Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 995

 

 

    Г.Ц-холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                

прокурор Н.Анхбаяр,

хохирогч Д.М-өмгөөлөгч Л.Дашравдан,

шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Т.Отгонбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1298 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.М-гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ц-холбогдох эрүүгийн 1803005950310 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овогт Г Ц, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ........... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд  боловсролтой, ..................... мэргэжилтэй, ам бүл .., эхнэр, хүүхдийн хамт ....................................... тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:................./;

 

            Г.Ц-нь 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 11:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн гаднах автомашины зогсоол дээр “Лексус-570” загварын, 70-17 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон, ухрах үйлдэл хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалт зөрчсөний улмаас явган зорчигч 80 настай Д.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: Г.Ц- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ц-нь торгох ялыг хоёр сарын дотор нэг сард 250.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц-нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, Г.Ц-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.М- нь эрүүл мэндтэй холбоотой цаашид гарах зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Г.Ц- 372577 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.М- давж заалдах гомдолдоо: “... Баянзүрх  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Уг хэргийг хянан шийдвэрлэхдээ нэг л удаа надаас мэдүүлэг авсан ба тухайн үед гарсан эмчилгээний зардлаа хэлж байсан. Гэтэл энэхүү гэмтэл нь тархи толгой, нүүрэнд үүссэн гэмтэл бөгөөд ихээхэн ужиг шинжтэй, байнга эмчилгээ хийлгэж, тархи толгой өвддөг болсон. Хэдийгээр 80 хүрч яваа ч бие хаа хөнгөн, шингэн байсан бол гэмтэл авснаас хойш одоо байнга зовиуртай, эм тариа хэрэглэсэн, хэдэн хүүхдийнхээ амьжиргаанаас зулгаасан, асаргааны хүн болжээ. Гэтэл хэрэгт холбогдсон Ц хүү эмнэлэгт нэг удаа эргэж ирж уулзсанаас хойш дахин нэг ч холбогдож уулзаж, уучлалт гуйсангүй. “Эмээ бие нь яаж байна, юугаар туслах уу, эмнэлэгт үзүүлээд өгөх үү, хүргээд өгөх үү” гэж хүний жудаг ёсоор нэг удаа ярьсан бол настай хүн өвчнөө бага ч гэсэн мартах байсандаа гэж бодох юм. Энэ үгээ шүүхийн танхимд хэлье гэж бодож байсан ч шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийджээ.

Хууль шүүхийн байгууллагаар явж үзээгүй нас дээр гарсан миний бие хууль мэдэхгүйгээсээ болоод хохироод үлдмээргүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Ц-нь давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “... Г.Ц-миний бие хохирогч Д.М-давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хохирогчийн зүгээс шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч шүүх хуралд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тухайгаа гомдолдоо дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэсэн байдаг.

Хохирогч Д.М-ыг шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хангах үүднээс анхан шатны шүүх хуралдааныг 1 удаа 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангасан. Гэвч 2 дахь удаагаа зарлагдсан шүүх хуралдаанд хохирогч ирээгүй, мөн шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг цаашид үргэлжлүүлэн явуулж, шийтгэх тогтоол гарсан. Миний хувьд өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн үзлэг оношилгоо, хэвтэн эмчлүүлсэн төлбөр, эм тариа бусад шаардлагатай зардлыг тухай бүрт нь төлж, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирлыг барагдуулсаар ирсэн бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг мөн нөхөн төлөхөө шүүхэд илэрхийлсэн.

Хохирогчийн хувьд цаашид гарах зардлаа төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа бөгөөд миний хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хохирогч Д.М-тай өөрийн биеэр уулзах, утсаар холбогдох хүсэлтэй байсан ба хохирогчийн бага болон том охинтой нь байнга холбоо барьж асууж лавлаж байсан.

Миний хувьд шүүхээс оногдуулсан торгох ялын 50 хувьтай тэнцэх хэмжээг өнөөдрийн байдлаар биелүүлээд байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Ц-тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Д.М-ыг эмнэлэгт байхад нь 3 удаа эргэж очсон. Тухайн үед би ээжтэйгээ хамт очиж, биеийн байдлыг нь асууж, хэрэгтэй зүйл байна уу гэх мэтээр бүх зүйлийг асууж байсан. Хохирогчийн том охин Уранчимэг нь “та нар эмнэлэгт эргэлдэх шаардлага байхгүй. Бид шаардлагатай бол та нартай утсаар холбогдоно” гэсэн. Мөн хохирогч Д.М-ыг эмнэлгээс гарах үед төлбөр тооцоог нь төлж, би өөрөө гаргаж өгсөн. Түүнээс хойш би хохирогчтой уулзаж чадаагүй. Хохирогчийн бага охиноос биеийн байдлыг асуухад “ээжийн бие сайн, лагер дээрээ амарч байгаа” гэж хэлсэн. Би тухайн үед бага охинтой нь холбоотой байсан. Гэтэл хохирогчийн том охин нь “манай дүү энэ асуудлыг шийдэхгүй, манай ээж болон дүүтэй ярих шаардлагагүй, бүх зүйлийг надтай ярина” гэсэн. Би хохирогчийн охины хэлсэн зардлыг тэр дор нь урьдчилан төлж байсан. Би хохирогчоос баримтаа урьдчилж өг гэж шаардаж байгаагүй. Хохирогчид өгсөн мөнгө, баримтаар гарсан үндсэн хохирлоос илүү төлөлттэй байгаа гэж бодож байна. ...” гэв.

