Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1830

 

 

 

Я.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо, даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/02166 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Я.Г-ийн хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Б.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Н.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Н-той зээлийн гэрээ байгуулж уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Б.Н зээлийн гэрээний үүргээ зөрчиж биелүүлэхгүй байсан тул би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж тус шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Н-оос 45 738 000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа бүтэн зургаан жилийн хугацаанд үргэлжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд удаа дараа саад учруулсны улмаас 2017 оны 12 дугаар сард маргаан бүхий орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага иргэн Б.Т-ын гаргасан гомдлын дагуу тус хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Хариуцагч Б.Н шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжсэн байсан. Улсын бүртгэлээс миний өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэн болохыг эцэслэн тогтоогоогүй. Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч хэн болохоо шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/02732 дугаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийг энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Улсын бүртгэл зөв явагдсан эсэхийг шалгасан болохоос маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоогоогүй, энэ талаар шүүхийн шийдвэр байхгүй. Иймд хариуцагч Б.Т-д холбогдуулж Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоотод байрлах Ү-2201013525 дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Н нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл баримттай холбоотой учир хамтран хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Т-оос иргэн Б.Н-ын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаартай шийдвэр, мөн иргэн Я.Г-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болсон тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаартай шийдвэрүүд тус тус гарсан. Бид хөрөнгө босгох зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн боловч цааш нь зээлийн барьцаанд тавьсан байсныг тухайн үедээ мэдээгүй, Б.Н анхнаасаа залилан мэхлэх шинжтэй байсан. Тиймээс дээрх шүүхийн шийдвэрүүд хүчинтэй мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 21 дүгээр гудамж 359/г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Т-ын өмч мөн болохыг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Иймд нэхэмжлэгч Я.Г-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие уг нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би 20 000 000 төгрөгийг хүүгийн хамт зээлэхдээ тухайн үед миний нэр дээр байсан уг объектыг барьцаалсан бөгөөд төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Я.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн юм. Миний Я.Г-ээс зээлсэн 20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр Б.Т-ын хадам эцэг Ц, хадам эх О нар авсан. Ц, О нар авсан мөнгөнөөсөө нэг төгрөг ч зээлэндээ төлөөгүй бөгөөд хүргэн Б.Т-оос надад бэлэглэлийн гэрээгээр өмчлөгдсөн уг объектыг янз бүрээр арга заль хэрэглэн буцааж Б.Т-ын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байна. Анх Ц , О  нар нь зээл хүсэхдээ бид найдвартай төлнө гэж амласан. Миний зүгээс өөрсдийн зээлсэн мөнгөө Я.Г-д төлсөн тохиолдолд уг объектыг буцааж өгөхөд ямар ч асуудалгүй гэдгээ олон удаа бүх шатны шүүхэд тайлбар гаргаж байгаа бөгөөд Ц , О  нарт удаа дараа хэлсэн. Иймд уг объектыг хууль бусаар Б.Т-ын өмчлөлд шилжүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Г-ийн гаргасан, хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот, 100 м.кв, үйлчилгээний зориулалттай, Ү-2201013525 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг төлснийг дурдаж, түүнээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 316 440 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:

... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу хариуцагч Б.Т, Б.Н нарын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаар хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагч Б.Т, Б.Н нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гарч, уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ''...нэхэмжлэгч Б.Т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56 дугаар зүйлийн 56.5, 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй..." болохыг дүгнэсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх эсэх асуудлыг шийдвэрлээгүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх уг шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Б.Т-ыг тогтоосон  гэж дүгнэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Энэ тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоны улмаас эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжтой эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь Я.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнд хавсарсан баримт, бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, бусад үйл баримтаас тодорхой харагддаг. Тухайлбал:

-Нэхэмжлэгч Я.Г, хариуцагч Б.Н нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ (барьцааны гэрээ)-ний үүргийн гүйцэтгэлд холбогдох маргааныг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарсан;

-Уг шүүхийн шийдвэрээр хариуцагч Б.Н-оос 45 738 000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн;

-Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа зургаан жилийн хугацаанд үргэлжилж, хоёр ч удаа албадан дуудлага худалдаанд оруулахад борлогдоогүй тул 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийг Я.Г-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн;

-Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн №1/38675 дугаар "Эрх шилжүүлэх тухай" мэдэгдлээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 359/г тоотод байрлах эрхийн Ү-2201013525 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр авагч Я.Г-ийн нэр дээр бүртгэхийг даалгасан;

-Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №3/37302 мэдэгдлээр Ү-2201013525 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар  болгосон.

Ийнхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны үндсэн дээр нэхэмжлэгч Я.Г нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн. Уг үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон эдгээр үйл баримт, хэрэгт авагдсан баримтад огт дүгнэлт хийгээгүй атлаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр Б.Т-ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж тогтоосон мэтээр бодит бус дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг хэрхэн үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан зарчмыг зөрчсөнөөс гадна шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэх үндэслэл болсон үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ" гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан уг баримтыг мөн зөвөөр үнэлж дүгнэлгүй, уг шүүхийн шийдвэрээр Б.Т-ыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу болсон. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх боловч өмчлөх эрхийг зөвхөн эд хөрөнгө шилжүүлэх гэрээ хэлцлээс гадна гэрээслэл, өв залгамжлал, эзэнгүй эд юмсыг олж авах, гээгдэл хөрөнгө, өр шилжих, шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зэрэг олон арга замаар олж авах боломжтой гэж ойлгож байна.

Иймд дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201013525 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Т эс зөвшөөрч маргасан, харин Б.Н эсэргүүцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Я.Г нь Б.Н-ын үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан 100 м.кв талбайтай 2 давхар барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд өмчлөх эрхтэй болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Н-оос гэрээний үүрэг 45 738 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Г-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд Я.Г нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж, 359/г тоот, Ү-2201013525 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бүртгэгдсэн байна.

 

            Б.Н нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Б.Т-той байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, өмчлөгч болсноо үндэслэн Я.Г-ээс авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгосон ба Б.Т-ын нэхэмжлэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт баримтаар авагдсан байна.

 

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Г бүртгэгдсэн бүртгэлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол түүний нэр дээрх бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Бүртгэлийн байгууллага 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан Б.Т-ын мэдүүлгийг хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд ийнхүү бүртгэхдээ иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/00168 дугаар шийдвэр, захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрийг үндэслэсэн ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар бүртгэл хийснээ мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Я.Г-д 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 301 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна.

 

            Б.Т-ын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчинтэй, Я.Г уг бүртгэлийг буруу гэж эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй байна.

 

Иймд шүүх Б.Т-ын өмчлөх эрхийн бүртгэлийг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв гэж дүгнэсэн нь зөв бөгөөд өмчлөх эрх нь бусдад баталгаажсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хангах үндэслэлгүй, шүүх Я.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

            Хариуцагч Б.Н-ын хувьд Ү-2201013525 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Я.Г-д шилжих үед дуусгавар болсон байх тул шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/02166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 386 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО          

 

                                         ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