Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00134

 

ХБ ХК-ийн Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар шийдвэртэй,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

ХБ ХХК-ийн Завхан салбарын нэхэмжлэлтэй,

С.А-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17.256.535,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч С.А-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Завхан салбарын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн Н.Б-, С.А- нар нь тус банкны Завхан салбараас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/201843412504 тоот зээлийн гэрээ байгуулан 17.418.903.21 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд ирээдүйд олох цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 17.101.154,90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 154.199.32258 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1181.43 төгрөг нийт 17.256.535,65 төгрөгийг төлөхөөр байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн 2.4.1-д заасан нөхцлийг зөрчсөн тул банк зээлийн гэрээний 5.1.5-д заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгч удаа дараа 85607878 дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк зээлийн гэрээний 4.2.2, 4.2.4, 5.1.5 дахь заалтуудыг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт нийт 17.256.535,65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.А-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...ХБ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлд буюу 2018 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 17,0 сая төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа 2017 оны 02-р сарын 21-ний өдөр хийсэн зээлийн гэрээгээр ХБны Завхан салбараас 13,0 сая төгрөгийн зээл аваад, 3,0 сая төгрөг нь төлөгдөөд, 10,0 сая төгрөг нь үлдчихсэн байгаа. Үлдсэн байгаа 10,0 сая төгрөгийн зээл дээрээ нэмж 7,0 сая төгрөг авсан. Тийм учраас 2017 оны 02-р сарын 21-ний өдөр хийсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа гэж хэлээд нотлох баримтаар өгсөн. Тэгэхээр би бодохдоо өмнө нь байгуулсан зээлийн гэрээ цуцлагдаж байж дараагийн зээлийн гэрээ байгуулагддаг гэж ойлгоод байгаа юм. Тийм учраас ХБны Завхан салбараас өмнө нь хийж байсан 2017 оны 02 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, өмнөх гэрээ цуцлагдсан байгаа байх гэж бодож байна. Иймээс 2017 оны 02 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг дуусгавар болсон нотлох баримтыг ХБны Завхан салбараас гаргуулж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан боловч банк энэ талаарх баримт байхгүй гэсэн. Би Н.Б-ийг зээл авдаг, зээлтэй гэдгийг нь мэддэг байсан боловч яг хэдэн төгрөгийн зээлтэй гэдгийг мэддэггүй байсан. Талийгаачийг өнгөрсөний дараа уг зээлийг цаг тухайд нь төлж чаддаггүй байсан. Тэгээд ХБны Завхан салбараас зээлийн хүүг нь давтан бодсон байсан. Тэгэхээр нь би 2018 оны 05 сарын 30-нд ХБны Завхан салбарт очоод уулзахад Н.Б-ийн нэр дээрх зээлийн хүү эргэн төлөлтөө төлөөч ээ гэж хэлсэн. Уг зээлийн талаар сайн мэдэхгүй байна гэсэн. Би өмнө нь ХБны Завхан салбараас зээл авахад бол хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурдаг байсан. Харийн хамгийн сүүлийн зээлийн гэрээ буюу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд би гарын үсэг зураагүй учраас талийгаачийг хичнээн төгрөгийн зээл авсныг мэдээгүй. Мөн би талийгаач нөхрийнхөө ясыг өндөлзүүлж яахав дээ гэж бодоод банк болон шүүхэд хүлээн зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа өгч байсан нь үнэн. Ингэхдээ бол тэр зээлийг сард 300,000 төгрөгөөр төлөөд явъя гэхэд банк зөвшөөрөөгүй, миний төлж чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгохгүй байсан тэгээд ч банкийг нэгэнт намайг шүүхэд өгсөн юм чинь үнэнээр нь шийдвэрлүүлье гэсэн бодол төрсөн. Тиймээс би банктай эвлэрэхгүй. Шүүхээр үнэнээр нь шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.А-аас 17.256.535.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХБны Завхан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.228 төгрөгийг улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХБны Завхан салбарын төлөөлөгч Б.Өрнөхжаргалын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Н.Б-, С.А- нар нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ХБны Завхан салбартай №ЗГ201742957149 тоот барьцаат зээлийн гэрээгээр өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл 11.642.099,68 төгрөг дээр нэмж 2.000.000 төгрөгийн зээлийг нэмж авч нийт 13.642.099,68 төгрөгийн зээлийг авч зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээл авч, хэвийн төлөлттэй байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэмэлт зээл авах хүсэлт гаргаж тус өдөр ШГ201843412504 тоот зээлийн гэрээ байгуулан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ201742957149 тоот барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 10.418.903.21 төгрөг дээрээ нэмж 7.000.000 төгрөгийн нэмэлт зээлийг жилийн 48 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй авч нийт зээлийн үлдэгдэл 17.418.903.21 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 17.418.903.21 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т ‘...Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгчийн хэрэгт гаргасан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ201742957149 тоот барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 10.418.903.21 төгрөгийн зээлийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7-д “....Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна” мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д “...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөв тайлбарлаж хэрэглээгүй дээрх хуулийн заалтыг үгүйсгэж няцаасан дүгнэлт хийж чадаагүй байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Зээлдэгч Н.Б- өмнө нь тус банкнаас цалингийн зээл авч байсан бөгөөд өмнөх зээлийн үлдэгдэл 10,418,903.21 төгрөг дээр нэмж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр 7.000.000 төгрөг нэмж зээлэхэд хамтран үүрэг гүйцэтгэгч С.А- гэрээнд заасан нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зураагүй гэж маргаж байгаа хэдий боловч хариуцагч С.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар дээрээ “...Тэгээд би тухайн үед 6 сард эргэн төлөлтийн 500.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлсэн нь уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн мөн тухайн зээлийг зээлдэгчийн данснаас шилжүүлэхдээ Анхаагаас гэсэн утгаар шилжүүлэг хийсэн зэрэг үйлдэл нь уг зээлийг авсныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч С.А- авч хэрэглээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Зээлдэгч Н.Б-, С.А- нь албан ёсны гэр бүл бөгөөд тус зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон бөгөөд хүүхдийн сургалтын төлбөрт зориулж зээлдэгч нар нь авсан бөгөөд үндсэн зээлдэгч Н.Б- 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байна. Анх зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгч С.А- үндсэн зээлдэгчийн нэгэн адил баримт бичиг бүрдүүлж, гэрээнд заасан нөхцлийг зөвшөөрч, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ойлгож, ухамсарласны үндсэн дээр дээрх гэрээний оролцогч болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл уг цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч С.А-ын цалин давхар судлагдаж, барьцаалагдсан бөгөөд хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ажил олгогчийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдох бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс уг нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. Мөн 2018 оны 6 дугаар сард ХБны Завхан салбарт зээлийн хүүг зогсоолгох тухай хүсэлт гаргаж ярилцсан салбарын хувьд зээлийн хүүг зогсоох эрхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүг зогсоох талаар ярилцсан зэрэг уг зээлийн гэрээг хамтран үүрэг гүйцэтгэгч С.А- зөвшөөрсөн байна. Н.Б-, С.А- нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн бөгөөд мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч С.А-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар ашиглана, энэ нь банкны цалингийн зээл төрлийн бүтээгдэхүүн болох бөгөөд зээлийг хамтран зээлдэгч өрхийн хэрэглээний хүүхдийн сургалтын төлбөрийн зориулалтаар авсан тул хариуцагч С.А- хариуцах үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл баримтад өрөөсгөл дүгнэлт хийж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг тухайн харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаан дээрээ 2 зээлийн гэрээний үүргийг тус тусад нь тайлбарлаж нийт 2 зээлийн гэрээний үүрэгт нийт зээлийн үлдэгдэл 17.418.903.21 төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлж хэлсэн байхад шүүх анхаараагүй энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гэрч Б.Азжаргалыг шүүх хуралд гэрчээр оролцуулсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт гэрч Б.Азжаргалын мэдүүлэг огт тусгагдаагүй, шүүх хуралдааны ирцэнд тусгаагүй, гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх хэрхэн үнэлсэн гэрчийн мэдүүлгийг няцаасан үндэслэл журмыг тусгаагүй нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

