Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 0015

 

 

 

 

 

 

 

 

 

М.У, Ц.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

   Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Б.Б, Н.З,

Б.Э /онлайнаар/ Р.Ц

Нарийн бичгийн дарга                             Э.Б нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Б.Д, Н.З нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч М.У, Ц.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн М-н У,

 

А овгийн Ц-ны М,

 

М.У нь       аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа:

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч Ц.Мтэй бүлэглэн       аймгийн     сумын     багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр     аймгийн     сумын      багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд З.О-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэгт,

 

Ц.М нь      аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа:

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн байцаагч М.Утай бүлэглэн     аймгийн     сумын     багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд иргэн З.И-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр   аймгийн     сумын     багт байрлах хэсгийн байцаагчийн өрөөнд Э.Б-д холбогдох зөрчлийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан иргэн Б.У-с залилж авсан,

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Т-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа торгуулийн мөнгө гэж хуурч, 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: М.У, Ц.М нарын үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч М.У, Ц.М нар бүлэглэж З.И-г залилсан гэх хэргийг, шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.У-г залилсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Х овгийн М-н У, А овгийн Ц-ны М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж,

шүүгдэгч М-н У, Ц-ны М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албаны үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Ц. М нарыг тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  М.У, Ц. М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн оролцогчийн нарын мэдүүлэг өгсөн дүрс бичлэгүүд, таниулах ажиллагааны бичлэг 3 ширхгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Б.Д, Н.З нар давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...М.У нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр      аймгийн Цагдаагийн газарт      сумын     багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа З.О-д холбогдох зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ч З.О-с 100.000 төгрөгийг торгуулийн мөнгө гэж бэлнээр авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... өөртөө давуу байдал бий болгосон ...” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн.

Уг дүгнэлтдээ Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авилгын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарагдахаар хуульчилсан байна. Үүнд:

4.1.1 төрийн улс төрийн захиргааны тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан ... гэж,

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл. Төрийн тусгай албан тушаал: 13.1. Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна ...

13.1.4. Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага байхаар хуульчилсан.

Гэтэл бидний үйлчлүүлэгч М.Уын хувьд нийтийн болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтан биш бөгөөд тухайн гэмт хэргийн субъект биш бөгөөд цагдаагийн албан тушаалтан бөгөөд нийтийн албан тушаалтан юм.

Иймд тусгай субъектын хувьд Эрүүгийн хуулийн “Авилгын гэмт хэргийн” субъект болно хэмээн үзэж хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаагаас гадна анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэл журмын дагуу хуулийг нэг мөр хэрэглэлгүй М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг 2 жил нийтийн албанд орох эрхийг хасаж, 5.400.000 төгрөгөөр торгууль оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”-д заасан үндэслэл журмын дагуу Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасан эрх хэмжээний хүрээнд бидний үйлчлүүлэгч М.Ут холбогдуулсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гомдлыг маань хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

“...М.У, Ц.М нар нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа зөрчил гаргасан З.И, З.О, Э.Б, Д.Т нарын гаргасан зөрчлийг шалгаад зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээ гаргасан бөгөөд зөрчил гаргасан гэх дээрх хүмүүсийг “торгуулийн мөнгө төл” гэж хуурч, тус бүрээс 100.000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар М.У, Ц.М нар нь нийтийн албан тушаалтанд хамаарах боловч албан тушаалтны хувьд “бусдыг хуурах” аргаар эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... өөртөө давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан “хуурах, төөрөгдөлд оруулах” замаар эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр тусгайлан хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байхад “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл нь бусдын өмчлөлийн эд зүйл, өмчлөх эрх байдаг ба Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь нийтийн эрх ашгийг хөндөж, нийгэм, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулдгаараа ялгаатай бөгөөд М.У, Ц.М нар албан тушаалын байдлаа ашиглан “торгууль мөнгө төлнө” гэж итгүүлэн бусдыг хуурч, 100.000 төгрөгийг залилж авсан үйлдэл нь нийтийн эрх ашгийг хөндөөгүй, харин өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар, хуурах аргаар өөртөө шилжүүлэн авч тухайн өмчлөгчид бодитой хохирол учруулсан тул залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс Ц.М-н хохирогч Б.У-г залилсан үйлдэл хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй, эх сурвалжийг шалгаагүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Б.У-н мэдүүлсэн “ ... 2 удаа Ц.Мд 105.000 төгрөг өгсөн ба надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй ...” гэх мэдүүлэг, Э.Б-д холбогдох зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал зэрэг нотлох баримтууд болон хохирогч Б.У нь “түрээс төлөхөөр цуглуулсан бэлэн мөнгө байсан тул хэсгийн байцаагч Ц.Мд өгсөн” гэж 105.000 төгрөгийн эх сурвалжаа заан мэдүүлсэн байхад нотлох баримтыг харьцуулан үнэлж дүгнэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж дүгнэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Б.Б тайлбартаа: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг агуулгаар нь буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зүйлчлэл өөрчилсөн нь үндэслэлгүй. Мөн залилах гэмт хэрэг нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Н.З тайлбартаа: “... анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу ...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М-н өмгөөлөгч Б.Э тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М-н өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л  дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна ... хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь буруу, мөн улсын яллагч яллахаас татгалзсан нь үндэслэлгүй. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Б.Д, Н.З нарын давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.У, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч М.У, Ц.М нарт холбогдох З.И-г бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэх хэргийг улсын яллагч яллахаас татгалзсан гэсэн үндэслэлээр, мөн шүүгдэгч Ц.М-г хохирогч Б.У-г залилсан гэх үйлдэл холбогдлыг хангалттай бүрэн нотлогдоогүй, эргэлзээтэй гэсэн үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллах ба шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд түүнийг яллахаас татгалзах эрхтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-д заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч М.У, Ц.М нар бүлэглэж З.И-г залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Ц.М-н хохирогч Б.У-г залилсан гэх хэргийг “... хангалттай бүрэн нотлогдохгүй эргэлзэх үндэслэл бүхий баримтууд хэрэгт авагдсан ...” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хохирогч Б.У нь хэргийн үйл баримтын талаар “ ... маргааш өглөө нь санагдаж байна. Орхон аймаг дахь Цагдаагийн газраас нөхөр Э.Б-г гарган авч нөхөр Э.Б-д холбогдуулан гаргасан миний гомдлыг 6 дугаар микрог хариуцсан М цагдаа шалгаад 105.000 төгрөгөөр нөхөр Э.Б-г торгоно гээд тухайн үед Э.Б-д мөнгө байхгүй байсан болохоор би нөхөр Э.Б-н өмнөөс М цагдаад торгуулийн 105.000 төгрөгийг өгсөн... ” гэж /1 дүгээр хх 57/ мэдүүлсэн,

