Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 118

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.******* хариуцагч С.Ан- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй С.Ан-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 17,101,154.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 154,199.32258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1181.43 төгрөг, нийт 17,256,535.65 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.******* нь тус банкны Завхан салбараас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843412504 тоот зээлийн гэрээ байгуулан 17,418,903.21 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авсанаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 17,101,154. 90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 154,199.32258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1181.43 төгрөг нийт 17,256,535.65 төгрөгийг төлөхөөр байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн 2.4.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул банк зээлийн гэрээний 5.1.5-д заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгч удаа дараа ******* дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 4.2.2, 4.2.4, 5.1.5 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч С.Ан- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сандуйжав овогтой Ан- миний бие ******* банкны нэхэмжлэлийн дагуу сард 300,000 төгрөгийг төлөх тайлбар хийсэн боловч банк зөвшөөрөөгүй, 1 жилийн дотор зээлээ төлж дуусгахыг шаардсан. Иймд миний бие дараах 3-н тайлбарыг хийж өгөхийг хүсч байна.

Миний бие сард 800,000 төгрөгийн цалин авч байгаа бөгөөд ипотекийн зээлд 371,000 төгрөгийг, лизингийн зээлд 180,000 төгрөгийг, байрны түрээс 500,000 төгрөгийг, оюутны төлбөрт сард 380,000 төгрөгийг хувааж хийдэг. Талийгаач Н.*******ийн 2018.02.08-нд авсан 17,0 сая төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн гарын үсэг зураагүй нь харагдаж байна. Иймд миний бие төлөх шаардлаггүй гэж үзэж гарын үсгийн баталгааг шалгаж өгөхийг хүсч байна.

Талийгаач Н.******* нь 1,0 сая төгрөгийн кредит картын зээл авсан гэж эдийн засагч нь хэлж байгаа боловч миний бие хэдэн төгрөг хэзээ авсныг нь мэдэхгүй байсан. Гэтэл хадам ээж ******* /зээлийн талаар/ очиж уулзахад төлөхгүй бол болохгүй өндөр хүүтэй нь хамт хийлгэж болно гээд хадам ээжээр надад албан ёсоор мэдэгдэлгүй 1,0 сая төгрөгийг хийлгэсэн байсан. Үүнийг бас шалгаж буцаах асуудлыг гаргана. Иймд би ******* банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны Завхан салбарын харилцагч С.Ан- нь 2018 оны 02-р сарын 08-ны өдөр 10,418,903 төгрөг дээрээ нэмж 7.0 сая төгрөгийн зээл авч нийт 17,418,903 төгрөгийн зээлийг 41 сарын хугацаатай жилийн 13 хувийн хүүтэй зээлсэн. Уг авсан зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлт их гаргаж зээлийн гэрээг зөрчсөн учраас Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч С.Ан- нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө ******* банкы Завхан салбарт тухайн зээлийг боломжоороо төлж барагдуулна гэсэн өргөдөл бичгээр гаргаж байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухайн нэхэмжилсэн мөнгийг боломжоороо төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байдаг зэргээс дүгнээд үзэхэд хариуцагч С.Ан- нь уг зээлийг хамтран үүрэг гүйцэтгэж авсан зээлийн гэрээний эрх үүргээ бүрэн ойлгосон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа юм. Мөн шүүхийн шинжээчийн дүгнэлтээр С.Ан-ын гарын үсэг биш гэж гарсан боловч өмнөх зээлийн гэрээ тухайн банкинд өгч байсан өргөдөл зэргийг харахад гарын үсэгээ өөр өөр байдлаар зурж байсан, мөн тухайн зээлийг авахдаа одоо амьдарч байгаа орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлнө гэдэг байдлаар зээлийг авч байсан, мөн уг зээлийг Анхаагаас гэсэн гүйлгээний утгатай тус зээлийн данснаас өөр хүний данс руу гүйлгээ хийсэн байдаг. Ийм байдлуудаас хариуцагч С.Ан- нь тухай зээлийг авч байсан гэдэг нь харагдаж байгаа учраас эдгээр зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байна гэв.

