Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00312

 

“Н..” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02100 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1778 дугаар магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: “Н..” ХХК

          Хариуцагч: “... металл” ХХК

 

          76,467,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг     

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “... металл” ХХК-тай 2018-01-31-ний өдөр 2018/а/07 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний хугацаанд түлшээр хангаж ажилласан. “... металл” ХХК нь 2018-06 сар хүртэл 225,560,760 төгрөгний дизелийн түлш зээлээр худалдан авч төлбөрийг хугацаанд нь төлсөн. 2018-07 сард 36,484,400 төгрөгийн дизелийн түлш зээлээр худалдан авч төлбөрийг 122 хоногийн хугацаа хэтрүүлж 2018-12-12-ны өдөр төлсөн. 2018-12-13-ны өдөр 29,739,400 төгрөгний дизелийн түлш, 2019-1-13-нд 13,616,000 төгрөгний дизелийн түлшийг зээлээр худалдан авч нийт 43,335,400 төгрөгний төлбөрийг 2019-01-31-ний дотор төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Манай компанийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан. 2018-1-31-ний өдрийн 2018/а/07 дугаар гэрээний 5.1-т заасны дагуу хугацаандаа гүйцэтгээгүй үнийн дүнд хоног тутам 0,5%-ийн алданги тооцогдож байгаа бөгөөд 2018-07 сард авсан 36,484,400 төгрөгний төлбөрийн 122 хоног хугацаа хэтрүүлсний үндсэн дүнгийн 50% буюу 18,242,200 төгрөг болсон, 2018-12-13-нд авсан 29,739,400 төгрөгний дизель түлшний төлбөр, 2019-1-13-нд зээлээр худалдан авсан 13,616,000 төгрөгний дизелийн түлшний төлбөр нийт 43,355,400 төгрөгний үндсэн төлбөрийн өнөөдрийг хүртэл 104 хоног хугацаа хэтрүүлсний алданги үндсэн үнийн дүнгийн 50% буюу 21,677,700 төгрөг болоод байна. “... металл” ХХК-ийн төлбөр өнөөдрийн байдлаар зээлээр худалдан авсан дизелийн түлшний үндсэн төлбөр 43,355,400 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 39,919,900 төгрөг, нийт 83,275,300 төгрөг болсон байх тул гаргуулж өгнө үү. 2019-1-13-ны өдрийн 13,616,000 төгрөгт ногдох алданги 6,808,000 төгрөгийг илүү нэхэмжилсэн байх тул 76,467,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2018-01-31-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан. 2018-6 сар хүртэлх хугацаанд 225,560,760 төгрөгийн түлш авч төлбөрийг төлсөн. Гэрээ биелэгдэж дууссан, сүүлд 2018-07 сард 36,484,400 төгрөг, 2018-12-13-ны өдөр 29,739,400 төгрөг, 2019-1-13-ны өдөр 13,616,000 төгрөгний түлш авсан. 2018-07 сард авсан түлшний төлбөр 36,484,400 төгрөгийг 2018-12-12-ны өдөр төлсөн. Энэ төлбөрийн хугацаа хэтэрсэн алданги 10,000,000 төгрөгийг төлнө гэсэн албан бичиг хүргүүлсэн. 2018-12-13-ны өдрийн түлшний төлбөр 29,739,400 төгрөгийн түлшний төлбөрийн алдангийг шүүх хуулийн дагуу бодох байх. 2018-12-13-ны өдрийн түлшний төлбөр 29,739,400 төгрөгийг 2019-01 сард авсан түлшний үнэ 13.613.000 төгрөгийн хамт нийт 43,335,400 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 102/ШШ2019/02100 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “... металл” ХХК-иас 68,225,100 төгрөг гаргуулж “Н..” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,542,200 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,327 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “... металл” ХХК-иас 499,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1778 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  гомдлыг хангахгүй хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,400 төгрөгийг улсын орлогод үлдээжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал, шийдвэр нь 116.2-т заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл” бүхий болж чадсангүй. Өнөөдрийн байдлаар “... металл” ХХК зөвхөн 43,335,400 төгрөгийн өр төлбөр барагдуулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд энэ хэмжээний тухайд маргаангүй юм. Гэтэл шат шатны шүүх ИХ-н 231-д заасан “үүргийн гүйцэтгэлийг хангах арга”-ын талаарх зохицуулалт, заалтыг буруу ойлгон хэрэглэсний улмаас 68,225100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Талуудын хооронд үүссэн харилцааны тухайд 2018-01-31-ний өдрийн 2018/а/7 дугаар гэрээний хувьд төлбөрөө төлж барагдуулаад гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Энэхүү гэрээний дагуу 2018-01-31-с 2018-06 сар хүртэлх хугацаанд 225,560,760 төгрөгийн түлш авсан бөгөөд төлбөрийг төлсөн. Энэхүү гэрээ биелэгдсэн, дууссан учраас сүүлд 2018-07 сард 36,484,400 төгрөгийн, 2018-12-13-ны өдөр 29,739,400 төгрөгийн, 2019-01-13-нд 13,616,000 төгрөгийн түлш авсан. Энэ 3 удаагийн түлш татан авалтын тухайд тусдаа ямар нэгэн алданги, хүү, торгууль тохирч байгуулсан гэрээ байхгүй. Өөрөөр хэлбэл амаар хэлцэл байгуулах замаар худалдан авсан гэж манай зүгээс үзэж байгаа юм. Иймд ямар нэгэн хүү, алданги биш харин үндсэн төлбөр төлөх тухай асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Ямар нэгэн хүү алданги тооцох гэж байгаа бол амаар байгуулсан хэлцэлд биш гагцхүү бичгээр байгуулсан гэрээний тухайд хүү алданги тооцогдох ёстой. Нөгөө талаар 2018-07 сард авсан гэх 36,484,400 төгрөгийн түлшний тухайд төлбөрийг нь барагдуулаад дууссан юм. Дуусан гэрээний тухайд алданги тооцоод байгаа нь буруу юм. Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед, тухайн үед “гүйцэтгээгүй байгаа үүргийн тухайд” л яригдах ёстой гэж үзэж байна. Иргэний хэрэг маргааныг шүүх шийдвэрлэхдээ юуны өмнө шаардах эрхийг шалгадаг. Гэтэл нэгэнт гэрээний үүргийг биелүүлээд дууссан тул 2018-07 сард авсан гэх 36,484,400 төгрөгийн түлшний тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхгүй юм. Шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхтэй эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл шүүх тухайн маргааныг шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэх, тухайн этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, шаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй байх тул магадлалыг “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай ИХШХШ тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр ИХШХШТХ-н 176.2.2-т заасны дагуу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Н..” ХХК нь 2019-05-24-ний өдөр шүүхэд хандаж, “... металл” ХХК-иас  76,467,300 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...2018-01-31-ний өдөр 2018/а/07 дугаартай гэрээ байгуулж, түлш нийлүүлсэн... 2018-07 сард 36,484,400 төгрөгийн түлш зээлээр худалдан авсан боловч төлбөрийг 122 хоногийн хугацаа хэтрүүлж 2018-12-12-ны өдөр төлсөн... 2018-12-13-ны өдөр 29,739,400 төгрөгийн түлш , 2019-01-13-ны өдөр 13,616,000 төгрөгийн түлш зээлээр худалдан авсан ч мөнгөө төлөөгүй... иймд 36,484,400 төгрөгийн түлшний төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тул алданги 18,242,200 төгрөг ... түлшний үнэ 29,739,400 төгрөгийг алданги 14,869,700 төгрөгийн хамт ...түлшний үнэ 13,616,000 төгрөг...нийт 76,467,300 төгрөгийг гаргуулна..” гэсэн үндэслэл заажээ.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... 2018-07 сард авсан түлшний төлбөрийг төлсөн...2018-12-13-ны өдрийн түлшний үнэ 29,739,400 төгрөг.. 2019-01 сард авсан түлшний үнэ 13,613,000 төгрөг нийт 43,335,400 төгрөгийг төлөхөд татгалзахгүй...” гэсэн байна.

