Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 205/МА2019/00007

 

ЗӨ-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж,

 

Бүрэлдэхүүнд:

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч компанийн захирал: Н.Сүрэнжав

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Эрдэнэтуяа

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.Ууганбаатар

Нарийн бичгийн дарга: М.Пүрэвдорж нар оролцов.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч компанийн захирал Н.Сүрэнжав, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ууганбаатар нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЗӨ-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрэвхүү нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ЗӨ-ХХК нь 2016 оны 4-р сарын 8-ны өдөр Завхан аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албатай №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан:

Гэрээний 1.2-т зааснаар ажил гүйцэтгэгч ЗӨ-ХХК нь 1440 м2 талбайтай бетон суурь, тоосгон хана, бетон хучилттай, 4 давхар барилгын ажлыг дэд бүтэц инженерийн шугам сүлжээ бусад ажлуудын хамт хийж гүйцэтгэн нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгыг улсын комисс болон захиалагч болох Завхан аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 9 дүгээр сарын ... өдөр хүлээлгэн өгсөн юм.

Барилгын ажил гүйцэтгэх явцад хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршилаас болж гражийн гаднах паднусын хэмжээ өөрчлөгдсөн, халуун усны хангамжийг агшин зуур халаагчаар шийдсэн наралгааны байр нэмж барьсан, халаалтын зурагт заагдаагүй зарим нэмэгдэл ажил, гадна шилэн кабелийн угсралт, хийгдсэний гадна валютын ханшаас шалтгаалан материал, түүхий эдийн үнэ, тээврийн зардлын хэмжээ өсөх зэргээр гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас гэрээнд заасан үнийн дүн нэмэгдэж манай компани бусдаас мөнгө болон бараа материал зээлдэж 154,500,000 төгрөгийн нэмэлт хөрөнгийг гаргаж уг барилгыг барьж дуусгасан юм. Хамгийн гол нь ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтан гэрээний үнийн дүн дээр тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилтийг барилгын ажлын явцад шийдвэрлэж өгөхөөр амалсан гэдгийг тухайн үед тус албаны даргаар ажиллаж байсан албаны дарга, нягтлан бодогч нар надад ярьж тайлбарласан юм.

 Гэрээний 4.5-д зааснаар барилга угсралтын ажилд барилгын норм дүрэм зөрчихгүйгээр гүйцэтгэгчийн талаас гаргасан санал, санаачлагыг дэмжиж ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд хөрсний бүтцээс шалтгаалан урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нэмэлт зардал гарах болсоныг гүйцэтгэгч компани тухайн үед нь захиалагчид мэдэгдэж байсан ба үүнийг захиалагч газар дээр нь өөрсдөө ч үзэж харсан болно.

Тухайн үед нэмэлт зардал гарах болсоныг захиалагч мэдсэнээс гадна, биднээс мэдэгдэх үед ч захиалагч гэрээг цуцлах талаар ажил гүйцэтгэгч манай компанид мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэмэлт хөрөнгө гарган барилгыг барьж дуусгасныг захиалагч хүлээн авсан юм.

Энэ барилгын экспертизээр батлагдсан зургийн дагуу хийсэн төсөв 1,489,235,848 төгрөг байсан юм. Аливаа нэг барилгын батлагдсан зураг, төсвийн дагуу барьж гүйцэтгэхэд зайлшгүй гардаг 4 төрлийн шууд зардал/материал, цалин, тээвэр, механизм/ байдгаас уг барилгын шууд зардал гэхэд 931,457,426 төгрөг байгаа юм.

ЗӨ-ХХК нь нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байрны барилгыг 750,000,000 төгрөгөөр барихаар гэрээгээр тохирсон нь дээрхи шууд зардлаас хэт доогуур байснаас гадна барилгын ажлыг гүйцэтгэх явцад барилгын зурагт дутуу тусгагдсан ажлууд явцын дунд гарч ирсэнийг хийж гйүцэтгэсэн нь зардал нэмэгдэх үндэслэл болсон.

