Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 205/МА2019/00006

 

ХААН банкны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Б.Намхайдорж, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: Д.Наран

Хариуцагч/ШЕЗ-өөс онлайнаар/: С.Ан-

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Өрнөхжаргалын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Н.Батбилэг, С.Ан- нар нь тус банкны Завхан салбараас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843412504 тоот зээлийн гэрээ байгуулан 17.418.903.21 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авсанаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 17.101.154. 90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 154.199.32258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1181.43 төгрөг нийт 17.256.535.65 төгрөгийг төлөхөөр байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн 2.4.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул банк зээлийн гэрээний 5.1.5-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгч удаа дараа 85607878 дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 4.2.2, 4.2.4, 5.1.5 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Б.Өрнөхжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХААН банкны Завхан салбарын харилцагч С.Ан- нь 2018 оны 02-р сарын 08-ны өдөр 10.418.903 төгрөг дээрээ нэмж 7.0 сая төгрөгийн зээл авч нийт 17.418.903 төгрөгийн зээлийг 41 сарын хугацаатай жилийн 13 хувийн хүүтэй зээлсэн. Уг авсан зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлт их гаргаж зээлийн гэрээг зөрчсөн учраас Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч С.Ан- нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Хаан банкны Завхан салбарт тухайн зээлийг боломжоороо төлж барагдуулна гэсэн өргөдөл бичгээр гаргаж байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн нэхэмжилсэн мөнгийг боломжоороо төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байдаг зэргээс дүгнээд үзэхэд хариуцагч С.Ан- нь уг зээлийг хамтран үүрэг гүйцэтгэж авсан зээлийн гэрээний эрх үүргээ бүрэн ойлгосон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Мөн шүүхийн шинжээчийн дүгнэлтээр С.Ан-ын гарын үсэг биш гэж гарсан боловч өмнөх зээлийн гэрээ тухайн банкинд өгч байсан өргөдөл зэргийг харахад гарын үсэгээ өөр өөр байдлаар зурж байсан, мөн тухайн зээлийг авахдаа одоо амьдарч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлнө гэдэг байдлаар зээлийг авч байсан, мөн уг зээлийг Анхаагаас гэсэн гүйлгээний утгатай тус зээлийн данснаас өөр хүний данс руу гүйлгээ хийсэн байдаг. Ийм байдлуудаас хариуцагч С.Ан- нь тухайн зээлийг авч байсан гэдэг нь харагдаж байгаа учраас эдгээр зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү .

Хариуцагч С.Ан- анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХААН банкны Завхан салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. ХААН банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлд буюу 2018 оны 02-р сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 17,0 сая төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа 2017 оны 02-р сарын 21-ний өдөр хийсэн зээлийн гэрээгээр ХААН банкны Завхан салбараас 13,0 сая төгрөгийн зээл аваад, 3,0 сая төгрөг нь төлөгдөөд, 10,0 сая төгрөг нь үлдчихсэн байгаа. Үлдсэн байгаа 10,0 сая төгрөгийн зээл дээрээ нэмж 7,0 сая төгрөг авсан. Тийм учраас 2017 оны 02-р сарын 21-ний өдөр хийсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа гэж хэлээд нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр би бодохдоо өмнө нь байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаж байж дараагийн зээлийн гэрээ байгуулагддаг гэж ойлгоод байгаа юм. Тийм учраас ХААН банкны Завхан салбараас өмнө нь хийж байсан 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, өмнөх гэрээ цуцлагдсан байгаа байх гэж бодож байна. Иймээс 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болсон нотлох баримтыг ХААН банкны Завхан салбараас гаргуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч банк энэ талаарх баримт байхгүй гэж хэллээ. ХААН банкы Завхан салбарт яагаад хүсэлт гаргаж өгсөн бэ? гэвэл энэ талаарх баримт байхгүй бол тайлбар өгөх байх гэж үзэж байгаа юмаа.