ХБ ХХК-ийн Завхан салбарын С.А-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 17.101.154,90 төгрөг, зээлийн хүү 154.199.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1181.43 төгрөг, нийт 17.256.535.65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн Завхан салбар нэхэмжлэлээ Завхан салбар болон Н.Б-, С.А- нарын хооронд 2018.02.08-ны өдөр байгуулагдсан ЗГ/201843412504 тоот зээлийн гэрээг үндэслэж, зээлдэгч Н.Б- нас барсан тул үүргийг хамтран зээлдэгч С.А-аас гаргуулна гэж тайлбарласан байна.

Хариуцагч С.А- өмнө нь тус банкнаас нөхрийн хамт зээл авч, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурдаг байсан боловч 2018.02.08-ны өдрийн гэрээ байгуулсныг мэдээгүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт үнэлэх зарчмыг хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэж тогтоосон бөгөөд хоёр шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Хариуцагчийн хүсэлтээр шүүх зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч С.А-ынх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон, шинжээч зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг С.А-ын гарын үсгийн загвартай тохирохгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байх ба хоёр шатны шүүх энэхүү шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй “ гэж үзжээ.

Хэргийн баримтаас үзвэл, Н.Б-, С.А- нар ХБ ХХК-ийн Завхан салбараас 2011 оноос эхлэн удаа дараа зээл авч байсан, 2017.02.21-ний өдөр нийт 13.642.099 төгрөгийг өрхийн хэрэгцээнд зориулж хамтран зээлсэн, уг гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй, 10.481.903.21 төгрөгийн үлдэгдэлтэй үед нэмж 7.000.000 төгрөг авч, 2018.02.08-ны өдөр нийт 17.715.903 төгрөгийн гэрээг шинэчлэн байгуулсан нь тогтоогджээ. Зээл олгосон Завхан салбарын эдийн засагч гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...талийгаач Н.Б- эхнэр С.А-ын хамт цалингийн орлогоо барьцаалж зээл авах материал бүрдүүлж байсан, уг бичиг баримтад Н.Б-ийн болон С.А-ын цалингийн тодорхойлолтыг гаргасан, зээлийн гэрээ байгуулахад хамт ирж гарын үсэг зурсан...” гэж мэдүүлсэн байна.

Түүнчлэн С.А- нь 2018 оны 6 дугаар  сард зээлийн төлбөрийг төлж байсан тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээн дэх  гарын үсэг С.А-ын гарын үсгийн загвартай тохирохгүй гэж тогтоосон боловч энэ нь С.А-ыг зээлийг аваагүй гэх үйл баримтыг нотлохгүй юм.

Н.Б- 2018 оны 05 сард нас барсан бөгөөд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-д “...үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан тул хамтран зээлдэгч С.А-аас нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар С.А-аас 17.256.535.65 төгрөг гаргуулж, ХБ ХХК-ийн Завхан салбарт олгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтад “улсын орлогод оруулсугай.” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  244.228 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 245.045 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