Манай гаргасан зардлыг гэрээний үнийн дүн дээр нэмж тооцоход 750,000,000+154,500,000=904,500,000 төгрөгөөр буюу дээр хэлсэн зайлшгүй гардаг 4 төрлийн зардлаас 23,957,426-ийн бага зардлаар ажлыг хийж гүйцэтгэсэн гэсэн үг юм. Дашрамд тэмдэглэхэд манай барьж босгосон барилгатай ижил барилга Архангай аймагт 812.0 сая төгрөгөөр санхүүжигдсан. Ийм барилга угаасаа 750.0 сая төгрөгт яагаад ч багтахгүй байгаагийн тод нотолгоо юм.

Ажил гүйцэтгэгчийн хувьд хэмнэж болох бүх зардлыг хэмнэсэн боловч 4 давхар, 1440м2 талбайтай цогц шийдэл бүхий барилгыг барихад 904,500,000 төгрөгөөс хямд барих боломж байгаагүй юм.

Нэгэнт л нэмэлт зардлын мөнгийг шийдвэрлэж өгөхийг захиалагчид гаргасан боловч тодорхой хариу өгөөгүй, ажил гүйцэтгэгч захиалагчийн ажлыг өөрөөсөө нэмэлт хөрөнгө гаргаж ажлыг нь зохих ёсоор чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн нь бодит үнэн тул нэмэлт гарсан зардал 154,500,000 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Шүүхий шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Төсөвт ажил гүйцэтгэснийхээ төлөө компани хохирох ёсгүй ба иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах нь төрийн үүрэг тул нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ууганбаатар нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ЗӨ-ХХК-ийн захирал Н.Сүрэнжавын Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Улсын төсвийн хөрөнгө оруулалт болох дотоод эх үүсвэрээр 2016 онд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 750.000.000 төгрөгийн төсөвтэй Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байр-ыг шинээр барьж гүйцэтгэх ажлыг барилгын компаниудаас үнийн санал авсан ба уг саналын дагуу ЗӨ-ХХК нь 750.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх саналыг ирүүлж сонгогдсон байна.

Улмаар Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байрыг 2016.04.08-2016.09.30-ний өдрийн дотор хийж гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2016 оны 04 сарын 08-ны өдөр Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ЗӨ-ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх албатай №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай гэрээг байгуулж, барилгын ажил эхэлжээ.

Уг гэрээний 3.1, 3.2-т барилгын нийт үнийг тодорхой зааж өгсөн ба ажил гүйцэтгэгч гэрээнд өөрчлөлт оруулах, Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт ... төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч, захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасны дагуу төсвийн нэмэгдлийг захиалагч талд гаргаагүй байна.

Ажил гүйцэтгэгчийн хөрсний бүтцээс шалтгаалан барилгын шугаман суурийн гүний хэмжээ нэмэгдэх, байршлаас болж, гражийн гаднах пандусын хэмжээ өөрчлөгдсөн талаар захиалагч талаас тухай бүр нэмж төсөв шаардах эрх нь нээлттэй байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ... ижил барилга Архангай аймагт 812.0 сая төгрөгөөр санхүүжигдсэн нь ийм барилга угаасаа 750.0 сая төгрөгөнд яагаад ч багтахгүй байгаагийн тод нотолгоо юм гэжээ. Архангай аймгийн тухайн барилга нь гадна тохижилт, автомашины зогсоол зэргийг яаралтай хийх шаардлага гарсан тул ажил гүйцэтгэгчийн албан ёсны хүсэлтийн дагуу ШШГЕГ-аас нэмэлт санхүүжилт олгосон байна. Мөн ЗӨ-ХХК-ны барьсан барилгатай ижил барилга Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 онд 750.0 сая төгрөгөөр баригдсан байна.

Мөн нэхэмжлэгч ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай гэрээгээр хүлээсэн Нэг цонхны үйлчилгээ бүхийн албан контор, цагдан хорих байр-ыг 2016.09.30-ний өдрийн дотор гүйцэтгэж ашиглалтад бүрэн оруулж, түлхүүр гардуулах хугацааг хэтрүүлж хүлээлгэн өгснийг захиалагч шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг шүүх анхаарна биз ээ.

 

Иймд 2 тал харилцан тохиролцсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 343, 344 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид ажил гүйцэтгэсний хөлсийг 750.0 сая төгрөг бүрэн төлж барагдуулсан ба мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 34,248,773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗӨ-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас 120,251,227 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ЗӨ-ХХК-иас шинжээчийн зардал 300,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, үнэлгээчин Ж.Цэдэн-Иш, Л.Пүрэвжаргал нарт олгож, хариуцагч байгууллага шинжээчийн зардалд 2,000,000 төлсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 930,450 төгрөгнөөс 329,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогын данснаас 601256 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 329194 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЗӨ-ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ЗӨ-ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ЗӨ-ХХК нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ны барилгыг барьж ашиглалтанд оруулах, харин захиалагч тал нийт төсөвт өртөг 750.000.000 төгрөгийг хуваарийн дагуу гүйцэтгэгчид бүрэн олгохоор тохирсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ЗӨ-ХХК-ны хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №ШШГЕГ-2016/ХО-ШГ-06 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ бол хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр талууд нөхцлөө тохирч байгуулсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Өөрөөр хэлбэл энэхүү маргаан нь гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-тэй холбоотой, гэрээний заалт биелэгдсэн эсэхтэй холбоотой маргаан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээний үнэ болох 750.000.000 төгрөгийг хуваарийн дагуу гүйцэтгэгчид бүрэн төлсөн бөгөөд ЗӨ-ХХК нь барилгыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, гэрээнд зааснаас 54 хоногийн дараа өгч биднийг хохироосон юм.

Энэхүү маргааныг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оныы 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрээр шийдвэрлэхдээ:

1. МУ-ын Иргэний хуулийн 343 дугаарзүйлийн 343.1- Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэл болгосон хэдий ч дээрх хуулийн заалтыг хэрхэн үндэслэл болгосноо тодорхойлоогүй, мөн гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг 750.000.000 төгрөгөөр хэлэлцэн тохирсон байхад илүү зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэмж төлөхөөр тохирсон байна гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр бол ажил гүйцэтгэгч нь захиалагчийн заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь хэлэлцэн тохирсон үнийн дүнг төлөх юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэрээнд заасан үнийн дүнг бүрэн төлж гэрээгээ биелүүлснээ нотлох баримтаар хүргүүлсэн байхад гэрээний үүрэг биелэгдээгүй, хөлс төлөөгүй гэж үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 345.2-д Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг нэхэмжлэгч тухай бүр нь мэдэгдэж байсан гэж барилгын ажил хүлээлгэн өгөхөөс 10 хоногийн өмнө надад албан бичгээр мэдэгдсэн. Тухайн барилгын суурь хийх явцад хөрсний бүтцээс шалтгаалан зардал гарсан бол тухайн ажлыг хийж гүйцэтгэж байх явцдаа мэдэгдэх байсан гэж манай байгууллага ойлгож байна. Өөрөөр хэлбэл: нэмэгдэж байсан зардлаа захиалагч талд мэдэгдээгүй байдал нь зардал гарсан гэж үзэх үндэслэл биш юм.

2. Мөн Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дэх хэсгийг үндэслэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан гэж нэхэмжлэл гарсан бөгөөд энэхүү маргаан нь гүйцэтгэгч, захиалагч нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-тэй холбоотой, гэрээний заалт биелэгдсэн эсэхтэй холбоотой маргаан байхад шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, илүү ажил хийсэн гэж дээрх хуулийн заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлд Иргэний хуулийн 43.1, 196.1.5 дахь хэсгүүдэд зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй гэж үзсэн байх бөгөөд барилгын ажил дуусах үед нэмэлт санхүүжилт хүссэн нэг талын хүсэл зоригийг хэлцэл хийсэн, гэрээ байгуулсан гэж үзэж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй юм. Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ЗӨ-ХХК-ны хооронд барилгын ажил эхлэхээс дуусах хүртэл хугацаанд гэрээ, гэрээний нөхцөлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, энэ талаар ямар нэгэн байдлаар дурдаагүй байхад хэлцэл хийсэн, мөн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. ЗӨ-ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Санхүү хангамжийн газрын дарга Я.Ган-Эрдэнэд барилгад нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл: энэ бол гүйцэтгэгч компаниас захиалагчид тавьсан хүсэлт бөгөөд захиалагч тал үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч компанийн захирал Н.Сүрэнжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

ЗӨ-ХХК нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн биелэлтэнд 154.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгч Т.Балжинням хянаад хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 34.248.227 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 120.251.227 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт болоод нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор, эргэлзэлгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.

Тухайлбал: шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар талын 6 дахь догол мөрнөөс Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, цагдан хорих байр-ны барилгын нэмэлт ажлын гүйцэтгэлийн хэмжээ, хэдий хэмжээний хөлс төлөх, ажлын төсөв хэмжээний талаар талууд зөрүүтэй тайлбарлаж байх тул шүүхийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зүйтэй гэж үзэв.

Шинжээч хөрөнгийн үнэлгээний төв ХХК, төсөвчин Ж.Цэдэн-Иш, Л.Пүрэвжаргал, Л.Оюунсүрэн нарын дүгнэлт, нэмэлтээр хийгдсэн ажлын төсвөөр ЗӨ-ХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөгийн 34.248.773 төгрөг гаргасан талаар дүгнэсэн дүгнэлтийг үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэв гэсэн тодорхой бус, яг аль байгууллагын ямар дүгнэлт үндэслэлтэй талаар тодруулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан бүхий л шинжээчид байгууллагын нэрийг дурдсан нь ойлгомжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 3 удаа шинжээч томилогдсон байх ба эхний удаад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 567 дугаар захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн Завхан аймаг дахь салбар, Ж.Цэдэн-Иш, Л.Пүрэвжаргал нарыг шинжээчээр томилж, Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилгыг барихад зураг төсөлд тусгагдаагүй ямар ямар ажлууд хийгдсэн, тэдгээрийг хийхэд нэхэмжлэгч 57.361.282 төгрөгний зардал гаргасан болохыг тогтоолгосон.

Үүний дараагаар бидний зүгээс Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрыг ямар хэмжээний зардлаар барьж гүйцэтгэсэн, анхны хийгдсэн төсөв болон бодит гүйцэтгэлд хийгдсэн төсөвт өртөг хоёрын хооронд ямар хэмжээний зөрүү байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1700 дугаартай захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г томилсон.

Үүний дагуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь албан контор, цагдан хорих байрны барилгын нийт төсвийг 1.259.101.249 төгрөг/тус дүгнэлтэд урьд томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр пандус өөрчилсөн ажлын төсөв 10.052.390 төгрөг, барилгад хийсэн нэмэлт ажил 47.308.892 төгрөг гарсан байна. Хариуцагч тал нэмж гарсан ажлыг хүлээн зөвшөөрч байгаа талаар дурдсан байдаг./ гэж үнэлсэнг бид үнэн зөв бодитой дүгнэлт болсон гэж үзэж байна.

Дээрх дүгнэлтийг хариуцагч талаас эс зөвшөөрч дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүхээс мөн хангаж 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1129 дугаартай захирамжаар шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон боловч дан ганц Л.Оюунзул гэсэн ганц хүний гарын үсэгтэй дүгнэлт ирүүлсэн. Мөн дээр нь шүүхээс шинжээчид тавьсан гол асуулт болох гүйцэтгэлийн төсөв хэд болох талаар хариулж чадаагүй зэргээс үзэхэд уг захирамжийг биелэлт хангагдаагүй гэх үндэслэл болох юм.

Гэтэл шүүхээс бусад дүгнэлтийг яагаад үндэслээгүй талаар дүгнэлт тайлбар хийлгүй тус шүүхээс томилогдоогүй Л.Оюунзул гэх хүний хууль бус дүгнэлтийг үндэслэж хариуцагчаас 34.248.773 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч компанийн захирал Н.Сүрэнжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажлын явцын дунд нэмэлт хөрөнгө дутагдсан тохиолдолд нэмэлт санхүүжилт олгоно гэсэн аман шийдвэрийг үндэслэж гэрээг байгуулсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдол бол шинжээчээр томилогдсон. Л.Оюунзул гэдэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан шийдвэр байгаа юм. Шинжээчийн дүгнэлтэд ЗӨ-ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын дутуу санхүүжилт, гүйцэтгэсэн ажлын олгогдоогүй санхүүжилт 105.0 сая төгрөг байгаа юм байна гэж тооцож гаргасан. 34.0 сая төгрөгийн нэмэлт ажлын мөнгө гэж шинжээч дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр анхан шатны шүүх нь нэмж хийсэн ажил болох 34.0 сая төгрөг байна гэдгийг тастан авч шүүхийн шийдвэр гаргасан тул үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан. Шинжээчийн гаргасан тооцоогоор болохоор Ховд аймагт баригдсан барилгын 1м2 нь 579.500 төгрөг, Баянхонгор аймагт баригдсан барилгын 1м2 нь 601.900 төгрөг, Архангай аймагт баригдсан барилгын 1м2 нь 563.900 төгрөг, харин Завхан аймагт баригдсан барилгын 1м2 нь 502.800 төгрөг юм. Эдгээр 4 аймагт баригдсан ижил төрлийн барилгаас Завхан аймагт баригдсан барилга хамгийн бага төсөв санхүүгээр баригдсан байдаг юм. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас давж заалдах гомдол гаргасан гэв.

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ барилгын хувьд 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй байдаг. Байгууллагын дарга, нягтлан бодогч нар шууд ЗӨ-ХХК-д 750.0 сая төгрөгөөр 1440м2 талбай бүхий 4 давхар барилга бариулах саналыг тавьсан байдаг юм. Ийм гэрээ байгуулах боломжгүй ажил гэдгийг ЗӨ-ХХК нь мэдэж байсан захиалагч тал ч мөн адил мэдэж байсан. Яагаад энэ гэрээг байгуулах болсон бэ? гэхээр захиалагчийн санаачилга, мөн энэ төсөв бол дутна, тухайн үед нь төсвийг шаардлагатай нэмж санхүүжүүлэх боломжтой гэж Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тайлбар өгсөн гэж захиалагч талаас санал тавьсан учраас гүйцэтгэгч тал энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч энэ гэрээг байгуулсан байдаг. Тэгээд энэ гэрээг талууд үзэглэж, гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш ажил гүйцэтгэх гэрээний явцад дахин нэг хэлцэл хийгдсэн байдаг. Барилгыг барих гээд суурийн хөрсийг ухаж байхад суурийн хөрс нь зураг төсөлд тусгагдаагүй хөрс байсан тул доош нь нэмж ухах шаардлагатай гүйцэтгэгч тал захиалагч талд мэдэгдэхэд захиалагч тал доош нь ухахыг зөвшөөрч энэ ажлыг нэмэлтээр хийсэн байдаг. Энэ ажлыг нэмэлтээр хийсний тухайд зураг төсөвт тусгагдаагүй ажил хийгдсэн учраас төсөв мөнгө тэр үед шаардагдаж эхэлсэн. Зураг төсөвт тусгагдаагүй ажил хийгдсэн нь барилгын дээвэр дээр нарлагааны тасалгаа, барилгын зооринд агшин зуурын ус халаагч, ус тусгаарлалт нэмэлтээр хийгдсэн зэрэг ажлуудыг захиалагчийн санаачилгаар барилгын зураг төсөвт тусгагдаагүй ажлыг нэмж хийсэн. Шаардлагатай төсөв мөнгийг нэмэлтээр санхүүжүүлэх тухай анхнаасаа ярьсан хэлцэл байсан учраас гүйцэтгэгч тал үнийг нь зөвшөөрч шаардлагатай мөнгийг хэлсэн, сүүлд нь бичгээр өгсөн. Гүйцэтгэгч тал захиалагчийн ажлыг үнэхээр хийж өгье гэсэн хүсэл эрмэлзэл байсан учраас өөрөөсөө төсөв мөнгө гаргаад энэ ажлыг хийж дуусган хүлээлгэж өгсөн байдаг. Ингээд шинжээч Л.Оюунзулын дүгнэлтээр нарийвчилж гаргаж ирэхэд Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт баригдсан нэг цонхны үйлчилгээ бүхий албаны контор цагдан хорихын байр барихад нийт хийсэн ажлын төсөв 855.638.674 төгрөг байна. Үүнээс санхүүжилтийн дүн 750.000.000 төгрөг байна хийгдсэн ажлаас санхүүжүүлээгүй 105.638.674 төгрөг гэж дүгнэсэн байдаг. Шүүгч энэ дүгнэлтийг бол бүрэн судалж үзээгүй зөвхөн нэмэлтээр хийгдсэн ажлын 34.0 сая төгрөгийг энэ дотроос сугалж авч дүгнэлт хийгээд зөвхөн энэ тал дээр шүүхийн шийдвэрийг гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ууганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ЗӨ-ХХК-ийн нэхэмжилж байгаа 154.500.000 төгрөгний нэмэлт хөрөнгөний асуудлыг манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зүй нь манай байгууллага гэрээнд заасан 750.000 төгрөгийг тухайн компанид бүрэн шилжүүлсэн. Гүйцэтгэгч ЗӨ-ХХК нь гэрээнд заасны дагуу тухайн үедээ нэмэлт зардал гарч байгаа талаараа захиалагч манай Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор хүсэлт тавьж мэдэгдэх ёстой байсан. Гэтэл барилгыг улсын комисс хүлээн авахаас 10 хоногийн өмнө над дээр нэхэмжлэгч Н.Сүрэнжав гуай орж ирээд нэмэлт мөнгө төгрөг гаргуулах талаар хүсэлт тавьсан. Би хүсэлтийг нь шууд эрх мэдлийн хувьд шийдэхгүй учраас нэхэмжлэгчийг та албан тоот гаргаад манай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар луу явуулчих. Би хэлж, ярьж өгье гэсэн. Гэтэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газраас нэмэлт зардлын төсөв мөнгө гаргах боломжгүй гэсэн хариуг өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2-р хавтас хэргийн 15-р хуудсанд шүүх хуралдаан даргалагчийг томилж албажуулсаны дараа иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах ёстой байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шүүх хуралдаан даргалагчаар томилогдохоосоо өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 253 дугаартай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн хэргийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Завхан аймаг дахь салбар, Ж.Цэдэн-Иш, Т.Пүрэвжаргал нарын шинжээчдийн дүгнэлтээр Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын албаны барилга барихад зураг төсөлд тусгагдаагүй нэмэлт зардал 57.361.282 төгрөг гарсан гэж тогтоосон, мөн шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Л.Оюунзулын дүгнэлтээр нэмэлт ажлын төсөвөөр ЗӨ-ХХК-нд 34.248.773 төгрөгний зардал гарсан гэж шинжээчид өөр, өөр үнийн дүн бүхий дүгнэлт гаргасан байхад хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч зөвхөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин шинжээч Л.Оюунзулын дүгнэлтийг үндэслэл бүхий гэж дүгнэснээ тодорхой тайлбарлаагүй, мөн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан Ж.Цэдэн-Иш, Т.Пүрэвжаргал нарын дүгнэлтийг ямар үндэслэлээр үнэлэх боломжгүй байгаа талаараа эрх зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, мөн шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Шинжээч хөрөнгийн үнэлгээний төв ХХК, төсөвчин Ж.Цэдэн-Иш, Т.Пүрэвжаргал, Л.Оюунзул нарын дүгнэлт гэж бүх шинжээчдийн дүгнэлтийг нэгтгэсэн байдлаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн нь тухайн үйл баримтыг бодитой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ЗӨ-ХХК, хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч ЗӨ-ХХК, хариуцагч Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЗӨ-ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 759.210 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                              Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.НАМХАЙДОРЖ