Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/37

 

   Т.Е-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Е-д холбогдох эрүүгийн 1913002170213 дугаартай, 3 хавтаст хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, прокурор М.Фарида, шүүгдэгч Т.Е, түүний өмгөөлөгч Т.Бахыт, С.Тилеуберди, хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч Б.Арманбек нар оролцов. 

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1974 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, ам бүл 5 хүнтэй, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 01 дүгээр багт оршин суух, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ө сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн казах хэл, уран зохиолын багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Т-ын Е /РД:БЭ00000000/ нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт байрладаг “Г” нэртэй дэлгүүрийн эзэн, худалдагч Ө.А-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг /16.894.500.00 төгрөгийн бэлэн мөнгө болон хүнсний бараа, 14.657.000.00 төгрөгийг бэлэн бусаар/  шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Ш овогт Т-ийн Е-ыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Е-ыг  5 /таван/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Е-д оногдуулсан таван жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Е-ы энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Е-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 30.251.000 /гучин сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ө.Ат олгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Шүүгдэгч Т.Е нь 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд Өлгий сумын 10 дугаар багт байрлах “Г” нэртэй дэлгүүрээс зээлээр бараа болон бэлэн мөнгө зээлж аваад төлөөгүй учир Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн ерөнхий прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Мөн түүнээс өмнө тус Прокурорын газрын орлогч прокурорын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан. Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаартай тогтоолоор шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзээд цагаатгаж байсан боловч хохирогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж байсан. Гэтэл хэрэг прокурорт очсоны дараа давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай магадлалын тодорхойлох хэсгийн 3 дахь заалтад тусгасан шаардлагуудыг мөрдөн байцаалтын шатанд биелүүлээгүй, шүүгдэгч болон хохирогчоос тус бүр 1 удаа мэдүүлэг авсан болоод шууд 2019 онд яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг огцом хүндрүүлээд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг шүүгдэгч Т.Е-ы зүгээс эс зөвшөөрч дээд шатны прокуроруудад 2 удаа гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харж хянахгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан гомдлыг хүлээж авахаас үндэслэлгүй татгалзаж байсан. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэхдээ ганц хүнээс хүнсний бараа, бэлэн мөнгө зээлж авч байсныг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааны болон эдийн засгийн эх үүсвэрээ болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг. Дээрх шинжүүд нь шүүгдэгчийн холбогдсон залилах гэмт хэргийн үйлдэлд байхгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн амьдралын эх үүсвэр нь түүний цалин хөлс байсан, залилах гэмт хэрэг үйлдэхгүй бол өөр аргаар амьдрах боломжгүй байдалд орчихсон зүйл байхгүй байхад байнга үйлдсэн гэж тодорхойлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр болсон. Гурав буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэдгийг байнга үйлдэх гэсэн диспозицид хамааруулан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэргийн зүйлчлэлд хохирлын хэмжээг бас харгалзан үзэх ёстой байсан боловч аль алиныг нь харгалзахгүйгээр зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

2. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг тогтоохдоо мөн нэг талыг баримтлан буруу тодорхойлсон байдаг. Т.Е намайг прокуророос анх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татсан байсан учир би хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хуулийн хөнгөлөлт авч, хорихоос өөр төрлийн ял авч ажилтайгаа үлдэж, хүүхдүүдээ асран хамгаалж, хүмүүжүүлэх зорилгоор хохирлын талаар маргахгүй байсан. Гэтэл прокурорын зүгээс тогтоолд өөрчлөлт оруулж, миний эрх зүйн байдлыг хүндрүүлсэн тул хохирогчоос ямар нэгэн нотлох баримтгүйгээр надаас илүү нэхэмжилсэн мөнгийг төлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Би хохирогч Ө.А-аас дансаар авсан 14.657.000 төгрөг, тооцоо нийлж гарын үсэг зурж авсан 6.453.000 төгрөг байгаа ба харин хохирогч надаас 10.657.000 төгрөгийг би тэмдэглэсэн гэж илүү нэхэмжилж байгаа. /1-р хх-ийн 219, 132-р хуудас/ Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 15 дугаар хуудасны 4 дэх догол мөрөнд хохирогч Ө.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “шүүгдэгч Е нь 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын хооронд миний ажиллуулж байсан Г дэлгүүрээс нийт 17.094.000 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгийг дэвтэрт бичүүлж, 14.657.000 төгрөгийг ...дансаар шилжүүлэн авч нийт 31.751.000 төгрөгийн хохирол учруулсан. ....Түүний гарын үсэг зурж авсан бараа бэлэн мөнгө нийтдээ 6,453,000 төгрөг болсон. Харин сүүлдээ надаас нэмж авсан бэлэн мөнгө, хүнсний бүтээгдэхүүнийг тухай бүрд нь дэвтэрт нэг бүрчлэн бичдэг байсан. Энэ нь нийт 10,641,000 төгрөг болж байна...ингээд нийт хохирол 31,751,000 төгрөг болсон...” гэх мэдүүлгийг үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэлгүй, нэг талыг баримтлан гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Учир нь Ө.А нь 10,641,000 төгрөгийн бараа, бэлэн мөнгийг дэвтэрт тэмдэглэн бичсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа, гарын үсэг зурахгүй зугтаагаад байхад нь би тэмдэглээд өгөөд байсан гэж байгаа нь эргэлзээтэй байна. Шүүгдэгч Т.Е нь 10,641.000 төгрөгийн хохирлыг ямар нэгэн нотлох баримтгүйгээр зөвхөн хохирогчийн амаар гаргасан тайлбарын хүрээнд гаргуулсан явдалд шүүгдэгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулан, зүйлчлэлийг хөнгөрүүлэн, хохирлын хэмжээг бодит байдалд нийцүүлэн өөрчлөн тогтоож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Т.Е-ы үйлдлийг “бусдыг төөрөгдөлд оруулж бодит байдлыг нуун дарагдуулж залилан, эд хөрөнгийг олон удаагийн үйлдлээр авч, өөрийн гэр бүлийнхээ хэрэгцээний зүйлсийг авах, цалингийн зээлээ төлөх зэрэг амьдралын эх үүсвэр болгон ашигласан” гэж,

анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нь бусдаас мөнгө, хүнсний бүтээгдэхүүн зээлж, ... өөрийн ахуй амьдрал, хувийн хэрэгцээнд зарцуулсан. Т.Е-ы үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болгож тогтсон хандлага, гэмт үйлдлийн давтамж, залилсан үйлдэл бүрийн шалтгаан, шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж ... шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэн, шүүгдэгч Т.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар гэм буруутай тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг баримтлан, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Шүүгдэгч Т.Е нь 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй хүнсний дэлгүүрээс “богино хугацаанд буцаан төлнө” гэж хуурч, “яг одоо банкнаас зээл авах гэж байна, зээл авч буцаан төлнө, уг мөнгөөр банкнаас авсан зээлээ хааж, дахин зээл авч буцаан төлнө, банкнаас авсан зээлээ хаах тал мөнгөө олчихсон, одоо үлдсэнийг нь хааж, дахин зээл авч буцаан төлнө, хохирогчийн банкин дахь дансыг холбуулчихсан бөгөөд өнөө орой гэхэд дансанд шилжүүлэг хийгдэнэ, зээл авахын тулд хээл хахууль өгөх гэж байна, надад сүүлийн удаа туслаарай”  гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, олон удаагийн давтамжаар /16.894.500.00  төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгө, 117 удаагийн давтамжаар бэлэн бусаар 14.657.000.00 төгрөгийг/ хохирогч Ө.А-ийн нийт 31.551.000.00 төгрөгийн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларч, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогчоос удаа дараа авсан мэдүүлгүүд, бичмэл баримтууд, баримт бичгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн үйлдсэн тэмдэглэлүүд, Т.Е-ы яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдээр хангалттай, бүрэн тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувьд залилах гэмт үйлдлээ “бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хэрэгжүүлсэн нь дэлгүүрээс авсан бэлэн мөнгө болон хүнсний барааны талаарх тэмдэглэлийн дэвтэрт гарын үсгээ зурахаас татгалзах, дахин зээл өгөхгүй бол авсан бэлэн мөнгө болон эд барааны үнийг буцаан төлөхгүй гэж хохирогчид цахим шуудангаар хүсэл зоригоо илэрхийлснээр тогтоогдсон ба энэ үйлдлээ хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, хохирогчийн өөрт нь итгэсэн итгэлийг урвуулан ашиглах замаар гүйцэлдүүлжээ.

Тиймээс Т.Е-ы дээрх олон удаагийн давтамжтай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцох  нь мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3  дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудад тус тус нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд тухайн зүйлийн аль нэг хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй буюу нэг төрлийн хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг хууль тогтоогчоос давтан гэмт хэрэг үйлдсэн гэж хуульчлаагүй боловч мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тухайн гэмт хэргийг онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Хуулийн уг зохицуулалтын “байнга үйлдэж” гэдгийг залилах гэмт хэргийг тус тусдаа бүрдэл төгссөн 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгох бөгөөд энэхүү үйлдэл холбогдол нь шүүгдэгчийн хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжтэй хамт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдана.

Харин “амьдралын эх үүсвэр болгосон” гэдэг нь гэмт этгээд залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, гэмт этгээдийн хувьд түүний зан төлөв болон өдөр тутмын дадал, зуршлыг үндэслэвэл залилах гэмт хэрэг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Т.Е-ы хувьд 2018 оны 2 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарыг хүртэлх 1 жил, 3 сарын хугацаанд (1) олон удаагийн давтамжаар, нэг төрлийн аргаар бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдлийн (2) нэг хохирогчоос (3) нийт 31.551.000.00 төгрөгийн бэлэн мөнгө болон хүнсний бараа авсан зэрэг шинж, хэргийн нөхцөл байдлыг үндэслэж залилах гэмт хэргийг “байнга буюу 3-аас дээш удаа” үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч “амьдралын эх үүсвэр болгосон” гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч Т.Е-ы хувийн байдлыг тодорхойлох баримтууд[1], тэрээр хэдийгээр банк болон хадгаламж, зээлийн хоршоодоос  авсан зээлтэй[2] боловч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуульд казах хэл, уран зохиолын багшаар байнгын ажлын байранд ажиллаж, тогтмол цалин хөлс авдаг[3] байдал, гэр бүлийн бусад гишүүдийн, тухайлбал нөхөр Х.Т-н тэтгэвэр тэтгэмжийн[4] орлого болон түүний банкнаас авсан зээлийн[5] орлого зэргийг үндэслэж,  шүүгдэгчийг дээрх хугацаанд зөвхөн залилах гэмт хэргийг үйлдэж амьжиргаагаа залгуулдаг байсан буюу “амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэхдээ тухайн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг /гэр бүлийн бүх гишүүдийн хууль ёсны орлого/ анхаарч үзээгүй орхигдуулжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Е-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэлтэй, хууль ёсны дүгнэлт хийж, тухайн гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнтэй, үндсэн шинжийг зөв тайлбарласан боловч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар буюу “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж гэм буруутайд тооцохдоо “1 жилийн хугацаанд гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьдралын гол эх сурвалж болгож, тогтвортой ашигласан”, “авсан мөнгө, хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн ахуй амьдрал, хувийн хэрэгцээнд зарцуулж байсан”, “Т.Е-ы үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, ... гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж ...” гэж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна.

Иймд, шүүгдэгч Т.Е-ы олон удаагийн давтамжтай үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-ы олон удаагийн давтамжтай үйлдлээр нэг хохирогчоос бэлэн болон бэлэн бусаар мөнгө, эд хөрөнгө залилж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, учруулсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн, зарим хэсгийг буюу 1.500.000.00 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ нь түүний үйлдсэн залилах гэмт хэрэг, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг амар, хялбар аргаар орлого олох гэсэн шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, тухайлбал шүүгдэгч Т.Е нь олон удаагийн давтамжаар 14.656.500.00 төгрөгийг бэлэн бусаар, 16.894.500.00 төгрөгийн хүнсний бараа болон бэлэн мөнгө, нийт 31.551.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан нь шүүгдэгч болон хохирогчийн ХААН банк дахь дансны хуулга, бичмэл баримтууд, баримт бичгүүдээр, хохирлын тооцоог гаргасан мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба анхан шатны шүүх нийт хохирлын хэмжээг 31.751.000.00 төгрөг гэж тооцохдоо хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр талд авагдсан баримтад “6.453.000-200.000 нь 2018 оны 10 дугаар сарын 13-нд шилжүүлгээр орсон байна, бүгд 6.253.000 төгрөг” гэж тэмдэглэсэн нь банкны дансны хуулгаар батлагдсаныг анхаараагүй буюу хохирлын нийт үнийн дүнгээс хасаагүйг залруулж, шийтгэх тогтоолын 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагыг хангуулж, шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн дугаарыг тус тус өөрчиллөө. Хуульд зааснаар шүүгдэгч Т.Е-ы цагдан хоригдсон 69 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

“1. Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Е-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2. Шүүгдэгч Ш овогт Т-ийн Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтыг “3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-д хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтын дугаарыг “4.” гэж, мөн заалтын “таван жилийн хорих ялыг” гэснийг “хоёр жилийн хорих ялыг” гэж,

4 дэх заалтын дугаарыг “5.” гэж, 5 дахь заалтын дугаарыг “6.” гэж,

6 дахь заалтын дугаарыг “7.” гэж, мөн заалтын “30.251.000 /гучин сая хоёр зуун тавин нэгэн мянга/ төгрөг” гэснийг “30.051.000.00 /гучин сая тавин нэгэн мянга/ төгрөг” гэж,

7 дахь заалтын дугаарыг “8.” гэж, 8 дахь заалтын дугаарыг “9.” гэж, 9 дэх заалтын дугаарыг “10.” гэж тус тус өөрчилж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Е-ы цагдан хоригдсон 69 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                        

        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ӨМИРБЕК

                       

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                    М.НЯМБАЯР

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 124, 2 дугаар хавтасны 105, 106, 107 дахь тал. Тодорхойлолтууд.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 136-138, 149, 151, 174,

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 125-126, 165-171 дүгээр тал. Т.Еы 2018, 2019 онд авсан цалин хөлсний тооцоо болон түүний банк дахь дансны хуулга.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 105-106, 120, 175-185 дугаар тал. Шүүгдэгч болон түүний нөхөр Х.Т-н мэдүүлгүүд, дансны хуулга.  

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 178-180 дугаар тал.