Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1778

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02100 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГБМ” ХХК-д холбогдох

Шатахууны үнэ, алданги 83 275 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГБМ” ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 2018/а/7 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний хугацаанд түлш шатахуунаар хангаж ажилласан. “ГБМ” ХХК нь 2018 оны 6 дугаар сар хүртэл 225.560.760 төгрөгний дизелийн түлш зээлээр худалдан авч төлбөрийг хугацаанд нь төлсөн. 2018 оны 7 дугаар сард 36.484.400 төгрөгийн дизелийн түлш зээлээр худалдан авч төлбөрийг 122 хоногийн хугацаа хэтрүүлж 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хугацаа хэтрүүлж төлсөн 36.484.400 төгрөгний алдангид 10.000.000 төгрөг төлөх хүсэлт ирүүлж энэ өдрөө 29.739.400 төгрөгний дизель түлш, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгний дизел түлш авч, нийт 43.355.400 төгрөгний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч “ГБМ” ХХК-наас хугацаа хэтрүүлж төлсөн 36.484.400 төгрөгний алданги 18.242.200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн түлшний төлбөр 29.739.400 төгрөг, алданги 14.869.700 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн түлшний төлбөр 13.613.000 төгрөг нийт 76.767.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ГБМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан. 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 225.560.760 төгрөгийн шатахуун авч төлбөрийг төлсөн. Гэрээ биелэгдэж дууссан, сүүлд 2018 оны 7 дугаар сард 36.484.400 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 29.739.400 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгний шатахуун авсан. 2018 оны 7 дугаар сард авсан шатахууны төлбөр 36.484.400 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Энэ төлбөрийн хугацаа хэтэрсэн алданги 10.000.000 төгрөгийг төлнө гэсэн албан бичиг хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн түлшний төлбөр 29.739.400 төгрөгний алдангийг хуульд заасан хэмжээгээр төлнө. 2019 оны 1 дүгээр сард авсан түлшний үнэ 13.613.000 төгрөгийг төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ГБМ ХХК-наас 68.225.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, үлдэх 8.542.200 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.327 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГБМ ХХК-наас 499.075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өнөөдрийн байдлаар Танболд металл" ХХК зөвхөн 43.335.400 төгрөгийн өр төлбөр барагдуулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ хэмжээний тухайд маргаангүй юм. Гэтэл шүүх тооцоололын алдаа гаргаж, 68.225.100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүний улмаас манай “ГБМ” ХХК 24.889.700 төгрөг илүү төлөхөөр болоод байна. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2018/а/7/ дугаар гэрээний тухайд төлбөрөө төлж барагдуулаад гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Энэхүү гэрээний дагуу 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд 225.560.760 төгрөгийн шатахуун авсан бөгөөд төлбөрийг төлсөн. Энэхүү гэрээ биелэгдсэн, дууссан учраас сүүлд 2018 оны 7 дугаар сард 36.484.400 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 22.739.400 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгийн шатахуун авсан. Энэ 3 удаагийн шатахуун татан авалтын тухайд тусдаа ямар нэгэн алданги, хүү, торгууль тохирч байгуулсан гэрээ байхгүй. Өөрөөр хэлбэл амаар хэлцэл байгуулах замаар худалдан авсан гэж манай зүгээс үзэж байгаа юм. Нөгөө талаар 2018 оны 7 дугаар сард авсан гэх 36.484.400 төгрөгийн шатахууны тухайд төлбөрийг нь барагдуулаад дууссан юм. Дуусан гэрээний алданги тооцоод байгаа нь буруу юм. Өнөөдрийн байдлаар "ГБМ" ХХК зөвхөн 43.335.400 төгрөгийн өр төлбөр барагуудлах ёстой гэж үзэж баигаа болно. Иймд шийдвэрт өөрчлөлт ор/уулж /өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

 Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “ГБМ” ХХК-д холбогдуулан 76.767.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 43.335.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги тооцсоныг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2018/а/07 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр “Н” ХХК нь худалдан авагчийн захиалгын дагуу, худалдагч чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлөөр нийлүүлэх, худалдан авагч нь сар бүрийн 25-ны дотор төлбөр тооцоог төлөх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд худалдагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд  маргаагүй байна.

Дээрх гэрээний дагуу  хариуцагч  нь худалдан авсан шатахууны 2018 оны 6 дугаар сар хүртэлх төлбөрийг төлсөн, 2018 оны 7 дугаар сард  36.484.400 төгрөгийн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 29.739.400 төгрөгийн, 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгийн шатахууныг “ГБМ” ХХК хүлээн авсан, 2018 оны 07 дугаар сард авсан шатахууны төлбөр 36.484.400 төгрөгийг хугацаа хэтрүүлж 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн үйл баримтын талаар болон хариуцагч нь  43.335.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээ хэрэгжсэн байдлыг зөв дүгнэж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 49/

“ГБМ” ХХК нь нэхэмжлэгч компанид алданги төлөх талаар гэрээ байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан 1 жилийн хугацаатай дээрх бичгийн гэрээний 5.1-д “худалдан авагч нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги  төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт нийцсэн байхаас гадна хариуцагч “ГБМ” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын              13-ны өдрийн 01/134 дүгээр “Н” ХХК -д ирүүлсэн албан бичгээр үлдэгдэл 18.520 литр түлшний үнэ 36.484.400 төгрөгийг төлөөгүй тохиолдолд алданги 10.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. /хх-ийн 54, 55 /

Мөн хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 29.739.400 төгрөгийн түлш авсан боловч түүний үнийг  төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул түүнд ногдох алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 14.869.700 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.  

 

Харин гэрээний хугацаа дууссанаас хойш 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр авсан түлшний төлбөр 13.616.000 төгрөгт алданги тооцогдохгүй тул шүүх  нийт 68.225.100 төгрөгийг хариуцаас гаргуулахаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр “...дууссан гэрээний алданги тооцоод байгаа нь буруу...”  гэх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ                                         

                                               ШҮҮГЧ                                             Д.ЦОГТСАЙХАН                                                                                                            

                                                                                                      Н.БАТЗОРИГ