Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/0025

 

      Х.Хд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Хд холбогдох эрүүгийн 1813003200135 дугаартай, 4 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдлын дагуу 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч Х.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Тилеуберди нар оролцов.

 Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Б сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч ажилтай,  ам бүл 3 хүнтэй, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000.00 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан шүүгдэгч У овогт Х-ын Х /РД: БЭ00000000/ нь:

(1) Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Бугат суманд хуваарилсан 2,000,000.00 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Бын нэр дээр бүртгэлтэй “А” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон,

(2) Захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400,000.00 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 6 дугаар 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9.860.000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолоор  У овогт Х-ны Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Серикжаны хамтран гаргасан давж заалдах гомдолд: “1. Хяналтын прокурорын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 128 дугаартай яллах дүгнэлтээр үйлчлүүлэгч Х.Хыг тус аймгийн Засаг даргын 2018 оны  3 дугаар сарын 15-ны өдрийн А/153 дугаар захирамжаар өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Бугат суманд хуваарилсан 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Бын нэр дээр бүртгэлтэй “А” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон, захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон гэж ялласан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо: “...Х.Х нь өөрийн хамаарал бүхий компани буюу эхнэрийнх нь нэр дээр байдаг “А” ХХК-ын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтууд болох орлогын дансны хуулга, нэхэмжлэх, Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга зэргээр тогтоогдож байна ...400,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй...”  гэжээ. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж заасан байна. “Албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлэх бөгөөд албан тушаалын байдлаа “урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ойлгож хэрэглэдэг билээ. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заасан байна. Үйлчлүүлэгч Х.Х нь тус аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/153 дугаар захирамжаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, сум орон нутгаас тавьсан хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сум тус бүрд 2,000,000 төгрөг хуваарилсан байдаг. Тухайн үед Бугат сумын Засаг дарга асан Х.Х нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын 2018 оны 35 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, мөн дээрх аймгийн Засаг даргын 2018 оны А/153 дугаар захирамжийг тус тус үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “Хөрөнгө зарцуулах тухай” А/33 дугаар захирамж гаргасан байна.

Уг захирамжийн 1 дэх заалтаар “сумын өвөлжилтийн байдал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгаас тавьсан хүсэлт, асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус суманд хуваарилагдсан 2000000 төгрөгийн санхүүжилтийг данснаас гаргахыг сумын Тамгын газрын дарга Ө.Хд зөвшөөрөв” гэжээ. Дээрх захирамжийн дагуу Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Харилбай нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.1, 16.4.15, 16.5-д заасан эрхээ хэрэгжүүлж 2000000 төгрөгийг захиран зарцуулсан бөгөөд ингэхдээ холбогдох төлбөрийн баримтуудыг тухайн байгууллагын нягтлан бодогч, Санхүүгийн албаны дарга, Төрийн сангийн төлөөлөгч нар хянасан байдаг.

Өөрөөр хэлбэл, хэргийн 77, 153, 225 дугаар талд авагдсан Засаг даргын захирамжид “А” ХХК-руу мөнгө шилжүүлэх тухай ямар ч үг, өгүүлбэр байдаггүй бөгөөд зөвхөн 2 сая төгрөгийг захиран зарцуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад зөвшөөрсөн байна. Авлигатай тэмцэх газраас анх тус хэргийг шалгахдаа Бугат сумын Засаг дарга болон төсвийн шууд захирагч сумын Засаг даргын Тамгын газрын даргыг сэжиглэсэн бөгөөд мөрдөгчөөс эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахдаа төсвийн шууд захирагч буюу Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Хн хувьд өөрийгөө хамгаалсан байдлаар “...уг 2 сая төгрөгийг аймгийн төрийн сангаас манай байгууллагын төрийн санд шилжүүлсэн ба уг мөнгийг Засаг дарга “А” нэртэй компанид шилжүүлэх тухай захирамж гаргасны дагуу миний бие захирамжийг гүйцэтгэн, уг мөнгөн хөрөнгийг шилжүүлж өгсөн юм. Уг мөнгөн хөрөнгийн зарцуулалт, тайлантай холбоотой баримтуудыг гаргаж өгч болно” гэж мэдүүлжээ. Онолын хувьд гэрч гэж тухайн хэргийн талаар мэдэж байгаа, хэрэгт сонирхолгүй этгээдийг хэлдэг юм. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн шууд захирагч болохын хувьд хөрөнгө захиран зарцуулахтай холбоотой шийдвэрийнхээ үр дагаврыг өөрөө шууд хариуцах учиртай. Гэтэл хэргийн 77, 153, 225 дугаар талд авагдсан Засаг даргын захирамжийн агуулгыг гуйвуулан өөртөө ашигтай байдлаар тайлбарласан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Хг гэрч хэмээн үзэж, харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн сумын Засаг даргыг буруутгаж байгаа нь шударга бус юм. Нөгөө талдаа маргаан бүхий 2 сая төгрөг нь сураггүй алга болсон тус сумын иргэнийг эрэн хайх ажиллагаа зэрэг зорилгодоо хүрч захиран зарцуулагдсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгчдийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт шалгуулах, цагаатгах талын нотлох баримт цуглуулах, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тухай дахин шинжилгээ хийлгүүлэх талаар мөрдөгч болон прокурорт хандаж, цаашлаад тус хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүүлэх байдлаар удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Ингэснээр шүүгдэгчийн зүгээс уг 2 сая төгрөг, түүнчлэн 400,000 төгрөгтэй холбоотой асуудлыг гэмт хэрэг биш, эрх зүйн зөрчил болохыг нотлохын тулд төрийн эрхий бүхий холбогдох байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргасан байсан.

Төрийн аудитын газраас шүүгдэгч Х.Хын 2 сая төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019-03-27-ны өдөр А/33 дугаар захирамж гарган өөрийн эхнэр Ж.Бын нэр дээр бүртгэлтэй “А” ХХК-ийн данс руу шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон гэсэн асуудалд холбогдуулан санхүүгийн хяналт шалгалт хийж, санхүүгийн зөрчил мөн болохыг тогтоож, улмаар санхүүгийн зөрчил гаргасан этгээдэд зөрчил арилгуулах тухай албан шаардлага бичиж, хууль бусаар зарцуулагдсан гэх мөнгийг төрийн санд эргүүлэн тушаах тухай төлбөрийн актууд бичигдсэн ба уг төлбөрийн актын дагуу “А” ХХК нь 2,000,000 төгрөгийг төрийн сангийн холбогдох данс руу тушаасан байна. Түүнчлэн, А.Ж ч гэсэн хууль зөрчиж авсан 400,000 төгрөгийг мөн төрийн санд тушаахаар болсон байна.

Гэхдээ үйлчлүүлэгч Х.Х нь өөрийн хамаарал бүхий компани буюу эхнэрийнх нь нэр дээр байдаг “А” ХХК-ын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь, үйлчлүүлэгч Х.Х нь тухайн үед өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг Бугат сумын Засаг даргын хувьд байгуулахдаа өмгөөлөгчийн хөлс болох 400,000 төгрөгийг А.Ж хувиасаа төлөхөөр тохиролцсон байсан ба ийнхүү тохиролцсоны дагуу А.Ж 200,000 төгрөгт нь мал оролцуулж, үлдэгдэл 200,000 төгрөгийг хувиасаа бэлнээр гаргаж өмгөөлөгч Х.Зулхашт өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч А.Ж, Х.Зулхаш нарын мэдүүлгээр нотлогдож байна. Гэтэл дараа нь А.Ж хувиасаа төлсөн 400,000 төгрөгийг Бугат суманд хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс ямар нэгэн байдлаар халхавчлан гаргуулж авсан асуудалд үйлчлүүлэгч Х.Хын хамааралд байгаа эсэх нь хангалттай тогтоогдоогүй байна.

Иймээс үйлчлүүлэгч Х.Хын захиргааны хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж уг гэрээний дагууд өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлсний 400,000 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамж гаргаж, Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000 төгрөгөөс гаргуулж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Х.Хыг анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, түүнчлэн шүүгдэгчийн ахуйн осолд орж нуруугаа гэмтээсэн, улсад 38 ажил ажилласан зэрэг хувийн байдал, мөн ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид торгуулийн яг оногдуулж өгөх талаар санал дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон юм. Гэтэл шүүхээс шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.Хд оногдуулсан хорих ялыг тэнсэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү.” гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт  цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Нэг. Шүүгдэгч Х.Х нь нийтийн албан тушаалтнаар буюу Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/153 дугаар захирамжийн хавсралтаар[1] өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг буруулах, сум орон нутгаас тавьсан хүсэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулагдан, Бугат суманд хуваарилсан 2,000,000.00 төгрөгийг Бугат сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/33 дугаар захирамжаар[2] захиран зарцуулахдаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр[3] Ж.Бын нэр дээр бүртгэлтэй[4] “А” ХХК-ийн нэхэмжлэхийг[5] үндэслэн тус компанийн дансанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авч[6], улмаар уг мөнгөнөөс тус компанийн банкин дахь 1,964,000.00 төгрөгийн зээлийг төлүүлэн[7] өөртөө буюу өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүд, баримт бичгүүд, мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

            Шүүгдэгч Х.Хын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байвал бий болгосон нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай, шунахайн сэдэлттэй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад тус тус нийцсэн бөгөөд Х.Хын тус үйлдлийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүхий л байдал нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэ талаар давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд тус гомдлын үндэслэлээ тайлбарлаагүй буюу гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт учирсан 2,000,000.00 төгрөгийн хохирлыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шилжүүлгээр[8] “А” ХХК-аас “өвөлжилтийн байдлын үнэ” нэрийдлээр сумын Засаг даргын Тамгын газрын зохих дансанд буцаан төлсөн тул Х.Х нь энэ хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар тэмдэглэх нь зүйтэй болно.

 

            Хоёр. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Хын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400,000.00 төгрөгийг Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000.00 төгрөгөөс гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуулийн мөн хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, өөрчлөх, хэргээс уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан өмгөөлөгч Х.Зулхаштай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 07 дугаартай захиргааны хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх буюу хөлсөөр ажиллах гэрээ[9] байгуулж, үйлчлүүлэгч нь хууль зүйн туслалцаа авч 400,000.00 төгрөгийн хөлс төлөх, өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

Уг гэрээ байгуулагдсаны дараа Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь иргэн Б.С-ын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргад холбогдох “сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Бугат сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Засаг даргад даалгах тухай” захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд албаны чиг үүргийнхээ хүрээнд хариуцагчаар, өмгөөлөгчийн хамт оролцсон нь Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаар шийдвэрээр[10] тогтоогдож байна.

 

            Бугат сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Орон нутгийн хөгжлийн сангийн тухай” А/25 дугаар захирамжаар[11] тус сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоолын дагуу зарцуулахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хд, сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Жд тус тус үүрэг болгосон,

            Бугат сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний[12] Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын жагсаалтад “Бугын хойд талд хадлангийн талбай бий болгох” ажлын төсөвт 9,500,000.00 төгрөг төлөвлөсөн,

            2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн шилжүүлгээр[13] Төрийн банк дахь “Ас” ХХК-ийн эзэмшлийн дансанд Бугат сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хадлангийн талбай бэлтгэх зориулалтаар 9,860,000.00 төгрөг шилжиж орсныг “Ш.Айгүл-с хар орлого у-99420601” гэсэн утгаар зарлагадаж, уг мөнгөнөөс 9,850,000.00 төгрөгийг мөн өдөр “ЖАНАТ АЙТУГАН-аас хар орлого” гэсэн гүйлгээний утгаар Төрийн банк дахь Айтуганы Жын 290400014725 дансанд орлогоор шилжүүлж, улмаар А.Ж-ын данснаас 400,000.00 төгрөгийг мөн өдөр “Өмгөөлөгчийн  хөлс” гэсэн утгаар зарлага гаргасан нь депозит дансны хуулгаар[14] тогтоогджээ.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирогчоор” мэдүүлэг авсан Х.Е-ны “... Орон нутгийн хөгжлийн сангаас 400,000.00 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн байна. Уг үйлдлийн улмаас Бугат сумын Засаг даргын Тамгын газарт 400,000.00 төгрөгийн хохирол учирсан. Өмгөөлөгчийн хөлсийг хувь хүн өөрөө төлөх ёстой. Орон нутгийн хөгжлийн сангаас тухайн сумын Засаг даргын захирамжаар мөнгө зарцуулах боломжтой. ... уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд буцаан төлүүлж, улсын төсвийг хохиролгүй болох хүсэлттэй байна.” гэх[15],

гэрч Х.З-ын “Би өмгөөлөгчийн хөлсийг шүүх хурал болохоос өмнө авсан. Надад А.Ж 2017 оны 9 дүгээр сард гэрээг байгуулсны дараа 200,000.00 төгрөгийг бэлнээр авч ирж өгснийг санаж байна. 2017 оны 11 дүгээр сард 200,000.00 төгрөгт нь нэг хонь өгсөн. Түүнийгээ 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төсвөөс гаргаж авсан байж болзошгүй. Гэхдээ Х.Х надад өмгөөллийн хөлс өгөөгүй, харин Ж өгсөн.” гэх мэдүүлэг[16],

гэрч А.Ж-ын “Х.Х нь 2017 оны 9 дүгээр сард надад “Би захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байна, чи өмгөөллийн хөлс 400,000.00 төгрөгийг Зулхаш өмгөөлөгчид өөрөө хувиасаа өгчих, дараа нь би чамд ямар нэг аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн юм. Тэгэхээр сумын Засаг дарга тэгж хэлж байгаа юм чинь өгөхөөс өөр аргагүй болж өөрөө хувиасаа Хын өмгөөллийн хөлсийг төлөх болсон. Тэгээд бид өмгөөлөгч Зулхашд 2017 оны 9 дүгээр сард 200,000.00 төгрөг бэлнээр өгч, үлдсэн 200,000.00 төгрөг нь бэлнээр олдохгүй болохоор хувиасаа 1 эр хонийг 2017 оны 11 сард Зулхашд өгсөн. Тэгээд Хаас өмгөөллийн хөлсөнд өгсөн 400,000.00 төгрөгөө нэхэхэд “чи түр тэсэж байж бай, би чамд ямар нэгэн аргаар гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд л 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр миний дансанд орж ирсэн, Х.Х уг мөнгөнөөс өмгөөлөгчийн хөлс ав гэж хэлэхээр нь би данснаас өмгөөлөгчийн хөлс гэдэг утгаар 400,000.00 төгрөг гаргаж авсан.” гэх мэдүүлэг[17],

гэрч Ө.Хн “Х.Х нь өмгөөлөгч Зулхаштай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 400,000.00 төгрөг өгөх ёстой, үүнийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж өг гэж хэлээд гэрээг надад үзүүлсэн. Тэгээд би Хын үзүүлсэн гэрээг хуулбарлаж, санхүүгийн анхан шатны баримтад хийсэн. ... Х нь өөрөө 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Бугат сумын Засаг даргын А/25 дугаартай захирамж гаргасан. Уг захирамжийн хавсралтад байгаа хадлангийн талбай бий болгох 9,500,000.00 төгрөгөөс 400,000.00 төгрөгийг өмгөөлөгч Зулхашт өмгөөллийн хөлсөнд өг гэж Х өөрөө надад үүрэг болгосон. Би гүйцэтгэх албан тушаалтны хувьд Засаг даргын өгсөн үүргийг биелүүлсэн. ... санхүүгийн баримтад өмгөөллийн гэрээг хавсаргасан” гэсэн мэдүүлгүүдийг хооронд нь, хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудтай харьцуулан, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шинжлэн судлахад, шүүгдэгч Х.Хд холбогдох дээрх үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг хууль тогтоогчоос нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа буюу эрх нөлөөгөө албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж, өөртөө эд хөрөнгийн, эрхийн, эсхүл бусад байдлаар давуу байдал бий болгосноор, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй үйлдэгдэхээр хуульчилсан бөгөөд Х.Хын хувьд тухайн үйлдэл холбогдолд (1) албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, (2) албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа, зорилготой байсан нь тус тус тогтоогдоогүй, эцэст нь (3) өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эд хөрөнгийн болон эрхийн, эсхүл бусад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 21.2.2 дахь заалтаар захиргааны хэргийн хариуцагч нь өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/-т захиргааны хэргийн оролцогч буюу хариуцагч Бугат сумын Засаг дарга нь хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ баталгаатай эдлэхээр тус тус хуульчилсан. Иймээс Бугат сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Хын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож, улмаар хууль зүйн туслалцаа авах зорилгоор өмгөөлөгчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан үйл ажиллагааг хуульд заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн, хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхээ эдэлсэн үйлдэл гэж дүгнэхээр байна. Х.Х нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд, эсхүл өөрийнхөө нэрийн өмнөөс өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсөөр ажиллах гэрээ байгуулж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй, албаны чиг үүргийнхээ хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын хувиар хариуцагчаар оролцсон бөгөөд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хувь иргэнийхээ хувьд хариуцагчаар оролцох хууль зүйн боломжгүй болно.

 

            Харин өмгөөлөгчийн хөлс 400,000.00 төгрөгийг Бугат сумын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Ж нь урьдчилж өмгөөлөгч Х.Зулхашд төлж, улмаар Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Хн гүйлгээгээр зарцуулсан Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс гаргасан мөнгөнөөс А.Ж өөрийн дансаар нөхөж авсан нь гэрчүүдийн мэдүүлэг, гүйлгээний баримтуудаар тогтоогдож байх ба энэхүү үйлдэл холбогдолд шүүгдэгч Х.Хын оролцоо тогтоогдоогүйгээс гадна тухайн үйл баримтын үр дүнд шүүгдэгчийн хувьд албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа, зорилгоор өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эд хөрөнгийн болон эрхийн, эсхүл бусад давуу байдал бий болгосон гэх үндэслэл  тогтоогдоогүй.

 

Гэрч А.Ж, Ө.Х нарын “өмгөөлөгчийн хөлс 400,000.00 төгрөгийг Засаг дарга Х.Хын үүрэг болгосноор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хадлангийн талбай бэлтгэх зориулалттай 9,860,000.00 төгрөгөөр гаргасан” гэх мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн үйлдэл холбогдлын талаар нотлох баримт мөн боловч уг мэдүүлгүүд дангаараа шүүгдэгчийг яллах үндэслэл болохгүй юм. Нөгөө талаар, Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн аудитын танилцуулгад[18] “Бугат сумын Орон нутгийн хөгжлийн сангийн данснаас уг ажилд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ..., “Ас” ХХК-ийн Төрийн банк дахь 290400103310 дугаар дансанд 9860.0 мянган төгрөгийг шилжүүлсэн байна. ... а/ “Ас” ХХК-ийн захирал Ш.А-ээс “... Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х ирж танай компанийн дансаар дамжуулж 9860.0 мянган төгрөгийг гаргуулж авмаар байна. Компанийн дансаар дамжуулахгүй бол татварын 10 хувь суутгагдах гээд байна...”, ... б/ Бугат сумын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Жаас: “Тэр мөнгө миний төрийн банк дахь дансанд орсон. ... 400.0 мянган төгрөгийг өмгөөлөгч Зулхашд, ... шилжүүлсэн.” Дээрх байдлаас дүгнэж үзэхэд ... “Ас” ХХК-д шилжүүлсэн 9860.0 мянган төгрөгөөс Бугат багийн иргэн Ж-д гэрээний дагуу 2000.0 мянган төгрөгийг, Сд 2000.0 мянган төгрөгийг, “Н” ХХК-ийн захирал Р.Б-н дансанд 5050.0 мянган төгрөгийг, өмгөөлөгч Зулхашд 400.0 төгрөгийг тус тус шилжүүлсэн, ...” гэж дүгнэн, энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.3.2, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.3.6 дахь заалтуудыг зөрчсөн талаар тэмдэглэсэн,

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/77 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын[19] тодорхойлох хэсэгт “1. Буга багт хадлангийн талбай бий болгох төсөл арга хэмжээнд хуваарилагдсан 9860.0 мянган төгрөгийг тухайн үед Санхүүгийн албаны дарга байсан А.Ж “Ас” ХХК-ийн дансаар дамжуулан хувийн дансанд шилжүүлэн авч ... өмгөөлөгчийн хөлсөнд 410.0 мянган төгрөгийг шилжүүлж төрийн сангийн төлбөр тооцооны журам зөрчиж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан...” гэх санхүүгийн зөрчлийг шалгаж тогтоон,  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, ажлын гүйцэтгэлгүй санхүүжилт олгох явдлыг таслан зогсоох, ... сангийн хөрөнгийн зарцуулалт, төсөл арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, аудитаар илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, цаашид давтан гаргахгүй байх албан шаардлагын биелэлтийг Бугат сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Хд тус тус даалгасан,

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/33 дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар[20] “өмгөөлөгчийн хөлсөнд 400.0 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн” нь Төсвийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн болохыг тэмдэглэсэн зэргийг хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл, Бугат сумын Орон нутгийн хөгжлийн сангийн данснаас Буга багт хадлангийн талбай бий болгох төсөл, арга хэмжээнд хуваарилагдсан 9,860,000.00 төгрөгийг тус сумын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан А.Ж нь “Ас” ХХК-ийн дансаар дамжуулан өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, улмаар тус мөнгөнөөс Бугат сумын Засаг даргын өмгөөлөгч Х.Зулхаштай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнэ 400,000.00 төгрөгийг төлсөн буюу төрийн сангийн төлбөр тооцооны журам зөрчиж, сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх төрийн аудитын санхүүгийн хяналт, шалгалтаар тогтоогдсон санхүүгийн зөрчилд шүүгдэгч Х.Хыг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцээгүй байна.

 

Бугат сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Орон нутгийн хөгжлийн сангийн тухай” А/25 дугаар захирамжаар тус сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоолын дагуу зарцуулахыг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Хд, тус сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Жд тус тус үүрэг болгосныг тэмдэглэх нь зүйтэй.

           

            Иймээс Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400000.00 төгрөгийг Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000.00 төгрөгөөс гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдуулан мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчилж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Гурав. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн Бугат суманд хуваарилсан 2,000,000.00 төгрөгийг Бугат сумын Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Хөрөнгө зарцуулах тухай” А/33 дугаар захирамжаар захиран зарцуулахдаа өөрийн хамаарал бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэхийг үндэслэн тус компанийн дансанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авч, улмаар уг мөнгөнөөс тус компанийн банкин дахь 1,964,000.00 төгрөгийн зээлийг төлүүлж, өөртөө буюу өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон” буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Х.Хд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгч Х.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын данснаас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000.00 төгрөгийг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн дансаар шилжүүлэн авч, улмаар уг мөнгөнөөс тус компанийн 1,964,000.00 төгрөгийн зээлийг төлүүлж, өөртөө буюу өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх хууль зүйн үндэслэлгүй.

 

            Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1913000800169 дугаар прокурорын тогтоолоор[21] Х.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг мөрдөн шалгах явцад мөрдөгчийн 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолоор[22] гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт хохирол учирсан гэх үндэслэлээр тус Тамгын газрын эрх зүйн мэргэжилтэн Х-ын Е-ыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байна. Зүй нь, мөрдөгч тухайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн гэж үзвэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрыг буюу хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргаж, улмаар мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтаар тухайн хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан /Тамгын газрын  дарга Ө.Х/, эсхүл түүний томилж, итгэмжлэгдсэн этгээдийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрвээ хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр итгэмжлэл бүхий эрх олгосон тохиолдолд уг шаардлагыг тавьж байгаа хүнийг мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох байжээ.

            Гэтэл мөрдөгч хуульд нийцүүлэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрыг хохирогчоор тогтоосон шийдвэр гаргаагүй, тус төрийн байгууллагыг төлөөлөх албан тушаалтныг, эсхүл түүний томилолт, итгэмжлэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоогоогүй атлаа Бугат сумын Засаг даргын Тамгын газрын эрх зүйн мэргэжилтэн Х.Е-ныг тухайн байгууллагын томилолт, итгэмжлэлгүйгээр хохирогчоор тогтоож, улмаар түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.

 

            “Хохирогч”[23] гэж гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг, хохирогчийн “хууль ёсны төлөөлөгч”[24] гэж хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, “иргэний нэхэмжлэгч”[25] гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эдгээр оролцогчдын эрх зүйн байдлыг ялгамжтай, тус тусдаа зохицуулсныг мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс анхаарвал зохино.

 

            Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Хд холбогдох зарим үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчиж, “хохирогчоор” мэдүүлэг авсан Х.Е-ны “... уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 400,000.00 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн дансанд буцаан төлүүлж, улсын төсвийг хохиролгүй болох хүсэлттэй байна.” гэсэн[26] “иргэний нэхэмжлэл-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар хэлэлцэхгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу Х.Хын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Бугат сумын Засаг даргын Тамгын газарт 400,000.00 төгрөгийн хохирол учраагүй тул түүний эхнэр Ж.Б-ын Төрийн сангийн 100020455402 дугаартай (Бө.Бугат ЗДТГ н.с) Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дансанд хохирол төлбөрт тушаасан[27] 400,000.00 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан тус данснаас буцаан гаргуулж, Ж.Б-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газар нь тухайн үйлдэл холбогдлын улмаас хохирол, төлбөр учирсан гэж үзвэл түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх, шүүхэд мэдүүлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Х-д холбогдох эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул хуульд зааснаар, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн түүнээс хохирол төлбөр гаргуулсан 5 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад нийцүүлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад өөрчлөлт оруулж, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг Х.Х нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон тул хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Хт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрөө төлөх ёстой өмгөөллийн хөлс 400000.00 төгрөгийг Бугат сумын орон нутгийн хөгжлийн сангаас хадлангийн талбай бий болгох зориулалттай 9,860,000.00 төгрөгөөс гаргуулж, өөртөө давуу байдал бий болгосон” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Х.Хын өмчлөлийн “Landcruiser-80” маркийн 23-55 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5/32 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан Төрийн сангийн 100020455402 дугаартай (Бө.Бугат ЗДТГ н.с) Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дансанд шүүгдэгч Х.Хын эхнэр Ж.Бын төлсөн 400,000.00 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Ж.Бд олгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хын  цагдан хоригдсон 51 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                М.НЯМБАЯР

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 224 дүгээр тал, арын нүүр.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 77 дугаар тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 198 дугаар тал. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 197-208 дугаар тал. “А” ХХК-ийн бүртгэл, хувийн хэрэг.

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 78 дугаар тал.

[6] Хэргийн 1 дүгээр хавтасны 149 дүгээр тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 179-180 дугаар тал.

[8] Хэргийн 4 дүгээр хавтасны 33 дугаар тал.

[9] Хэргийн 2 дугаар хавтасны 148 дугаар тал.

[10] Хэргийн 3 дугаар хавтасны 111-118 дугаар тал.

[11] Хэргийн 1 дүгээр хавтасны 75 дугаар тал.

[12] Хэргийн 1 дүгээр хавтасны 76 дугаар тал.

[13] Хэргийн 1 дүгээр хавтасны 148 дугаар тал.

[14] Хэргийн 3 дугаар хавтасны 7 дугаар тал.

[15] Хэргийн 3 дугаар хавтасны 1 дүгээр тал.

[16] Хэргийн 3 дугаар хавтасны 4 дүгээр талын арын нүүр.

[17] Хэргийн 3 дугаар хавтасны 2 дугаар талын арын нүүр.

[18] Хэргийн 4 дүгээр хавтасны 23-26 дугаар тал.

[19] Хэргийн 4 дүгээр хавтасны 27-28 дугаар тал.

[20] Хэргийн 4 дүгээр хавтасны 29-30 дугаар тал.

[21] Хэргийн 3 дугаар хавтасны 9 дүгээр тал.

[22] Хэргийн 2 дугаар хавтасны 249 дүгээр тал.

[23] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг.

[24] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт. 

[25] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.

[26] Хэргийн 3 дугаар хавтасны 1 дүгээр тал.

[27] Давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтыг үндэслэн.