Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00470/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны  .. тоотод оршин суух, утас ...., .. регистрийн дугаартай, Д.О нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ДУА ЗД, ДУА ОСХТ тус тус холбогдох

 

Төрийн байгууллагын орон сууц хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2013 оны 5 сард Дархан сумын .. дугаар багийн .. дугаар байрны .. дугаар орцонд байрлах .. тоот байрыг иргэн С.Б 18 000 000 төгрөгөөр иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор худалдан авч, оффиссын зориулалтаар тохижуулсан билээ. Энэ байрыг худалдан авснаас хойш нэг сарын дараагаас Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-аас байнга хүмүүс ирж, цахилгааны тоолуур үзэж шалгана, цахилгаан тасарсан гэх мэтээр байнга байрыг онгойлгож өгөхийг шаардах, үзлэг засвар хийж байна гэж олуулаа орж ирэн байрыг бохирдуулах, хүмүүстэй уулзаж байхад тоохгүй, манай ажлын байр гэж ажилчид нь ёс зүйгүй авирлах болсон тул өмчлөгчийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цахилгааны шитийг нүүлгэн гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн юм. Гэвч тус компани нь шийдвэр гүйцэтгэлийн албанд энэ шит нь манай байгууллагад хамаагүй, үндсэн хөрөнгөд бүртгэлгүй гэснээс болж ажиллагаа зогсоход хүрсэн байгаа бөгөөд цахилгаанаар хангахгүй гэж орон сууцны иргэдэд мэдэгдсэнээс болж эдгээр хүмүүс нь Захиргааны хэргийн шүүхэд орон сууцны хувьчлалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.01-ний өдрийн .. тоот шийдвэрээр Дархан сумын ..-р багийн ..-р байрны .. орцонд байрлах ..тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөрг хувьчилсан нь хууль бус болохыг тогтоож, иргэн миний Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ.

Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 онд Дархан сумын ..-р багийн ..-р байрны .. тоот байрыг хувьчилсан үйл ажиллагаа нь хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогдож, иргэн миний бие нь үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохироход хүрч байгаа тул төрийн байгууллагаас гэм хорын хохирол нэхэмжилж байна. Энэ байрыг 2013 онд бусдаас 18 000 000 төгрөгөөр худалдан авч, шинээр цэвэр усны тосгуур болон 00-ын суултуур хийлгэж, шалыг паркетлуулан, гадна хаалгыг вакум бүхий бүхээгээр тоноглуулсан. Байрны дотоод иж бүрэн засвар хийсэн, шитний гадна талд хамгаалалтын том шүүгээ хийлгэсэн. Цахилгааны тоолуурыг байрны ухаалаг тоолууранд холбуулсан. Агааржуулах зориулалтын 2 жижиг цонх гаргуулсан зэрэг шаардагдах бүх материалыг өөрөө гаргаж, ажлын хөлсийг бусдад төлж хийлгэсэн болно. Байраа одоогийн зах зээлийн ханшаар үнэлүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчин 25 000 000 төгрөгөөр үнэлсэн юм. Одоо захиргааны хэргийн шүүхээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосноос болж үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт намайг хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тухай тодорхой заасан тул хохирол төлбөрийг гаргуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд ДУА ЗД болон ДУА ОСХТ /Дархан-Уул аймгийн төрийн сангаас/ 25 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 283 000 төгрөгийн хамт гаргуулж надад олгуулж, иргэн миний гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ДУА ЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Дархан сумын ..-р багийн ..-р байрны .. дугаар орцны .. тоот байрыг 25 000 000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн нь зах зээлийн үнэлгээнээс дээгүүр, үнэлгээ бодит бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч ДУА ЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын Их Хурлын .. дугаар тогтоол, Засгийн газрын .. зэрэг тогтоолуудыг үндэслэн 2010 онд .. дугаар байрны .. тоот шитны өрөөг хувьчилсан юм билээ. Үүнээс хойш 2-3 хүн дамжин зарагдсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй юм билээ. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .. тоот шийдвэрээр уг щитийг нүүлгэх шийдвэр гарсан. Үүнд давах гомдол гараагүй боловч, нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Ингээд анхнаасаа буруу хувьчилсан гэх шийдвэр гарсан учраас нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгийг сулласан.

