Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2100

 

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2019/02100

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Петровис ХХК-ийн байр Н ХХК

Хариуцагч: Баянгол дүүрэг 6 дугаар хороо 10 дугаар хороолол Г.Б.М ХХК

Шатахууны төлбөрт 83.275.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А, хариуцагчийн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Б.М ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2018/а/7 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний хугацаанд түлш шатахуунаар хангаж ажилласан. Г.Б.М ХХК нь 2018 оны 06 дугаар сар хүртэл 225.560.760 төгрөгний дизелийн түлш зээлээр худалдан авч төлбөрийг хугацаанд нь төлсөн. 2018 оны 07 дугаар сард 36.484.400 төгрөгний дизелийн түлш зээлээр худалдан авч төлбөрийг 122 хоногийн хугацаа хэтрүүлж 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хугацаа хэтрүүлж төлсөн 36.484.400 төгрөгний алдангид 10.000.000 төгрөг төлөх хүсэлт ирүүлж энэ өдрөө 29.739.400 төгрөгний дизель түлш, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгний дизел түлш авч нийт 43.355.400 төгрөгний төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч Г.Б.М ХХК-наас хугацаа хэтрүүлж төлсөн 36.484.400 төгрөгний алданги 18.242.200 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн түлшний төлбөр 29.739.400 төгрөг, алданги 14.869.700 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн түлшний төлбөр 13.613.000 төгрөг нийт 76.767.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б.М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан. 2018 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд 225.560.760 төгрөгийн шатахуун авч төлбөрийг төлсөн. Гэрээ биелэгдэж дууссан, сүүлд 2018 оны 07 дугаар сард 36.484.400 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 29.739.400 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгний шатахуун авсан. 2018 оны 07 дугаар сард авсан шатахууны төлбөр 36.484.400 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Энэ төлбөрийн хугацаа хэтэрсэн алданги 10.000.000 төгрөгийг төлнө гэсэн албан бичиг хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн түлшний төлбөр 29.739.400 төгрөгний алдангийг хуульд заасан хэмжээгээр төлнө. 2019 оны 01 дүгээр сард авсан түлшний үнэ 13.613.000 төгрөгийг төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г.Б.М ХХК-нд холбогдох шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ гэрээний үүрэгт 83.275.300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагчаас 76.767.300 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

Хариуцагч Г.Б.М ХХК нь нэхэмжлэгч Н ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 2.1, 2.3-т зааснаар худалдагч чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлөөр нийлүүлэх, худалдан авагч авсан бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 25-наар тасалбар болгон тооцоо нийлж тухайн сар дотор нь багтаан төлөх, 5.1-т худалдан авагч нь гэрээний 2.3-т заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож хоног тутам алданги тооцохоор тохиролцож гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ.

Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардалгыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Худалдан авагчаас гэрээнд зааснаар шатахуун, түлш авч 2018 оны 06 дугаар сар хүртэлх төлбөрийг төлсөн, 2018 оны 07 дугаар сард 36.484.400 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 29.739.400 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13.616.000 төгрөгний шатахуун авсан. 2018 оны 07 дугаар сард авсан шатахууны төлбөр 36.484.400 төгрөгийг хугацаа хэтрүүлж 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн талаар тайлбарлан зохигч энэ үйл баримтад маргаагүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сард авсан бүтээгдэхүүний үнэ 36.484.400 төгрөгийг 122 хоног хугацаа хэтрүүлж төлсөн тул алданги 18.242.200 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан боловч хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр 18.520 литр түлшний үнэ 36.484.400 төгрөгний алдангид 10.000.000 төгрөгийн төлбөрийг ирэх 1, 2, 3 дугаар саруудад хуваан төлж барагдуулах хүсэлт хүргүүлсэн, үүнд нэхэмжлэгч маргаагүй тул энэ өдрөөр алдангид 10.000.000 төгрөг төлөхийг харилцан тохиролцсон гэж дүгнэх боломжтой байна. Нэхэмжлэгч нь гэрээний алдангийн үнийн талаар өөрөөр тогтоосон баримтыг ирүүлээгүй болно.

Иймд хариуцагч Г.Б.М ХХК-наас гэрээний үүргийн биелэлтэд 2018 оны 07 дугаар сард авсан түлшний үнэ 36.484.400 төгрөгний алданги 10.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авсан түлшний төлбөр 29.739.400 төгрөг, алданги 14.869.700 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр авсан түлшний төлбөр 13.616.000 төгрөг нийт 68.225.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, үлдэх 8.542.200 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Б.М ХХК-наас 68.225.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-нд олгож, үлдэх 8.542.200 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.327 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б.М ХХК-наас 499.075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА