Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 89

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00470/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн 824 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга,

Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд холбогдох  

"Төрийн байгууллагын орон сууц хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 25.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-ээс:

Миний бие нь 2013 оны 5 сард Дархан сумын 8 дугаар багийн 16 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах 02 тоот байрыг иргэн С.Б-аас 18.000.000 төгрөгөөр иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор худалдан авч, оффисын зориулалтаар тохижуулсан билээ. Энэ байрыг худалдан авснаас хойш нэг сарын дараагаас Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-аас байнга хүмүүс ирж, цахилгааны тоолуур үзэж шалгана, цахилгаан тасарсан гэх мэтээр байнга байрыг онгойлгож өгөхийг шаардах, үзлэг засвар хийж байна гэж олуулаа орж ирэн байрыг бохирдуулах, хүмүүстэй уулзаж байхад тоохгүй, манай ажлын байр гэж ажилчид нь ёс зүйгүй авирлах болсон тул өмчлөгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цахилгааны шитийг нүүлгэн гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн юм. Гэвч тус компани нь шийдвэр гүйцэтгэлийн албанд энэ шит нь манай байгууллагад хамаагүй, үндсэн хөрөнгөд бүртгэлгүй гэснээс болж ажиллагаа зогсоход хүрсэн байгаа бөгөөд цахилгаанаар хангахгүй гэж орон сууцны иргэдэд мэдэгдсэнээс болж эдгээр хүмүүс нь Захиргааны хэргийн шүүхэд орон сууцны хувьчлалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.01-ний өдрийн 32 тоот шийдвэрээр Дархан сумын 8-р багийн 16-р байрны 2 орцонд байрлах 02 тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус болохыг тогтоож, иргэн миний Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011361 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214050 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ. Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 онд Дархан сумын 8 дугаар багийн 16-р байрны 02 тоот байрыг хувьчилсан үйл ажиллагаа нь хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож, иргэн миний бие нь үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохироход хүрч байгаа тул төрийн байгууллагаас гэм хорын хохирол нэхэмжилж байна. Энэ байрыг 2013 онд бусдаас 18.000.000 төгрөгөөр худалдан авч, шинээр цэвэр усны тосгуур болон 00-ын суултуур хийлгэж, шалыг паркетлуулан, гадна хаалгыг вакум бүхий бүхээгээр тоноглуулсан. Байрны дотоод иж бүрэн засвар хийсэн, шитний гадна талд хамгаалалтын том шүүгээ хийлгэсэн. Цахилгааны тоолуурыг байрны ухаалаг тоолууранд холбуулсан. Агааржуулах зориулалтын 2 жижиг цонх гаргуулсан зэрэг шаардагдах бүх материалыг өөрөө гаргаж, ажлын хөлсийг бусдад төлж хийлгэсэн болно. Байраа одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчин 25.000.000 төгрөгөөр үнэлсэн юм. Одоо захиргааны хэргийн шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосноос болж үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт намайг хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тухай тодорхой заасан тул хохирол төлбөрийг гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооноос /Дархан-Уул аймгийн төрийн сангаас/ 25.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 283.000 төгрөгийн хамт гаргуулж надад олгуулж, иргэн миний гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дархан сумын 8-р багийн 16-р байрны 2 дугаар орцны 02 тоот байрыг 25.000.000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн нь зах зээлийн үнэлгээнээс дээгүүр, үнэлгээ бодит бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын Их Хурлын №27 дугаар тогтоол, Засгийн газрын №140 зэрэг тогтоолуудыг үндэслэн 2010 онд 8 дугаар байрны 02 тоот шитний өрөөг хувьчилсан юм билээ. Үүнээс хойш 2-3 хүн дамжин зарагдсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 965 тоот шийдвэрээр уг шитийг нүүлгэх шийдвэр гарсан. Үүнд давах гомдол гараагүй боловч, нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд анхнаасаа буруу хувьчилсан гэх шийдвэр гарсан учраас нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгийг сулласан. Нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийг 25 сая төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн байрт дахин үнэлгээ хийлгэхэд 20 сая төгрөг болсон. Энэхүү төсөв байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 05-ны өдрийн 824 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус зааснаар Д.О-ийн нэхэмжлэлтэй  Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоонд холбогдох гэм хорын хохирол 25.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150.000 төгрөг гаргуулж Капитал зууч ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О- давж заалдсан гомдолдоо:

            Дархан -Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдаж байна.

1. Дархан-Уул аймгийн Засаг дарга буюу Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны дарга нь төрийн орон сууцыг хувьчлах үйл ажиллагаа явуулах үедээ гэм буруугийн үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан болох нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны хүчин төгөлдөр шийдвэрүүдээр үйл явдал, бодит байдал нь тогтоогдсон байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар ...уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэсэн хуулийн заалтыг авч хэлэлцэхгүй хувьчлалын ажиллагааны ямар ч эрх мэдэлгүй иргэд хоорондоо орон сууц худалдах, худалдан авах ажиллагаа явуулж гэрээ хийж гэм хор учруулсан юм шиг дүгнэлт гаргаж байгаа шийдвэрийг хүлээн авах боломжгүй байна.

2.Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар орон сууц нь бүх хийгдсэн засвар үйлчилгээ тоног төхөөрөмжийн хамт Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх захирагчийн албанд шилжиж, орон сууцыг төр хүлээн авсан гэдгийг шүүх хуралдаан дээр талууд хэлсээр байхад огт авч хэлэлцэхгүй, 2013 онд худалдан авсан иргэн хүнээсээ буцаж мөнгөө нэхэмжил гэж байгааг огт ойлгохгүй байна. Гэм хор учруулсан нь төрийн байгууллага бөгөөд хувьчилсан хөрөнгөө буцаагаад авсан байхад иргэн хүн яагаад орон сууцаа буцааж аваагүй байж бусдад мөнгө төлөх ёстой болж байна вэ гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй. Гэм хорын хохирол учруулсан тохиолдолд хэн учруулсан, хэний буруу вэ гэдгээс хариуцлагын асуудал, төлбөр төлөх асуудал яригдах ёстой гэж үзэж байна.

3. Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Дархан-Уул аймгийн 8 баг 17 хороолол 16 дугаар байрны 02 тоот цахилгаан Шитний өрөөг хувьчилсан нь иргэдийн цахилгаан эрчим хүчээр хангуулах үйл ажиллагааг зөрчсөн болон Орон сууц хувьчлах тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд энэ тухай Засаг дарга болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн авсан тооцно гэсэн хуулийн заалтаар хандсан байх боломжтой бөгөөд зөвхөн сууцны үнэлгээний талаар санал гаргасан байгааг шүүх анхаарч үзэхгүй, гэм хор учруулсан төрөөс ямар нэг байдлаар төлбөр олгуулахгүй иргэн намайг үл хөдлөх эд хөрөнгөгүй болгож орон сууц худалдаж авахад зориулсан мөнгөө ч олж авч чадахгүйд хүрч байхад оршин суугаа хаяг нь тодорхойгүй гэм буруугүй иргэнээс олж ав гэсэн байдлаар хандаж шүүгч нарын байр сууринаас шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж , төрийн байгууллагаас орон сууцны үнэ , хохирлыг гаргуулж өгч иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү  гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул   нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлыг хангах  хууль зүйн  үндэслэлгүй  байна.

Нэхэмжлэгч Д.О- нь Дархан-уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн  Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрт учирсан гэм хорын хохирол буюу цахилгааны шитний \техникийн\ өрөөний үнэ болох 25.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Дархан-Уул аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “...орон сууцны хувьчлалыг Улсын Их Хурал, Засгийн газрын гаргасан тогтоолын дагуу явуулсан, аймгийн төсөвт мөнгө төсөвлөгдөөгүй...”, Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч “...үнэлгээ зах зээлийн үнээс хэт өндөр тогтоогдсон...”  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны  2004 оны  08 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн, 16 дугаар байрны 02 тоот техникийн үйлчилгээний зориулалттай \цахилгааны шитний өрөө\ 12 м.кв талбай бүхий өрөөг  иргэн С.Солонгын өмчлөлд шилжүүлсэн, 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр  бэлэглэлийн гэрээгээр О.Сандагдоржид, 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  бэлэглэлийн гэрээгээр  Б.Жавзанд, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн  орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр С.Б-д, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээгээр Д.О-ийн өмчлөлд тус тус  шилжсэн байна.

Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар  хороолол, 16 дугаар байрны 2 дугаар орцны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор цахилгааны ерөнхий шитний \техникийн\ өрөөг хувьчилсан нь хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003011361 дугаар бүртгэл, Д.О-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214050 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй  болгож, цахилгааны  шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлсэн  Дархан-Уул аймгийн  Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  32 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221\МА2019\0025 дугаар магадлалаар  шийдвэрлэсэн  үйл баримт нь  шүүхийн  хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байна.

Дээрх шийдвэрт Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь иргэн  С.Солонгод өмчлөх эрх олгосон нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчсөн, хувьчлах тухай материалыг  зохих журмын дагуу бүрдүүлээгүй, хувьчлах эрх үүсээгүй, Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дүгээр зүйлд  заасан  эзэмшиж байгаа сууцаа  хувьчлан авах тухай өргөдлийг орон сууц хувьчлах товчоонд гаргах, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан Орон сууц хувьчлах товчоо өргөдлийг хүлээн авсанаас хойш 1 сарын дотор хувьчлах тухай шийдвэр гаргах” гэсэн заалттай нийцээгүй, тухайн байрны  оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  хөндсөн  гэжээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1,7, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хохирол гаргуулахаар шаардах эрх  Д.О-т байхгүй байна. Учир нь иргэн Д.О- нь  иргэн  С.Б-аас  18.000.000 төгрөгөөр  тус шитний  өрөөг  худалдан авчээ.

Тиймээс маргаан бүхий шитний өрөөг хувьчилсан эрх бүхий байгууллагын шийдвэр хууль бус болсон хэдий ч энэ нь Д.О-т учирсан  хохирлын   шалтгаант холбоотой хамааралгүй байна.

Анхан шатны шүүх “...Д.О- нь 02 тоот цахилгааны шитний \техникийн\ өрөөг өмчлөх эрхийг Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр бус харин иргэн С.Б-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан..”, гэж дүгнэсэн дүгнэлтийг буруутгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  283.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