 

Хохирогч Д.М-өмгөөлөгч Л.Дашравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх шүүгдэгчийг “2.100.000 төгрөгийг сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй” гэж шийтгэх тогтоолдоо дурдсан. Хавтаст хэрэгт хохирогчоос нийт 2.381.139 төгрөгийн баримт авагдсан. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 1.800.000 төгрөгийг төлсөн гэж бичигдсэн ба анхан шатны шүүх хуралдааны өмнө 300.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн. Тэгэхээр хохирлын тооцоо нь хавтаст хэрэгт авагдсан баримттай таарахгүй байна. Шүүх хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хөнгөрүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх цаашид гарах зардлыг иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн ч гэсэн хохирогч өөрөө өндөр настай, шүүхээр явахад явдал чирэгдэл болдог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.Ц- өмгөөлөгч Т.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч давж заалдах гомдолдоо “шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан” байсан гэсэн. Эхний шүүх хуралдаанд хохирогчийн том охины зүгээс “Хохирогч өвчтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэж хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулсан. 2 дахь удаагийн шүүх хуралдаанд хохирогч ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.Ц-шаардлагатай бүх төлбөрийг нь өгч, харин хохирогчийн зүгээс баримтуудыг шүүгдэгчид өгсөн. Эдгээр баримтуудыг шүүгдэгчийн зүгээс жагсаалт гаргаж бичээд хавтас хэрэгт хавсаргасан. Гэтэл тухайн баримтуудыг шүүгдэгч товъёоглож бичихдээ нэг баримтыг 2 удаа давхардуулж бичсэн. Баримтуудыг яг тооцож үзэхэд нийт нэхэмжилсэн зардал нь 1.800.000 төгрөг болсон. Хохирогчийн нэхэмжилсэн хохирол, төлбөрийг шүүгдэгчээс цаг тухайд нь төлж байсан, цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг анхаарч үзнэ үү.

Хохирогчийн охидууд нь “манай ээж нас өндөр хүн тул хэрэгт холбоотой асуудлаар бидэнтэй утсаар холбогдож, шаардлагатай бол ирж уулзана уу” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу хохирогчийн бага охин болон том охинтой байнга утсаар холбогдож байсан. Мөн хохирогч Д.М-тай уулзах хүсэлт тавьж байсан боловч түүнтэй уулзах боломжоор хангаагүй. Дээрх байдлаас харахад хохирогчийг гаргасан гомдол нь үндэслэл муутай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхэд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Гэвч дараагийн шүүх хуралдаанд хохирогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлд зааснаар “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэх заалтыг баримтлан, хэргийг шийдвэрлэсэн. Мөн хохирогчийн гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгчийн тайлбараас үзэхэд Д.М-аас шүүгдэгч Г.Ц-нь албан ёсоор уучлалт гуйгаагүй байдал харагдаж байна. 80 настай хүний биед учирсан гэмтэл хүнд байгаа. Энэ асуудалд дүгнэлт хийх нь зүйтэй. Хохирлын баримт, хохирлын дүнгийн зөрүүтэй асуудлыг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар шүүгдэгчээс хохирол гаргуулж шийдвэрлэх боломжтой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж, хөнгөрүүлэх эрхтэй тул Г.Ц- гаргасан тайлбарт дүгнэлт хийх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2284 дүгээр захирамжаар Г.Ц-холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулахаар заасан ба 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2297 дугаар захирамжаар “хохирогч шүүх хуралдаанд өвчний улмаас оролцох боломжгүй тул хойшлуулж өгөх” тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр түүний оролцоотойгоор хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангалгүй, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг болон түүний оролцоогүйгээр хуралдааныг үргэлжлүүлж болох эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нараас асууж хуралдааныг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг хэлэлцээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” хохирогчийг эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.

 

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хохирогчийн гомдлоос үзвэл анхан шатны шүүх дээр дурьдсан хохирогчийн хуульд заасан эрхийг хангаагүйгээс тэрээр хэлэх гэсэн үгээ хэлж чадаагүй талаараа тодорхой дурьджээ.   

 

Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээр залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ц-холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүх хэргийг дахин хянан хэлэлцэхдээ хохирлын талаар буруу тооцоолсныг дахин нягталж зөв дүгнэх шаардлагатай байгааг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1298 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ц-холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

           

2. Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хүртэл шүүгдэгч Г.Ц-урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл

нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

 

                           ШҮҮГЧИД                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                Б.ЗОРИГ