       Анхан шатны шүүх хариуцагчаас нийт 68.225.100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ “... түлшний үнэ 36,484,400 төгрөгт алданги 10,000,000 төгрөг тооцно...түлшний үнэ 29,739,400 төгрөгийг алданги 14,869,700 төгрөгийн хамт гаргуулна...түлшний үнэ  13,616,000 төгрөгийг хариуцагч мөн төлөх үүрэгтэй байна...” гэжээ.

 

       Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж, хэвээр үлдээжээ.

 

       Хариуцагч тал гомдолдоо “...2018-01-31-ний өдрийн 2018/а/7 дугаар гэрээний төлбөрөө төлөөд гэрээний үүрэг дуусгавар болсон... 2018-01-31-с 2018-06 сар хүртэлх хугацаанд 225,560,760 төгрөгийн түлш авч төлбөрийг төлсөн тул гэрээ биелэгдсэн, дууссан... 2018-07 сард 36,484,400 төгрөгийн, 2018-12-13-ны өдөр 29,739,400 төгрөгийн, 2019-01-13-нд 13,616,000 төгрөгийн түлш авсан нь амаар хэлцэл байгуулж авсан ба бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги тооцох үндэслэлгүй... түүнчлэн дууссан гэрээнд алданги тооцсон нь буруу... гэрээний үүргийг биелүүлээд дууссан тул 2018-07 сард авсан гэх 36,484,400 төгрөгийн түлшний тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхгүй..” гэж маргасан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

        “Н..” ХХК нь “... металл” ХХК-тай 2018-01-31-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т нийцсэн байна.

 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

        Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сард 36,484,400 төгрөг, 2018-12-13-ны өдөр 29,739,400 төгрөг, 2019-01-13-ны өдөр 13,616,000 төгрөгийн түлш хүлээлгэн өгсөн, хариуцагч тус тус хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул худалдагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. 

 

        Худалдан авагч 2018 оны 07 дугаар сард авсан түлшний төлбөр 36,484,400 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн нь нотлогдсон тул шүүх хариуцагчийн саналыг харгалзан уг үнийн дүнд 10,000,000 төгрөгийн алданги тооцсон нь хуульд заасан хэмжээнээс бага байх бөгөөд алдангийн талаарх хариуцагчийн гомдол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байна.    

 

        “... металл” ХХК нь 2018-12-13-ны өдөр худалдан авсан түлшний төлбөр 29,739,400 төгрөгийг төлөөгүй байх тул шүүх уг мөнгийг алданги 14,869,700 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний алдангийн талаарх тохиролцооны 5.1 дэх заалт, Иргэний хуулийн 243 дугаар зүйл, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэв.  

 

       “Н..” ХХК 2019-01-13-ны өдөр 13,616,000 төгрөгийн түлш нийлүүлсэн, хариуцагч түлш хүлээн авсан нь тогтоогдож байх тул уг мөнгийг худалдан авагчаас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийг үндэслэн гаргуулахаар дүгнэлт хийхдээ шүүх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх 13,616,000 төгрөгийн үнийн дүнд алданги тооцоогүй тул “...бичгээр гэрээ байгуулаагүй байхад шүүх алданги гаргуулсан..” гэх хяналтын гомдол үндэслэлгүй байна.

 

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн хэрэглэх ёстой зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02100 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1778 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 282,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                                     ШҮҮГЧИД,                П.ЗОЛЗАЯА

                                                                                         Б.УНДРАХ

                                                                                                  Х.СОНИНБАЯР

                                                                                                   Г.ЦАГААНЦООЖ