   Нэхэмжлэгч нь уг үл хөдлөх хөрөнгийг 25 сая төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байх тул үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн байрт дахин үнэлгээ хийлгэхэд 20 сая төгрөг болсон. Энэхүү төсөв байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч ДУА ЗД, ДУА ОСХТ холбогдуулан, төрийн байгууллагын орон сууцны хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

             Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх ба өөрийн татгалзлын үндэслэлийг орон сууцны хувьчлалыг Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоолын дагуу явуулсан, аймгийн төсөвт хохирол барагдуулах мөнгө төсөвлөгдөөгүй хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.О нь гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Дархан сумын ..-р багийн ..-р байрны .. тоот байрыг 25 000 000 төгрөг хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлсэн тайлан ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зах зээлийн үнээс хэт өндөр, үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээчээр Капитал зууч ХХК-ныг томилсоны дагуу байрыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Үнэлгээний тайлан ирүүлсэн байна.

             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

             Нэхэмжлэгч Д.О нь шаардлагынхаа үндэслэлийг нотлох зорилгоор Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 01-ний өдрийн .. дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар магадлалыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

             Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Дархан сумын .. дугаар багийн .. дугаар байрны .. дугаар орцонд байрлах ... тоот цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан нь хууль бус байсныг тогтоож, Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн .....дугаар бүртгэл, Д.О ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Дархан сумын .. дугаар багийн .. дугаар байрны .. дугаар орцонд байрлах .. тоот цахилгааны ерөнхий шитний өрөөг дундын өмчлөлд буцаан шилжүүлэхийг ДУА ОСХТ даалган шийдвэрлэсэн байх ба шүүхийн магадлалаар шийдвэрийн удирдлага болгосон хуулийн зүйл, заалтад өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

             Иймд цахилгааны ерөнхий шитний /техникийн/ өрөөг хувьчилсан төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар энэхүү үйл баримтыг дахин нотлохгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгахаар зохицуулсан боловч хариуцагч ДУА ЗД, ДУА ОСХТ нь уг хохирлыг шууд хариуцах үндэслэлгүй гэж үзэв.

            Учир нь, өмнө дурдсан шүүхийн шийдвэрээс үзэхэд Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны ..тоот техникийн үйлчилгээний 12 м.кв талбай бүхий 1 өрөө сууцны өмчлөх эрх нь Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 08 сарын 26-ны өдрийн :: дугаар тогтоолыг үндэслэн иргэн С.С, 2010 оны 06 сарын 08-ны өдөр С.С бэлэглэлийн гэрээгээр О.С, 2011 оны 06 сарын 23-ны өдөр О.С бэлэглэлийн гэрээгээр Б.Ж, 2012 оны 01 сарын 17-ны өдөр Б.Ж худалдах, худалдан авах гэрээгээр С.Б, 2013 оны 05 сарын 02-ны өдөр С.Б худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Д.О т тус тус шилжсэн болох нь тогтоогдож байна.

             Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.О нь 02 тоот цахилгааны шитний /техникийн/ өрөөг өмчлөх эрхийг ДУА ОСХТ шийдвэр бус харин иргэн С.Б байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан байна.

             ДУА ОСХТ тогтоолыг үндэслэж Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны ..тоот техникийн үйлчилгээний 12 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг иргэн С.Солонгод хувьчилсан нь хууль зөрчсөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасны дагуу С.Б болон Д.О нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

             Нэхэмжлэгч Д.О нь иргэн С.Б .. тоот цахилгаан шитний /техникийн/ өрөөг 18,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим ... хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О нь хэлцэл хийсэн этгээд болох С.Б шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах нь зүйтэй байна. 

 

             Дээр дурдсан үндэслэлээр Д.О ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т тус тус зааснаар Д.О ийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол гаргуулах ДУА ЗД, ДУА ОСХТ холбогдох гэм хорын хохирол 25 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150000 төгрөг гаргуулж Капитал зууч ХХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.АЛТАНТУЯА

 

 

                             ШҮҮГЧ                             Ч.БАТЧИМЭГ

 

 

                             ШҮҮГЧ                             Д.НЯМБАЗАР