Би талийгаачийг зээл авдаг, зээлтэй гэдгийг нь мэддэг байсан боловч яг хэдэн төгрөгийн зээлтэй гэдгийг мэддэггүй байсан. Талийгаачийг өнгөрсөний дараа уг зээлийг цаг тухайд нь төлж чаддаггүй байсан. Тэгээд Хаан банкны Завхан салбараас зээлийн хүүг нь давтан бодсон байсан. Тэгэхээр нь би 2018 оны 05-р сарын 30-нд ХААН банкны Завхан салбарт очоод уулзахад Н.Батбилэгийн нэр дээрх зээлийн хүү эргэн төлөлтөө төлөөч ээ гэж хэлсэн. Уг зээлийн талаар сайн мэдэхгүй байна гэсэн. Мөн 2019 оны 03-р сарын 13-нд болсон шүүх хурал дээр Хаан банкны Завхан салбарын архиваас гаргасан зээлийн гэрээг үзэхэд тухайн зээлийн гэрээн дээр би зээл авсан юм шиг аль эсвэл Н.Батбилэг зээл авсан юм шиг бичсэн байсан. Хаан банкнаас тухайн зээлийн үлдэгдэл болох 17,411,913 төгрөгийг төлөх шаардлагатай гэсэн төлөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Тэгэхээр нь би шүүхэд өгөхгүй байж болдоггүй юм байхдаа гэхэд заавал шүүхэд өгөх ёстой гэсэн. Тэгээд шүүхэд өгсөн байсан. Тэгээд надаас 17,256,535.65 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Би уг нэхэмжлэлийг өөрийн биеэр авч чадаагүй. Нэхэмжлэл ирэхэд би Улаанбаатар хотод байсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Тэгээд би ХААН банкны Завхан салбарын эдийн засагчаас яг хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ? гэж асуухад сайн мэдэхгүй байна гэж хариулсан. ХААН банкны Завхан салбар намайг уг зээлийг бүтнээр нь төлөх ёстой гэсэн. Тэгэхээр нь би уг зээлийг бүтнээр нь төлөх боломжгүй гэсэн. Тэгээд би зээлийн гэрээг нь авч үзсэн юм. Гэтэл уг зээлийн гэрээг талийгаачийг осолд орохын өмнөхөн хийсэн байсан юм. Тэгээд би энэ зээлийг аваагүй, миний гарын үсэггүй гэрээ байна гэж хэлсэн. Өмнөх зээлүүдийг бол би мэдэж байгаа. Сүүлд авсан хоёр зээлийг мэдэхгүй байгаа юм. Тиймээс би шүүхэд гарын үсэг шинжлэн судлуулах хүсэлт гаргасан юм. Мөн 2011 оноос 2017 он хүртэлх зээлийн гэрээг хавсралтаар авсан байгаа юм. Энэ нь нотлох баримт болох юм уу? үгүй юм уу? сайн мэдэхгүй байна. Өмнөх зээлийн гэрээ болон ХААН банкны Завхан салбарын гаргаж өгсөн гэрээн дээр намайг зээл авсан юм шиг зээлдэгч /зээлдэгч/ гээд удаа дараа бичсэн байсан. Тэгээд С.Ан- нь зээл авсан юм уу? гээд үзэхэд бас үгүй яагаад зээлдэгч гээд бичсэнийг сайн мэдэхгүй байна. Би өмнө нь Хаан банкны Завхан салбараас зээл авахад бол хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Харийн хамгийн сүүлийн зээлийн гэрээ буюу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй учраас талийгаачийг хичнээн төгрөгийн зээл авсныг мэдээгүй. Мөн би талийгаач нөхрийнхөө ясыг өндөлзүүлж яахав дээ гэж бодоод банк болон шүүхэд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа өгч байсан нь үнэн. Ингэхдээ бол тэр зээлийг сард 300,000 төгрөгөөр төлөөд явъя гэхэд банк зөвшөөрөөгүй, миний төлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй байсан тэгээд ч банкийг нэгэнт намайг шүүхэд өгсөн юм чинь үнэнээр нь шийдвэрлүүлье гэсэн бодол төрсөн юмаа.