 

мөн дахин “ ... 105.000 төгрөгийг бэлнээр М гэх цагдаагийн 6 дугаар микрод байх ажлын өрөөнд нь өгсөн ... би тухайн үед айлын хажуу өрөө түрээсэлж суудаг байсан. Хажуу өрөөний түрээсийн мөнгийг тухайн үед цуглуулж байсан тэр мөнгөнөөсөө М гэх цагдаагийн алба хаагчид өгсөн. 105.000 төгрөгийн 5000 төгрөг эрүүлжүүлэх газар хоносны зардал юм шиг байна лээ ... ” гэж /1 дүгээр хх 77-78/ тус тус мэдүүлсэн атал анхан шатны шүүх “ ... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар Э.Б-н үйлдэл зөрчлийн шинжгүй тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж байгаа тухай мэдэгдсэн хуудастай Б.У танилцсан атлаа Э.Мд 105.000 төгрөг өгсөн гэх нөхцөл нь өөр ямар нэг нотолгоогүй, 105.000 төгрөгийн эх сурвалжийг шалгаагүй ... ” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.У-н дээрх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэсэн талаар хууль дүгнэлт хийгээгүй байна.

 

Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, ... бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”-нд хохирогч Б.У гарын үсэг зурсан /2 дугаар хх 204/ нөхцөл байдал нь залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хохирогч нь тухайн үед “... ямар нэгэн шийтгэл, торгуулийн хуудас өгөөгүй...” талаар удаа дараа, тогтвортой мэдүүлжээ.

 

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч М.У, Ц.М нарыг бүлэглэж З.И-г залилсан гэх хэргийг, шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.У-г залилсан гэх хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хамтатган бичсэн нь буруу байна.

 

Тодруулбал: Дээрх хоёр хэргийн чухам аль үйлдэл холбогдлыг улсын яллагч яллахаас татгалзсан, аль үйлдэл холбогдлыг эргэлзээтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн үндэслэлийг тус тусад нь бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Мөн хууль тогтоогч “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж … өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, … эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох … замаар  бусдыг төөрөгдөлд оруулж … өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох / 10.000 – 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/, эсхүл хорих /2-8 жил хүртэл хугацаагаар/ оногдуулахаар заасан байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох /5.400- 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр/, эсхүл зорчих эрхийг хязгаарлах /1 - 5 жил хүртэл хугацаагаар/, эсхүл хорих /1-5 жил хүртэл хугацаагаар/ ялаар шийтгэхээр тус тус заасан бөгөөд мөн эдгээр үндсэн ял дээр нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилжээ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын хэмжээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндсэн ялын хэмжээнээс бага байх боловч үндсэн ялаас гадна нэмэгдэл ял заавал хэрэглэхээр заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг “... төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга, хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан, шунахай сэдэлтээр өөртөө давуу байдал бий болгосон, албан үүрэг, албан тушаалаа урвуулан ашигласан шинжтэй, ... эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарт яллах дүгнэлт үйлдсэн зүйл заалтаас хөнгөн ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэмэгдэл ял нь заавал үндсэн ялтай хамт хэрэглэдэг, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүний төрийн албанд ажиллах болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хориглодог онцлогтой бөгөөд үндсэн ялаас гадна нэмэгдэл ял оногдуулахаар заасан гэмт хэргийг зөвхөн үндсэн ял оногдуулахаар заасан гэмт хэргээс хөнгөн гэж үзэх нь учир дутагдалтай юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр гаргасан дээд шатны прокурорын  эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Харин шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Н.З нарын “...М.Ут холбогдуулсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисныг дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 280 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч М.Уын өмгөөлөгч Б.Д, Н.З нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

                                                                                                            С.УРАНЧИМЭГ