийцэхгүй, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл болно. 3. Давж заалдах шатны шүүх “Нэхэмжлэгч О.Эыг “Эмнэлэгт эмчлүүлж эмнэлгийн магадлагаатай ажил үүргээ гүйцэтгээгүй байхад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3-т заасныг зөрчсөн байна” гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь: -О.Эын хөдөлмөрийн гэрээний 3.4.11-д: “...Хэрэв хүндэтгэх шалтгаан гарвал энэ тухайгаа ажлын нэг өдөрт багтаан ажил олгогчид мэдэгдэх”, “Э Ү”ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8-д: “Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тус ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/ мэдэгдэх, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх” гэж тус тус заасныг нэхэмжлэгч зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчид өвчтэй тухайгаа мэдэгдээгүй буюу ажил олгогчид урьдчилан мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно. - Нэхэмжлэгч нь түүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гарсан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 3-7 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 25, 29-ний өдрүүдэд эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн магадлагаа болон эмнэлгийн хуудсыг хүлээн авсан байх бөгөөд О.Эыг өвчтэй гэдгийг түүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа түүний өмгөөлөгч нь шүүхийн журмаар эмнэлгийн магадлагаа, эмнэлгийн хуудсыг хариуцагчаас гаргуулахыг шаардахад Ажил олгогч мэдсэн болно. Хариуцагчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэр болон магадлал бүхэлд нь хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Э нь “Э Ү” ХХК-д холбогдуулан Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэн зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ажилтан хөдөлмөрийн зөрчил гаргасан тул тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ажил олгогч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/1294 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримтлан, О.Э нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр онцгой объект цэвэрлэх байгууламжийн бүсэд нэвтэрч согтууруулах ундаа авчирч, хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Баяжуулах үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн засварчны ажлаас чөлөөлжээ.

Ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд, сахилгын арга хэмжээ авах хуулиар тогтоосон хугацаа, тушаалд тавигдах шаардлага зэрэг эрх зүйн асуудал зөрчилгүй боловч О.Э нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна. Иймд нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-ийг ажилтан гаргасан болохыг ажил олгогч нотлох үүрэгтэй бөгөөд  2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр цэвэрлэх байгууламжийн бүсэд, хэсэг ажилчид согтууруулах ундааны зүйл уусан байдал гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч О.Э нь хамтран амьдрагч Д.Эрдэнэчулууныг шөнийн цагаар гэрээс гарахад нь хамтдаа явсан, гэртээ очсоны дараа энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үйл баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь эмнэлэгт эмчлүүлж эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т нийцээгүй байв.

Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлахад хүргэсэн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоогүй тул ажил олгогч хуульд заагаагүй үндэслэлээр ажилтныг ажлаас халсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан зохицуулалттай нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00080 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 34 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.            

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141 923 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                    ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА