Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/46

 

   З.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.Мд холбогдох эрүүгийн 1913002250283 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч З.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.                                                                      

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” Өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл 6 хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И овогт З-н М /БЮ00000000/ нь:

1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төв буюу бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн бүрийн нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан гэж, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”, хуралдааны тэмдэглэлд нь тус тус (1) “М” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмч М.Ж , Т.А , А.Б , П.Б, ахлах сувилагч А.Р, сувилагч С.Х, М.А, Б.М, Б.А, Х.А, Е.А  нарыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлж; (2) үүсгэн байгуулагчаар нь дарга З.М, их эмч Х.Е, Ө.А , М.Ж, Ж.З нарыг томилж, даргаар нь З.Мийг томилсон гэж; (3) тэтгэвэрт гарсан Х.К, А.С, Х.А  нар нь уг хуралд оролцож өөрсдийн хүсэлтээр нөхөрлөлөөс татгалзаж үг хэлсэн болгож хурлын тэмдэглэлд тусгаж, тус эрүүл мэндийн төвийн ажилчдад нөхөрлөлийн гараар бичсэн хурлын тэмдэглэл шаардлага хангахгүй байна гэж төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулж, ажилтан Х.Т, А.С, Х.А, Х.А , Х.К, А.Б, М.Ж , К.З нар нь дээрх тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй болохыг мэдсээр байж “М” бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтэд хавсаргаж Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Х.С-наас тус өрхийн эрүүл мэндийн төвд хандив болгож өгсөн 500.000 төгрөгийг хувьдаа завшсан, түүнчлэн “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн П.Б-ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилох тухай Б/28 дугаартай тушаал гаргаж, 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин болох 594.211 төгрөгийг гаргуулан хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч И  овогт З.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг; мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч З.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.М-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.М-ээс 1.094.211 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” өрхийн эрүүл мэндийн төвийн цалингийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд:З.М-ийн үйлдэлд гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн шинжгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн асуудлаар хангалттай нотлогдсоор байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй.Шүүх Монгол улсын Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчмыг алдагдуулан 3.М-ийг гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгаа нь хэтэрхий нэг талыг барьж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж байна.

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “М” өрхийн эрүүл мэндийн төв нь нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нөхөрлөлийн тухай хуульд зааснаар бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл юм. Нөхөрлөлийн тухай хууль болон “М” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дүрэмд зааснаар нөхөрлөлийн гишүүд нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх зарчимтай. З.М нь “М” эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд Нөхөрлөлийн тухай хууль, нөхөрлөлийн дүрэм зааснаар албан тушаалын хувьд тухайн байгууллагын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд биш. З.Мийг “М” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших /тус, эрүүл мэндийн төвд иргэн Х.Сагынганы хандивласан 500,000 төгрөгийг хувьдаа завшсан, төрсөн дүү нь болох П.Б-г ажилд томилогдоогүй байхад хуурамч цагийн бүртгэл үйлдэж нэг сарын цалинг олгосон, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах / Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “М” ӨЭМТөвийн БГБХНөхөрлөлийн гишүүн бүр нь нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхийг өөртөө ашигтайгаар бүрдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хуралдсан болгож, уг хуралдааны 34, 35 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ, хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн улсын бүртгэлд хүргүүлэн бүртгүүлж, эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан/ гэх үндэслэлээр гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд З.М гэмт хэрэг үйлдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан: гэрч Х.С-ны 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн "...2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөгийг А.Р -д хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40,41 дүгээр хуудас/, Х.С-ы хандив болгон өгсөн мөнгийг А.Р хүлээн асан тухай гарын үсгийн баримт, А.Р-гийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн:”,..2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр С -аас 500.000 төгрөг аваад 4-5 хоногийн дараа З.Мийн нөхөр Р--д ХААН банкны дотор өгсөн...”гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас,/ А.Р-н 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн:...миний бие 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилд ороход П.Б- гэгчид цагийн бүртгэл үйлдэж цалин гаргуулахаар вакцинатор Е.А  материал бүрдүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-44 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрч П.Б-н 2018 оны 9 дүгээр сарын цалин П.Б-н цалингийн дансанд орсон, уг мөнгийг П.Б-захиран зарцуулсан болох нь:

Е.А гэрчээр өгсөн ... З.М-ээс 293,000 төгрөг авсан. Б-с мөнгө аваагүй...” гэх мэдүүлгүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, цалингийн цэс, дансны хуулбараар нотлогдож байна.

Х.С-ы хандив болгон өгсөн 500,000 төгрөгийг А.Р хүлээн авч захиран зарцуулсан, П.Б2018 оны 9 дүгээр сарын цалин П.Б цалингийн дансанд шилжиж, мөнгийг П.Б захиран зарцуулсан болох нь нотлогдсоор байхад З.Мд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим алдагдаж байна.

“М” нөхөрлөл /ӨЭМТ/ нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бөгөөд тус нөхөрлөлийн нягтлан бодогчоор К.Нурбек, нярваар А.Рая ажилладаг бөгөөд хуульд зааснаар байгууллагын төсөв санхүүтэй холбоотой асуудал, хариуцлагыг хууль, нөхөрлөлийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, гэрээнд заасны дагуу тухайн ажлыг хариуцаж буй албан тушаалтан, нөхөрлөлийн гишүүд хамтран хариуцах үүрэгтэй.

Хуульд зааснаар нөхөрлөл нь гишүүдийн оруулсан хөрөнгө, бусад эх үүсвэрээс олсон хандив тусламжаар санхүүждэг ба хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэсэн ашгийн байгууллага бөгөөд жил бүр ашиг, алдагдлаа тодорхойлон ажилладаг. “М" нөхөрлөл /ӨЭМ/-нь 2018, 2019 онд ашиг алдагдлаа тодорхойлоогүй байхад дарга З.Мийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийн шинж нь “Албан тушаал, албан үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгаврын   хөлсийг нөхөн төлүүлэх тухай” актаар “...хууль тогтоомж зөрчиж зүй бусаар олгогдсон цалин хөлс 594,211 төгрөгийг их эмч П.Б-ээс төлүүлж авахаар акт тогтоосноор тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөнөөс хууль бусаар үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлэн авч эзэмшилдээ оруулсан байдаг”. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд эзэмшилдээ байгаа бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн захиран зарцуулсан байдаг.

Х.С хандив болгон өгсөн 500,000 төгрөг, П.Б2018 оны 9 дүгээр сарын цалинг З.М итгэмжлэн хариуцаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. “М” өрхийн эмнэлэгт ажилладаг К.Зоя болон бусад ажиллагсдын гаргасан өргөдөл, гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт.Аудитын албан шалгалт хийсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 18-02/77 дугаартай “Зүй бусаар авсан цалин хөлсийг  нөхөн төлүүлэх тухай” актаар “... хууль тогтоомж зөрчиж зүй бусаар олгогдсон цалин хөлс 594.211 төгрөгийг их эмч П.Б-ээс төлүүлж авахаар акт тогтоосон” Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х  2019.09.13-ны өдрийн 11 дугаартай Эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай дүгнэлтээр мөрдөгчийн Х.С хандив болгон өгсөн 500,000 төгрөг, П.Б цалинг З.М хувьдаа завшсан эсэх тухай асуусан асуултад хандивын мөнгийг тухайн үед орлогод авч, зарлагын тайлан гаргаагүй нь Төсвийн тухай хуулийн 47.2 дахь заалтыг зөрчсөн, энэ нь санхүүгийн зөрчил бөгөөд мөнгө завшсан гэх үндэслэлгүй байна. Учир нь, П.Бт олгосон гэх цалинг тухайн үед байгууллагын авсан зүйлс болох Х.Б-н машинд хийсэн бензин 100,000 төгрөг, Х.О-ээс нурууны массажны аппаратад 150,000 төгрөг, “М” ӨЭМТөвийн Өргөмжлөл хийлгэхэд 15,000 төгрөг, Р.М-с авсан тарвас, хонины үнэ /тухайн үед “М” эрүүл мэндийн төвийн ажилтнууд зугаалгад гарахад авсан хонь, тарвасын мөнгө/, Е-с авсан банзны үнэ /”М”-ийн хашааг янзалсан/ 222,200 төгрөг, нийт 607,200 төгрөг зарцуулагдсан болохыг тогтоосон юм.

П.Б нь ажилд орохоор өмнө нь хүсэлт гаргасан байсан ба Ж  эмч чөлөө авснаар гаргасан өргөдлийг үндэслэн П.Б-ийг ажилд томилсон тушаал гаргасан. П.Б нь тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг дарга надад хэлснээр түүний нэг сарын ажлыг дарга З.М би хавсран гүйцэтгэсэн болно. Хэдийгээр ажлыг нь хавсаргасан гүйцэтгэсэн ч дарга өөртөө цалин гаргах нь санхүүгийн зөрчилд тооцогдох тул П.Б нэр дээр цалин бодогдож гарсан юм. Харин дараа нь П.Б нь “Та миний оронд нэг сар ажилласан, та миний нэг сарын цалинг байгууллагадаа зарцуулаарай” гэж өгсөн нь үнэн. Энэ тухай мөрдөн байцаагчид 2 дахь удаагаа мэдүүлэг өгөхөд тодорхой тайлбарласан. Тэгээд ч ажил хийгээгүй хүний цалинг үндэслэлгүй гаргаж авсан зүйл байхгүй бөгөөд түүний нэг сарын ажлыг шөнийн хэдэн цаг хүртэл сууж дарга З.М би хийсэн. П.Б нь энэ тухай “би хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй, харин байгууллагадаа зарцуулаарай гэж даргадаа өгсөн” гэж мэдүүлэг өгсөөр байхад түүний мэдүүлгийн зөвхөн “би хувьдаа нэг ч төгрөг ашиглаагүй” гэж яллах хэсгийг л шийтгэх тогтоолд тусгаж, гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тухайн үед санхүүгийн анхан шатны баримтыг зөв хөтлөөгүй санхүүгийн зөрчил гарсныг хүлээн зөвшөөрнө.Гэтэл санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэх үүрэг нь тухайн байгууллагын нярав, нягтлан хоёрын хариуцах ёстой чиг үүрэгт хамаарна. Үнэхээрийн намайг гэм буруутайд тооцох гэж байгаа бол шинжээчийн дүгнэлтээр 607,200 төгрөг хаана зарцуулагдсаныг нэг бүрчлэн шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл өнөөдөр хүртэл үүнийг шалгаж тогтоосон баримт байхгүй.

2019.12.09-ний өдрийн 12 дугаартай Эдийн засгийн шинжилгээ хийсэн тухай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр өмнөх улсын байцаагч Х.Х-ны дүгнэлтийг хүчингүй болгоогүй, одоо хүртэл уг дүгнэлт нь хүчинтэй хэвээрээ байгаа. Мөрдөгчийн 2019.09.13-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг асуусан асуултад ... сүүлд нэмж бүрдүүлсэн гэх баримтуудыг хууль хяналтын байгууллагууд шинжээчийн дүгнэлт гаргуулан нотолгоо гаргуулах хэрэгтэй байна гэдгийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд дурджээ.Гэтэл одоо хүртэл уг асуудлыг шалгаж тогтоосон мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд сүүлд нэмж нотлох баримт бүрдүүлсэн юм уу, анхнаасаа байгаа баримтыг бүртгэлд оруулаагүй юм уу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Дээрх санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудал нь аль ч төрийн байгууллагад гардаг санхүүгийн шалгалтаар илэрдэг зөрчил бөгөөд үүнийг санхүүгийн хяналтын улсын байцаагч акт тавих, шаардлагатай гэж үзвэл буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, санхүүгийн анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтыг зөв хөтөлж ажиллахыг байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав нарт анхааруулга өгөх хэмжээний асуудал байхад байгууллагад зарцуулагдсан мөнгийг З.М намайг хувьдаа завшсан болгон гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй. Би нэг сар шөнө дунд хүртэл П.Б-н ажлыг хавсран гүйцэтгэсний төлөө гэм буруутайд тооцогдсоныг шударга шүүх анхаарч үзнэ үү.

Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Х.Е, Ж.З нарыг тогтоосон ба иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн газрын ажилтан Дауиржан тогтоогдсон юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх ойлголтод хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хамаарна. “М” ӨЭМТөв нь нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг боловч байгуулагдсан цагаасаа эхлээд өнөөдөр хүртэл түүнд ажиллаж байгаа болон ажиллаж байсан нэг ч хүн нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй, анх төрөөс тогтоож өгсөн хөрөнгө нь зөвхөн нэр дээр л бүртгэлтэй явдаг. Монгол Улсад Нөхөрлөлийн хэлбэрийг нарийн зохицуулсан, түүний эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоосон эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байгаа нь өнөөдөр нөхөрлөлийг компани шиг ойлгоход хүргээд зогсохгүй хөрөнгө завшиж, улмаар эрх олж авах хэмжээний ойлголтыг төрүүлээд байна. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 4 Эрүүл мэндийн өрхийн эмнэлэг байгаа бөгөөд түүний ажиллагаанд 100 хувь төсвийг хуваарилан олгодог, төсвийг аймгийн ИТХурлаар хуваарилж, үйл ажиллагаанд зөвхөн мэргэжлийн байгууллагын хувьд аймгийн Эрүүл мэндийн газар хяналт тавьдаг, төсөв төрийн сангаар дамжиж тус нөхөрлөлд хуваарилагддаг. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон аймгийн Эрүүл мэндийн газар нь уг хэргийн оролцогч биш хэрвээ төсвийн мөнгийг зүй бусаар зарцуулсан гэж үзвэл иргэний нэхэмжлэгч бөгөөд хохирогч нь Эрүүл мэндийн газар ч биш, тус байгууллагын ажилтнууд ч биш аймгийн Төрийн сан байх ёстой.

Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд уг хэрэг нь хэдэн эмэгтэйчүүдийн хоорондоо таарамж муутай байдлаас болж шалгагдаж эхэлсэн бөгөөд намайг тус төвийн даргын ажилд томилогдоход 2018.10.19-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэл болгож эрх олж авсан гэж эрүүгийн шүүх дүгнээд байгаа боловч миний бие тус төвийн даргын албан тушаалд 2015-2016 онуудад иргэний хэргийн шүүхээр маргаад хамгийн сүүлд давж заалдах шатны шүүхийн магадлалаар даргын ажилд эгүүлэн тогтоогдсон болно. Энэ тухай магадлал хавтаст хэрэгт авагдсан. Түүнээс биш 2018.10.19-ний өдрийн хурлаар даргын албан тушаалд томилогдсон зүйл байхгүй, үүнээс өмнө шүүхийн шийдвэрээр даргын албан тушаалд томилогдсон.

2018.10.19-ний өдрийн 2 удаагийн хурлын нэгийг Е, нэгийг би удирдсан,харин хурлын тэмдэглэлийг С  хөтөлсөн. С  хурлын тэмдэглэлийг хөтлөөд бүх хүнээр гарын үсэг зуруулж ирсний дараа хурал удирдсан хүний хувьд миний бие гарын үсэг зурсан. Шүүх тэд нарын “бид нарыг төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан” гэдэгт ач холбогдол өгөөд байгаа бол харин ч тэд нар анхнаасаа намайг даргын албан тушаалаас зайлуулах санаагаа хэрэгжүүлж намайг төөрөгдөлд оруулж эцэст нь гарын үсэг зураарай гэхэд би хурлын тэмдэглэлд юу бичигдсэнийг сайн уншиж анзааралгүй гарын үсэг зурсандаа харамсаж байна. Хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлсэн гэж байгаа бол хурлын тэмдэглэлийг хөтөлсөн хүн С  уг хэргийн холбогдогч байх ёстой. Шүүх зарим хүмүүсийн “бид нарыг төөрөгдөлд оруулсан...” гэдэг үг нь хөндлөнгийн бусад баримтаар нотлогдоогүй байхад тэд нарын хэлснийг нотлох баримтаар үнэлсэн. “М” ӨЭМТөвд зарим хүмүүс даргын хувьд надтай таарамж муутай байсан нь өнөөдөр хуйвалдаад намайг ийм байдалд орууллаа.

Харин шүүхээс гэм буруугийн шүүх хуралдаанаар намайг гэм буруутайд тооцсон тул хорих ял өгчих вий гэж айсандаа хохирлоо төлье гэж хэлсэн болохоос хуурамч бичиг баримт үйлдээгүй, харин санхүүгийн зөрчлийн хувьд аудитын байгууллагын акт тавиад уг зөрчлийг арилгуулах бүрэн боломжтой бөгөөд эрүүгийн хэрэг биш юм.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагч Р.Х , Улсын байцаагч Ш.Ж, Х.Б  нарын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд З.Мийг бусдын хөрөнгийг итгэмжлэн хариуцсан, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшаагүй болохыг тогтоосон. “М” нөхөрлөл /ӨЭМТ/ нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл бөгөөд Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Баян-Өлгий аймгийн “М, өрхийн эрүүл мэндийн төвийн /“БГБХ7 нөхөрлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаар хурлаар хэлэлцэн баталсан /“БГБХ”/ нөхөрлөлийн дүрэмд зааснаар “Нөхөрлөлийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай гишүүн байх тул хамтын зарчмаар хариуцлага хүлээх үүрэгтэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилжээ.

П.Б-т цалин бодож олгохдоо вакцинатор Е.А  цагийн бүртгэл бүрдүүлж цалин гаргуулсан, П.Б авч ирж өгсөн мөнгийг Е.А , авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсоор байхад бусдын хөрөнгийг итгэмжлэн хариуцаагүй З.М-ийг гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нөхөрлөлийн тухай хуулиудыг ноцтой зөрчиж, З.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж, гэм буруутайд тооцож, ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Хоёр. З.М-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах“ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь ч хууль зөрчсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар “М” ӨЭМТөвийн /БГБХН/ болон ажилчдын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 34,35 дугаартай хурлын тэмдэглэл, “Нөхөрлөлийн гишүүдийн гэрээ”-нд зурагдсан гарын үсгийг хэн гэдэг этгээд зурсан болохыг тогтоогоогүй атлаа З.М-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-г нотлоогүй.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад Х.Б-н 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлтэд шинжлэгдэж буй гарын үсгийг хэн зурсныг тогтоогоогүй, 3.М-н гарын үсэг, бичгийн хэвтэй тохирсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй байхад 3.М-г “... Эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд хүргүүлж өөрчлөлт оруулан бүртгүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож байгаа нь хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйл хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах.

Энэ гэмт хэргийн шинж нь: Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан шинжээр тодорхойлогддог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр З.М-ийн гэм бурууг бүрэн нотолж тогтоогоогүй, З.Мийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШТТ/117 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Прокурорын яллах дүгнэлтээр З.М-ийн “эрх олгосон хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, иргэн Х.С-с өрхийн эрүүл мэндийн төвд хандивласан 500.000 төгрөгийг болон албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн П.Б-ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилох тухай Б/28 дугаартай тушаал гаргаж, 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин болох 594.211 төгрөгийг тус тус завшсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх З.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлж, шүүгдэгчийн холбогдсон “иргэн П.Б-ийг тус өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилох тухай Б/28 дугаартай тушаал гаргаж, 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин болох 594.211 төгрөгийг гаргуулан хувьдаа завшсан” гэх үйлдэл холбогдлыг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч З.М-ийн “иргэн П.Б-ийг өөрийн ажиллаж байсан өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажилд томилох тухай 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/28 дугаартай тушаал гаргаж, 1 сар ажилласнаар бүртгэж 1 сарын цалин болох 594.211 төгрөгийг гаргуулан хувьдаа завшсан” гэх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг, тухайлбал нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлдэг нийтийн албан тушаалтан мөн эсэх, уг нөхөрлөл улсын төсвөөс санхүүждэг эсэх, тэрээр иргэн П.Б-ийг ажлаа хүлээж авах бололцоогүй /өөр газар түр оршин суудаг г.м бусад/ байхад ажилд томилсон санаа, зорилго, П.Б нь томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа ажлаа хүлээж авсан шалтгаан нөхцөл, түүнийг ажилд томилох, улмаар нэг сарын цалин хөлсийг авсан гэх үйлдэл холбогдолд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх зэрэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан. Хэдийгээр нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон түүнтэй адилтгах албан тушаалтныг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтанд хамааруулж тухайлан заагаагүй боловч 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлд “төрийн үйлчилгээг үзүүлдэг буюу нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг” хүнийг нийтийн албан тушаалтан гэж ойлгохоор заасныг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд нөхөрлөлийн статустай өрхийн эрүүл мэндийн төвийн болон түүний даргын чиг үүрэг, санхүүжилт, төрийн зарим үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа эсэх зэргийг тогтоох нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан мөрдөн шалгах тодорхой ажиллагааг анхан болон давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй, энэ тохиолдолд З.Мийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар бүлэгт заасан эрхийг хангах бололцоогүй буюу түүний эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэргийн үйл баримттай холбогдуулан хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/117 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч З.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээс гарахыг хориглох хязгаарлах тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                            С.ӨМИРБЕК