Хариуцагч С.Ан- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* банкны Завхан салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. ******* банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлд буюу 2018 оны 02-р сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 17,0 сая төгрөгийг нэхэмжилсэн байсан. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа 2017 оны 02-р сарын 21-ний өдөр хийсэн зээлийн гэрээгээр ******* банкны Завхан салбараас 13,0 сая төгрөгийн зээл аваад, 3,0 сая төгрөг нь төлөгдөөд, 10,0 сая төгрөг нь үлдчихсэн байгаа. Үлдсэн байгаа 10,0 сая төгрөгийн зээл дээрээ нэмж 7,0 сая төгрөг авсан. Тийм учраас 2017 оны 02-р сарын 21-ний өдөр хийсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа гэж хэлээд нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр би бодохдоо өмнө нь байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаж байж дараагийн зээлийн гэрээ байгуулагддаг гэж ойлгоод байгаа юм. Тийм учраас ******* банкы Завхан салбараас өмнө нь хийж байсан 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, өмнөх гэрээ цуцлагдсан байгаа байх гэж бодож байна. Иймээс 2017 оны 02-р сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болсон нотлох баримтыг ******* банкны Завхан салбараас гаргуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч банк энэ талаарх баримт байхгүй гэж хэллээ. ******* банкы Завхан салбарт яагаад хүсэлт гаргаж өгсөн бэ? гэвэл энэ талаарх баримт байхгүй бол тайлбар өгөх байх гэж үзэж байгаа юмаа.

Би талийгаачийг зээл авдаг, зээлтэй гэдгийг нь мэддэг байсан боловч яг хэдэн төгрөгийн зээлтэй гэдгийг мэддэггүй байсан. Талийгаачийг өнгөрсөний дараа уг зээлийг цаг тухайд нь төлж чаддаггүй байсан. Тэгээд ******* банкны Завхан салбараас зээлийн хүүг нь давтан бодсон байсан. Тэгэхээр нь би 2018 оны 05-р сарын 30-нд ******* банкы Завхан салбарт очоод уулзахад Н.******* нэр дээрх зээлийн хүү эргэн төлөлтөө төлөөчээ гэж хэлсэн. Уг зээлийн талаар сайн мэдэхгүй байна гэсэн. Мөн 2019 оны 03-р сарын 13-нд болсон шүүх хурал дээр ******* банкы Завхан салбарын архиваас гаргасан зээлийн гэрээг үзэхэд тухайн зээлийн гэрээн дээр би зээл авсан юм шиг аль эсвэл Н.******* зээл авсан юм шиг бичсэн байсан. ******* банкнаас тухайн зээлийн үлдэгдэл болох 17,411,913 төгрөгийг төлөх шаардлагатай гэсэн төлөхгүй бол шүүхэд өгнө гэсэн. Тэгэхээр нь би шүүхэд өгч болдоггүй юм байхдаа гэхэд заавал шүүхэд өгөх ёстой гэсэн. Тэгээд шүүхэд өгсөн байсан. Тэгээд надаас 17,256,535.65 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Би уг нэхэмжлэлийг өөрийн биеэр авч чадаагүй. Нэхэмжлэл ирэхэд би Улаанбаатар хотод байсан учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Тэгээд би ******* бакны Завхан салбарын эдийн засагчаас яг хэдэн төгрөгийн зээл авсан юм бэ? гэж асуухад сайн мэдэхгүй байна гэж хариулсан. ******* банкы Завхан салбар намайг уг зээлийг бүтнээр нь төлөх ёстой гэсэн. Тэгэхээр нь би уг зээлийг бүтнээр нь төлөх боломжгүй гэсэн. Тэгээд би зээлийн гэрээг нь авч үзсэн юм. Гэтэл уг зээлийн гэрээг талийгаачийг осолд орохын өмнөхөн хийсэн байсан юм. Тэгээд би энэ зээлийг аваагүй, миний гарын үсэггүй гэрээ байна гэж хэлсэн. Өмнөх зээлүүдийг бол би мэдэж байгаа. Сүүлд авсан хоёр зээлийг мэдэхгүй байгаа юм. Тиймээс би шүүхэд гарын үсэг шинжлэн судлуулах хүсэлт гаргасан юм. Мөн 2011 оноос 2017 он хүртэлх зээлийн гэрээг хавсралтаар авсан байгаа юм. Энэ нь нотлох баримт болох юм уу? үгүй юм уу? сайн мэдэхгүй байна. Өмнөх зээлийн гэрээ болон ******* банк Завхан салбаын гаргаж өгсөн гэрээн дээр намайг зээл авсан юм шиг зээлдэгч /зээлдэгч/ гээд удаа дараа бичсэн байсан. Тэгээд С.Ан- нь зээл авсан юм уу? гээд үзэхэд бас үгүй яагаад зээлдэгч гээд бичсэнийг сайн мэдэхгүй байна. Би өмнө нь ******* банкны Завхан салбараас зээл авахад бол хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Харийн хамгийн сүүлийн зээлийн гэрээ буюу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй учраас талийгаачийг хичнээн төгрөгийн зээл авсныг мэдээгүй. Мөн би талийгаач нөхрийнхөө ясыг өндөлзүүлж яахав дээ гэж бодоод банк болон шүүхэд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа өгч байсан нь үнэн. Ингэхдээ бол тэр зээлийг сард 300,000 төгрөгөөр төлөөд явъя гэхэд банк зөвшөөрөөгүй, миний төлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй байсан тэгээд ч банкийг нэгэнт намайг шүүхэд өгсөн юм чинь үнэнээр нь шийдвэрлүүлье гэсэн бодол төрсөн юмаа.

Би одоо банктай эвлэрэхгүй. Шүүхээр үнэнээр нь шийдвэрлүүлэхийг хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

******* банкны Завхан салбар нь С.Ан-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 17,101,154.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 154,199.32258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1181.43 төгрөг, нийт 17,256,535.65 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,256,535.65 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч татгалзаж, Н.******* хэдэн төгрөгийн зээл хэзээ авсныг мэдээгүй, талийгаач Н.******* нь 1,000,000 төгрөгийн кредит картын зээл авсан гэж эдийн засагч нь хэлж байсан. Талийгаачийн 2018 оны 02 дугаар сарын 08-нд авсан 17,418,903.21 төгрөгийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн гарын үсэг зараагүй учир төлбөр төлөх боломжгүй гэж маргаж байна.

******* банкны Завхан салбар нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/201843412504 дугаартай гэрээгээр зээлийн үлдэгдэл 10,418,903,21 төгрөг дээр нэмж 7,000,000 төгрөг нийт 17,715,903.21 төгрөгийг жилийн 1.8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлсэн. Гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт Н.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт С.Ан- нар гарын үсэг зурсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Зээлдэгч Н.******* нь 2018 оны 05 сарын 21-ний өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл Н.*******, С.Ан- нарыг зээлийн гэрээний нэг тал буюу хамтран зээлдэгч гэж үзэн С.Ан-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зээлийн гэрээнд зээлдэгч Н.*******ийн хамтран зээлдэгчээр С.Ан- гарын үсэг зурсан гэх боловч Завхан аймгийн ны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай дүгнэлтээр 2018 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээн дээрх 3 ширхэг С.Ан- гэж зурагдсан гарын үсгүүд С.Ан-ын гэх гарын үсэг, гар бичмэлийн загваруудтай хэлбэр болон ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй учир дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч байгууллага болох ******* банкны Завхан салбар, хариуцагч С.Ан- нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843412504 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаагүй нь нотлогдож байна гэж үзлээ.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан учир зээлийн мөнгийг гэрээний дагуу хүлээлгэн өгсөн этгээдээс нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ан-аас 17,256,535.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* бакны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,228 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