 

Би одоо банктай эвлэрэхгүй. Шүүхээр үнэнээр нь шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ан-аас 17.256.535.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХААН бакны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.228 төгрөгийг улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Б.Өрнөхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Гомдол гаргаж буй шийдвэр: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай шийдвэр.

Гомдол гаргах үндэслэл: ХААН банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Ан- холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу дүгнэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Н.Батбилэг, С.Ан- нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны Завхан салбартай ЗГ201742957149 тоот Барьцаат зээлийн гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 11.642.099.68 /Арван нэгэн сая зургаан зуун дөчин хоёр мянган ерэн есөн/ төгрөг дээр нэмж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн зээлийн нэмж авч нийт 13.642.099.68 /Арван гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга ерэн есөн/ төгрөгийн зээлийг авч зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээл авч зээл хэвийн төлөлттэй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт зээл авах хүсэлт гаргаж тус өдөр ЗГ201843412504 тоот зээлийн гэрээ байгуулан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201742957149 тоот Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 10.418.903.21 / Арван сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун гурав/ төгрөг дээрээ нэмж 7.000.000 /Долоон сая/ төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 48 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авч нийт зээлийн үлдэгдэл 17.418.903.21 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Нэхэмжлэгчийн хувьд дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 17.418.903.21 /Арван долоон сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун гурав/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д ...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт гаргасан өгсөн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201742957149 тоот Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 10.418.903.21 /Арван сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун гурван/ төгрөгийн зээлийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно.

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7-д ... Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй дээрх хуулийн заалтыг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд/ цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүх дан ганц Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 18 өдрийн 201910001 дугаартай дүгнэлтээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээрх С.Ан-ын зурагдсан гарын үсгүүд С.Ан-ын гэх гарын үсэг, гар бичмэлийн загваруудтай хэлбэр болон ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201742957149 тоот зээлийн гэрээг давхар үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээрээ 2 зээлийн гэрээний үүргийг тус тусад нь тайлбарлаж нийт 2 зээлийн гэрээний үүрэгт нийт зээлийн үлдэгдэл 17.418.903.21 /Арван долоон сая дөрвөн зуун арван найман мянга есөн зуун гурав/ төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлж хэлсэн байхад шүүх анхаараагүй энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Мөн уг зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ан- нь өөрийн орон сууцны урьдчилгаа төлбөрт авсан талаар дансны хуулга болон талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа болно.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 118 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Наран давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хаан банкнаас зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн болон 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр олгосон 7.000.000 төгрөг нийтдээ 17.418.903 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ан-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Хэрэгсэхгүй болгохдоо иргэний хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нотлох баримтыг дутуу дүгнэсэнээс болж шүүхийн шийдвэр нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй учраас давж заалдах гомдол гаргасан. Шүүх зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа талаараа үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй байгаа. Хавтаст хэргийн 205 дугаар хуудас шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч байгууллага болох ХААН банк Завхан салбар хариуцагч С.Ан- нарын хооронд байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ нь байгуулагдаагүй гэдэг нь нотлогдож байна гэж дүгнэсэн байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлт бол С.Ан-ын гарын үсэг биш байна гэдгийг нотлож байгаа баримт болохоос биш түүнээс зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа хэрэг биш юм. Шүүх тухайн шийдвэртээ гэрээ байгуулаагүй нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна гэж дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийг зөрчиж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанд хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлж дүгнэж байгаа үндэслэл огт байхгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэлийг харахаар энэ шүүх хуралдаанд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан энэ бол хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд байгаа. Өөрөөр хэлэх юм бол тухайн зээлийг судалж олгосон эдийн засагч Б.Азжаргалыг гэрчээр оролцуулж өгнө үү гэсэн байгаа. Энэ хүсэлтийг хангаж шүүх хуралдаанд Б.Азжаргалыг оролцуулсан байгаа. Гэтэл 118 дугаартай шийдвэрт гэрч Б.Азжаргалын мэдүүлгийн талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа юм.

Мөн шийдвэрийн толгой хэсэгт Б.Азжаргал гэдэг хүн оролцсон талаар тэмдэглэл байхгүй байгаа. Б.Азжаргал хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд С.Ан- гэрээнд гарын үсэг зурсан. Мөн хавтаст хэргийн 195 дугаар хуудсанд цэвэрлэгч нар нь 2018 оны 02 дугаар сарын 08-нд Батбилэг, С.Ан- нар нь хамт орж ирж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл энэ мэдүүлж байгаа мэдүүлэг нь шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй орхиод явчихсан. Хавтаст хэргийн 198 дугаар хуудсанд шүүгч Т.Балжиннямын зүгээс гэрч, хариуцагч нарын хэн нь худлаа яриад байна вэ? Хэрэв худал мэдүүлэг өгөх юм бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.3 дугаар зүйлээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг талаар өөрөө асууж байгаад тайлбарласан байгаа. Хавтаст хэргийн 194 дүгээр хуудсанд тухайн үед Ренчиндорж гэдэг хүн миний хажууд сууж байсан тэр хүн бол С.Ан-ыг ирсэнийг нотолно гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл шууд бус нотлох баримт болох дан ганц шинжээчийн дүгнэлтийг бариад энэ бол гарын үсэг зураагүй байгаа учраас гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэсэн алдаатай байна гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ХААН банкны Завхан салбар нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 10 сая төгрөг дээр нэмж 7 сая төгрөг нийт 17 сая төгрөгийг жилийн 1.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн гэрээнд зээлдэгч Батбилэг хамтран зээлдэгч С.Ан- нар нь гарын үсэг зурсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна гээд үнэлчихсэн. Нэгэнт гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол энэ гэрээ өөрөө хүчин төгөлдөр хэлцэл мөн үү? гэдгийг үнэлж, дүгнэх ёстой. Ямар ч төрлийн гэрээ байсан гэрээний шаардлага бол Иргэний хуулийн 56.1 дүгээр зүйлээс эхэлдэг. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх юм бол Иргэний хуулийн 42.2 дугаар зүйлээр талууд гэрээнд гарын үсэг зурсанаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заагаад өгчихсөн байгаа. Гэтэл энэ хуулийн заалтуудыг огт хэрэглээгүй тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ ерөөсөө дурдаагүй зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Зээлийн гэрээний үүрэг бол ганцхан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биш, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүргийн үргэлжлэл байгаа. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 10.418.000 төгрөг дээр нэмж 7.000.000 төгрөгний зээл авсан. Энэ 7 сая төгрөгийг авсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Тэгтэл шүүгч зөвхөн сүүлд авсан 7 сая төгрөгийн гэрээгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хэрвээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог болвол гарын үсэг зураагүй гэж үзээд сүүлд авсан 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 7 сая төгрөгийн гэрээг л хэрэгсэхгүй болгох ёстой. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээ бол хавтаст хэрэгт 2 удаа хавсаргагдсан байгаа. Ихэнх зээл буюу 10 сая төгрөг нь өмнөх зээлийн үлдэгдэл байгаа. Энэ нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний ихэнх нь үлдсэн байсан ба өмнөх үлдэгдэл дээрээ нэмээд 7 сая төгрөг олгоод нийтдээ 17 сая төгрөг олгосон байна. Тэгэхээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус шийдвэр байсан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд С.Ан- анх нэхэмжлэлийг хүлээж аваад тайлбар ирүүлсэн. Тайлбартаа би тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас энэ мөнгийг төлж барагдуулна. Дээр нь сарын 300 мянган төгрөгөөр тохироод өгөөч гэсэн ийм тайлбарыг ирүүлсэн. Тэгэхээр иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т үйлдлээ бодит хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэлцэл бодитоор хийсэн гэж тооцно гэсэн байна. Энийг харахад С.Ан- анхнаасаа энэ зээлийг төлөхөө илэрхийлж байсан нь зээлийг төлөх үндэслэл болно. Түүнээс дан ганц шинжээчийн дүгнэлтээр энэ асуудлыг шийдэж байгаа нь буруу гэж үзэж байна. Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнэж байгаа бол гэрчийн мэдүүлэг авчихаад үүнийхээ талаар шийдвэрт тусгаагүй байгаа нь эргэлзээтэй байна. Нэг талаасаа шинжээчийн дүгнэлт нь гарын үсэг биш байна гэж гарч байгаа боловч гэрчүүд тэр үед С.Ан- зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гээд байна. Мөн шүүгч хууль сануулж хүртэл асуухад үнэхээр тэр үед би байсан. Өөрийн чинь энэ үгийг батлах хүн байна уу? гэхэд миний хажууд сууж байсан Ренчиндорж гэдэг хүн батална гэж мэдүүлээд байхад энийг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу.

Гэрч шүүхийн мэдүүлэг зөрөх юм бол дахин байцаадаг. Гэтэл гэрчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлт хоёр зөрсөн тохиолдолд алийг нь нотлох баримтад авч үзэх вэ гэдэг нь шүүхийн гол шийдэх асуудал. Гэрчийн мэдүүлгийг орхиж дан ганц шинжээчийн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль бус. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөөч гэж хүсч байна гэв.

Хариуцагч С.Ан-/ШЕЗ-өөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамгийн сүүлд зээл авсан байгаа. Тэр зээлийг авсан талаар би мэдэхгүй байгаагаа удаа дараа хэлж байгаа гарын үсэг зураагүй гэдгээ. Б.Азжаргал гэдэг эдийн засагч өөрөө ирээд миний өөдөөс харж байгаад гарын үсэгээ зурсан гээд байгаа энэ бол худлаа ярьж байгаа гэдгийг би баталж чадна. 2018 оны 02 дугаар сарын 08-нд авсан зээл өмнөх зээлийн гэрээ дуусгавар болсоны дараа өөр зээлийн гэрээ хийгдэх ёстой биз дээ. Тэгээд би 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авсан зээлийн гэрээг дуусгавар болсон талаар нотлох баримтыг ХААН банкыг гаргаж ирнэ үү гээд хүсэлт өгсөн байгаа. Тэгтэл Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариу хүргүүлэх тухай гээд бичиг ирүүлсэн байсан. Түүн дээр нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ дуусаагүй үргэлжилж байгаа бөгөөд банк өөрөө нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байна, ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй болно гэсэн бичиг ирүүлсэн байсан. Нэгэнт нотлох баримтаа гаргаж өгөх боломжгүй юм байна гэдэг нь энэ дээрээс харагдаж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 08-нд авсан зээл маань үргэлжилж байгаа гэсэн. Нотлох баримт гаргаж өгөөгүй учраас би өөрийн гарын үсгээ шинжлүүлэхээр өгөхөд миний гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт гарсан. Талийгаач нас бараад байж байхад банкнаас яриад зээлтэй зээлийнхээ мөнгийг төлөх ёстой гэж надтай ярьсан. Тэр үед хэдэн төгрөг авсан талаар асуух сэхээгүй ухаан мэдрэлгүй байсан. Ямар ч байсан өмнө нь зээл авсан талаар нь мэддэг байсан. Тэгээд ХААН банкнаас над руу нас барсных нь дараа зээлтэй зээлийн эргэн төлөлт болчихлоо зээлээ төлөөч гэж ярихаар нь би зээлийнх нь гэрээг хайгаад олоогүй хэдэн төгрөгний зээл авсан талаар нь мэдэх гээд олоогүй. Тэгээд Б.Азжаргал эдийн засагчтай яриад зээлийн хүүг нь зогсоолгох талаар ярихад хүсэлт өгчих гэж надад хэлэхээр нь би нэг хүсэлт бичиж өгсөн. Тэгээд удаагүй зээлийн эдийн засагч Б.Азжаргал өөрөө над руу яриад чи хүрч ирээд манай дарга нартай уулзаадахаач би чиний хүсэлтийг өгчихсөн байгаа гэсэн. Тэгээд би Пүрэвдорж, Өрнөхжаргал гэдэг 2 хүнтэй уулзсан. Тэгэхэд дээш нь дамжуулж хэлж өгъе бид нарын мэддэг асуудал биш байна. Эргээд хариу мэдэгдье гэж хэлчихээд хариу өгөөгүй. Тэгээд би тухайн үед 6 сард эргэн төлөлтийн 500.000 төгрөг төлсөн. Тэгээд 9 сард гэнэт надад шүүхэд өгч байж хүсэлт нь зогсдог юм байна гэж Б.Азжаргал эдийн засагч хэлсэн. Тэгэхээр нь би шүүхэд өгөөд хүү нь зогсдог юм бол өгч болно гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд өгч байгаа талаараа хадам ээждээ очоод ярихад би төлөх үү? яах уу, ийхүү гээд надаас асуугаад байхаар нь би лав төлөх боломжгүй гэдгээ шүүхэд хэлчихсэн байгаа гэсэн чинь хадам ээж би тэтгэвэрийн 300.000 төгрөгөө өгдөг юм бил үү гэж надад хэлэхээр нь би за тэгвэл 300.000 төгрөгийг төлж байхаар ярилцаад ХААН банкинд 300.000 төгрөг төлж байя гээд саналаа хэлэхэд. ХААН банк зөвшөөрөхгүй гэсэн хариу хэлсэн. Тэгээд би нийт хэдэн төгрөгний зээл байгаа, хэзээ авсан талаар үзье гээд Б.Азжаргал эдийн засагч руу яриад зээлийн гэрээг үзэх хэрэгтэй байна гэж хэлэхэд. 2018 оны 02 дугаар сарын 08-нд нас барахынхаа өмнөхөн зээл авсан байсан. Тэгэхээр нь би энэ зээлийн талаар мэдэхгүй юм байна, би гарын үсэг зураагүй гэж хэлэхэд авсан шүү дээ гэж надад зээлийн эдийн засагч хэлсэн. Би өмнө нь авсан зээлийг л надаас нэхээд яваад байгаа юм байна гэж ойлгож байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Ан-аас 17.256.535 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Ан- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, зээл аваагүй, зээлийн гэрээн дээр би гарын үсэг зураагүй гэж нэхэмжлэлийг татгалзаж маргасан байна.

Хариуцагч С.Ан-ын нөхөр Н.Батбилэг нь Завхан аймгийн Аудитын газрын мэргэжилтэнээр ажиллаж байхдаа Хаан банкны Завхан салбараас 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2.350.000 төгрөгний, 36 сарын, жилийн 16,8 хувийн хүүтэй, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1.245.000 төгрөгний үлдэгдэл дээр 1.500.000 төгрөг нэмж нийт 2.745.000 төгрөгний 15 сарын, жилийн 16.8 хувийн хүүтэй, 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 930.000 төгрөгний үлдэгдэл дээр 11.070.000 төгрөг нэмж, нийт 12.000.000 төгрөгний, 36 сарын, жилийн 19.2 хувийн хүүтэй, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 5.778.000 төгрөг дээр 4.000.000 төгрөг нэмж нийт 9.778.000 төгрөгний, 57 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үлдэгдэл 8.374.000 төгрөг дээр нэмж 2.300.000 төгрөг, нийт 1.064.000 төгрөгний, 44 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл 8.759.157 төгрөг дээр 14 сая төгрөг нэмж, нийт 22.759.157 төгрөгийг, 36 сарын хугацаатай, 22.8 хувийн хүүтэй, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл 16.737.280 төгрөг дээр 200.000 нэмж төгрөг нэмж, нийт 16.937.280 төгрөг, 28 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үлдэгдэл 11.642.099 төгрөг дээр 2.000.000 төгрөг нэмж, нийт 13.642.099.68 төгрөгийг, 36 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр зээлийн үлдэгдэл 10.418.903 төгрөг дээр нэмж 7.000.000 төгрөгийг нэмж нийт 17.418.903 төгрөгийг 48 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй цалингын зээл тус тус авсан байна.

Зээлдэгч Н.Батбилэг нь 2018 оны 05 дугаар сарын 21-нд нас барсан, нэхэмжлэгч, хариуцагчаас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээний үүргийг нэхэмжилжээ.

Дээрх зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Ан- гарын үсэг зурсан байх боловч 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн буюу сүүлийн гэрээнд зурсан гарын үсэг нь С.Ан-ын гарын үсэг биш болохыг хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Ан- өөрөө ирж гарын үсэг зурсан гэж Б.Азжаргал гэрчээр мэдүүлсэн байна.

Дээрх хоёр нотлох баримтыг аль нь үнэн зөв болохыг харьцуулан дүгнэвэл, гэрч Б.Азжаргал нь тухайн зээлийн гэрээ байгуулахад банкыг төлөөлж оролцсон, байлцсан банкны ажилтан тул банкны эрх ашгийг хамгаалж мэдүүлэг өгөх магадлалтай харин шинжээчийн дүгнэлтийг тусгай мэргэжлийн хөндлөнгийн байгууллага гаргадаг учраас үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэнэ.

Ийнхүү хариуцагч С.Ан- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ХААН банк, Н.Батбилэг нарын байгуулсан гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зураагүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар банк түүнтэй гэрээ хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Нөгөө талаар хэрэгт авагдсан зээлийн зарим гэрээнүүдэд С.Ан- хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан байгаа боловч зээлийн гэрээний үүргийг хангах барьцааны зүйл нь зөвхөн Н.Батбилэгийн ирээдүйд авах цалин байна.

Үүнээс үзвэл, банк Н.Батбилэгийн цалин орлогыг үндэслэн түүний хүсэлтээр зээл олгосон нь баримтаар тогтоогджээ.

Банк дээрх байдлаар гэрээний буцаан төлөх нөхцөлийг Н.Батбилэгийн цалин байхаар тохиролцсон атлаа С.Ан-ыг хамтран зээлдэгчээр оролцуулсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Түүнчлэн зээлийн гэрээ бүрт тухайн зээл нь банкны цалингын зээл төрлийн бүтээгдэхүүн болох талаар тодорхой заасан байна. Хэрэгт авагдсан авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэгч байгууллагын тайлбараас харахад цалингын зээл гэж банктай цалингын зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан албан байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилтанд зориулсан зээл гэж ойлгохоор байна.

Тухайн ажилтаны цалин хөлс нь зөвхөн тухайн хүнд хамаарах бөгөөд цалингаа барьцаалж зээл авах нь зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгоно.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 т зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог.

Иймд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингын зээлийн үүрэг зээлдэгч Н.Батбилэг нас барснаар дуусгавар болохоор байна.

Иймд зээлийн гэрээнд банкны шаардлагаар гарын үсэг зурсан С.Ан-ыг зээлийн төлбөр төлөгч гэж үзэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХААН банкны Завхан салбарын төлөөлөгч Б.Өрнөхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.БАТТОГТОХ

  ШҮҮГЧИД                                     Б.НАМХАЙДОРЖ

Б.АРИУНБАЯР