Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 562

 

Г.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогчийн өмгөөлөгч Л.Дашравдан, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 17-ны өдрийн 1298 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 995 дугаар магадлалтай, Г.Ц-д холбогдох 1803005950310 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Г-ийн Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ц-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж, түүний эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн хувьд хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахтай холбогдуулан цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул анхан шатны шүүх Г.Ц-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Магадлалын тодорхойлох хэсэгт “2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг болон түүний оролцоогүйгээр хуралдааныг үргэлжлүүлж болох эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нараас асууж хуралдааныг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг хэлэлцээгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хохирогчийн зүгээс шүүгдэгч Г.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасны дагуу хурлыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж, хохирогчийг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжийг шүүхээс хангасан юм. Гэвч 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралд хохирогч ирээгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа болон өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа эсэх талаар хүсэлт ирүүлээгүй байсан. Шүүх хурал эхлэхийн өмнө шүүх хурал даргалагчийн зүгээс улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчээс ирцтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байгаа эсэхийг тодруулсан бөгөөд шүүх хурлын оролцогч нарын зүгээс ирцтэй холбоотой санал хүсэлт байхгүй, шүүх хурлыг цаашид үргэлжлүүлэх саналтай байна гэснээр хурлыг үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн. Магадлалын тодорхойлох хэсэгт дурдсан шиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нараас асууж хуралдааныг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үйл баримт байхгүй байхад асууж тодруулаагүй, дээрх ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй мэтээр давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрт нь олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байхад хохирогчийн эрхийг шүүх хангаагүй мэтээр үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн. Хохирогчид шүүхийн зүгээс эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, шүүх хуралд оролцох боломжоор хангасан, шүүх хурлыг хохирогчийн хүсэлтээр хойшлуулсан боловч шүүх хуралд хүрэлцэн ирээгүй болно. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг үндэслэсэн байна. Энэ зүйлд заасан “анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх зүйл байдаггүй. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлж, цаашид гарах хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн бөгөөд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон улсын яллагчийн гаргасан саналыг харгалзан анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралд хохирогч ирээгүй, тухайн шүүх хуралд оролцох талаар шүүх хурал эхлэхээс өмнө ямар нэгэн хүсэлт гаргаагүй, улсын яллагч болон шүүгдэгч, өмгөөлөгчийн зүгээс хурлыг үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байсан тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоосон. Магадлалын тодорхойлох хэсэгт “хохирлын талаар буруу тооцоолсныг дахин нягталж зөв дүгнэх шаардлагатай байна” гэж дурдсан байдаг. Хохирогч нийт 1,817,010 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч 2,100,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулж, цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн хувьд хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа болно. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийн аль ч байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Л.Дашравдан хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй тул уг ажиллагааг сайн мэдэхгүй байна. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас 80 настай М нь эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд хохирлын тооцоо зөрүүтэй байгаа тул хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж дахин хийж өгөхийг хүсье. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүх хохирогч Д.Мэндбаярыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Хохирогч Д.М-ын хувьд өндөр настай, эмчилгээний зардалд нэмж хохирол нэхэмжилнэ гэж байгаа тохиолдолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэж байгаа тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 11:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн гаднах автомашины зогсоол дээр “Тоёота Лексус-570” загварын 70-17 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай Д.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийж, түүний эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хохирогчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулахдаа хуралдааны товыг хохирогч Д.Мэндбаярт утсаар мэдэгджээ. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хохирогч, түүний ар гэрээс төлөөлөгч ирээгүйн гадна ямар нэгэн хүсэлт амаар болон бичгээр ирүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулах бөгөөд хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй талаар заасны дагуу хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.

Хохирогч Д.М нь давж заалдах шатны шүүхэд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэмж нэхэмжлэх агуулгатай гомдол гаргасан атлаа энэ талаар ямар нэгэн нотлох баримт өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг хязгаарлаагүй, түүний ашиг сонирхлыг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн хэргийн дахин хэлэлцүүлэх тухай магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09  дүгээр сарын 17-ны өдрийн 1298 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 995 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН